Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00154

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00154

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******этунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******-*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дүгээр байрны**  тоотод оршин суух, ******* овогт ******* *******д холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.*******-*******э нь хариуцагч Н.*******д холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

1.Ч.*******-*******э миний бие мөнгөний хэрэг болоод өмнө нь хүнээр дамжуулж хоёр удаа мөнгө зээлж байсан Н.******* гэж залуутай 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр уулзаад 50,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж ярилцаад 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд 50,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж авсан. Тухайн үед би эхнэрийн хамт эрхэлдэг худалдаа үйлчилгээнийхээ үйл ажиллагааны зориулалтаар банкны зээл авахаар хөөцөлдөж байсан бөгөөд зээлийн мөнгийг гарахаар эргүүлж Н.*******ий мөнгийг өгнө гэж байсан боловч банкны зээл бүтэхгүй болсон. Ингээд миний бие тогтсон хугацаандаа мөнгөө өгч чадахгүй болоод Н.*******д зээлээсээ төлөлт хийгээд явсан. Н.*******д нийтдээ 50,000,000 төгрөгийг бол төлчихсөн. Харин 30 хоногийн хүүнд анх тохирсон 10 хувийн хүү буюу 5,000,000 төгрөгийг нэмж өгөх ёстой, нийтдээ 55,000,000 төгрөг өгөх ёстой гэж бодоод үлдэгдэлийг өгч чадахгүй явж байсан. Гэтэл 2025 оны зунаас Н.******* нь өдөр шөнөгүй залгаад байлгаж суулгахгүй гуйсаар байгаад зээлийн төлбөрөөс 34,000,000 төгрөг, хүүнд 16,000,000 төгрөг төлсөн, одоо зээлийн үлдэгдэл 16,000,000 төгрөгийг хүүгийн хамт нийт 24,000,000 төгрөг төлнө гэсэн бичиг хийчихсэн намайг гарын үсэг зур гэж гуйгаад байхаар нь за яахав гээд гарын үсэг зурсан. Тухайн үед би хүү тооцоод байгаа нарийн учрыг ч сайн ойлгоогүй зурчихсан юм. Учир нь Н.******* нь анх мөнгө зээлэхдээ миний машиныг барьцаа болгоод аваад үлдсэн юм. Ингээд машиныг маань өнгөрсөн хугацаанд бүтэн өөрөө унаад энд тэнд нь сэв зураас болгоод, зарим эд ангийг нь эвдээд хачин болгосон байсан учраас би машинаа хурдан авах гээд л тэр бичиг дээр нь гарын үсэг зурж байж машинаа тухайн өдөр авсан. Ийм учраас миний хувьд 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хийгдсэн Н.******* бид хоёрын гарын үсэг зурсан "Зээлийн гэрээ тооцоо нийлсэн акт" гэх бичгийг хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчдоос эвлэрэн хэлэлцсэн тухай гэрээг шүүхэд ирүүлсэн: Эвлэрлийн гэрээнд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, нөгөө талаас хариуцагч Нэргүй овогтой ******* нар харилцан тохиролцож Ч.*******-*******э нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах"-аар гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт доорхи нөхцөлөөр эвлэрэн хэлэлцлээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нь өөрийн итгэмжлэгч Ч.*******-*******этэй ярилцан зөвшилцсөнөөр буюу өөрт итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд хүчин төгөлдөр бусад тооцуулах хэлцэл болох 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Н.*******, Ч.*******-*******э нарын хооронд хийгдсэн 24,000,000 төгрөг төлөх тухай хэлцлийг өөрчилж Ч.*******-*******ээс Н.*******д 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгийг төлж энэхүү 2024 оны 12 дугаар сард Ч.*******-*******э нь Н.*******ээс зээлж авсан 50,000,000 төгрөгийн асуудал бүрэн дуусна. Энэ асуудлаар талууд дахин ямар нэгэн маргаан үүсгэхгүй гэж тохиролцов. Энэхүү хэлцэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно. Мөн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хэргийн оролцогч 2 тал оролцох шаардлагагүй гэж харилцан зөвшөөрсөн тул биднийг оролцуулахгүйгээр эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ болон нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзал зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нь 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Н.*******, Ч.*******-*******э нарын хооронд хийгдсэн 24,000,000 төгрөг төлөх тухай хэлцлийг өөрчилж Ч.*******-*******ээс Н.*******д 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгийг төлж, энэхүү 2024 оны 12 дугаар сард Ч.*******-*******э нь Н.*******ээс зээлж авсан 50,000,000 төгрөгийн асуудал бүрэн дуусаж, энэ асуудлаар талууд дахин ямар нэгэн маргаан үүсгэхгүй байхаар тохиролцож, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно гэсэн үндэслэлээр татгалзаж эвлэрсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт *******ын *******-*******ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******д холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ч.*******-*******э нь хариуцагч Н.*******д 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******-*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ