| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2437000870002 |
| Дугаар | 49 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 49
2025 09 16 2025/ДШМ/49
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Оргилбаяр/цахимаар/, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нарыг оролцуулан,
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2437000870002 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, охины хамт Ховд аймгийн ******* сумын ******* ******* оршин суух хаягтай, урьд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх, ******* ******* ******* ******* *******ын Амарсанаа.
2. Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 17-ны шөнийн 22 цагийн орчим Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр а гэх газарт намаржиж байсан иргэн ийн монгол гэрээс ертөнцийн зүгээр зүүн талд 60 орчим метр зайд хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн тэй үл ялих зүйлээр маргалдан улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж цээжин тус газарт нь 3 удаа хатгаж эрүүл мэндэд нь "цээжний хөндийд хий шингэн хуралт, зүүн уушги уналт, цээжний урд хэсэгт шарх" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас *******гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх:
4.1 Шүүгдэгч ******* ******* ******* овгийн *******ын Амарсанааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан "зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******д 3 /гурван/ жил 4 /дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
4.4 Эрүүгийн 2437000870002 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
4.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор цагаан өнгийн үслэг дотортой ханцуйгүй хүрэм, цэнхэр өнгийн богино ханцуйтай футболк, ногоон өнгийн эссэ гэх бичвэр бүхий тамхины хайрцаг 1 ширхэг, Avion rэх бичвэр бүхий чүдэнзний хайрцаг 1 ширхэг, тамхины иш 2 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 30 гр өтөг бууц бүхий шорооны хөрс, бор өнгийн модон иштэй ажлын хэсэг нь 9.5 см, бариул нь 9.5 см урттай хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
4.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
4.7 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгүүлсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэх эсэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт "... Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална." гэж хуульчилсан.
Шүүгдэгч *******гийн яллагдагчаар 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгт "... би Ховд аймгийн ******* суманд 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр айлын том хүүхэд болж төрсөн доороо таван дүүтэй. Би Ховд аймгийн ******* сумын сургуульд 3 дугаар анги хүртэл сураад хөдөө мал дээр нагац ах болох ийн мал маллаж амьдарч байгаад 2001 оны цэргийн алба Увс аймгийн Улаангом суманд хилийн цэргийн 124 дүгээр ангид нэг жилийн цэргийн алба хааж 2002 онд халагдаж Ховд аймгийн ******* сум ******* баг ирж мал амьдардаг. 2011 онд гэх Ховд аймгийн ******* сум ******* багийн хүнтэй гэр бүл болж 2011 онд охин гарсан бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй.
2014 оны 01 сард манай эхнэр болох нь автомашины ослоор нас барсан тухайн үеэс хойш одоог хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* мал маллаж охины хамт амьдардаг..." гэх мэдүүлэг авагджээ.
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ .." би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би 2011 онд эхнэр авч айл гэр болсон. 2014 онд эхнэр авто ослоор нас барсан. Би ганц охинтойгоо хоёулаа амьдардаг. Охин минь 8 дугаар ангид сурдаг...." гэх мэдүүлэг өгсөн.
Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25/004 дугаартай албан тоотод "... тус багийн иргэн ******* *******ой Амарсанаа ам бүл 2. Насанд хүрээгүй охины хамт мал маллан амьдардаг өрх толгойлсон эцэг мөн ..." гэх албан тоот /1-р хх-ийн 190 хуудас/,
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална." гэжээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй. 7.2-д Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрхийг нь зөрчсөн тохиолдолд хүүхэд тэдэнтэй хууль ёсны харилцаагаа зохих журмын дагуу зогсоох, таслах, тухайн нөхцөл байдал арилсан тохиолдолд уг харилцаагаа сэргээх эрхтэй. 7.3-д Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй. 7.4-д Хүүхэд эрхээ зөрчигдсөн тохиолдолд өөрөө болон итгэмжит төлөөлөгчөөрөө дамжуулан олон улсын холбогдох байгууллагад гомдол гаpгах, шийдвэрлүүлэх эрхтэй. 7.5-д Хүүхдийн хамгаалагдах эрхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна гэж хуульчилсан байна.
Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.", 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна." гэж тус тус заасан байна. Шүүгдэгч *******гийн насанд хүрээгүй хүүхэд болох ын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогоогүйд гомдолтой байна.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй байна. Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хүлээн авна уу гэв.
6. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охинтойгоо хоёулхнаа амьдардаг. 2011 онд гэр бүл болсон. 2015 онд эхнэр авто тээврийн ослоос болж нас барсан. Түүнээс хойш охинтойгоо амьдарч байна. давж заалдах журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.
7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хэргийн зүйлчлэл болон гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гомдол гаргаагүй байна. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс сумын засаг даргад даалгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.
Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хүүхэд асран хамгаалахтай холбогдуулан сумын засаг даргад даалгах талаарх санал гаргасан боловч анхан шатны шийтгэх тогтоолд энэ талаар тусгаагүй албажиж гарсан байдаг.
Иймд шүүдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд хүүхдийн эрх ашгийг хамгаалсан өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
3. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч *******г согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 17-ны шөнийн 22 цагийн орчим Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр а гэх газарт намаржиж байсан иргэн ийн монгол гэрээс ертөнцийн зүгээр зүүн талд 60 орчим метр зайд хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн тэй үл ялих зүйлээр маргалдан улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж цээжин тус газарт нь 3 удаа хатгаж эрүүл мэндэд нь "цээжний хөндийд хий шингэн хуралт, зүүн уушги уналт, цээжний урд хэсэгт шарх" бүхий хүнд хохирол санаатай учруулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнээд түүнийг "зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийдвэрлэсэн байна.
5. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо “гэм буруугаа ойлгож, маш их гэмшиж байгаа ба учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар маргаан байхгүй, харин анхан шатны шүүх ганц бие эцэг болох шүүгдэгч *******гийн насанд хүрээгүй охин д асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогоогүйд гомдолтой байна” гэжээ.
5.1 Шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тус тус тохирсон байна.
5.2 *******ин Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25/004 дугаартай албан тоот, гэрч Д.Олонбаяр, Б.Оюунбилэг нарын мэдүүлэг, шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар “түүний эхнэр нь нас барсан, тэрээр 2011 онд төрсөн насанд хүрээгүй охин ын хамт амьдардаг” болох тогтоогдсон байна.
5.3 Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж заасан байх тул шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
6. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.
7. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Булган дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч *******г хорих ял эдлэх хугацаанд түүний насанд хүрээгүй хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авахыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гомдлыг хангаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******гийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 124 /нэг зуун хорин дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР