Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 682

 

 

Г.Эрдэнэсумд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Г.Эрдэнэсумын өмгөөлөгч Д.Бурмаа,

хохирогч Б.Чулуунбаатарын өмгөөлөгч Ч.Болдбаатар, 

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 201 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Булганчимэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Эрдэнэсумд холбогдох эрүүгийн 201624000612 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

            Амт овогт Гансумын Эрдэнэсум, 1979 оны 10 дугаар сарын 19-нд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Дөл хангай” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 689 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: Н3 79101973/;

            Г.Эрдэнэсум нь 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 8 цаг 55 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Дамбадаржаагийн уулзварын хойд талын замд “Тоёота Приус” загварын 27-55 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-д "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэж заасныг зөрчсөний улмаас “Киа бонго пронтер” загварын 42-59 УНБ, “Тоёота ландкруйзер” загварын 81-81 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, хохирогч Б.Чулуунбаатарт 36.671.300 төгрөгийн шууд, Д.Жадамбаад 1.095.000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн Прокурорын газраас: Г.Эрдэнэсумд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчид "Киа бонго пронтер" загварын 42-59 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Г.Энхболд нь уг хэрэгт зохих хэмжээгээр буруутай, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг гүйцэд шалгаагүй гэснээс гадна хэрэгт цугларсан зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд зам тээврийн осолд холбогдсон автомашинуудын тоормосны мөр тодорхойгүй, Замын Цагдаагийн газрын тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолтод "Киа бонго пронтер" загварын 42-59 УНБ улсын дугаартай автомашины тормосны мөрийн хэмжээг 12.6 метр гэж бичжээ.

            Ийнхүү "Киа бонго пронтер" загварын 42-59 УНБ улсын дугаартай автомашины тормосны мөрийн хэмжээг 12.6 метр гэснийг үнэн эсэхийг магадалж, тус автомашины хэмжээ, даац, хурд, автомашины бүрэн бүтэн байдал гэх зэрэг холбогдох бүхий л нөхцөл байдлуудыг тогтоож, тухайн автомашины жолооч Г.Энхболд нь хэрэг болох үед автомашиныг зогсоох арга хэмжээ авсан эсэх, ослоос урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авсан болох, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг бүрэн гүйцэд шалгаж тогтоох.

            Шинжээчид бүрэлдэхүүнээр гаргасан 406 дугаар дүгнэлтдээ “хавтаст хэргийн материалтай танилцаж дүгнэлтийг гаргасан” гэж ерөнхий байдлаар бичсэн байх ба чухам хэргийн материалд ямар баримтууд шинжилснийг тодорхой бичээгүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар "Шинжээчийн дүгнэлтэд дараах зүйлийг тусгана" гэсний дагуу мөн хуулийн 18.1.6 дахь хэсэгт зааснаар "шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц"-ыг тусгах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, шинжээч нар шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хэргийн материалаас чухам юуг хэрхэн шинжилж, юунд үндэслэж тухайн дүгнэлтийг гаргасан нь тодорхойгүйгээс эргэлзээ төрүүлэхүйц байх тул шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Иймд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, зам тээврийн осолд холбогдсон жолооч нарын хэн хэний буруутай үйл ажиллагааны улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, дүрмийг хэрхэн зөрчсөнийг эргэлзээгүйгээр тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд зааснаар хохирол, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч Г.Эрдэнэсумын өмчлөлд байгаа улсын бүртгэлийн Г-2202011021 дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 689/а тоот хаягт байрлах газар, Ү-2202020210 дугаартай хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх арга хэмжээ авах шаардлагатай.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар "уг гэмт хэргийг яаж үйлдсэн", 80.1.6 дахь хэсэгт зааснаар "гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл" зэргийг бүрэн гүйцэд тогтоогоогүй тул шүүгдэгч Г.Эрдэнэсумд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Эрдэнэсумд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Булганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…ялтан Г.Эрдэнэсум нь 27-55 УБТ улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-д "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэж заасныг зөрчиж, 42-59 УНБ дугаартай “Киа бонго пронтер” загварын автомашиныг мөргөсний улмаас уг автомашин эсрэг урсгалд зорчиж явсан 81-81 УБЭ улсын дугаартай “Тоёота ландкруйзер” загварын автомашиныг мөргөж, Б.Чулуунбаатарт 36.671.300 төгрөгийн,  Д.Жадамбаад 1.095.000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогдсон нь гэрч Т.Очгэрэлийн "...ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй 40-50 орчим км/цагийн хурдтай 2 дугаар эгнээгээр Дамбадаржаагийн замын цагдаагийн постны хойд талд явж байтал  ачааны цагаан өнгийн “Киа бонго пронтер” загварын автомашин гэнэт эсрэг урсгалаас голын цагаан зураас даваад ороод ирэхээр нь аюулыг зайлуулахаар шууд баруун гар тийшээгээ жолоогоо дарах үед нөгөө машин миний жолоодож явсан машины зүүн хажуу талаас зүүн урд хаалга орчимд мөргөсөн..." гэх, гэрч Ч.Отгонбаярын "... эсрэг урсгалд явсан, ачааны, цагаан өнгөтэй “Киа бонго пронтер” загварын автомашин гэнэт эсрэг урсгал сөрөөд голын цагаан зураасыг даваад машины зүүн хажуу талаас зүүн урд хаалга орчимд мөргөсөн...." гэх, гэрч Г.Энхболдын "...Дохио өгөөгүй, 1 дүгээр эгнээнд миний ард явсан. 1 дүгээр эгнээнд сонгуулийн самбарыг буулгаж байсан ачааны машин зогсож байсан. “Тоёота Приус” загварын автомашин миний баруун гар талаар гүйцэт түрүүлж орж ирээд зүүн гар тийшээгээ жолоогоо дараад миний эгнээнд буюу 2 дугаар эгнээд орж ирээд миний машины баруун урд хажуу талаас мөргөх үед жолоодлого алдагдаад шууд зүүн гар тийшээгээ болохоор нь шууд тоормос гишгээд эсрэг урсгалд ирж явсан “Тоёота ландкруйзер” загварын автомашины зүүн хажуу талын хоёр хаалга орчимд мөргөөд зогссон...." гэх, гэрч Ж.Пүрэвдоржийн "...ажил руугаа Дамбадаржаагийн Замын цагдаагийн постыг өнгөрөөд 2 дугаар эгнээгээр 50 орчим км/цагийн хурдтай явж байхад гэнэт баруун гар талаас түс хийгээд мөргөх шиг болох үед манай машин хөндөлсөөд эсрэг урсгалд орж өөдөөс ирж байсан жийп загварын автомашинтай мөргөлдсөн...." гэх мэдүүлгүүд, “Итгэлт эстимэйт” ХХК-ний 72480 дугаартай, “Ашид билгүүн” ХХК-ний 1262 дугаартай автомашины эвдрэл хохирлын үнэлгээ болон техникийн шинжээчийн 406 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон.

Уг хэрэгт автомашинуудын техникийн байдал, хэмжээ, даац уг осол гарахад огт нөлөөлөөгүй ба жолооч Г.Эрдэнэсум эгнээ байр эзлэхдээ 2 дугаар эгнээнд явж байсан “Киа бонго пронтер” загварын 42-59 УНБ улсын дугаартай автомашинд зам тавьж өгөөгүй нь осол хэрэг гарах үндсэн шалтгаан болсон байна.

Техникийн шинжээчийн 406 дугаартай дүгнэлтийг гаргасан цагдаагийн ахмад Н.Шинэбаатар, Н.Ганбаатар, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунболд нар нь дүгнэлтдээ "...шинжилгээ хийлгэх тогтоолыг үндэслэн Гансум овогтой Эрдэнэсумд холбогдох эрүүгийн 201624000612 дугаартай хавтас хэргийн материалтай уншиж танилцаад..." гэж тэмдэглэсэн нь шинжилгээ хийсэн объектоо зааж өгсөн тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь хэсэг дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд зааснаар хохирол, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч Г.Эрдэнэсумын эд хөрөнгийн лавлагааг холбогдох газруудаас албан бичгээр авсан ба Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас Г.Эрдэмсумын өмчлөлд улсын бүртгэлийн Г-2202011021 дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 689/а тоот хаягт байрлах газар, Ү-2202020210 дугаартай хувийн сууц бүртгэгдсэн байсан.

Яллагдагч Г.Эрдэнэсум нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Транскапитал” ББСБ-нд лизингийн болон барьцааны гэрээ байгуулахдаа улсын бүртгэлийн Г-2202011021 дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 689/а тоот хаягт байрлах газар, Ү-2202020210 дугаартай хувийн сууцыг барьцаанд тавьсан нь “Транскапитал” ББСБ-тай байгуулсан гэрээгээр тогтоогдсон учраас барьцааны хөрөнгийг битүүмжлээгүй болно.

Шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар " уг гэмт хэргийг яаж үйлдсэн", 80.1.6 дахь хэсэгт зааснаар "гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл"-ийг бүрэн гүйцэд тогтоогдоогүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Уг гэмт хэргийг Г.Эрдэнэсум нь “Тоёота Приус” загварын 27-55 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 дахь заалтыг зөрчсөн, Г.Эрдэнэсум эгнээ байр эзлэхдээ 2 дугаар эгнээнд явж байсан “Киа бонго пронтер” загварын 42-59 УНБ улсын дугаартай автомашинд зам тавьж өгөөгүйгээс осол хэрэг гарах үндсэн шалтгаан болсон нь тогтоогдсон байна. Шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулаад тормосны мөрний хэмжээгээр тээврийн хэрэгслийн хурдыг боддог томъёолол байдаг  болохоос яг нарийн тооцоолох боломж байдаггүй. Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна.  Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд хийгээгүй, зам тээврийн ослын байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй байж зөвхөн "Тоёота Приус" загварын автомашины жолооч Г.Эрдэнэсумыг Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 дахь заалтыг зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй. Хэргийн газрын үзлэг, тэмдэглэлээс харахад анх мөргөсөн цэгээс "Киа бонго Пронтер" загварын автомашин нь 17,30 метр яваад эсрэг урсгалд орж “Тоёота ландкруйзер” загварын автомашинтай мөргөлдсөн. Хэрвээ 40-50 км/цагийн хурдтай явж байгаа тохиолдолд автомашиныг зогсоох арга хэмжээ авч тормос гишгээд автомашинаа зогсоосон бол автомашины бүрэн зогсолтын зай 17.30 метрээс бага байх боломжтой байна гэж үзсэн. Тэгэхээр хурдаа тохируулж яваагүй, хурдтай явж байсан байх үндэслэл "Киа бонго пронтер" загварын автомашинд байгаа. Энэ автомашины жолооч Энхболд “…жолоодлого алдсан, рулийн хуваарь алдагдсан” гэдэг боловч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг нь шалгаагүй. Хэрвээ  шалгасан бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж явснаас хамаарч осол гарахад нөлөөлсөн байх боломжтой. Хэргийн газрын үзлэг, зургаас харахад "Киа бонго пронтер" загварын автомашины жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Осол гарахад тээврийн хэрэгслүүд хурдтай явсан уу, ямар байдлаар осол гарсан бэ гэдгийг харсан гэрчийг "Киа бонго пронтер" загварын автомашины жолооч тодорхой хэлдэг. Гэтэл гэрчийг байцаагаагүй байдаг. Техникийн шинжээч томилохдоо Шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шинжилгээ хийлгэх нийтлэг журмыг зөрчөөд дүгнэлт гаргасан байдал харагдаж байгаа. Шинжилгээ хийлгэх байгууллагын нэрийг заах ёстой байсан ч мөрдөн байцаагч шинжээчийн нэрийг дурдсан. Хэргийн байдал бүрэн гүйцэд шалгагдаагүй байхад ганцхан "Тоёота Приус" загварын автомашины жолоочийг буруутгаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй шийдвэр болсон.” гэв.

Өмгөөлөгч Ч.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хэргийг тал бүрээс бүрэн бодитой тогтоох шаардлагыг хангаагүй. Хэргийн материалыг харахад "Киа бонго пронтер" загварын автомашины жолоочийн мэдүүлэгт "жолоодлого алдагдсан, рулийн хуваарь алдагдсан" гэж өөрийнхөө үйлдлийг хэд хэдэн янзаар тодорхойлдог. Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу осол гарах үед зогсоох арга хэмжээ авч чадсан уу гэдэг асуудал яригддаг. Нөгөө талаар тоормосны мөр маш урт байдаг бөгөөд тоормосны мөрний уртаар "Киа бонго пронтер" загварын автомашин хэдэн км цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжтой байсан боловч тогтоогоогүй. "Киа бонго пронтер" болон "Тоёота Приус" загварын автомашинуудын тоормосны мөрийг харахад хоорондоо уралдаж байсан юм шиг харагддаг. Тэгэхээр энэ хоёр автомашины жолооч хоёулаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдаг учраас нэг жолоочийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Харин нөгөө жолоочийг нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Эд хөрөнгө битүүмжлэх асуудал огт хийгдээгүй. Хэрэгт холбогдох үедээ Г.Эрдэнэсум лизингтэй байсан нь үнэн. Гэхдээ Иргэний хуулийн зохицуулалтаар эд хөрөнгийг нь битүүмжилж болно. Битүүмжилсэн тохиолдолд барьцаанд байгаа эд хөрөнгө барьцаалсан этгээдийн эрх зөрчигдөхгүй. Ийм учраас хэрэгт бүрэн гүйцэд ажиллагаа хийгдээгүй. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан” гэв.

ХЯНАВАЛ:

            Г.Эрдэнэсумд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. 

Анхан шатны шүүхээс “Ш.Эрдэнэсумд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэмээн дүгнэж,  "Киа бонго пронтер" загварын 42-59 УНБ улсын дугаартай автомашины тоормосны мөрийн хэмжээг 12.6 метр гэснийг үнэн эсэхийг магадалж, тус автомашины хэмжээ, даац, хурд, автомашины бүрэн бүтэн байдал гэх зэрэг холбогдох бүхий л нөхцөл байдлуудыг тогтоож, тухайн автомашины жолооч Г.Энхболд нь хэрэг болох үед Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг тогтоох, хэрэгт дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах, хохирол, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч Г.Эрдэнэсумын өмчлөлд байгаа улсын бүртгэлийн Г-2202011021 дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 689/а тоот хаягт байрлах газар, Ү-2202020210 дугаартай хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх арга хэмжээг авах шаардлагатай” гэж мөрдөн байцаалтад буцаажээ.

Дээрх мөрдөн байцаалтад буцаасан үндэслэлүүдийн зарим хэсгийг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт  болох зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн схем зураг, шинжээчийн дүгнэлт, гэрч хохирогч нарын мэдүүлгүүдээс үзэхэд "Киа бонго пронтер" загварын 42-59 УНБ улсын дугаартай автомашины тоормосны мөрийн хэмжээг дахин тогтоох, мөн бусад автомашинуудын тоормосны мөрийг тодорхойлох, техникийн байдал, хэмжээ, даац, хурдыг тодорхойлох шаардлагагүй байна.    

Мөн  энэ хэрэгт 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан байна.  Эхний буюу  2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 373 тоот дүгнэлтээр “…“Тоёота Приус” загварын 27-55 УБТ улсын дугаартай автомашины жолооч Г.Эрдэнэсум нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Киа бонго Пронтер” загварын 42-59 УНБ улсын дугаартай автомашины жолооч Г.Энхболд, “Тоёота Ландкруйзер” загварын 81-81 УБЭ улсын дугаартай автомашины жолооч Т.Очгэрэл нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна…” /хх-74/ гэсэн байх ба 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 406 тоот дүгнэлтээр өмнөх 373 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэжээ. 

Иймд дахин шинжээч томилох нь тодорхой ач холбогдолтой биш байх тул дээрх заалтуудыг хүлээн авах үндэслэл байхгүй байна.  

Харин хэргийг шалгах явцад шүүгдэгч Г.Эрдэнэсумын өмчлөлд улсын бүртгэлийн Г-2202011021 дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 689/а тоот хаягт байрлах газар, Ү-2202020210 дугаартай хувийн сууц,   “Тоёота Приус” загварын 27-55 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл  байгаа болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна.    

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд “Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор… эд хөрөнгө...   битүүмжлэх үүрэгтэй” гэж хуульчилсан, мөн эд хөрөнгийг барьцаалах, эд хөрөнгийг битүүмжлэх тухай ойлголтууд нь хууль зүйн өөр өөр ойлголтууд байхад “...хөрөнгө нь банкны зээлийн барьцаанд байгаа...” гэсэн үндэслэлээр түүний дээрх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг мөрдөн байцаалтын явцад хийгээгүй байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

            Иймд энэ талаар захирамжид заасан үндэслэлийг хүлээн авч, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээс энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, эсэргүүцлийн бусад хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 201 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагч Н.Булганчимэгийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Хэргийг тээврийн Прокурорын газарт очтол шүүгдэгч Г.Эрдэнэсумд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧИД                                                             Б.ЗОРИГ

                                                                                                       Д.ОЮУНЧУЛУУН