Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 109/2017/0036/З |
Дугаар | 221/MA2018/0378 |
Огноо | 2018-07-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 221/MA2018/0378
2018 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 221/МА2018/0378 | Улаанбаатар хот |
|
|
|
Г.Бнэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 109/ШШ2018/0014 дүгээр шийдвэртэй, Г.Б нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 109/ШШ2018/0014 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г.Б 2017 оны /хагас жил/ үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож,
Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Г.Б-ыг ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож,
Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд Архангай аймгийн Засаг даргаас аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У давж заалдах гомдолдоо: “ ... Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 109/ШШ2018/0014 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч Г.Б нь тус аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилласан.
Иргэн Г.Б нь Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/98 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар түр томилогдон ажиллаж байгаад, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар жинхлэн томилогдсон. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Г.Б нь аймгийн Засагдаргатай үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байдаг.
Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-ыг Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/94 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас нь халах шийтгэл ногдуулсан захиргааны актын тухайд: Төсвийн ерөнхийлөн захирагчаас 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Бцалинг 3 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзсэн.
Үүний дараа Г.Б нь 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтээ D үнэлүүлсэн. Хэдийгээр Г.Б-тай аймгийн Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан хэдий нь үүрэгт ажлаа Г.Б нь 2017 оны 01 дүгээр сараас гэрээ байгуулах хүртэлх хугацаанд гүйцэтгэсээр байсан. Энэ хугацаанд Г.Б нь ажиллаагүй зүйл огт байхгүй тул тухайн иргэнийг хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль дээдлэх зарчимаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримталсан талаар: Шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасан зарчимыг зөрчсөн гэж үзжээ.
Гэтэл маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагчаас Төсвийн тухай хуульд заасны дагуу сургууль, цэцэрлэгийн эрхлэгч захирлуудын ажлыг үнэлэх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс бүхий л сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлын ажлыг үнэлж, дүгнэсэн байдаг.
Хариуцагчаас Г.Б-ыг ирж үнэлгээтэй танилцах талаар дуудсан боловч өөрөө ирээгүй байдаг. Түүнчлэн үнэлгээтэй холбоотой Нийгмийн бодлогын хэлтсийн даргад гомдол гаргасан. Эндээс үзвэл нэхэмжлэгч нь үнэлгээг 2017 оны 07 дугаар сард мэдсэн байх тул түүнд мэдэгдэж, оролцоог хангах зарчимыг хариуцагчаас зөрчсөн зүйл байхгүй болох нь тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шударга ёсны зарчимыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэт нэг талыг барьж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Г.Б хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн зүйл байхгүй. Харин ч хариуцагчаас Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “...шударга ёс, ... хууль дээдлэх ...зарчим мөн.”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд “...шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэж заасны дагуу нотлох баримтуудыг үндэслэж, иргэн Г.Б-д зохих хариуцлагыг тооцсон.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 109/ШШ2018/0014 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ... үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаагийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Г.Быг ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Намайг ажлаас халах үндэслэл болсон 2017 үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлж, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Г.Б-ыг ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд Архангай аймгийн Засаг даргын “Сонгон шалгаруулалт явуулах тухай” Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У давж заалдах гомдолдоо “...Төсвийн ерөнхийлөн захирагчаас 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б цалинг 3 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзсэн. Үүний дараа Г.Б нь 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтээ D үнэлүүлсэн ... маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагчаас Төсвийн тухай хуульд заасны дагуу сургууль, цэцэрлэгийн эрхлэгч захирлуудын ажлыг үнэлэх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс бүхий л сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлын ажлыг үнэлж, дүгнэсэн байдаг. Хариуцагчаас Г.Б-ыг ирж үнэлгээтэй танилцах талаар дуудсан боловч өөрөө ирээгүй байдаг” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Б 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 66.9 оноо буюу D гэж үнэлсэн бөгөөд энэ нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх” журмын 6.4.4-д “60-70 хүртэл оноо авсан бол “D” буюу “Дутагдалтай”” гэж үнэлэгдсэн байна.
Уг журмын 7.1-д гэрээний биелэлтийг дүгнэн өгсөн үнэлгээний дагуу ямар арга хэмжээ авахыг журамлахдаа “D” үнэлгээ авсан тохиолдолд албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулахаар заасан байхад хариуцагчаас нэхэмжлэгч Г.Б-ыг 2017 онд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан нь хууль, журамд нийцээгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Учир нь “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” байдлыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй бөгөөд хариуцагч “давтан” сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг цууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасныг зөрчсөн байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээ нь тодорхой үр дагавар үүсгээгүй, маргаан бүхий акт Б/94 дүгээр захирамжийн үндэслэл болсон үндэслэл болсон байх тул “Баярбатын 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг, мөн Архангай аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд Архангай аймгийн Засаг даргаас аймгийн боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалга гэдэг нь захиргааны акт биш тул түүнийг хүчингүй болгуулах шаардлагуудыг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул зохих өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 109/ШШ2018/0014 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “... хангаж,” гэсний дараах “... Г.Б 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох,” гэснийг, мөн “тогтоож” гэсний дараах “... Архангай аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд Архангай аймгийн Засаг даргаас аймгийн боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгосугай ...” гэснийг тус тус хасаж, “... тогтоож” гэснийг “тогтоосугай.” гэж өөрчлөн, “3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “ ... Г.Б 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд Архангай аймгийн Засаг даргаас аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж өөрчлөн, шийдвэрийн үлдэх хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ