| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2020/00426/И |
| Дугаар | 212/МА2020/00074 |
| Огноо | 2020-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 212/МА2020/00074
Х.Сын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2020/00876 дугаар шийдвэртэй, Д сумын 4 дүгээр багт оршин суух, М овогт Х Сын нэхэмжлэлтэй, Д сумын ... дугаар багт оршин суух, Каракас назар овогт Большевикийн Тт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч К.Ержан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Өсвөр насны шүдлэн үрээ буюу 800.000.00 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлд: Би өөрөө Д сумын 4 дүгээр баг, Чихэртэйн Рашаан гэдэг газарт уулархаг, чулуулаг газарт амьдардаг бөгөөд 2019 оны хавар миний маллаж байсан адуун дотор байсан өсвөр насны шүдлэн үрээ маань чононд хазуулж, уулархаг газраар өөрөө бэлчих боломжгүй хүнд байдалд орсон тул 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр уг өсвөр насны шүдлэн үрээг миний хүү С.Жнь өөрийн машиндаа ачиж, миний эхнэрийн дүү болох Д сумын 5 дугаар багийн иргэн С.Хн хотонд аваачсан. Үүнээс хойш С.Х уг өсвөр насны шүдлэн үрээг харж хамгаалан маллаж байхаар болж, бид хоорондоо тохиролцоод явсан боловч дараа нь уг адуу маань алга болсон гэж сонссон. Би уг адуугаа удаа дараа Д сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээр хайгаад явсан боловч олдоогүй. Сүүлд С.Х нь өөрийн адуунд им тавих үеэр миний адууны зүүн талын чихэнд өөрийн адуутай адил ухам им тавьсан байна лээ. Дараа нь уг адуу нь Д сумын 5 дугаар багийн иргэн Б.Тийн адуунд нийлсэн явж байна гэсэн сураг сонсоод би хүүгээ дагуулж очоод С.Хн хамт үзэхэд миний адуу мөн гэдгийг шууд таньсан. Учир нь миний адуу зүүн талын гуяын дотор талд чононд хазуулсан сорвитой байсан учраас би уг адууг өөрөө аваад явсан. Гэтэл дараа нь Б.Т Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар, Д сумын хэсгийн төлөөлөгч уг асуудлыг шалгасан боловч С.Хн адуу биш гэж тогтоон, хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан боловч Б.Т нь хамгийн сүүлд манай хотонд Д сумын хэсгийн төлөөлөгчийн хамт ирээд уг адууг хүчээр ачиж явсан ба Д сумын хэсгийн төлөөлөгч надад та нар асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж аваарай гэж хэлсэн. Би анх уг адуу манай хотонд байхад зургийг нь авч бэхжүүлсэн ба сүүлд Б.Т уг адууг аваад явахад мөн адил зургийг нь бэхжүүлсэн. Д сумын ЗДТГ-ын ажилтан нь уг адуунд үзлэг хийхэд мөн адил зүүн талын гуяын дотор талд чононд хазуулсан сорвитой байсан гэдгийг тогтоосон. Иймд Б.Тээс өсвөр насны шүдлэн үрээ буюу 800000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарт: Миний бие Д сумын 5 дугаар багийн Утсай гэдэг газарт өвөлждөг. Би өөрийн адуун сүргээ өөрийнхөө өвөлжөөнд бэлчээдэг. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр миний бэлчээрт байсан адуун сүрэг маань алга болсон тул 2 өдөр ойр хавиас хайж олдоогүй учир Д сумын хуучин төв, Борты гэдэг газруудаас 2 өдөр хайж явж байхад миний өвөлжөөнөөс 20 км газарт байдаг хуучин төв, Борты гэдэг газар адуун сүрэг маань байсныг олсон. Гэтэл уг адуун сүрэг дотор хээр байдас буюу 3 настай гунжин гүү маань байхгүй байсан. Миний адууг 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Х овогтой Сгэгч туугаад /20 км газар/ Борты гэдэг газарт хүргэж Сын хүү Ж-ын Истана маркийн тээврийн хэрэгсэлд ачуулж явуулсан байна. Тэр хавьд өвөлжиж байсан айлуудаас сураглаж байж энэ тухай олж мэдлээ. Миний хээр байдсыг хулгайлж авч очиж, чихэнд нь им тавьж, тамгалж им тамгыг нь өөрчилж хаясан байсан. Миний байдсыг Х.С, С.Жнар бүлэглэн хулгайлж авч явсан учир Д сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид гомдол гаргасан. Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Тилекберген миний гомдлыг шалгаад, миний байдсыг надад буцаагаад авч өгсөн. Би өөрөө очиж Саас хүчээр авч яваагүй. С.Х гэдэг хүн зунжингаа бидэнтэй хамт зусдаг. Ямар ч алга болсон адууны тухай хэлж ярьж байгаагүй. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Х.С, Агэдэг залуучууд манай хотонд ирж /тэр өдөр миний адуун сүрэг хотонд байсан/ манай хөрш айлын залуучуудаас Тийн адуунд өөр хүний адуу байна уу гэж асуухад нь байхгүй гэж хэлсэн байна. Хэрэв тэд яг өөрсдийн алдуул адуугаа таньж байсан бол надтай ирж уулзаад яагаад манай адуу байна гэж хэлдэггүй юм. Иймд тэд албаар ингэж ирж асууж явсан, миний адуун сүрэг хажууд нь хотонд байхад дотор нь орж хараагүй, надтай уулзаагүй яваад өгсөн байгаа юм. Дараа нь тэд хээр байдсыг хулгайлж авчхаад байдсыг эргүүлж тойруулж бүх биеийг нь сайтар үзэж харж биеийнх нь аль хэсэгт нь ямар шинж тэмдэг байгааг олж харж аваад хулгайн хэргээ хаацайлгах гэж худлаа миний алдуул адуу байсан гэж маргаан үүсгэж байна. Уг байдас бол миний өөрийн унаган адуу юм. Хээр үрээний эх, азарга /эцэг нь/ амьд байгаа. Тиймээс цусны шинжилгээ авч шалгаж болно. Хээр байдасны баруун талын чихэнд Х овгийн ухмал /казахаар ойых/ имтэй, тэмдэг дараагүй байсан. Би 2017 онд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж ирсэн. Тэр жил намайг байхгүй үед төрсөн 5 унаганд тэмдэг тавигдаагүй. Д сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч дахин дахин шалгаж бүгд тогтоогдсон. Адуу мал бол хотонд хашиж малладаг хонь биш, хээр, эзгүй ууланд явдаг. Хээр байдасны сорви нь чулуу уултай газар явдаг учир чулуунд авхуулсан байж болно, азарганд хазуулсан байж болно, чононд хазуулсан ч байж болно. Иргэн Х.С нь М овогт, С.Х нь Ш овогт хүмүүс байхад тэд яагаад адуундаа Х овгийн ухмал имийг тавьдаг юм. Овог болгон өөр өөрийн им тамгатай. Үүнийг эрхэм шүүгч сайтар анзаарч, анхааралдаа авч үзнэ үү. Иргэн Х.С адуугаа алдсан бол цагдаагийн байгууллагад гомдол гаргах байсан. Үүнээс гадна адуу алдсан тухай зарлаагүй. Тийм байхад миний адуун сүрэг дотор байсан миний унаган адууг хулгайлж авчхаад ийнхүү маргаан үүсгэж байгаад гомдолтой байна. Үүнээс гадна Х.Сын адуу алдагдсан нь үнэн эсэх нь эргэлзээтэй байна. Тэр С.Х гэдэг хүнд маллуулж байсан гэжээ. Магадгүй С.Х өөрөө завшчихаад ижил нас, өгнө зүсний миний байдсыг хулгайлан иргэн Х.Сад таны байдас энэ байна гэж гаргаж өгсөн байж магадгүй гэж бас бодож байна. Тиймээс Д сумын иргэн Х.Сын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хээр байдас миний өөрийн унаган адуу мөн болохыг баталж байна. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2020/00876 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 491.1, 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М овгийн Х-ийн Сын хариуцагч Х овгийн Большевикийн Тээс өсвөр насны шүдлэн үрээ буюу 800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 130\ШШ2020\00876 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэснийг ноцтой зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй явдалд явдалд гомдолтой байна. Тухайлбал иргэний хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч С.Х, С.Х, С.Ж нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг бодитой үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл уг маргаанд нэг талыг барьсан, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Маргаан бүхий адууны содон тэмдэг болох буруу хойд хөлийн борвины дотор талд үүссэн шарх чононд хазуулсан шарх байсныг үгүйсгэсэн нотлох баримт байгаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар нэмэлт, өөрчлөлт .оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгч Х.Сын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Б.Тт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ чононд хазуулж шархадсан байсан өсвөр насны шүдлэн үрээгээ эдгэртэл нь хадам дүү С.Хн хотонд аваачсан байсан боловч алга болж, түүнийгээ Б.Тийн хотноос олсон боловч Х.Т нь сумын хэсгийн төлөөлөгчийн хамт ирээд хүчээр аваад явсан тул уг үрээг буюу 800.000 төгрөг гаргуулж өгнө үү. гэж тайлбарлаж, хариуцагч эс зөвшөөрсөн үндэслэлээ уг адуу нь миний унаган адуу бөгөөд миний хээр байдсыг хулгайлж, чихэнд им тавьж, тамгалж, им тамгыг нь өөрчилсөн байна. Хээр байдасны эх, азарга нь амьд байгаа бөгөөд цусны шинжилгээ авч шалгаж болн. гэж тайлбарлан эс зөвшөөрч маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй ба хэрэгт цугларсан талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар маргаж буй адуу нь нэхэмжлэгч Х.Сын адуу гэдэг нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1 дэх заалтаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2020/00876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.750.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Д.КӨБЕШ