Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2026/00102

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2026/00102

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Буянт-Ухаа баруун Сонсголон гудамж, *** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгойн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.*******, Э.******* нар нь хариуцагч Д.*******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Ц.*******, Э.******* нар нь Д. *******тай 2025 оны 8 сард Багануур дүүрэгт байрлах ** буудал гэх нэртэй зочид буудлыг газар, хашаа, гүний худгийн хамт худалдан авахаар амаар ярилцан тохиролцож, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ц.*******ы ************* дугаартай данснаас 15,000,000 төгрөгийг, Э.*******ын ************** дугаартай данснаас 20,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож ************** дугаартай *******ийн *******ын дансанд шилжүүлсэн. Тэгээд бид Багануур дүүрэг орж буудлаа хүлээж авахаар очиход тухайн гүний худаг нь өөр хүний эзэмшил, газрын тодорхой хэсэг нь кадастраар хөршийн эзэмшил болсон учраас худалдан авахаа больсон. Иймд Д.*******аас 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн Ц.*******ы 15,000,000 төгрөг, Э.*******ын 20,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах **ын буудал гэх нэртэй газрыг худалдах тухай зарыг цахимаар харж Д.*******тай холбогдож тус үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах тухай талууд амаар ярилцаж тохиролцсон. Анх хэлцэл хийхдээ 13-ын буудал гэх нэртэй буудал, 380-ын өндөр хүчдэл, гүний худаг, хашаа газрын хамт авахаар тохирсон. Нэхэмжлэгч нар тухайн үед урьдчилгаа төлбөрт 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ц.******* өөрийн ***************** тоот данснаас 15,000,000 төгрөгийг, Э.******* өөрийн ************** тоот данснаас 20,000,000 төгрөгийг нийт 35,000,000 төгрөгийг Д.*******ын дансанд худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа болгон шилжүүлсэн. Гэрээний урьдчилгаагаа шилжүүлээд тус газрыг цэвэрлэх, үйл ажиллагаа явуулах, холбогдох бичиг баримтуудыг цэгцэлж эхлэх үед хажуу хөршийнх нь хүмүүсээс тус газрын хашаанд манай хашаанаас кадастрын зурагтай газар орсон, тус газраа чөлөөлүүлнэ гэж хэлсэн бөгөөд, газар эзэмших эрхийн маргаан үүсэж эхэлсэн. Мөн 380 хүчдэлийн тог, гүний худаг буюу зочид буудлаас бусад хөрөнгө бусдын эзэмшил болж таарсан. Иймд нэхэмжлэгч нар тодорхой хугацааны дараагаас тус худалдан авах газраа буцаахаар мэдэгдэж урьдчилгаа болгон шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзээд хариуцагчид мэдэгдсэн. Хариуцагч нь шууд бэлэн төлөх боломж байхгүй, тус газраа худалдан борлуулж, олсон мөнгөө өгнө гэдэг зүйл ярьсан. Иймд тус худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа 35,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нар надад өгсөн мэдээлэлдээ үйл ажиллагаа явуулсан талаар ямр нэгэн мэдээлэл өгөөгүй. Бид гэрээ амаар хийж тохиролцоод гэрчилгээ шилжүүлэх болоход хөрш хажуугийн хүмүүс тус газар дээрх гүний худаг, 380 хүчдэлийн тогоо өөрсдөө авна, буудлын эзэмшлийн зүйл байхгүй тухай хэлсэн. Иймд нэхэмжлэгч нар тус үл хөдлөх маань доголдолтой юм байна гэж үзээд гэрээнээсээ татгалзая гэсэн байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд хуралдаанд өгсөн тайлбартаа: Тус 13-ын буудлаа бид эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллуулж чадахгүйд хүрч худалдан борлуулахаар цахим орчинд зар тавьсан. Зарын дагуу 8 сарын дунд үеэр хэд хэдэн хүн холбогдсон ч 2 залуу яриад, шууд ирж газраа үзсэн. Анх ирэхэд нь 1 хүний эзэмшилтэй 3 айлын газар учраас худгаа дундаа хэрэглэдэг тухай хэлж байсан. Хажуу барилгын дэлгүүрийн газар луу буудлын барилгаас 1 метр 20 см орсон ч бид хоорондоо тохиролцсон байсан. Тэгээд удалгүй буудал дээрээ 2 эмэгтэй хүн ирээд үйл ажиллаагаа явуулж эхэлсэн. Аялал жуулчлалын саруудад 2 сар гаран ажиллуулсан. Үлдэгдэл төлбөрөө 11 сарын 01-нд өгнө гэж хэлж байснаа гэнэт л бид авахаа болилоо, мөнгө бүтэхгүй байна, наймаа буцъя гэсэн 2, 3 сар ажиллуулчихаад хэрэглээний ямар ч зардал төлөлгүй шууд яваад өгсөн. Би урьдчилгаа мөнгийг нь авсан нь үнэн, гэхдээ би залилан гэж бодож байгаа. 2,3 сар буудлаас олох ёстой байсан орлогоо суутган тооцно гэж бодож байгаа. Гэрээгээ цуцлая гэхэд нь би за гэсэн, бэлэн төлөлтөөр худалдан авах хүмүүс авах гэж байхад нь болиулчихаад ямар муухай хүмүүс вэ? тэгээд дахин худалдахаар болоод нөгөө хүн маань 5 сард худалдан авахаар болсон. Шууд бэлэн мөнгө өгөх боломжгүй учир 5 сард худалдан борлуулаад өгье гэж хэлсэн. Ингэхдээ та нар 2, 3 сар ажилуулахдаа ашигласан хэрэглээний төлбөрөө хасаж тооцно биздээ гэж хэлсэн. Тэгээд таг болоод шууд шүүхэд өгсөн байсан. Уг нь бүрэн авна гэж ам өчиг өгсөн боловч 2, 3 сар ажиллуулж ашиг олчихоод мурьчихлаа. Би уг нь наймаа хийгээд мөнгө төгрөгөө өгсний дараа хашаанд нь худаг ухуулж өгьё гэж хэлж байсан гэв.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, дансны хуулгууд зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.*******, Э.******* нар нь хариуцагч Д.*******д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Д.*******тай 2025 оны 08 дугаар сард 13 буудал гэх нэртэй зочид буудлыг газар, хашаа, гүний худгийн хамт худалдан авахаар амаар тохиролцож, 2025 оны 08 дугаар сарын 30-ний өдөр урьдчилгаанд 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн, буудлаа хүлээж авахаар очиход тухайн газарт гүний худаг нь өөр хүний эзэмшил, газрын тодорхой хэсэг нь кадастраар хөршийн эзэмшил болсон учраас худалдан авахаа больсон тул урьдчилгаанд өгсөн мөнгөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлсон бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нэхэмжлэгч нараас 35,000,000 төгрөгийн урьдчилгаа авсан гэдэгт маргахгүй буцааж өгнө, гэхдээ 2,3 сар ажилуулахдаа ашигласан хэрэглээний төлбөрийг хасаж тооцуулна гэж маргаж байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна.

2.1.Ц.*******, Э.******* нар нь Д.*******аас 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 280,000,000 төгрөгөөр 13 буудал нэртэй зочид буудлыг хашаа, газар, гүний худгийн хамт худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд Ц.*******аас 15,000,000 төгрөг, Э.*******аас 20,000,000 төгрөг нийт 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Д.******* нь 35,000,000 төгрөгийг авсан болох нь Хаан банкны дансны хуулгуудаар тогтоогдож байх ба тухайн үйл баримтад талууд маргаагүй болно. /хх-ийн 3-6 хуудас/

2.2.Нэхэмжлэгч Ц.*******, Э.******* нар нь хариуцагч Д.*******ын Багануур дүүрэг 3 дугаар хороо, Нугын талд байрлах 13 буудал нэртэй зочид буудлын зориулалттай байшин, гэр, газар, хашаа, гүний худгийн хамт 2025 оны 08 дугаар сард худалдаж авахаар харилцан тохиролцож урьдчилгаанд 35,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, буудлаа хүлээж авахаар очиход тухайн газарт гүний худаг нь өөр хүний эзэмшил, газрын тодорхой хэсэг нь кадастраар хөршийн эзэмшилд байсан тул худалдаж авахаас татгалзсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

2.3.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

2.4.Ц.*******, Э.******* нар нь тодорхой хугацааны дараа үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөхөөс, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө тухайн эд хөрөнгийн доголдлыг илрүүлж, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцаан шаардсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй, худалдагч Д.******* нь тухайн эд хөрөнгө эрхийн доголдолтой байсан гэдэгт маргаагүй байна.

2.5.Иймд нэхэмжлэгч нар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт, гэрээний дагуу шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул хариуцагч Д.*******аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн урьдчилгаанд өгсөн 35,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******, Э.******* нарт олгохоор шийдвэрлэв.

2.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч нараас 2 сар буудал ашигласан ашиглалтын зардлаа хасуулж тооцуулна гэж маргаж байгаа боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгч нараас гаргасан шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлий 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт *******ийн *******аас худалдах- худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******, 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нарт гаргуулан тус тус олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 332,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******, Э.******* нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ