Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2026/00008

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2026/00008

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 1971 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, ** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны *** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч: М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.******* нь 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баянжаргалан сумын Баясгалант хоршоонд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: М.******* миний бие 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баянжаргалан сумын Баясгалант хоршоонд тооцооны нягтлан бодогчоор ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт орсон, гарсан тушаал бичигдсэн боловч тамга нь зөрүүтэй байна, Төв аймгийн архиваас баримт шүүлгэж үзэхэд тус хоршооны материал архивт ирээгүй гээд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Баясгалант хоршоонд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн архивын хэлтсийн тодорхойлолт, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс М.*******гийн хүсэлтээр Ч.*******гээс гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх М.*******гийн шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.М.******* нь 1971 оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, тэрээр 54 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч М.*******гийн хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан талаарх бичилт хийгдсэн боловч ажилд орсон, гарсан тушаал архиваас гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэрт тамга, тэмдэг зөрүүтэй дарагдсан тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх М.*******д үүсэж, ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

4.Хүсэлт гаргагч М.******* нь 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баянжаргалан сумын Баясгалант хоршоонд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1.1990 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: овог: *******, нэр: *******, төрсөн он: 1971, боловсрол: тусгай дунд, мэргэжил: худалдааны нягтлан бодогч, хөдөлмөрийн дэвтэр олгосон: худалдааны техникум, Захирлын 1988 оны 09-р сарын 12-ны өдрийн 162 тоот тушаалаар Улаанбаатар хотын худалдааны техникумын нягтлан бодох бүртгэлийн ангид элсүүлэн суралцуулав, Захирлын 1990 оны 06-р сарын 20-ны өдрийн 67 тоот тушаалаар тус техникумын нягтлан бодох бүртгэлийн ангид суралцаж төгсөв, Баясгалант хоршооны даргын 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 6 тоот тушаалаар ******* овогтой *******г тооцооны ня-бодогчоор томилов, Баясгалант хоршооны даргын 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот тушаалаар 1991-7-1-нээс тахир дутуугийн 2-р группэд орсон тул ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд хийгджээ. /хх-ийн 5 дугаар хуудас/

4.2.Төв аймгийн архивын хэлтсийн тодорхойлолтод: Төв аймгийн Баянжаргалан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримт тус архивын хэлтэст шилжиж ирээгүй. Баянжаргалан сумын Баясгалант хоршооны баримт тус хоршооны баримт тус архивын хэлтэст шилжиж ирээгүй тул иргэн М.*******д лавлагаа олгох боломжгүй байна, /хх-ийн 3 дугаар хуудас/

4.3.Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолтод: Төв аймгийн Баянжаргалан суманд үйл ажиллагаа явуулж байсан Баясгалант хоршоо нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд шимтгэл төлөлтийн тайлангаа НД-16 маягаар тус газарт ирүүлж байсан болохыг тодорхойлов, /хх-ийн 4 дүгээр хуудас/

4.4.Гэрч Ч.*******н шүүхэд өгсөн: Би 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс Баянжаргалан сумын худалдаа бэлтгэлийн ангид /сүүлд Баясгалант хоршоо гэдэг нэртэй болсон/ ерөнхий нягтлан бодогчоор ажилд орж байсан. Намайг ажиллаж байх үед Б.******* оюутны дадлагаа манай байгууллагад хийж байсан. ******* 1990 оны эхээр сургуулиа төгсөөд манайд нягтлан бодогчоор ажилд орсон. Би 1991 оны 6 дугаар сард өөр суманд ажиллахаар болж шилжсэн, тэр үед ******* ажлаа хийж байсан, хэзээ ажлаасаа гарсныг нь сайн мэдэхгүй байна. М.******* 1990 онд ажилд орж, намайг 1991 оны 6 сард ажлаас гарах хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Манай байгууллага Баянжаргалан сумын худалдаа бэлтгэлийн анги нэртэй байж байгаад 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баясгалант хоршоо болж өөрчлөгдөж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч М.*******г 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баянжаргалан сумын Баясгалант хоршоонд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******г 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баянжаргалан сумын Баясгалант хоршоонд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ