Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 232

 

П.Я-ийн нэхэмжлэлтэй,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын

газарт холбогдох захиргааны

хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, шүүгч:        Ч.Тунгалаг

       Шүүгчид:                      М.Батсуурь

                                            Б.Мөнхтуяа

                                            Д.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:            Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 82 дугаар “Орон сууц хувьчлах тухай” тогтоолыг биелүүлж, миний эзэмшиж буй орон сууцыг надад хувьчлахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0137 дугаар шийдвэр,

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 230 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0137 дугаар шийдвэрээр: Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 82 дугаар “Орон сууц хувьчлах тухай” тогтоолыг биелүүлж миний эзэмшиж буй орон сууцыг надад хувьчлахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах нэхэмжлэгч П.Я-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 230 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 230 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэгч П.Я-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Ингэж дүгнэсэн үндэслэл нь П.Я-ийг “Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д заасан “сууц эзэмшигч биш” гэж үзсэн байна. Энэ хуулийн 5-д “сууц эзэмшигч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/ -ыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг” гэжээ. П.Я нь сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээ байхгүй нь үнэн боловч тэрээр бодит байдал дээр уг орон сууцыг өөрийн албан ёсны ордертой байраар түр сольсон хугацаанаас хойш 25 жил эзэмшиж амьдарч байгаа юм.

5. Гагцхүү яагаад ордер, бичиг баримт байхгүй байна вэ гэдэг нь гуравдагч этгээдээс хамааралтай бий болсон асуудал бөгөөд түүнийгээ хэрэгжүүлэхгүй байгаа нь нэхэмжлэл гаргах үндэслэл болсон, энэ нөхцөл байдлыг шүүх буруу дүгнэж шийдвэр гаргасан байна. Энэ талаар дүгнэсэн Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Иймд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо давтан гаргаж байна. Өмгөөлөгч миний зүгээс шүүх хурал эхлэхээс өмнө хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийг минь хүлээн авалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу дүгнэх үндэслэл болсон. Энэ нь шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан П.Я-ийг хууль, дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байх тул орон сууцыг хувьчлан авах эрхгүй гэж үзсэн. Нэхэмжлэлийн шаардлага бол “2003 оны 82 дугаар тогтоолын биелэлтийг бүрэн гүйцэтгүүлэх”-ийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах тухай юм.

6. Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд “нотлох баримт гаргах, цуглуулах”, 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг биелүүлээгүй. Энэ маргаан бүхий асуудлыг шийдвэрлэж байгаа хариуцагч нарын хувьд хэдийгээр тайлбар татгалзлаа гарган өгч байгаа боловч, гуравдагч этгээдийн зүгээс албан ёсны шийдвэр гэх зүйл гаргаж өгдөггүй. Өөрөөр хэлбэл, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын байгууллагын зүгээс П.Я-д таны эзэмшиж буй орон сууцыг танд “...манай байгууллагын орон сууц хувьчлах тухай комиссын хурлын шийдвэр, тушаал тэмдэглэл, учир шалтгаан зэргийг тодорхойлон тогтоосон” гэх зүйл албан ёсны баримт үзүүлдэггүй юм.

7. Хариуцагч талаас үүнийг шалгаж шийдвэрлэсэн албан ёсны баримт байхгүй, энэ талаар хүний эрх зөрчигдөж байгаа байдал зэрэгт ямар нэг арга хэмжээ, дүгнэлт гаргаагүй байдаг. Үүнтэй холбоотой материалыг гаргуулахыг хүссэн боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн аваагүй зөвхөн хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэснийг хэргийг бодит нөхцөлд бүрэн үндэслэлтэй дүгнэлт тайлбар хийгээгүй  хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

8. Мөн шүүх нэгэнт тогтоогдсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул дахин нотлохгүй гэж үзсэн мөртлөө Улсын дээд шүүхээр тогтоогдсон П.Я-ийг нүүлгэн гаргах тал дээр хийсэн дүгнэлтийг авч дүгнэсэнгүй. Дээрх шалтгаан нөхцөл нь хэний буруутай үйл ажиллагаанаас болсон, ямар хүчин зүйл нөлөөлсөн гэх зэрэг нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй.  Энэ нь хэргийг буруу шийдвэрлэхэд хүргэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 9. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Нэхэмжлэгч П.Я-ээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 39 дүгээр байрны 1-19 тоот орон сууцыг өөрт нь хувьчлах шийдвэр гаргахаас үндэслэлгүйгээр татгалзаж байна гэж үзэн “Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 82 дугаар “Орон сууц хувьчлах тухай” тогтоолыг биелүүлж, миний эзэмшиж буй орон сууцыг надад хувьчлахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

11. Шүүхүүд маргааны үйл баримтад Орон сууц хувьчлах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

12. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч П.Я нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр эзэмшдэггүй буюу гуравдагч этгээд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс түүнийг орон сууцанд амьдрахыг зөвшөөрдөггүй, тухайн байгууллагад ажилладаггүй /Засгийн газрын 2003 оны 82 дугаар тогтоол гарах үед ч, одоо ч /орон сууцыг хөлслөх гэрээ байгуулаагүй, эзэмших эрхийн гэрчилгээгүй болох нь тогтоогдсон тул Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д заасан “сууц эзэмшигч” гэж үзэхгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй талаарх шүүхүүдийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.

13. Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...П.Я нь сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээ байхгүй нь үнэн боловч тэрээр бодит байдал дээр уг орон сууцыг өөрийн албан ёсны ордертой байраар түр сольсон хугацаанаас хойш 25 жил эзэмшиж амьдарч байгаа, ордер, бичиг баримт байхгүй байгаа нь гуравдагч этгээдээс хамааралтай, гуравдагч этгээдийн зүгээс албан ёсны шийдвэр гэх зүйл гаргаж өгдөггүй, хариуцагч талаас үүнийг шалгаж шийдвэрлэсэн зүйл байхгүй, үүнтэй холбоотой материалыг гаргуулахыг хүссэн боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн аваагүй зөвхөн хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн...” гэсэн гомдлыг гаргаж байгаа ч /Тодорхойлох хэсгийн 4-5/ энэхүү захиргааны хэргийн хариуцагч нь гуравдагч этгээд “Улаанбаатар төм зам” ХНН биш бөгөөд тухайн этгээдэд холбогдох маргаан бүхий орон сууцыг эзэмшигчээр тогтоолгох П.Я-ийн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 2078 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ утгаараа нэхэмжлэгчийн гаргуулахыг шаардаж буй баримт нь хэрэгт ач холбогдолгүй байх тул “шүүх нотлох баримтыг дутуу цуглуулсан” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-7-д заасан хяналтын гомдлыг хангах боломжгүй байна.  

14. Мөн давж заалдах шатны шүүхээс “...Улсын Дээд шүүхийн 1999 оны 171 дүгээр тогтоолоор маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч П.Я нь хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үзэхгүй гэж дүгнэснээс тухайн орон сууцыг эзэмших эрхтэй болохыг тогтоож шийдвэрлээгүй...” гэж үндэслэл бүхий дүгнэсэн байх тул “...шүүх нэгэнт тогтоогдсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул дахин нотлохгүй гэж үзсэн мөртлөө Улсын дээд шүүхээр тогтоогдсон П.Я-ийг нүүлгэн гаргах тал дээр хийсэн дүгнэлтийг авч дүгнэсэнгүй” гэсэн /Тодорхойлох хэсгийн 8/ гомдол үндэслэлгүй.

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0137 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 230 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                     Г.БАНЗРАГЧ