| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2536001120093 |
| Дугаар | 45 |
| Огноо | 2025-09-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 45
2025 09 09 2025/ДШМ/45
*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Ж.Батбаатар, нарийн бичгийн дарга С.Өлзий нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/261 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2536001120093 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгохишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн Жаргалант сумын ******* ******* ******* тоотод оршин суудаг, ******* регистрийн дунд боловсролтой, ам бүл найм, нөхөр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн дугаартай, урьд тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* ******* *******ы Оюунтүлхүүр.
2. Яллагдагч ******* нь холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хохирогч д 150 ширхэг ямааны арьс авч ирж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хохирогчоос 600,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Ховд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ы Оюунтүлхүүрт 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2536001120093 дугаартай хэргийг Ховд аймгийн прокурорын газарт буцааж,
4.2 Хэрэг прокурорт очтол яллагдагч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
4.3 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
4.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурор, яллагдагч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 225 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 261 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан үндэслэл болоод нэмж хийлгэх шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа нь 2024 оны 12 дугаар сарын 150 ямааны арьс хохирогч д өгөхөөр зохиомол байдлыг бий болгож, хуурсан байхад хэрэгт эд мөрийн баримтаар авагдаагүй, өгнө гэж хуурсан 150 ямааны арьсны үнэлгээг шинжээч томилж гаргуулаагүй нь эргэлзээтэй, цагаатгах талын нотлох баримт авагдаагүй байна гэж үзсэн байна. Гэвч шүүгчийн дутуу хийгдсэн, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн мөрдөн шалгах ажиллагаа буюу шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шатанд томилж дүгнэлт гаргуулах боломжтой ажиллагаа байхаас гадна яллагдагч *******ээс 150 ямааны арьс нийлүүлэх боломжгүй болох нь яллагдагчийн өгсөн мэдүүлэг, малын А дансны лавлагаа зэргээр тогтоогдсон тул шүүгчийн захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байх тул тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Ховд аймгийн Прокурорын газраас яллагдагч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байхдаа хохирогч д 150 ширхэг ямааны арьс авч ирж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хохирогчоос 600,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан нөхцөл байдал нотлогдсон гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3. Анхан шатны шүүх яллагдагч *******т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “яллагдагч *******ийн хохирогч д ямааны арьс бэлтгэж өгнө гэж түүнээс зээлсэн 600,000 төгрөгөөр тухайн үеийн зах зээлийн ханшаар хэдэн ширхэг ямааны арьс худалдан авах боломжтой байсан, мөн 150 тооны ямааны арьсны үнэлгээг шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй нь эргэлзээтэй. Түүнчлэн өөрийн эзэмшлийн малаас 150 ширхэг ямааны арьсыг бэлтгэж өгөх боломжтой байсан эсэх талаарх асуудлыг тогтоох шаардлагатай” гэж дүгнэн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
4. Прокурор эсэргүүцэлдээ “ шүүгчийн захирамжид дурдсан шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм. Харин ******* нь 150 ширхэг ямааны арьс нийлүүлэх боломжгүй болох нь *******ийн малын А дансны лавлагаа, түүний мэдүүлгээр тогтоогдсон байна. Иймд хэргийг прокурорт буцаах шаардлагагүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.
4.1 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаа гэх бөгөөд зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх ёстой, харин шүүх хуралдааны явцад гүйцэтгэх боломжгүй, нотлох баримт цуглуулах, үнэлэх, шалгах зэрэг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж ойлгоно.
4.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.” гэж заасан байхад ямааны арьсны үнэлгээг шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл *******ийн хохирогч д ямааны арьс бэлтгэж өгнө гэж түүнээс зээлсэн 600,000 төгрөгөөр тухайн үеийн зах зээлийн ханшаар хэдэн ширхэг ямааны арьс худалдан авах боломжтой буюу ямааны арьсны үнэлгээг тогтоолгох зайлшгүй шаардлагатай гэж шүүх үзвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулах боломжтой.
4.3 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нь Ховд аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт ирүүлсэн өргөдөлдөө “... иргэн ******* нь 2025 оны 12 сарын 06-ны өдөр надаас 150 арьс өгнө гэж хэлээд тохироод 600,000 төгрөг зээлж авсан, зээлэхдээ 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 150 арьс өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл өгөхгүй байна” гэж бичжээ.
Харин хохирогч нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “... ******* гэх хүүхэд надаас 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг аваад 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 150 ширхэг ямааны арьс авч ирж өгнө гэж хэлсэн..., Арьс болон мөнгийг өгөхгүй болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэж,
мөн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “...******* нь миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй, өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч оролцоогүй байна.
Иймд *******ийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад “...******* нь өөрийн эзэмшлийн малаас 150 ширхэг ямааны арьс бэлтгэж хохирогч д өгнө гэж хэлээд мөнгө авч явсан” гэх мэдээлэл агуулагдаагүй байхад анхан шатны шүүх “... ******* нь өөрийн эзэмшлийн малаас 150 ширхэг ямааны арьсыг бэлтгэж өгөх боломжтой байсан эсэх талаарх асуудлыг тогтоох шаардлагатай” гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
4.5 Харин хэрэгт *******ийн малын А дансны лавлагаа авагдсан, яллагдагчийн хувийн байдлыг тогтоохоор түүний нөхөр Г.Баатарсүрэнг гэрчээр асуусан байх тул яллагдагчийн хувийн байдал буюу *******ийн хуваарьт эд хөрөнгө болон гэр бүлдээ дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө, мал байгаа, байсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т зааснаар шүүх хуралдаанд гэрчийг оролцуулан мэдүүлэг авч тодруулах боломжтой байна.
5. Иймд дээр дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/261 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Яллагдагч *******т урьд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ