Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/00299

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/00299

 

 

 

Б.П -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03283 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.П -гийн нэхэмжлэлтэй

ХариуцагчД.Б , Ж.Э нарт холбогдох

 

806 728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.П -

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.П - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөрД.Б , Ж.Э нар нь миний амны орон сууцны 110 тоотын 1 өрөөг сард 150 000 төгрөгөөр түрээслэн, ус, гэрлийн мөнгийг өөрсдөө төлөхөөр аман гэрээ байгуулж тохиролцож суусан. 2017 оны 5 дугаар сарын төлбөрөөс 130 000 төгрөгийг өгч, 20 000 төгрөг дутуу өгсөн. Анх 130 000 төгрөгийн үнэтэй өрөөнд орсон боловч том өрөөнд орно гээд 150 000 төгрөгийн үнэтэй өрөө рүү нүүж орсон. Мөн 6,7 дугаар сарын төлбөрөө төлөөгүй, нийт түрээсийн төлбөр 320,000 төгрөг өгөөгүй. Гэрэл, ус ашигласны төлбөр төлөөгүй. Гэрэл 108 528 төгрөг, ус, хог 308 000 төгрөг, нийт 416 528 төгрөгийг би төлсөн.

Манайх бүх үйлчилгээ төвийн шугаманд холбогдсон, бүгдийг тоолуураар төлдөг. 736,528 төгрөгД.Б , Ж.Э нараас гаргуулахаар шүүхэд өргөдөл өгөхөд хаягтаа байгаагүй, тэднийг эрэн сурвалжлуулж 70 200 төгрөгийн зардал гаргасан.

Иймд түрээсийн төлбөр, цахилгаан, ус, хогны төлбөрт 736 528 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 806 728 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

ХариуцагчД.Б , Ж.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Д.Б миний бие, эхнэр Ж.Э ын хамт 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сар хүртэл иргэн Б.П -гийн байранд өрөө түрээсэлж амьдарсан. Сарын төлбөрийг 130 000 төгрөг гэж тохиролцсон боловч мөнгөө авахдаа 150 000 төгрөг авна гэсэн. Яагаад 150 000 төгрөг авч байгаа юм бэ гэхэд сар бүр 150 000 төгрөг өгөхөд болно, өөр зүйл байхгүй гэсэн. Ингээд эхний сар өнгөрсөн. Энэ хугацаанд Б.П - нь юу ч яриагүй байснаа нэг өдөр төлбөр авахдаа ус, цахилгааны мөнгө өг гэж 100 000 гаруй төгрөг нэмж нэхсэн. Тэгээд тухайн сарын өрөөний төлбөрт өгсөн мөнгийг ус, цахилгааны мөнгөнд шилжүүллээ гээд төлбөрийн мөнгө дахин нэхэж авсан. Би энэ хүнд төлбөрийн мөнгийг сар тутам төлж байсан. Энэ хүн зарим үед төлбөрт өгсөн мөнгийг огт тэмдэглэдэггүй, биднээс мөнгө авсан баримт огт өгдөггүй байсан.

Энэ хүний байр нь нилээн хуучирч муудсан, сантехникийн турба эд анги нь муудсан, дээд айл нь 00 өрөөнд бие засахад миний байсан 1 дүгээр давхар руу турба даган ус, шээс шууд гоождог болсон учраас би хэд хэдэн удаа шаардлага тавьсан. Гэвч Б.П - нь бидний байрнаас хөөх болсон. 6, 7 дугаар сарын төлбөр огт төлөөгүй гэсэн байна. Өдөр бүр шахам мөнгө нэхдэг хүн өгөөгүй бол байрандаа амьдруулахгүй.

Цахилгаан, ус ашигласны төлбөр нь сарын 150 000 төгрөгтөө багтсан гэсэн мөртлөө 108 528 төгрөг дахин нэхэж байна. Мөн ус, хог 308 000 төгрөг нэхэмжилж байна. Цахилгаан, ус нь 108 528 төгрөг гэх атлаа дахин ус, хог 308 000 төгрөг гэсэн нь ямар учиртай юм бол. Энэ хүн биднийг бүтэн жил амьдрахад хогны мөнгө гэж нэг ч удаа яриагүй.

Гэтэл мөнгө нэхэх болохоороо огт ор үндэсгүй нэхсэн мөнгөө ийм байдлаар тааруулан нэхэмжилж байна. Төлбөрөө төлөөд шаардлага тавьсан хүнийг хэл амаар доромжлон өдөр бүр хөөдөг байсан учир эцэст нь бид нүүсэн. Биднийг нүүх үед энэ хүн байгаагүй. Тийм учраас оргосон гэж байна. Б.П - гэгч энэ хүн нь бусадтай гэрээ байгуулдаггүй, мөн төлбөрт авсан мөнгөө тэмдэглэдэггүй, мартсан болж явдаг, байнга бусдыг гэм буруутай мэтээр гүтгэн мөнгөн нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч хариуцагч Б.Баярмандах, Ж.Э нараас 390 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.П -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 416 528 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярмандах, Ж.Э нараас 12 356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.П -д олгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.П - давж заалдах гомдолдоо: Хариуцагч нар нь 150 000 төгрөгт өрөөний хөлс, ус, цахилгааны төлбөр багтсан гэж тайлбарлаж байсан боловч нотлох баримтаар нотлоогүй ба нэхэмжлэгч миний шүүхэд гаргаж өгсөн төлбөр төлсөн тэмдэглэлээр цахилгааны төлбөр, ус хогны төлбөр төлж гарын үсэг зурж байсан нь нотлогдоно. Миний амины орон сууц нь 21 өрөө бөгөөд цахилгааны болон усны тоолуур 1 нэхэмжлэхээр ирдэг ба 3 өрөө тус бүр дээр цахилгааны тоолуур байдгаас өрөө болгоны тоогоор тодорхой гарч ирдэгийг 1 сарын төлбөр дээр нэмж авч тооцоо хийдэг. Энэ бүхнийг нэхэмжлэгч би шүүхэд тодорхой хэлж, тайлбарласан мөн нотлох баримтаар өгсөн. Үүний улмаас анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж дүгнээгүй шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн цахилгаан, ус, хогны мөнгө 416 528 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.П - нь хариуцагчД.Б , Ж.Э нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэл болон гэрээнээс учирсан хохиролд нийт 806 728 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн аман хэлцлээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний үүргийн харилцаа үүссэн үйл баримтыг талуудын тайлбар, төлбөр төлсөн тэмдэглэл зэрэг баримтыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 4,30,45/ Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч нар нэхэмжлэгчийн өмчлөлийн амины орон сууцны 110 тоот өрөөг хэлцэл байгуулсан өдрөөс 2017 оны 7 дугаар сар хүртэл хөлсөлж байсан гэдэгт маргаангүй, харин орон сууцны хөлсөнд ашиглалтын зардлыг багтаан, сард 150 000 төгрөг төлөхөөр тохиролцсон эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болж байна.

Нэхэмжлэгч Б.П - нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 110 тоот өрөөг сарын 150 000 төгрөгөөр хөлслөх, усны үнэ сар бүр 13 500 төгрөгөөр, хогны төлбөр сарын 2 500 төгрөг, цахилгааны ашигласны төлбөрийг тоолуурын бичилтээр тус тус тооцохоор тохиролцсон гэж тайлбарлан, хөлслөгчийн төлбөр төлөлтийн талаарх тэмдэглэлийг эх хувиар нь шүүхэд гарган өгчээ. /хх4/ Уг бичгийн баримтаар хариуцагчД.Б , Ж.Э нар нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 110 тоот өрөөний хөлсөнд сард 150 000 төгрөг төлж, гарын үсгээ зурж баталгаажуулсан болох нь нотлогдсон байна. Хариуцагч нар хөлсний үнийг сарын 130 000 төгрөгөөр, 20 000 төгрөгийг ашиглалтын зардалд тооцон, нийт 150 000 төгрөг сар бүр төлөхөөр тохиролцсон гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйн гадна нэхэмжлэгчийн дээрх тайлбар болон бичгийн баримтыг үгүйсгэж, няцаагаагүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж зохигчдыг орон сууцны хөлсийг сарын 150 000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэн, дутуу төлсөн 2017 оны 5 сарын төлбөрийн үлдэгдэл 20 000 төгрөг, 6, 7 дугаар сарын төлбөр 300 000 төгрөг, нийт 320 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Харин нэхэмжлэлээс ашиглалтын зардал шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

ХариуцагчД.Б , Ж.Э нар хогны төлбөрт 2500 төгрөг, 5 дугаар сарын усны мөнгө 13 500 төгрөг, цахилгааны зардлын хувьд тоолуурын заалтыг үндэслэн тухайн сард гарсан төлбөрийг төлж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан. /хх4/ Үүнийг хариуцагч талаас няцаасан баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд талуудыг нэмэлт зардлыг орон сууцны хөлсний адил төлөхөөр тохиролцсон гэж үзэх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нараас ашигласан ус, цахилгаан, хогны зардлыг шаардах эрхтэй.

Иймээс хариуцагч нараас 13 сарын хогны төлбөр 32 500 /2500 х 13/ төгрөг, цахилгаан ашиглалтын зардал 108 528 төгрөг, усны төлбөр 189 000 төгрөг /14 сар х 13 500/, нийт 316 528 төгрөгийг гаргуулах нь хуулийн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03283 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 390 200 гэснийг 706 728 гэж, 416 528 гэснийг 390 200 гэж, 3 дахь заалтын 12 356 гэснийг 21 511 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 145.84 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ч.ЦЭНД