Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/37

 

 

 

 

 

 

 

   2025        07           02                                         2025/ДШМ/37

 

 

 

 

*******, Б. нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч *******аатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Э.А,

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О (онлайнаар)

         Хохирогчийн өмгөөлөгч Л.Н

         Яллагдагч Б.У-ын өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны  шүүхийн  2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/275 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Л.Н-н гаргасан гомдлоор, яллагдагч *******,*******нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,

Монгол Улсын иргэн

Яллагдагч 11.1нар нь бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-тай цалингийн хэмжээнээс болж маргалдан улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, түүний биед зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүр хацарт зулгаралт, зүүн тохойд зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газраас яллагдагч *******, Б.У  нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцээд: Яллагдагч *******,*******нарт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцааж  шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнэн, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулж, яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг мэтгэлцээнд үндэслэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын хэргийг хэлэлцэж, яллагдагч нарыг гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэсэн зарчимд нийцнэ гэж үзэж байна.

2. Гэрч Б  нь /хх-1-36-37, хх-1-72-731 хуудас/ гэрчээр 2 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд тус мэдүүлгүүдэд Б  гэх хүн Б-г унтаж байсан Б-д агсам тавиад толгой дээр нь хэд хэдэн удаа өшиглөж байсан талаар огт мэдүүлээгүй, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э , Х  нар, хохирогч Б.Б , яллагдагч Б , У  нар нь Б  гэх хүн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа талаар огт мэдүүлээгүй байдаг.

3. 2024 оны 8-р сарын 05-ны өдрийн 379 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа шинжээч эмч Д.Н  нь хохирогч Б.Б-н өвчний түүх, онош, хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдлыг биеэр нь үзэж дүгнэлт гаргасан. Тиймээс тус шинжээчийн дүгнэлтийг бүрэн бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг дээр ямар нэгэн маргаангүй бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байсан...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Н  нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг яллагдагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу 4 үндэслэлээр буцаасан байдаг. Э  мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 дахь удаагаа мэдүүлэг өгсөн байдаг. Энхболд юу гэж мэдүүлсэн бэ гэхээр “Б , Хүрлээ, У  хоёрын амарч байсан гэр рүү Б  орж дахин зодсон байх тэнд байсан хүмүүс Билгүүнбаатарыг болиоч гэж хэлсэн” гэж мэдүүлдэг. Тус мэдүүлгээр дүгнэхэд тухайн хэрэг болсон цаг хугацаанд Б , Х , У , Б   гэх хүмүүс байсан. Түүнээс өөр хүмүүс байгаагүй талаар гэрч хохирогчид 5 хүн байсан талаар тодорхой мэдүүлэг өгсөн байгаа. Болиоч ээ гэж хашхирсан хүмүүс нь Б , Х , У  эдгээр хүмүүс бүгд байсан учраас нэр бүхий 5 хүнээс дахин  өөр хүмүүс байсан байна гэж үзэж дахин шалгаж мэдүүлэг авах хууль  зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн.

2. Хохирогч Б , гэрч Э  нар нь Б , Х , У  нар байсан, Б-г Б цохисныг Х  харсан гэдэг мэдүүлэг өгсөн. Х мэдүүлэг өгөхдөө Б-г хэн цохисныг хараагүй. Б-г хүргэж өгөөд харьсан  гэдэг зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж шүүхээс дүгнэсэн. Тэгэхээр Х нь Б, У, Б нартай олон жил хамт ажилласан. Б-тай би найз нөхдийн харилцаа холбоотой  гэдэг талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн байдаг. Тус  мэдүүлэгтэй уялдуулан дүгнэхэд найз нөхдийн харилцаа хамааралтай байгаа учраас хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч чадахгүй, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдал үүссэн байж болзошгүй байна. Тэгэхээр дахин мэдүүлэг авснаар мэдүүлгийн зөрүү арилахгүй гэж үзэж байгаа учраас зүйл заалтыг дахин тогтоох шаардлагагүй гэсэн үндэслэлийг гаргаж байгаа.

3. Шинжээчийн дүгнэлтийг гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн байгаа учраас  дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна гэж буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй, эсвэл эргэлзээтэй байвал гэсэн ийм үндэслэлээр дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар заасан. Тэгэхлээр шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна, эргэлзээтэй байна гэх үндэслэл тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс хэргийг буцаахдаа дээрх заалтын аль заалт нь эргэлзээтэй байгаа талаарх дүгнэлтийг хийгээгүй байсан. Шинжээч эмчээс гэрчийн мэдүүлгийг авсан байгаа. Хохирогчийн биед учирсан тархины цусан  хураа нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын журмаар хүнд зэрэгт хамаарахаар тогтоогдсон байгаа. Тэгэхээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээч оруулах шаардлагатай гэсэн ийм байр суурьтай оролцож байна.

4. Б-с дахин тодруулж асуух шаардлагатай байна. Б  хэрэг болсны дараа ажилчидтайгаа уулзахад Б  гэж хүн Б  шөнө ирээд Б-г цохисон талаар ярьсан байсан. Тийм учраас энэ талаар тодруулж, дахин гэрчийн мэдүүлэг авах нь зүйтэй гэж үзэж байна. Гэтэл Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа мэдүүлэг өгөхдөө Б Б, Б-г цохисон талаар огт яриагүй байдаг. Б гэдэг хүний талаар бусад гэрчүүд болон хохирогч нар Б  гэдэг хүний талаар ерөөсөө дурдаагүй байгаа учраас Б  гэдэг хүнийг дахин асуух шаардлагагүй гэж үзэж байгаа. Тэгэхээр хэрэв мэдүүлгийн зөрүүг арилгая гэж үзэж байгаа бол шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулаад эргэлзээ бүхий асуудлуудыг тодруулаад хэргийг шийдвэрлэх нь бүрэн үндэслэлтэй байна гэсэн саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

 

Прокурор Э.А  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийг дараах 4 үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан байна. Үүнд:

1. Б  нь хохирогчийг амрах байранд амарч байхад нь дахин очиж зодсон хүмүүсийг шалгах шаардлагатай гэж үзсэн. Э-н мэдүүлэг болон Б-ын мэдүүлгээр хохирогчийг Б  дахин очиж зодсон гэдэг нь нотлогддог. Үүн дээр дахин гэрчүүдийн мэдүүлгийг авах шаардлагагүй гэж үзэж байна.

2. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын хүрээнд мэдүүлгийн зөрүүг арилгахаар тусгасан байгаа. Хохирогчоор өгсөн мэдүүлэг, Э-н 2 удаагийн мэдүүлэг зэрэг нь хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгдөггүй. Тийм учраас гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.

3.Хохирогч Гэмтэл согог судлалын үндэсний хүрээлэнд хэвтэн эмчлүүлсэн. Үүн дээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах гэсэн байна. Хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан учраас дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байна.

4. Захирамжийн 4 дэх заалтад Б , Б  нарыг гэрчээр асууж тодруулах гэсэн байна. Б , Б нар тухайн хэрэг болох үед байгаагүй учраас гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний 275 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэнтий аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэхээр энэ хэргийн гол гэрч нь Э, Х  гэсэн 2 гэрч байдаг. Э-н хувьд мэдүүлгийн зөрүү байгаад байдаг. Яагаад гэхээр энэ хэрэг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр болсон асуудал. Э  анх юу гэж мэдүүлэг өгсөн бэ гэхээр хохирогч Б-г Б  цохисон талаар ярьдаг. Түүнээс У  зодсон гэдэг нэг ч асуудал ярьдаггүй. Гэтэл 4 сарын дараа буюу 2024 оны 12 дугаар сард мэдүүлэг өгөхдөө гэнэтхэн У, Б-г зодсон гэдэг асуудал яриад байдаг.

Гэхдээ энэ асуудлын талаар ярихдаа мөрдөгчийн асуусан асуулт ч тэр, тухайн гэрчийн харилсан хариулт ч тэр ойлгомжгүй байдаг. Өөрөөр хэлбэр Б, Б, У, Э, Х гэсэн 5 хүмүүс эхлээд Хэрлэн голын урд очиж архи уусан байдаг. Голын урд очиж архи уучихаад Б,  У хоёр хохирогчийг зосдон юм уу? эсвэл голоос ирээд дахиад ажлын байрнаасаа хөдлөөд аймгийн хойно очиж архи уусан байдаг. Тэгвэл аймгийн хойно очсон хойно нь У зодсон юм уу? Өөрөөр хэлбэл яг хаана байхад нь ямар нөхцөл байдалд байхад нь У, Б-г зодсон юм бэ? гэдэг нь ойлгомжгүй.  Цаана сууж байсан хүн Б  ахын  баруун талын шанаа руу 2-3 удаа цохиж байсан  гэдэг мэдүүлэг өгсөн болохоос биш яг хэзээ ямар нөхцөл байдалд хэн цохисон гэдгийг тодруулах шаардлагатай. Үнэхээр Хэрлэн гол дээр архи уугаад байж байхдаа Б-г У, Б хоёр 2 талаас нь зодсон юм уу, эсвэл аймгийн хойно очоод архи ууж байхдаа цохиж зодсон юм уу? үүнийг тодруулах шаардлагатай.

Нөгөөтэйгүүр Э-н өгсөн мэдүүлэг байдаг. Бид нар гол дээр очоод архи уусан. Архи уучихаад амралтынхаа байранд ирэх гэсэн чинь Б, Э, Б бид хоёрыг уулгахгүйгээр дахиж нэг шил архи аваад аймгийн хойно гарсан. Ингээд ажлын байранд ирсэн хойноо дахиад Б  ахыг Б  зодоод байх шиг байсан.  Яагаад гэвэл би цонхоор хараад байж байхад ажлынхан болиоч гэж хэлж байсан. Тэгэхээр үнэхээр энэ хүмүүс яг зодсон юм уу, цохисон юм уу гэдгийг тэр харсан гээд байгаа гэрчүүдээс асууж тодруулах шаардлагатай гэж шүүх үзэж байгаа юм.

Мөн Б  гэдэг хүн Б  гэдэг хариуцсан хүнд нь Б, Б-г амралтын өрөөнд байж байхад нь толгой руу өшиглөж, цохисон гэж ярьсан хүн. Тэгэхээр энэ хүн Э-н яриад байгаа амралтын өрөөнд Б  ахыг байж байхад нь хүмүүс хараад зогсож байсан гээд хэлж байсан тэр харсан хүмүүсийнх нь нэг нь болж таараад байгаа юм. Тийм учраас үүний дагуу гэрчүүдийг асууж, хаана, хэдэн удаа цохисон талаар асууж тодруулах шаардлагатай гэж үзэж байна.

Дараагийн асуудал шинжээчийн дүгнэлт дээр Шүүх, шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлтийн зарим нэг нь үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байвал бүрэлдэхүүнтэй шинжээч томилж болно гэсэн заалт байгаа. Яагаад ийм эргэлзээ бүхий байдал төрөөд байна гэхээр шинжээч эмч Амарбатын хувьд шүүх шинжилгээний байгууллагад ажиллаад удаагүй, хоёрт өөрийнх нь шинжээчийн дүгнэлт мэдүүлгээс харахад ойлгомжгүй нөхцөл байдал харагдаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл баруун талын шанаа руу 2, 3 удаа цохиход зүүн талын тархинд гэмтэл учрах боломжтой. Зүүн талаас нь цохисон, өшиглөсөн тохиолдолд мөн гэмтэл учрах боломжтой гэсэн юм яриад байдаг. Үнэхээр баруун талын шанаа руу цохиход зүүн талын тархинд гэмтэл учрах боломжтой юу үгүй юу гэдэг дээр эргэлзээ төрөөд байгаа юм. Тийм учраас энэ асуудал дээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах нь зөв байна гэж үзэж байгаа юм.

Нөгөөтэйгүүр гэрчүүд хуульд заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой. Гэтэл Х-н хувьд юу гэж мэдүүлэг өгсөн бэ гэхээр Б, Б нарын хувьд аймгийн төвд архи ууж байхдаа цалингаас болж маргалдсан. Түүнээс хэн хаана, хэзээ цохисон талаар огт ярьдаггүй. Х-н хувьд эхнээс нь авхуулаад дуусан дуустал хамт явсан гол гэрч юм. Тийм учраас болсон асуудлыг мэдэх гол хүн учраас заавал дахин мэдүүлэг авах шаардлагатай.

Мөн шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрж байгаа учраас  бүрэлдэхүүнтэй шинжээч томилох нь  зүйтэй гэж үзэж байна. Б  мөн мэдүүлэг өгөхдөө Б-г би гэрт нь хүргэж өгсөн. Б-тай зодолдсон асуудал байхгүй гэсэн мэдүүлэг өгдөг. Үүнээс үзэхэд гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байгаа учраас гэрчийн мэдүүлгийг дахин авах шаардлагатай байна.

Хохирогч хамгийн анх ухаан ороод хүргэн дүүгээ таныг хэн зодсон бэ гэж асуухад Б  зодсон гэж хэлсэн байдаг. Гэтэл тээр сүүлд  хэсэг хугацаа өнгөрсний дараа намайг У, Б хоёр зодсон гэж өөр зүйл яриад байдаг. Тийм учраас эдгээрийг нэг бүрчлэн мухарлаж шалгахгүй бол Б  гэдэг хүний эрүүл мэндэд хэн хохирол учруулсан бэ гэдэг нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 275 дугаартай прокурорт буцаах шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт эргэлзээтэй зүйлүүд их байна. Хатанбаатар гэдэг хүн эхний мэдүүлэг дээрээ У-г зодсон гэсэн мэдүүлэг өгөөгүй гэж мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр У  гэдэг хүн энэ хэрэгт холбоотой оролцсон учраас болсон явдлыг анхнаас нь нуун дарагдуулсан. Мөн Г  гэдэг байцаагч энэ хүмүүстэй ямар нэгэн холбоотой учраас  ийм дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Манай нөхрийн биеийн байдал хэцүү байна. Энэ мэтчилэн бие бие рүүгээ буруугаа чихээд хэргийг удаашруулаад байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгч Л.Н-н бичсэн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр яллагдагч ******* ,******* нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүхээс гэрч нарыг бүрэн гүйцэд асуулгах, хохирогч гэрч нарын мэдүүлгийн зөрүүг хуульд заасан журмын дагуу шалгуулах, дахин мэдүүлэг авхуулах, үйл баримтыг эргэлзээгүйгээр тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтуудыг нэмж шалгуулахаар даалгаж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн тус захирамжид дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах талаар тусгасан боловч ямар үндэслэлээр өмнө гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй болон эргэлзээтэй гэж дүгнэж байгаагаа тайлбарлаагүй, хохирогчийн эмнэлэгт эмчлүүлсэн гэх баримтууд нь шинжээчийн дүгнэлтийг шууд үгүйсгэх, өөрчлөх үндэслэл болохгүй ба дахин шинжээч томилох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Харин яллагдагч Б.У-н хувийн байдлуудыг тодорхойлсон иргэний бүртгэлийн байгууллагын тодорхойлолт, лавлагааг хэрэгт хавсаргаагүй байгаа бөгөөд зайлшгүй хавсаргаж хэргийг шийдвэрлэх шаардлагатай юм.

 

Иймд хохирогчийн өмгөөлөгч Л.Н-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны  шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/275 дугаар  шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хохирогчийн өмгөөлөгч Л.Н-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны  шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/275 дугаар  шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Р