Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00335

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00335

 

 

 

Д.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02557 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Г-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазарт холбогдох

 

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Г- нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазарт Өмнөговь аймаг дахь салбарын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Б/395 дугаар тушаалаар сахилгын шийтгэл үндэслэлгүйгээр оногдуулсан гэж үзэж байна. Учир нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс Д.Г- нь ээлжийн амралтаа эдэлж байхад мөн сарын 16-ны өдөр ажлын зайлшгүй шаардлага гарлаа гэж ажилд нь дуудаж оруулсан. Тэрээр Өмнөговь аймгийн төвөөс алслагдмал зайд 150 км-н цаана байдаг Улаан чулуут транс ХХК-иас хүсэлт ирж, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр техник хяналт үйлчилгээний инженер В.Батбаяр үүрэг өгч явуулын техник үйлчилгээний тоног төхөөрөмж машинтай явж үзлэгт оруул гэж шаардлага тавьсан. Үүнд нь 94 автомашин байсан. Д.Г- нь үзлэгээ хийгээд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа ирж тайлангаа өгөхөд хэвийн байсан мөн тухайн байгууллагаас санал гомдол ирээгүй. Гүйцэтгүүлэгч байгууллагаас санхүүгийн төлбөр орж ирсэн. Үүнтэй холбоотой тухайн газрын санал тавих үйл ажиллагаа дууссан гэж үзэж байгаа.

Аймгийн төвөөс алслагдмал газар ажлыг хийхдээ хуурамч буюу үзлэгт оруулалгүйгээр ямар нэгэн байдлаар системд шивсэн байсныг мэдэх боломжгүй. Д.Г-гийн тайлан нь ажлаа хийсэн гэж мэдээлсэн байгаа. Гэтэл ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өдөр тутмын зохион байгуулах үйл ажиллагааг хангалтгүй хийсэн, хяналт тавьж ажиллаагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/395 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн дотоод журмын 11.6.1-т албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бол сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Ажлын байрны тодорхойлолтоор Өмнөговь аймгийн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазрын дарга Д.Г- Өмнөговь аймгийн автотээврийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй. Мөн захиргааны хяналтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэрэгжих, үр дүнг тайлагнах үүрэг хүлээсэн ч энэ үүргээ хангалтгүй гүйцэтгэснээс болж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Улаан чулуут транс ХХК-ийн 94 чирэгч, 94 чиргүүлийг техникийн хяналтын үзлэгийн инженер н.Батбаяр нь хууль бусаар үзлэгт орсон мэтээр харуулж, шивж оруулсан байсан. Нэг тээврийн хэрэгслийг 10-15 минутын хооронд үздэг. Чиргүүлтэй байхаас нь хамаарч 15-20 минут үздэг. Гэтэл 94 чирэгч, 94 чиргүүлийг тооцож үзвэл 2 өдөрт үзлэг хийж дуусгах боломжгүй. Гэтэл Д.Г- нь энэ талаар хяналт тавьж систем рүү орж харах эрхтэй байдаг боловч үзлэг яваад ирсний дараа хяналт тавиагүй зүгээр орхисон нь хууль бус үйлдэл юм.

Гаалийн ерөнхий газраас Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазрын гаргуулж авсан лавлагаагаар Улаан чулуут транс ХХК-ийн 98 ширхэг тээврийн хэрэгсэл нь 2019 оны 7 дугаар сарын 01-ээс 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд боомтоор гарсан байсан. Иймд Д.Г-д сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-гийн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/395 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С давж заалдах гомдолдоо: 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаан чулуу транс ХХК-аас 89 том оврын тээврийн нүүрсний автомашин 5 жижиг автомашин нийт 94 тээврийн хэрэгслийг үзлэг оношлогоонд хамруулах хүсэлт ирүүлсэн байдаг. Техник хяналт үйлчилгээний инженер В.Батбаярт үүрэг өгч, тэрээр аймгийн төвөөс 150 км зайд орших газарт очин автомашины үзлэг оношилгоог 18-20 өдрийн хооронд хийсэн. Түүнээс тайлан мэдээг авахад хэвийн байсан бөгөөд тухайн байгууллагаас ямар нэгэн гомдол санал ирээгүй, төлбөрөө төлсөн. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазрын техникийн хяналт үзлэгийн бүртгэлийн системд шивж тайлангаа оруулсныг Д.Г- нь хяналтаа тавьсан гэж үзэж байна.

Сахилгын шийтгэл ногдуулах тушаалд 94 чирэгч, 94 чиргүүл гэж байгаа боловч Гаалийн ерөнхий газрын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 024/3111 тоот лавлагаагаар 98 ширхэг тээврийн хэрэгсэл байсан болох нь тогтоогдож байна. Хариуцагчийн хүсэлтээр оролцуулсан гэрч болон хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээс жижиг автомашиныг хамгийн ихдээ 10-15 минут, том автомашиныг 20-30 минутад үзлэг оношлогоогоор орох боломжтой гэсэн. Гэтэл 94 автомашиныг 30 минутаар тооцвол 2820 минут 47 цаг болж байна. Томилолтоор ажиллахад заавал 8 цаг ажиллах ёстой гэсэн зохицуулалт хөдөлмөрийн дотоод журамд байхгүй. Томилолтоор ажиллаж байгаа ажилчдад томилолтын мөнгө өгөхгүй тул хурдан дуусгаад буцах хүсэлтэй байдаг. Хариуцагч нь заавал 8 цаг ажиллах ёстой гэсэн нь үндэслэлгүй, үүнийгээ нотлоогүй. Мөн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазрын техникийн хяналт үзлэгийн бүртгэлийн системд нэвтрэх эрхтэй байж нэвтрээгүй гэсэн нь үндэслэлгүй, үүнийгээ хариуцагч нотлох баримтаар нотлоогүй.

Үзлэг оношлогоог ямар дүрэм, журмаар хэдэн минут хийх талаар зохицуулалтыг хариуцагч 2014 оноос техникийн картаар хэрэгжүүлж байгаа гэсэн боловч уг карт хэргийн материалд авагдаагүй бөгөөд ганц хариуцагчийн тайлбарт үндэслэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ХШДА-ын дарга дуудаж уулзаад Улаан чулуу транс ХХК, инженер В.Батбаяр нартай ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх тухай асуусан бөгөөд энэ үед сахилгын шийтгэл ногдуулах гэж байна, тайлбар байна уу гэж асуугаагүй. Гэм буруутай эсэхийг тодруулалгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазарт холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ...Улаан чулуут транс ХХК-ийн хүсэлтийн дагуу Техник хяналтын үйлчилгээний инженер В.Батбаярт үүрэг өгч явуулын техник хяналтын үйлчилгээний тоног төхөөрөмж машинтай явуулж үзлэг хийлгэсэн. Түүнийг ажлаа хийгээд ирсэний дараа тайлан мэдээг нь авахад хэвийн байсан, тухайн байгууллагаас ямар нэгэн санал гомдол ирээгүй, гүйцэтгэлээр тус байгууллагаас санхүүд төлбөр орж ирсэн, би ажил үүргийн дагуу хяналтаа тавьсан гэж үзэж байгаа учир сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг зөвшөөрөхгүй ... гэж бичсэн байх бөгөөд уг шаардлагыг өөрчлөөгүй байна. /хх1/

Гэтэл хэргийг хянан хэлэлцсэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичигдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээс зөрүүтэй бичигджээ. /хх 145, 153-154/ Тодруулбал, шүүх хуралдааны тэмдэглэлд ... техник хяналт үйлчилгээний инженер В.Батбаяраас өгсөн үүрэг даалгаврын дагуу Д.Г- нь автомашины үзлэг хийж, тайлан бичсэн гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг өөрөөр бичсэн байна.

Анхан шатны шүүх дээрх байдлаар шүүх хуралдаан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөний улмаас давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дүгнэлт хийх, мөн хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй байна. Учир нь шүүх хуралдааны тэмдэглэл өөрөө шүүхийн нотолгооны хэрэгсэл болдог төдийгүй шүүх мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг харуулах баримт болдог тул тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан нөхцлийг буюу хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбарыг бичихдээ агуулгыг нь алдагдуулахгүйгээр бичих ёстой.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Нэхэмжлэгч Д.Г- нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ч.ЦЭНД