Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2026/00151

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2026/00151

Улаанбаатар хот

 

 


2026 02 04 103/ШШ2026/00151

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 1965 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, ... дугаар байрны...тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******ы ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч:Ш.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1.Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* миний бие 1988 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс Хөтөл дахь Цагдан сэргийлэх группын гал командад гал сөнөөгчөөр томилогдож ажилласан одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй олдохгүй байна. Тэр үед бид нарт нийгмийн даатгалын дэвтэр гэж байдаггүй, хөдөлмөрийн дэвтэр гэж байдаг байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр ажиллаж байсан байдлын талаар бүрэн гүйцэд тэмдэглэгээ хийгээгүй байна. Иймд намайг 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хөтөл дахь Гал унтраах ангид гал сөнөөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би 03 сарын 20-ны өдрийг яагаад ингэж сайн мэдээд байна вэ гэвэл тухайн үед цэргийн баяраар 3 сарын 18-нд жагсаж байснаа сайн санаад байгаа юм гэжээ.

2.Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын тодорхойлолт, гэрэл зураг, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Барилгын материалын үйлдвэрүүдийг Удирдах ерөнхий газрын харъяа Хөтлийн цемент шохой комбинатын даргын 1988.04.05-ны өдрийн 252 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-1 маягт, ХААТР-21 маягтыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх иргэн Л.Эрдэнэбат, Д.Амарсайхан нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Ш.*******ы шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Ш.******* нь 1965 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Ш.*******ы хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан байдлын талаар бүрэн бичилт хийгдээгүй, тушаал эх хувиар холбогдох байгууллагаас гарч ирээгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Ш.*******д үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ

4.Ш.******* нь 1988.01.15-ны өдрөөс 1992.03.20-ны өдрийг хүртэл Хөтөл дахь Гал унтраах ангид гал сөнөөгчөөр ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2005.10.20-ны өдрийн 08/2977 дугаартай лавлагаанд: *******ын ******* нь Дархан хот дахь НАХГ-ын даргын 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1 дүгээр тушаалаар Хөтөл дахь ЦС группын гал командад гал сөнөөгчөөр 01 дүгээр сарын 15-ны өдрөөс томилогдсон гэсэн байна. /хх-ийн 3 дугаар тал/

-Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын 2025.10.31-ний өдрийн 26/742 дугаартай лавлагаанд: Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын цагдаагийн газрын даргын 1990-1992 оны тушаалд таныг Хөтөлийн 72 дугаар гал командад ажилд томилж, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй байна гэжээ./хх-ийн 4 дүгээр тал/

-123070 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: 1985.07.01-ний өдрийн 299 тоот тушаалаар Хөтөлийн цемент шохойн комбинатад бульдозерчиноор авч ажиллуулав, 1988.04.05-ны өдрийн 252 тоот тушаалаар Дархан хотын харьяа Хөтөл дахь гал командад ажиллах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дархан хотын НАХЯ-ны мэдэлд шилжүүлэв гэсэн бичилтүүд хийгдсэн байна. /хх-ийн 8 дугаар тал/

-Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025.09.04-ний өдрийн 242 дугаартай лавлагаанд: ******* овгийн *******ын *******ы ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн даатгалд хамрагдсан болно гэжээ. /хх-ийн 11 дүгээр тал/

-Барилгын материалын үйлдвэрүүдийг Удирдах ерөнхий газрын харъяа Хөтлийн цемент шохой комбинатын даргын 1988.04.05-ны өдрийн 252 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд: Авто баазын бульдозерчин ******* овогтой Жаргалсайхныг 1988.01.15-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, НАХЯ-ны харьяа Хөтөл дахь гал командын мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. /хх-ийн 9 дүгээр тал/

-Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1А маягтад: овог *******, нэр *******, төрсөн газар Сэлэнгэ Зүүнхараа, төрсөн он сар өдөр 1965.10.18, регистрийн дугаар /ТГ65101816/, мэргэжил бульдозерчин, Төв гал команд, эрхэлдэг ажил гал сөнөөгч, ажилд орсон 1988, оршин суудаг газар Хөтөл 2-4-46 тоот гэж бүртгэгджээ. /хх-ийн 21-22 дугаар тал/

-Гэрч Л.Эрдэнэбатын шүүхэд өгсөн: Ш.******* бид хоёр 1983 онд Оросын холбооны улсын Барилгын техник мэргэжлийн ангид суралцаж байхдаа танилцсан. Бид хоёр тэнд хоёр жил сураад 1985 онд төгсөөд Барилгын яамны томилолтоор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн цемент шохойн комбинатад автомашин механизмын баазад бульдозорчиноор ажилд орсон. 1987 онд Хөтөлд шинээр гал команд байгууллагдаад хамтдаа тухайн байгууллагад гал сөнөөгчөөр ажилд орж 1992 он хүртэл хамт ажилласан. Тэгээд би Дархан-Уул аймаг руу 1992 онд шилжиж ирсэн. Ш.******* тэндээ гал сөнөөгчөөр ажиллаад үлдсэн. Энэ 2 дугаар зураг дээр машины урд авахуулсан гал сөнөөгчийн хувцастай байгаа 2 хүн бол Ш.******* бид хоёр байгаа юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-33 дугаар тал/

-Гэрч Д.Амарсайханы шүүхэд өгсөн: Би Хөтөлийн гал унтраах 72 дугаар ангийн анхны жолоочоор 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажилд орж байсан. Тэгэхэд 11 сараас буюу 1987 онд ******* нь ажилд орох хүсэлтээ өгч, судалгаанд орж, 2 сар дагалдангаар явж байгаад 1988 оны 01 сарын эхээр манай Хөтөлийн гал унтраах 72 дугаар ангид гал сөнөөгчөөр ажилд орсон. Цагдаагийн байгууллага, галын байгууллагын удирдлага нэг байсан. Анх ажилд орох хүсэлт гаргасан иргэнийг хамт олны хурлаар оруулж өөрөөр нь танилцуулга хийлгэдэг. Тэр үед ******* нь өөрийгөө танилцуулахдаа автомашин механизм баазад жолоочоор ажиллаж байсан талаар ярьж байсан. Хөтөлийн гал унтраах 72 дугаар ангид ******* нь 1988 оны 01 дүгээр сарын эхнээс 1992 оны хавар буюу 05 сард Эрдэнэтэд галын техник спортын тэмцээн болох хүртэл ажиллаж байсан шиг санаж байна. 1992 оны яг хэдэн сард ажлаасаа гарсан талаар санахгүй байна. 1992 оны 5 сард Галын техник спортын тэмцээн Эрдэнэт хотод зохион байгуулагдахад миний бие тэмцээний шүүгчээр очиж байсан, тэр үед ******* байхгүй байхаар нь асуухад галаас гараад Багануур дүүрэгт ахтайгаа хувиараа хөдөлмөр эрхэлнэ гээд явсан гэж байсан. ******* нь өмнө нь 3 жил тэмцээнд орсон, туршлагатай гал сөнөөгч байсан учир би *******ыг асууж сураглаж байсан. Одоо энэ зурагт байгаа 2 хүн нь нас барсан байна. Баруун талаас урд эгнээний нүүрэнд миний бие ахлах цолтой жолооч, голынх нь манай ээлжийн дарга Дүйнхийн Батмөнх, нөгөө талд сууж байгаа нь Шарын голын Тойлягийн Ганбаатар байна. Хойд эгнээний баруун гар талд зогсож байгаа нь ахлах түрүүч Дангайн Дамдинсүрэн, хоёрдох нь гал сөнөөгч *******ын *******, гурав дахь нь гал сөнөөгч Очирын Бямбажав, дөрөв дэх нь дэд ахлагч цолтой, авто засварын зовадаас манай анги руу шилжиж ирсэн дэд ахлагч Үрээхэйн Төрмөнх нар байна. Доод зураг нь 1991 оны галын тэмцээний үеэр авахуулсан, нисгэгчдийн баяр гээд Лувсангийн Эрдэнэбаттай, ******* хамт авахуулсан зураг байна. Цаад талын машин нь миний барьж байсан машин, ГАММ 158 буюу Зил 131 гэсэн нэртэй машин байгаа юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-37 дугаар тал/

5.Дээрх баримтууд болон Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн даатгалд хамрагдсан байдлыг үндэслэн Ш.*******г 1988.01.15-ны өдрөөс 1990.01.01 хүртэл Хөтөл дахь Гал унтраах ангид гал сөнөөгчөөр ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* овгийн *******ын *******ыг 1988.01.15-ны өдрөөс 1990.01.01-ний өдрийг хүртэл Дархан хотын харьяа Хөтөл дахь Гал унтраах ангид гал сөнөөгчөөр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч Ш.******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн даатгалд хамрагдсан болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ