| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01184/И |
| Дугаар | 103/ШШ2025/01216 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2025/01216
| 2025 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2025/01216 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ** дүгээр хороо, Байдлагийн * дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох 13,585,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2021 оны намар Б.******* нь өөрийн хүүхдүүд *******, Гэрлээ нарын хамтаар самарт явах зорилгоор машин тэрэгний сэлбэг, хоол хүнс, дугуй авах мөнгө гаргуулж самарт явж ирээд түүсэн самараа өгөхөөр харилцан тохиролцсон. Б.******* 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 14,300,000 төгрөг, 285,400 төгрөгийн үнэ бүхий ахуйн бараа авсан. 14,585,000 төгрөгийн тооцооноос хүү ******* нь 1,000,000 төгрөгөнд бодож Винч 1300 буюу либотикийг өгч байсан. Үүнээс хойш өрөө өгөхийг шаардахад өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд Б.*******гаас 13,585,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ..., нэхэмжлэлийн шаардлагаа 9,230,000 төгрөгөөр багасгаж, 4,355,000 төгрөгийг Б.*******гаас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Ш.*******ийн нэхэмжилсэн 4,355,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 3,355,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******гийн *******д холбогдох 13,585,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 9,230,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 4,355,000 төгрөгөөс хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,000,000 төгрөгийг төлж, үлдэх 3,355,000 төгрөгийн нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,355,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 84,630 төгрөгийн тавин хувь 42,315 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******гаас 42,315 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ