| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01338/И |
| Дугаар | 103/ШШ2026/00009 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2026/00009
| 2025 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 103/ШШ2026/00009 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 19** онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч: Ч.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* нь 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Орон сууц нийтийн аж ахуйн газар, Ус суваг, орон сууц ашиглалтын газарт цэвэрлэх байгууламжийн лаборантаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ч.******* миний бие нь 1988 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийтийн ахуй үйлчилгээний цэвэрлэх станцад бохир усны лаборантаар ажилд орж байсан. Захиргаанд гал гарсны улмаас хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр устаж шатсан. Архиваас шүүлгэж үзэхэд ямар ч баримт байхгүй байна. Би 55 нас хүрч тэтгэвэрт гарах насанд хүрсэн. Би 1988 онд Дархан руу 6 сарын лаборантын курст явж ирсэн энэ 6 сар орохгүй юм байна лээ, 6 сарын курс төгсөж ирээд наадмын дараа ажилд орж байсан, би наадмын дараа буюу 7 дугаар сарын 15-аас ажиллаж эхэлсэн, уг нь тушаал маань 01 дүгээр сарын 02-нд гарсан, гэхдээ 7 дугаар сарын 15-аас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй гэв.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Багануур-Ус ААТҮГ-ын албан бичиг, гал унтраасан тухай нотломж, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг, гэрэл зургууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс Ч.*******гийн хүсэлтээр Б.*******, М.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас Багануур-Ус ААТҮГ-ын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, ХААТР-21, ХААТР-1 маягтуудыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Ч.*******гийн шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Ч.******* нь 1970 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, тэрээр 55 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Багануур дүүргийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газрын конторын барилгад 2005 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гал гарч хүсэлт гаргагчийн 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг гэрчлэх баримт болох хөдөлмөрийн дэвтэр нь устаж үгүй болсон, мөн архиваас холбогдох баримт шүүлгэхэд лавлагаа гаргах боломжгүй болох нь Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10/1240 тоот албан бичиг, Багануур-Ус ААТҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 367 тоот албан бичиг, гал түймэр гарсан талаарх шинжээчийн дүгнэлт, гал унтраасан тухай нотломж зэргээр тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
4.Хүсэлт гаргагч Ч.******* нь 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Орон сууц нийтийн аж ахуйн газар, Ус суваг, орон сууц ашиглалтын газарт цэвэрлэх байгууламжийн лаборантаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1.Багануур-Ус ААТҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 367 дугаартай албан бичигт: *******ын ******* нь 1988-2001 онд тус байгууллагын цэвэрлэх байгууламжийн лаборант, 1995 оноос бохир ус татан зайлуулах станцын машинистаар ажиллаж байгаад шилжин явсан нь үнэн болно. Тус байгууллагын конторын барилга 2005 онд галд өртөж архив шатсан тул холбогдох баримтыг гаргаж өгөх боломжгүй тул галын дүгнэлтийг хавсралтаар хүргүүлэв гэжээ. /хх-ийн 4 дүгээр хуудас/
4.2.Гамшгаас хамгаалах Ерөнхий газрын Гамшгийн судалгааны төвийн 2005 оны 02 сарын 16-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 2005 оны 02- дугаар сарын 08-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Багануур-Ус НӨҮГ-ын конторын барилгад гал гарсан. Гал түймэрт конторын 2 давхар барилга, эд хогшлын хамт бүрэн шатсан, гал нь гадны ямар нэгэн нөлөөгөөр гарсан гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. /хх-ийн 6-7 дугаар хуудас/
4.3.2005 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 025 дугаартай Гал унтраасан тухай нотломж, /хх-ийн 5 дугаар хуудас/
4.4.Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10/1240 дугаартай албан бичигт: Тус дүүргийн архивын сан хөмрөгт Багануур-Ус ТӨҮГ-ын 1988-2001 оны баримт шилжиж ирээгүй тул *******ын *******д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа олгох боломжгүйг үүгээр уламжилж байна гэжээ. /хх-ийн 9 дүгээр хуудас/
4.5.1990, 1992, 1995 онуудад ажиллаж байх үедээ хамт олонтойгоо авахуулсан фото зургууд /хх-ийн 42, 43 дугаар хуудас/
4.6.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа,
4.7.Гэрч Б.Солонгын шүүхэд өгсөн: Бид хоёр 10 жилийн сургуульд нэг ангид сурдаг байсан, мөн сургуулиа төгсөөд нэг байгууллагад ажиллаж байсан. Би 1988 оноос 1994 оны 3 дугаар сар хүртэл Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газар машинистаар, 2008-2023 оныг хүртэл Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Намайг 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Багануурын Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын цэвэр усны станцад машинистаар ажилд ороход Ч.******* цэвэрлэх байгууламжид лагийн машинистаар ажиллаж байсан. Би 1994 оны 3 сард орон тооны цомхотголоор ажлаасаа гарахад Ч.******* ажиллаж байсан, намайг ажлаас гарснаас хойш 1999 он хүртэл манай нөхөртэй нэг хэсэгт хамт ажилладаг байсан. Яг хэдэн онд ажлаасаа гарсныг нь мэдэхгүй байна. Манай байгууллагад Ч.*******гийн төрсөн ах Ч.******* нь ус сувгийн инженерээр ажилладаг, эвлэлийн үүрийн дарга хүн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/
4.8. Гэрч М.*******ын шүүхэд өгсөн: Би 1983 оны 3 сард Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинистаар ажиллаж байхад Ч.******* 1988 онд цэвэрлэх байгууламжид машинистаар ажилд орж байсан. Бид 2 анх нэг тасаг буюу цэвэрлэх байгууламжид хамт ажиллаж байгаад би 1993 оноос КНС-3-т ажиллах болсон. Ч.******* 2001 онд ажлаасаа гарсан, би 2018 онд тэтгэвэрт гарах хүртлээ тасралтгүй хамт ажилласан. Ч.******* 1988 оноос 2001 оныг хүртэл Багануурын Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт тасралтгүй ажилласан. Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар нь 1986-1990 Орон сууц нийтийн аж ахуйн газар, 1990-1997 онд Ус суваг, орон сууц ашиглалтын газар, 1998-1999 онд Багануур-Ус ТӨҮГ, 1999-2016 онд Багануур-Ус НӨҮГ, 2016 оноос Багануур-Ус ОНӨААТҮГ нэршилтэй байсан, намайг тэтгэвэртээ гарсны дараа Багануур-Ус ААТҮГ гэсэн нэршилтэй болсон байсан. Манай байгууллага миний мэдэхээр 6 удаа нэрээ сольж, дарга нар 10 удаа солигдсон байдаг. 2005 оны 2 сард контор шатаад хамаг хүмүүсийн бичиг баримт байхгүй болсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/
5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ч.*******г 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Орон сууц нийтийн аж ахуйн газар, Ус суваг, орон сууц ашиглалтын газарт цэвэрлэх байгууламжийн лаборантаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******г 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Орон сууц нийтийн аж ахуйн газар, Ус суваг, орон сууц ашиглалтын газарт цэвэрлэх байгууламжийн лаборантаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ