Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 33

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, нэхэмжлэгч С.Батболдын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Лхамсүрэн, тус сумын Цагаанхад багийн багийн нийтийн хурлын дарга Д.Лхагвасүрэн, тэргүүлэгч Д.Нармандал, Д.Дашдавга, Цагаанхад багийн иргэдийн нийтийн хурлын дарга Б.Батбуян нарт хариуцагдах

Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн иргэдийн нийтийн хуралдаанаар багийн засаг даргыг сонгосон тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Лхамсүрэн нь доод шатны хурлыг дур мэдэн зарлаж Цагаанхад багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч нарын бүрэн эрхэд халдаж хууль тогтоомжийг ноцтой зөрчин нийт багийн иргэдийн ирц хүрээгүй байхад хурлыг хуралдуулсан. Хууль тогтоомж зөрчиж хууль бусаар хуралдсан хурлын тогтоолоор Цагаанхад багийн дарга С.Батболд миний ажлыг хууль бусаар авах гэж байгаа эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Иймд Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн Иргэдийн нийтийн хуралдаанаар багийн засаг даргыг сонгосон тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Лхамсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Батболд нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Лхамсүрэн, тус сумын Цагаанхад багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Лхагвасүрэн, тэргүүлэгч Нармандал, Дашдагва, Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Батбуян нарт холбогдох Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн Иргэдийн нийтийн хурлаар Багийн засаг даргыг сонгосон тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 12 сарын 09-ний  өдрийн Багийн иргэдийн нийтийн анхдугаар хуралдааныг хүчингүй болгох тухай 03 дугаар тогтоолыг гаргасан болно.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батболд нь Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн иргэдийн нийтийн хуралдаанаар багийн засаг даргыг сонгосон тогтоолыг хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болох Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Лхагвасүрэн, тэргүүлэгч Д.Нармандал, Д.Дашдавга нар нь Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Багийн иргэдийн нийтийн анхдугаар хуралдааныг хүчингүй болгох тухай” 03 дугаар тогтоолоор өмнө гаргасан маргаан бүхий захиргааны актаа хүчингүй болгожээ.

 

Улмаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Архангай аймгийн Хашаат сумын Багийн иргэдийн нийтийн анхдугаар хуралдааныг хүчингүй болгосон тогтоол гаргасан тул, тус хэргийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн тайлбараа 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй.

 

Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж “Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн иргэдийн нийтийн хуралдаанаар багийн засаг даргыг сонгосон тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1,  111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэхь хэсэгт заасныг баримтлан хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Батболдын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Лхамсүрэн, тус сумын Цагаанхад багийн багийн нийтийн хурлын дарга Д.Лхагвасүрэн, тэргүүлэгч  Д.Нармандал, Д.Дашдавга, Цагаанхад багийн иргэдийн нийтийн хурлын дарга Б.Батбуян нарт хариуцагдах “Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн иргэдийн нийтийн хуралдаанаар багийн засаг даргыг сонгосон тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                

                                                        

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжинд хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОДОНТУЯА