Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/MA2018/0379

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2018/0379

Улаанбаатар хот

 

 

 

“М-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0010 дугаар шийдвэртэй, “М-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0010 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.2, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2, 2.2, 2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “М-О” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х давж заалдах гомдолдоо: “ ... Анх шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдагдаж буй “Манай компани 2015, 2016, 2017 онуудад хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг гаргаж Ашигг малтмалын газрын Геологийн алба, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, уул уурхай, цацрагийн албанд тус тус хүргүүлж баталгаажуулж байсан” гэх үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх боловч энэ нь тухайн маргаанд буюу Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг сумын Засаг даргад хүргүүлж батлуулаагүй гэх хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамааралгүй болно” гэж дурдсан.

Гэвч Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ” гэж хуульчилсан бөгөөд “М-О” ХХК нь 2017 оны Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг ирүүлээгүй.

Хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ”, 48.5 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дутуу ирүүлсэн мэдээ, тайланг шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд холбогдох хууль тогтоомжийг биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардаж хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажилласан.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийлээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий санд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж хуульчилсан бөгөөд уг хуулийн зохицуулалт нь зөвхөн захиргааны акттай холбогдох харилцааг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч шүүхэд хандах ёстой байсан.

Сумын Засаг даргаас нэхэмжлэгч “М О” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2530 дугаар албан бичгээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 38.15 дахь хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлж ажиллах, тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй” талаар мэдэгдсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авсан, Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ... үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, харин баримтлах ёсгүй хуулийг баримталсан байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр “М О” ХХК-д Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг, Бор ухаа нэртэй газарт 601.29 гектар талбай бүхий Х\/-017713 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын дэмжсэн саналыг үндэслэн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 3 жилийн хугацаатайгаар олгожээ.

Нэхэмжлэгч “М О” ХХК нь энэхүү тусгай зөвшөөрлийг авснаас хойш 2017 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг дарга болон холбогдох мэргэжилтнээр батлуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Тус компаниас 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хандахад нь хариуцагч сумын Засаг дарга нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2530 дугаар албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.5 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй буюу 2015, 2016 онд төлөвлөгөөг батлуулаагүй, 2017 оны төлөвлөгөөний тайланг хугацаанд нь ирүүлээгүй” гэх шалтгаанаар батлахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч “М О” ХХК нь 2015, 2016, 2017 онуудад Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардалд жил бүр 200 000 төгрөгийг зарцуулахаар төсөвлөж, 2016, 2017 онд нөхөн сэргээлтийн зардал гэж тус тус 100 000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд хариуцагчаас 2017 оны төлөвлөгөөг нь баталж өгөх үедээ 2015, 2016 оны төлөвлөгөө, тайланг батлуулаагүй талаар шаардлага тавиагүй байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч хайгуулын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан байна.

Эдгээр нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5, 38.1.8-д заасан үүргээ огт биелүүлээгүй гэж үзэхээргүй байхаас гадна хэрэв үүргээ биелүүлээгүй, дутуу биелүүлсэн бол захиргааны байгууллага нь мөн хуулийн 38.3-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна” гэж заасны дагуу тус компаниар дутуу үүргийг гүйцэтгүүлэх, мөн бусад хууль болон Зөрчлийн тухай хуульд зааснаар байгаль орчныг хамгаалахтай холбоотой үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйтэй холбогдох хариуцлагыг хүлээлгэх зэргээр шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... тус компаниас үүргээ биелүүлэхийг шаардсан үйлдлийг хууль бус гэж үзсэн шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй ...” гэжээ.

Дээрх байдлаар дүгнэсэн шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн үүргээ биелүүлээгүй байдлыг зөв гэж үзээгүй, харин нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч  байгаль хамгаалах талаарх үүргээ биелүүлээгүйд арга хэмжээ авах, нөхөн гүйцэтгүүлэх бүрэн эрх хариуцагч болон эрх бүхий этгээдүүдэд бусад хууль, тогтоомжоор олгосон байхад түүнийг хэрэгжүүлээгүй, мөн 2017 оны төлөвлөгөөг баталж хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгосон атлаа тухайн зөрчлийнх нь шинж байдалд /байгаль орчинд ноцтой хохирол учруулаагүй/ тохироогүй үйлдэл хийсэн, өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байхад хуулийн дагуу байгаль хамгаалах төлөвлөгөөгөө гаргаад ирсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөвлөгөөг батлахгүй байгаа нь бодит нөхцөлд тохироогүй хууль бус үйл ажиллагаа гэж үзсэн нь үндэслэлтэй.

Харин хариуцагч нь тайлбартаа “суурьшлын бүс давхацсан” гэх боловч нэхэмжлэгч нь уг хэсгийг буцаан өгөхөд татгалзахгүй талаар тайлбарласан байх тул энэ шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин энэхүү хэргийг шийдвэрлэхэд Захиргааны зөрчлийн хуулийг хэрэглээгүй тул тогтоох хэсэгт заах шаардлагагүй, мөн захиргааны актыг хууль бус болохыг тогтоосноо заагаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0010 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “... Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2, 2.2, 2.3,” гэснийг хасаж, мөн заалтын “... төлөвлөгөө”-г ...” гэсний дараа “... батлахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг ...” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн үлдэх хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ