Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/38

 

 

 

 

 

 

 

 

 

2025           07          02                                          2025/ДШМ/38                         

 

 

 

Яллагдагч

Л.О болон

"Б” ХХК -д

  холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.

Шүүх хуралдаанд: прокурор   Ц.С  /цахимаар/,

яллагдагчийн өмгөөлөгч Б.Ц   /цахимаар/,

яллагдагч Л.О   /цахимаар/,

яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д  /цахимаар/,

нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч М.Энхмандахын даргалж  хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 89 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Ц.С-н бичсэн эсэргүүцлээр, яллагдагч Л.О болон “Б” ХХК-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

2.1 Монгол Улсын иргэн,

 

2.2 Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэлтэй,

 

3.1 Яллагдагч “Б” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан этилийн спирт (С2Н50Н) гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар авсан, тээвэрлэсэн, ашиглаж үйл ажиллагаа явуулсан, хадгалсан;

 

3.2 Мөн “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан фторт устөрөгчийн хүчил (HE) гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн, хадгалсан,

 

3.3  Яллагдагч Л.О  нь “Б” ХХК-ийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу үйлдвэрлэл эрхэлсэн захирал, гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан этилийн спирт (С2Н50Н) гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар авсан, тээвэрлэсэн, ашиглаж үйл ажиллагаа явуулсан, хадгалсан,

 

3.4 Мөн “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан фторт устөрөгчийн хүчил (HE) гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Ц.С-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Л.О,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч “Б” ХХК-д холбогдох эрүүгийн 2402008200059  дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

5. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Яллагдагч Л.О, яллагдагч “Б” ХХК-д холбогдох эрүүгийн 240200820059 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн прокурорт буцааж  шийдвэрлэжээ.

 

 6. Прокурор Ц.С-с давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/410 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг баталсан бөгөөд хавтаст хэргийн 178. 179 дүгээр талд хүн хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, тэмдэг дарж баталгаажуулагдсан хэрэгт авагдсан нь нотлох баримтын шаардлага хангагдсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хангуулан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн болно. Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана..." гэж заасанчлан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх дүгнэлтэд хүргэж байна. Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2025/Ш3/89 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

7. Прокурор Ц.С  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

 

 8. Яллагдагч Л.О, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Ц нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

9. Давж заалдах шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.С-н эсэргүүцэлд заасан асуудлаар  хязгаарлахгүйгээр  яллагдагч Л.О, болон “Б” ХХК-д холбогдох  эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаа болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

10. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Л.О, болон “Б” ХХК нар нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын хамтарсан  2015 оны А/356/396 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан этилийн спирт (С2Н50Н), ус төрөгчийн хүчил (HE) гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар авсан, тээвэрлэсэн, хадгалсан, ашиглаж үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт  яллагдагчийн өмгөөлөгч Б.Ц-ний хүсэлтийн дагуу  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулан түүний хүсэлтийг ханган  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр  хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Тодруулбал:

 

Нэг: Яллагдагч “Б” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “М” ХХК байх бөгөөд эрх барих этгээдийн мэдээлэл хэсэгт  Н.М, Л.О, Д.Э, БНХАУ-ын иргэн E  нарын 4 хүн бүртгэгджээ. (1хх-149х),

 

Яллагдагч Л.О-н шүүхийн хэлэлцүүлэгт “хятад улсын иргэн 70 хувийн хувьцаа эзэмшдэг, 30 хувийг нь бусад нь эзэмшдэг” гэж мэдүүлэг өгснөөс үзэхэд “М” ХХК, “Б” ХХК-ийг хэн төлөөлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй эсэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэдгийг мөрдөн байцаалтын шатанд нотолсон байх шаардлагыг зөрчсөн байна.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.” гэж, энэ хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.” гэж, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж тус тус зохицуулсан байхад  “Б” ХХК-ийг энэ хэрэгт итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд хэн гэдгийг “М” ХХК-иас олгоогүй, яллагдагч Л.О-д хэзээ, хэн ийм эрх олгосон нь тодорхойгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлд энэ талаар авагдаагүй, “М” ХХК-ийн 10 орчим хувийн хувьцаа эзэмшигч Л.О  нь 70 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн E-ээс илүү эрхтэй гэдгийг нотолж чадаагүй.

 

 “Б” ХХК-ийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тохиолдолд түүний 100 хувийн хувьцаа эзэмшигч “М” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байх тул “М” ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн лавлагаа, гэрчилгээ, “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаанд бичигдсэн 6 төрлийн үйл ажиллагааг бүрэн явуулж байгаа эсэх, хоёр компанийн хөрөнгийн байдал,  хуульд нийцүүлэн эд хөрөнгө битүүмжлэх зэрэг ажиллагааг хийвэл зохино.

 

“Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.О нь уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх нь тодорхойгүй байхад тухайн компанийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Д-г томилон төлөөлүүлсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлтэй нийцэхгүй. Мөн  түүнээс  гэрчээр асууж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн. (1хх-57-59х)

 

Хоёр: Прокурор яллах дүгнэлтдээ яллагдагч нарыг  “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис”-ын ангилалд багтсан этилийн спирт (С2Н50Н) гэх нэршилтэй шингэн бодисыг хууль бусаар ашиглан Хэнтий аймгийн ... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хайлуур жоншны хүдэр баяжуулах үйл ажиллагаа явуулсан” гэж дурдсан байхад яллагдагч Л.О нь “уг бодисыг лабораторийн үйл ажиллагаанд ашигласан” гэх мэдүүлэг  өгсөн учир шалгах нь зүйтэй.

 

Хэргийн газраас хураан авсан  химийн хорт бодисууд нь ямар хэлбэртэй байсан, энгийн төлөв болон ашиглах явцдаа хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар хор уршиг учруулах талаар тусгай мэдлэг бүхий мэргэжлийн шинжилгээний байгууллагыг  шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан  “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотолсон байх шаардлагад нийцнэ.    

 

 Гурав: Хэрэгт авагдсан “Б” ХХК-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасны зарим хэсэг нь харагдахгүй, бүдэг байгаа нь   Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг  нотлох баримт гэнэ.” гэсэн шаардлагыг хангахгүй байна. /1хх-178-179х/

 

11. Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд  хийж гүйцэтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэсэн шаардлага хангагдана.

 

12. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.С-н эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.С-н бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 89 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Гурав. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.