| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 2139002800105 |
| Дугаар | 2025/ДШМ/40 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Н.М |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/40
2025 07 02 2025/ДШМ/40
*******-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд: прокурор Н.М ,
хохирогч Ж.Г , түүний өмгөөлөгч Л.Н ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б , түүний өмгөөлөгч Б.Т ,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Н ,
нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Мөнхсайханы даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-н гаргасан давж заалдах гомдлоор, *******-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2.1 Монгол улсын иргэн,
3. Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн ... гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... улсын дугаартай Toyota succeed маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” заалт буюу “Жолоочид... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг... хориглоно”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас, зорчигч Я.Б тээврийн хэрэгслээс унаж, түүний эрүүл мэндэд “гавлын чамархай яс, суурь яс, ухархайн дотор хана, дагз ясны хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн суурийн хэсэг, баруун чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, тархины хатуу хальсан дээр, доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун хацар, баруун тохой, сарвууны ар хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий хохирол учруулж, амь насыг хохироосон,
Мөн 2021 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хэнтий аймгийн ........гэх газар Ж.Г-тай автомашин засварлах асуудлаас шалтгаалан маргалдаж, улмаар өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслээр хохирогчийг дайрч, түүний эрүүл мэндэд “хүзүүний 5-р нугалмын хугарал, мултрал, хүзүүний 4, 5-р нугалмын зөөлөвчийн урагдал, нугас дарагдал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
4. Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2139002800105 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Өмгөөлөгч болон миний үйлчлүүлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үндэслэл: Хохирогч Ж.Г-н биед хүнд хохирол учирсан болох нь шинжээч Н.Т-н гаргасан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10247 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гэх хууль зүйн дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хууль заасан бүх арга хэмжээг авч эргэлзээгүйгээр тогтооно" гэж заасан байна. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10247 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь хохирогч Ж.Г-н компьютер томографикийн шинжилгээний хариунаас зөрүүтэй, тус шинжилгээний хариунд тусгагдаагүй гэмтлийг шинжээч дүгнэлтэд бичсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор цуглуулсан нотлох баримт эргэлзээтэй байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10247 дугаартай дүгнэлтээр хохирог Ж.Г-д баруун талын 3 байна. хавирганы хугарал гэмтэл учирсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томиграфикийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн / 1 хх-ийн 192 хуудас/ шинжилгээний хариугаар баруун талд LAM шугамаар 3 дугаар хавирга хуучин бороолсон хугаралтай гэж гарсан байхад шинжээч тус гэмтлийг шинэ учирсан гэмтлээр дүгнэлтдээ оруулсан байна. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10247 дугаартай дүгнэлтээр Ж.Г-н биед хүзүүний 5 дугаар нугалмын хугарал, мултрал, хүзүүний 4.5 нугалмын зөөлөвчийн урагдал, нугас дарагдал гэмтэл учирсан байна. Шинжээчийн дээрх гэмтлүүдийг хохирогч Ж.Г-н хүзүүний компьютер, томиграфикийн шинжилгээг үндэслэж гаргасан байна. Хүзүүний компьютер, томиграфикийн шинжилгээгээр 11 хх-ийн 187 хуудас/хүзүүний С5 нугалам аргаш гулссан, нугалам хоорондын зай С4-С5. С5-C6 түвшинд намссан, С5-н ар хэсэгт АР зай 0.4 см багассан талаарх онош тогтоогдсон байхад шинжээч гэмтлийг тогтоохдоо Ж.Г-н биед хүзүүний 5 дугаар нугалмын хугарал, мултрал, хүзүүний 4,5 нугалмын зөөлөвчийн урагдал гэж гаргасан байна. Өөрөөр хэлбэл шинжилгээний хариугаар хугарал, мултрал гэсэн онош тогтоогдоогүй байна. Мөн гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч Ж.Г нь хэвтэн эмчлүүлсэн гэмтэл согогийн үндэсний төвийн 9239 тоот өвчний түүхийн/ 1 хх-ийн 209 хуудас/ мэс заслын тэмдэглэлээр Хүзүүний С4-С5 нугалам хоорондын диск болон ясны мөгөөрсийг авч декортикац хийв. Нугас дарах холбоосыг авч нугасыг чөлөөлөв. Хиймэл жийргэвчинд хиймэл яс чигжин хийж С4-05 нугалмуудын завсар хавчуулан С4-С5 нугалмуудад 4 шургаар бэхлэв" гэсэн байна. Мэс заслын тэмдэглэлээр хүзүүний хугарал, мултарал гэсэн онош тавигдаагүй байна, харин шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан нугас дарагдал гэх онош нь тохирч байна. Шүүх эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10247 дугаартай дүгнэлт эргэлзээтэй гэх дараагийн үндэслэл нь шинжээч эмч хохирогч Ж.Г-н биед хүзүүний 5 дугаар нугалмын хугарал, мултрал, хүзүүний 4.5 нугалмын зөөлөвчийн урагдал, нугас дарагдал, зүүн дал ясны хугарал, өвчүү ясны хугарал, баруун талын 3 дугаар хавирганы хугарал, зулайд сорви, баруун гарын сарвууны 2 дугаар үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д заагдсанаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэлтээ гаргасан байна. Гэмтлийн зэрэг тогтоох журамд 1 хавирганы хугарал нь хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарна гэж заасан байхад 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10247 дугаартай дүгнэлтээр амь насанд аюултай хүнд гэмтэлд тооцсон байна. Шинжээч эмч хохирогч Ж.Г-н биед учирсан гэх гэмтлүүдийн аль гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болохыг дүгнэлтэд тодорхой дурдаагүй ба хөнгөн зэргийн, хүндэвтэр зэргийн гэмтлүүдийг амь насанд аюултай гэмтэлд тооцож дүгнэлт гаргасан байна. Хэргийн үйл баримтын талаар тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоож дотоод итгэлээрээ хууль зүйн дүгнэлтийг гаргана. сэргээн дүрсэлж шүүгч шүүгдэгч ******* нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Ж.Г-г дайрч хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үйл баримтыг тогтоосон нотлох баримтын хүрээнд шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ зөвхөн хохирогчийн 2 удаагийн өгсөн мэдүүлэг, хэргийн газар байсан байсан Тамирхүү. Э нарын мэдүүлгээс гэрч Т-н мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хэргийн үйл баримтад дүгнэлт хийсэн байна. Гэрч Т , хохирогч Э нар нь Т согтуу тасарчихсан унтаж байсан болохоор болсон асуудлын талаар юу ч мэдээгүй, харин Э-ны хувьд Г-д хутгалуулж гадаа байсан, гадаа байх хугацаанд ******* нь машинаараа Ж.Г-г дайрч мөргөсөн үйлдлийг хараагүй, тийм асуудал болсон талаар мэдэх зүйл байхгүй талаар мэдүүлдэг ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Г , Т согтоод машинд унтаж байсан. Э гадаа болсон асуудлыг харсан" гэх мэдүүлгийг өгдөг. Хохирогч Ж.Г нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж болсон асуудлыг Э харсан талаар мэдүүлэг өгсөөр байхад анхан шатны шүүх Э-ны мэдүүлгийг үнэлэхгүйгээр болсон асуудлыг мэдэхгүй тасарсан байсан гэх гэрч Тамирхүүгийн мэдүүлгийг үнэлж хууль зүйн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Иймд 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү... ” гэв.
7. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Н нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
8. Прокурор Э.А, хохирогч Ж.Г, түүний өмгөөлөгч Л.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б, түүний өмгөөлөгч Б.Т нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
9. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-н давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримт тогтооход үндэслэл болсон хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлэхдээ хэргийн нөхцөл байдал буюу нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулахын зэрэгцээ оролцогчийн эрхийг зөрчин хууль бусаар хязгаарлаагүй.
11. Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулан мөрдөгчийн хуульд заасан нотолгооны хэрэгслээр бэхжүүлэн авсан баримтат мэдээллийг хооронд харьцуулан шинжлэн судлах, эх сурвалжийг магадлах аргаар шалган хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт хангалттай эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэн өнгөрсөн үйл явдлыг сэргээн дүрсэлж, хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоосон байна.
12. Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ... сумын ... 3 дугаар баг, “Х даваа” гэх газарт ... улсын дугаартай “Toyota succeed” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Я.Б машин дотроос унаж, амь насыг нь хохироосон,
Мөн 2021 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хэнтий аймгийн ... сумын Барх 2 дугаар баг, “Б” гэх газарт Ж.Г-тай автомашин засварлах асуудлаас болж маргалдан түүнийг ... улсын дугаартай “Toyota prius-30” загварын тээврийн хэрэгслээр дайрч, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
13. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд жолооч замын хөдөлгөөний дүрэмд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон заалттай гэдгийг мэдэж байгаа хэдий ч тээврийн хэрэгсэл жолоодсоноос орон зайн баримжааны тооцоололт алдагдах, машин доторх хүмүүсийн яриа, үйлдлийг мэдрэх нь багасах, аливаа юмыг олон талаас харах, сэтгэн бодох, самбаачлах хурд удаашрах зэрэг сөрөг үр дагавар гардаг.
14. Монгол Улсын Их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдал дордохоор байх тул гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.
15. Шүүгдэгч *******-н хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан шинжид нийцүүлэн зүйлчилснийг тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
16. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэн нэг төрлийн ялуудыг нэмж нэгтгэн нийт оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирох тухай шударга ёсны зарчимд нийцнэ.
17. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар 29-ний өдрийн 10247 дугаар шинжээчийн дүгнэлт нь шүүх шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаж, нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий гарсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******-н шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн тооцож эдлэх ялаас нь хасах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Гурав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-н цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
Дөрөв. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.