Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2026/00065

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2026/00065

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* банкны Багануур салбарын Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч: Х.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банкны Багануур салбар нь Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Зээлдэгч *******ын ******* /РД:********/ нь Багануур салбарын Эрдэнэ тооцооны төвөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/202456470923 дугаартай зээлийн гэрээ болон БГХ/202456470923 дугаартай барьцааны гэрээ байгуулан 2,900,000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан бөгөөд уг зээлийн барьцаанд нарны толь, хөлдөөгч, мотоцикл, цалингийн орлого барьцаалуулан зээлийг авсан. Гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь үндсэн зээл ба ашигласан хугацааны хүүний төлбөрийг сар бүр төлөх ёстой. Гэтэл зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй нийт 375 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчиж байна. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 2,371,190 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 621,447 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 21,604 төгрөг нийт 3,014,241 төгрөг төлөгдөөгүй зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. Зээлдэгч Б.******* нь ******* банкнаас зээл авах үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр, ** дүгээр баг хаягт оршин сууж байсан бөгөөд одоо уг хаягт амьдардаггүй болох нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №015.38 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, хаана оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоолгож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* нь зээл авах үедээ нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаан дээр Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-т сахиулаар ажиллаж байсан, одоо ажиллахгүй, Эрдэнэ суманд байхгүй, эхнэр нь ******* гэдэг хүн байсан, холбогдож асуухаар салсан, хотод ээж дээрээ байгаа байх гэдэг, эхнэр нь ******* гэсэн дугаартай. Ээж нь Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ****** дугаар гудамжны ** тоотод байдаг, ******** гэсэн дугаартай, ээжээс нь *******ыг асуухад Эрдэнэ сумаас ирээд нэг хэсэг надтай хамт байсан, одоо хаана байгааг нь мэдэхгүй байна, дүүтэйгээ хааяа холбогддог гээд дүүгийнх нь дугаарыг өгсөн. Дүү нь ******** гэсэн дугаартай, нэрийг нь мэдэхгүй байна, дүүгээс нь *******ыг асуухад ах Баянзүрх дүүрэгт байгаа, гэхдээ хаягаа тодорхой хэлэхгүй байна гэдэг. Бүртгэлтэй хаягтаа байхгүй байгаа нь Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн Засаг даргын тодорхойлолт, ЗГ/202456470923 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* банк ХК, Б.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, ******* банкны Багануур салбарын шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Монгол овогт *******ын ******* /РД:**********/ гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр, 1 дүгээр багт амьдарч байсан, эхнэр ******* ******, ээж нь *****, дүү нь *****дугаарын гар утастай гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Монгол овогт *******ын *******ыг /РД:НВ95081411/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Б.******* нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* банкны Багануур салбарт анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

5.Б.*******ыг хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хаягийг хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ