Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/10

 

                               М.С холбогдох эрүүгийн

                                              хэргийн тухай

 

     Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

            прокурор Б.Ануужин,

            хохирогч Ц.А,

            шүүгдэгч М.С,

            түүний өмгөөлөгч Д.Батсүх,        

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нарыг оролцуулан,

          Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч М.С холбогдох 2417001250003 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, - оны - дугаар сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, - настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүндийн механик мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймгийн С сумын - баг, - тоотод оршин суух, урьд  ял шийтгэлгүй гэх Б овогт М С.

        Яллагдагч М.С нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “-” дэлгүүрийн дөрвөн замын уулзвар замаар 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчимд - УНВ улсын дугаартай Тоёота - загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг..” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, хохирогч Ц.А биед зүүн хөлийн хавчаар ясны хугарал, зүүн хөлийн тавхай ясны 2,3,4 дүгээр шивнүүр ясны зөрүүгүй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Шүүгдэгч М.С үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

         Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт М С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, 2 800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж, шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн /CD-1/ гэсэн бичиглэл бүхий DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч М.С гаргуулж улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.С 179 851 /нэг зуун далан есөн мянга найман зуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Н-О олгож, хохирогч Ц.А нь ажилгүй байсан хугацааны цалин 2 456 000 /хоёр сая дөрвөн зуун тавин зургаа мянга/ төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч М.С 340 200 /гурван зуун дөчин мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч М.С “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн...гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай анги /цаашид "ЭХТА" гэнэ/-ийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман дуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулсныг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

        Нэг. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х дэлгүүрийн дөрвөн замын уулзвар замаар 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчимд Г.А нь - УНВ улсын дугаартай Тоёота - загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зам тээврийн осол гарч, хохирогч Ц.А биед зүүн хөлийн хавчаар ясны хугарал, зүүн хөлийн тавхай ясны 2, 3, 4 дүгээр шивнүүр ясны зөрүүгүй хугарал гэмтэл учирсан болох нь хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

         Хоёр. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн талаар Шинжээч Т.Түвшинбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “...Энэ осол хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөх хэлбэрээр зам тээврийн осол гарсан байна. Хоёр тээврийн хэрэгсэл нь хоёулаа жолооч гэсэн субъект буюу тодорхой хүн жолоодож яваад уг зам тээврийн осол гарсан байна гэж дүгнэж байна...." хэмээн зам тээврийн осолд холбогдогч нарын талаар бодитой мэдүүлэг өгсөн.

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тухайн зам тээврийн ослын улмаас хохирогч Ц.А биед зүүн хөлийн хавчаар ясны хугарал, зүүн хөлийн тавхай ясны 2, 3, 4 дүгээр шивнүүр ясны зөрүүгүй хугарал гэмтэл учирсан болох нь тогтоогдсон ба энэ үйл баримттай бид маргахгүй байгаа.

        Харин шинжээч Т.Түвшинбаатарын мэдүүлэгт дурдсанчлан хохирогчийн биед учирсан гэмтэл нь осолд холбогдсон хоёр тээврийн хэрэгслийг жолоодож явсан буюу автомашин жолоодож явсан М.С буруутай үйлдлээс үү, эсхүл мопед жолоодож явсан Г.А буруутай үйлдлээ учирсан уу гэдгийг нотлох, шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй асуудлын талаар өмгөөлөгчийн хувьд маргаж, энэ талаарх дүгнэлтээ шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой тайлбарласан.

           Шинжээч нар Г.Ариунболд нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч энэ талаарх хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнэхдээ тодорхой тусгаагүй, тэдний гаргасан дүгнэлт хэрэгт байгаа нотлох баримттай зөрүүтэй байгааг тодорхой тайлбарлан мэтгэлцсэн.

           Үүнд:

       1. Хэрэгт авагдсан CD-д байгаа дүрс бичлэг, мөн хэргийн газрын үзлэгийн зурагт тусгагдсанаар мопед жолоодож явсан Г.А нь осол болсон замын зорчих хэсгийн гол хэсгээр маш хурдтай явж - УНВ улсын дугаартай Тоёота - загварын автомашиныг мөргөсөн болох нь тогтоогдсон;

          2. Мөн тус бичлэгээр - УНВ улсын дугаартай Тоёота - загварын автомашин нь гэрлэн дохио солигдох үед дөнгөж хөдөлж байгаа болох нь тогтоодсон;

           3. Мопед жолоодож явсан Г.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 25.4-т заасан "мопедыг 16 дээш насны хүн жолоодож Замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлаж явж болно..." гэснийг болон тухайн зам тээврийн осол болсон газарт унадаг дугуйн зам байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй.

          ...зэрэг үйл баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасныг бүрэн шалгаж тогтоогоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт миний гаргасан гомдлыг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах дүгнэлт гаргасан.

      Тухайн зам тээврийн осол болсон газарт дугуйн зам байгаа эсэх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад хуралдаан даргалагч шүүгч гэрч Г.А асуулт асуухдаа “...урдаас хойшоо явдаг зам. Тэр зам дээр чинь дугуйны тэмдэглэгээтэй зам байхгүй. Одоо том машин явдаг өргөн зам дотор чинь тийм тэмдэглэгээтэй, нарийн зураас тийм байхгүй аль, аль талд нь байхгүй дугуйн зам тэр доороос дээшээ гардаг гарцаар гарахад байдаг шиг санагдаад байхын. Чи асуултаа сайн зөв ойлгохгүй бол..." хэмээн хэрэгт тогтоогдоогүй үйл баримтыг өөрийн таамаглалаар хөтөлж асууж байсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

       Анхан шатны шүүх ийнхүү хэрэгт тогтоогдоогүй үйл баримтыг өөрийн таамгаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.12 дугаар зүйл, 16.15 дугаар зүйлүүдэд тус тус нийцээгүй гэж үзэж байна.

         Гурав. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж буй үндэслэлийн талаар Эрүүгийн хуульд заасан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн тухайд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг бүрэн шалгаж тогтоосноор зам тээврийн осолд холбогдсон хоёр тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээдийн хэнийх нь буруутай үйлдлээс хохирогчид гэмтэл учирсныг тодорхойлох учиртай.

            Гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, гэм хорын хоорондын шалтгаант холбоог тогтоох, тодорхойлох эрүүгийн эрх зүйн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл хэсэг, заалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлаж чадаагүй нь шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагад нийцээгүй.

              Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлын талаар

            4.1. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын “гэмт хэрэг гарсан байдал” гэмт хэргийг яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 дахь заалтын "гэм хэргийг хэн үйлдсэн" зэрэг нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн.

         Миний бие прокурорын хяналтын шатнаас эхлэн дээр дурдсан нотлогдвол зохих байдлыг тогтоолгох асуудлаар удаа дараа хүсэлт, санал гаргаж байсан.

              Тухайлбал:

            1. Миний бие тус хэрэг прокурорын хяналтын шатанд байх үед хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх асуудлаар Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Бат-Очирын нэр дээр гомдол гаргасан.

             Прокуророос миний гомдлыг “...2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 010/2024 дугаартай мөрдөгчийн магадалгаатай холбоотойгоор шинэ нөхцөл байдал үүссэн, зам тээврийн ослын шалтгааныг эргэлзээгүй тодруулах зайлшгүй үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай..." гэх үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн.

            Дээрх шийдвэрийн хүрээнд Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Бат-Очирын 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор “Дахин шинжилгээ хийлгэх тогтоол”-оор Эрүүгийн 241700125003 дугаартай хэрэгт зам тээврийн осол гарсан нөхцөлийг тогтоох шинжээч томилсны дагуу шинжилгээг "Цагаан шонхор” НҮТББ-ын шинжээч Т.Түвшинбаатар, С.Бямбасүрэн, Я.Соронзонболд нар хийж 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 46-50/102 дугаартай дүгнэлт гаргасан байдаг.

             Дахин шинжилгээ хийлгэх тухай ерөнхий прокурорын тогтоолоор шинжээчид тавигдсан асуултын 2.2-т “...Улсын дугааргүй "Мопед" хэрэгслийг жолоодож явсан Г.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, хэрэв зөрчсөн бол ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн бэ..." гэсэн асуулт тавигдсан.

               Шинжээчийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 46-50/102 дугаартай дүгнэлтийн "ДҮГНЭЛТ" хэсгийн 2-т "...Мопед загварын тээврийн хэрэгслийн жолооч Г.А Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна..." гэсэн дүгнэлт гаргасан.

           Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-д Шинжээчийн дүгнэлтэд...шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл..."-ийг тусгахаар хуульчилсан.

               Гэтэл шинжээчийн 46-50/102 дугаартай дүгнэлтийн "ДҮГНЭЛТ” хэсгийн 2-т прокурорын тогтоол заасан асуултад хариулсан боловч тухайн хариултынхаа үндэслэлийг огт тусгаагүй нь Шүүх шинжилгээний тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн.

              Автомашин жолоодож явсан М.С, эсхүл Мопед жолоодож явсан Г.А нарын хэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болохыг тогтоох нь энэ хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байсан.

         Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Бат-Очирын 2025 оны 01 дугаартай тогтоолоор шинжээчид тавигдсан 2.2 дахь асуултын үндэслэлийг шинжээч нар хууль, дүрэмд нийцүүлэн дүгнэлтэд тусгасан бол миний хүсэлтэд дурдсан үйл баримт тогтоогдох боломжтой байсан.

           Мөрдөн шалгах ажиллагаагаар Г.А жолоодож явсан "Мопед" гэх хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцоход ямар тусгай дүрэм үйлчилдэг болох, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.А нь дүрмээр тогтоосон шаардлагыг мөрдсөн эсэхийг тогтоох ажиллагаа хийгдээгүй.

            Дээрх дүгнэлт, мэдүүлгийн зөрүүг тодорхой болгож "Мопед" жолоодож явсан Г.А нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх асуудлаар хууль зүйн заасан ямар зөрчил гаргасан болохыг тогтоох, уг зөрчлийн улмаас хохирогч Ц.А эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх асуудлаар хууль зүйн зөв дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой юм.

            2. Дээрх асуудлын хүрээнд миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй.

Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад тухайн зам тээврийн осол гарсан газарт дугуйн зам байсан эсэх асуудал яригдсан бөгөөд гэрч Г.А тэр зам дагуу дугуйн зам байдаг талаар мэдүүлсэн.

            Тиймээс миний бие эдгээр нөхцөл байдал тодруулах үүднээс Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэгт миний гаргасан гомдлыг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах дүгнэлт гаргасан.

              4.2. Шүүх хэлэлцүүлгийн явцад гэрч Г.А тэр зам дагуу дугуйн зам байдаг талаар мэдүүлсэн.

            Хэрвээ дугуйн зам байдаг бол мопед жолоодож явсан Г.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.4-ийн "...мопедыг 16 дээш насны хүн жолоодож Замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлаж явж болно..." гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

        Гэтэл шүүх хуралдаан даргалагч шүүгч урдаас хойшоо явдаг зам. Тэр зам дээр чинь дугуйны тэмдэглэгээтэй зам байхгүй. Одоо том машин явдаг өргөн зам дотор чинь тийм тэмдэглэгээтэй, нарийн зураас байхгүй аль, аль талд нь байхгүй дугуйн зам тэр доороос дээшээ гардаг гарцаар гарахад байдаг шиг санагдаад байхын..." хэмээн хэрэгт тогтоогдоогүй үйл баримтыг өөрийн таамаглалаар дүгнэж, хийсвэр дүгнэлт хийн гэрчийг хөтөлж асууж байсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

           Шүүгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлүүдэд тус тус нийцээгүй, шийтгэх тогтоол үндэслэл бүхий хуулийн шаардлагыг зөрчсөн.

           4.3. Миний бие өмгөөлөгчийн хувьд хэргийн үйл баримт, тэдгээрийг нотолсон байдлын талаар тодорхой дүгнэлт гаргаж шүүхэд танилцуулсан боловч анхан шатны шүүх миний гаргасан дүгнэлтийг үгүйсгэж няцаасан ямар нэгэн дүгнэлтийг шийтгэх тогтоолд огт тусгаагүй.

      Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг...” тусгана гэсний зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.

              Тав: Давж заалдах шатны шүүхэд гаргах хүсэлт

           Дээр дурдсан тайлбар үндэслэлүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Говьсүмбэр аймаг дахь анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

           Шүүгдэгч М.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.

          Хохирогч Ц.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр осол гардаг зам дээр баруун талаа барьж яваагүй гээд байна. Дөнгөж хөдлөхөөс нь өмнө бараг очоод мөргөчихсөн гэх юм. Угаасаа замаа таглаад ороод ирсэн юм чинь  мөргөхгүй яах вэ дээ гэв.

           Прокурор Б.Ануужин давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт үйлдсэн М.С холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд дүгнэлт гаргаж байна. Тэгэхээр анхан шатны шүүх хуралдаан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр өмгөөлөгч яг энэ бүхнийг ярьж байсан. Гомдлын үндэслэл болсон асуудал маань урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн. Тэгэхээр энэ дээр бол хэд хэдэн зүйл яригдаад байгаа юм. Хуулийг буруу тайлбарласан буюу шалтгаант холбоог бүрэн шалгаж тогтоогоогүй гээд байна. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4650/102 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Энэ дүгнэлт нь өөрөө зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг бол тогтоосон дүгнэлт. Энэ дүгнэлтээр жолооч М.С Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 “жолоочийн ногоон гэрлэн дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. Энэ нь өөрөө зам тээврийн ослын шалтгаан нөхцөл болсон гэсэн ийм дүгнэлт гарсан. Ингээд жолооч буюу яллагдагч М.С үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдчихсон. Энэ зам тээврийн ослын улмаас эсрэг урсгалаас мопедын жолооч болох хохирогч Ц.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Энэ зам тээврийн ослын улмаас ямар хохирол, хор уршиг учирсан юм гээд яллагдагч М.С үйлдэл хохирогч Ц.А хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзээд яллах дүгнэлт үйлдэгдсэн. Тэгэхээр энэ нь анхан шатны шүүх дээр ч гэсэн  ингэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Хоёрдугаарт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн эсэхийг бол бүрэн шалгаагүй, нотолбол зохих байдлыг бүрэн шалгаагүй гэж ярьж байгаа. Тэгэхээр нэгэнт шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг хийсэн бүдүүвч зураглал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг эдгээр нотлох баримтуудаар яллагдагч М.С Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог. Ийм учраас энэ гэмт хэргийг хэн үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Ингээд хохирол, хор уршиг, хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн энэ бүх нөхцөл байдал өөрөө яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бүрэн тусгасан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бол хэргийн бодит байдалд нийцсэн. Дүгнэлт нь эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Хоёрдугаарт. Сая гомдлоо тайлбарлах гэж байхдаа шүүгдэгчийн өмгөөлөгч ярьсан. Тухайн унадаг дугуйн зам байгаа эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй. Тэгээд тухайн машины зам дээр явж байхдаа баруун гар талаа замынхаа дийлэнх хэсгийг барьж явах ёстой байтал гол хэсгээр нь зорчиж явсан гэж яриад байгаа юм. Тэгэхээр тухайн зам дээр хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтээр тухайн уулзварт хохирогч болон гэрч Г.А мэдүүлгээр мопед жолоодож ирсэн урсгалд бол унадаг дугуйн зам байхгүй гэдэг нь гэрэл зургийн үзүүлэлтээр хангалттай харагдаж байгаа. Иймд илэрхий нөхцөл байдлыг шинжээчийн дүгнэлтээр эсвэл дахин тэрийг дахин үзлэг хийх байдлаар шалгах шаардлагагүй байна. Нэгэнт тогтоочихсон гэж үзэж  урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүх дээр асуудлыг шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн шүүгч анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч Г.А хөтөлж, тулгаж асуусан гэж яриад байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж яриад байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх унадаг дугуйн зам байдаг уу гэж гэрчээс асуудаг. Тэгэхэд эхний мэдүүлэг дээрээ гэрч Г.А санахгүй байна. Гэхдээ тэнд бол унадаг дугуйн замд байхгүй гэж бол мэдүүлсэн. Мэдээж гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар нь хууль сануулсан байгаа. Тийм учраас чи ингээд асуултыг нь сайн ойлгох хэрэгтэй. Тухайн чиний зорчиж явсан хэсэгт дугуйн зам байгаа юу гээд тухайн хариулттай нь холбогдуулаад тодруулж асуусан болохоос биш яг тэнд байдаггүй биз дээ гэдэг байдлаар тулгаж, хөтөлж асуусан асуулт бол өөрөө асуугдаагүй. Би өөрөө энэ хуралд улсын яллагчаар оролцсон учраас энэ хэлэлцүүлгийг сайн санаж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогдсон. Шүүгдэгч М.С хувьд гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц, эсвэл түүнийг гэм буруугүй гэдгийг нь нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны хэргийн бодит байдалтайгаа нийцсэн, хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий шийдвэр болсон байна гэж үзээд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал тайлбарыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

       1. Шүүгдэгч М.С нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “-” дэлгүүрийн дөрвөн замын уулзвар замаар 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчимд - УНВ улсын дугаартай Тоёота - загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг..” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, хохирогч Ц.А биед зүүн хөлийн хавчаар ясны хугарал, зүүн хөлийн тавхай ясны 2,3,4 дүгээр шивнүүр ясны зөрүүгүй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         2. Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч М.С “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, 2 800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэсэн байна.

        3. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ ...хохирогчийн биед учирсан гэмтэл нь ... автомашин жолоодож явсан М.С буруутай үйлдлээс үү, эсхүл мопед жолоодож явсан Г.А үйлдлээс учирсан уу гэдгийг нотлох, шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй, ... Замын хөдөлгөөний дүрмийн 25.4-т заасан “ ... мопедийг ... жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд ... зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлаж явж болно” гэснийг болон тухайн зам тээврийн осол болсон газарт унадаг дугуйн зам байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй” үндэслэлээр давж  заалдах гомдол бичсэн.

         4. Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 02 тогтоолоор хяналтын прокурор Б.Ануужингийн яллах дүгнэлтийг ... мөрдөгчийн магадалгаатай холбоотойгоор шинэ нөхцөл байдал үүссэн, зам тээврийн шалтгааныг эргэлзээгүй тодруулах зайлшгүй үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай ... “ гэж үзэж хүчингүй болгосон. 

           Дахин шинжээчийн дүгнэлтэнд “ ... жолооч М.С нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 ‘’... жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж өмнөх мөрдөгчийн магадлагаагаар “... Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 буюу “зам тавьж өгөх” гэсэн нэр томьёоны заалтыг үндэслэн бүрхэг дүгнэлт гаргасан байсныг илүү нарийвчилсан, тохирох заалтыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлт байхад прокурор яллах дүгнэлтэндээ дээрх  заалтыг огт бичилгүй, өмнөх хүчингүй болсон яллах дүгнэлтэнд бичсэн нэр томьёоны заалтыг үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2-д “ яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт ... зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгана” гэснийг зөрчсөн байна.  

            5. Хавтас хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд болон ослын газар хэмжилт хийсэн бүдүүвч зургууд нь Хас дэлгүүрийн камерийн бичлэг /СД/-д бичигдсэн мопедын явсан байрлалын хэмжээстэй зөрүүтэй байх тул камерын бичигдсэн байдалд үндэслэн дээрх бүдүүвч зургийг дахин гаргах, дөрвөн замын уулзварт байгаа үл хөдлөх цэгүүдийн нэрийг бичиж тодорхой, ойлгомжтой болгох,

         6. Мөн тухайн мопед байрлан явсан чигт дугуйн зам тавигдсан байх бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан баримт огт байхгүй байна. Уг дугуйн зам нь стандартын зам мөн эсэх, Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.38 дах хэсэгт “... унадаг дугуйн зам ... гэж унадаг дугуй, мопедын хөдөлгөөнд зориулсан, 4.4 тэмдэг бүхий зам, замын хэсгийг, дүрмийн 1.2.39 дөх хэсэгт “... унадаг дугуйн эгнээ ... гэж зорчих хэсэг дээрх унадаг дугуй, мопедын хөдөлгөөнд зориулсан 4.4 тэмдэг бүхий эгнээг хэлнэ гэсэн байх тул Говьсүмбэр аймагт тавигдсан дугуйн гэх зам нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх, уг замаар мопед явах боломжтой эсэхийг шалгаж тогтоох,

            7. Түүнчлэн дүрмийн 1.2.24 дөх хэсэгт “мопед“ гэж “ ... 50 куб.см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсхүл 0.25 квт-аас 4 квт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугайт тээврийн хэрэгслийг”, дүрмийн 1.2.25 дах хэсэгт “ мотоцикль” гэж “... техникийн хурд нь 50 км/цаг мопедаас илүү, хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгслийг ... “ хэлнэ гэснээс үзэхэд осол гаргасан мопедонд үзлэг хийж  тухайн мопед нь аль ангилалд  хамаарахыг тогтоох,

          8.  Дугуйн зам байгаатай холбоотойгоор Говьсүмбэр аймагт байгаа дугуйн зам нь мопед явах шаардлагыг хангасан эсэх, осол гаргасан мопед нь дугуйн замаар явах ёстой байсан эсэх, хэрвээ дугуйн замаар явах ёстой бол дүрмийн ямар заалтыг зөрчсөн болох талаар шинжээчээр дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаануудыг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

         1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангасугай.

        2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                                                                           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.НАРАНЧИМЭГ

                                                    ШҮҮГЧ                                               Н.БОЛОРМАА

                                                    ШҮҮГЧ                                               О.ОДНЯМАА