Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00156

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00156

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 17,463,263 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 17,463,263 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.М.******* нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* банктай R000315407 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж 21,070,000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээл авсанаас хойш үндсэн төлбөрт 4,825,270 төгрөг, үндсэн хүүнд 2,486,957 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,085 төгрөг нийт 7,313,312 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа 2027 оны 05 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 16,244,730 төгрөг, хүү 1,197,867 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,666 төгрөг нийт 17,463,263 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 17,463,263 төгрөгийг М.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банкны нэхэмжилсэн зээлийн төлбөр 17,463,263 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч М.******* нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 17,463,263 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 17,463,263 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,266 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 122,633 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамж 122,633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ