Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 01

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн Цагдаагийн газарт холбогдох 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны 5-н сарын цалин болох үндсэн цалин 447,276 төгрөг, цол 98401 төгрөг, удаан жил 35,782 төгрөг, тусгай алба 89,455, нийт дүн-670,914 төгрөг бөгөөд 5-н сарын цалин 3,354,570 төгрөгийг гаргуулах мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг хийлгүүлэх шаардлага бүхий иргэн Ш.*******ын нэхэмжлэлийг 2016 оны 11 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 онд Цагдаагийн академийн анхан шатны дамжааг дүүргэн 2004 оны 03 сараас Цагдаагийн ерөнхий газрын харьяа Эргүүл хамгаалалтын газарт эргүүлийн цагдаа, Нийгмийн хэв журам хамгаалах газрын Төрийн тусгай хамгаалалтын хэсэгт цагдаа жолоочоор тасралтгүй ажиллаж байсан. 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс өөрийн хүсэлтээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст Эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар томилогдон ажиллаж байгаад, Завхан аймгийн Цагдаагийн газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128 дугаар Албанаас халах тухай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан.

Ажлаас үндэслэлгүй халсан дээрхи 128 дугаар тушаалыг хүчингүй болгуулах ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах нэхэмжлэлийг харьяаллын дагуу Завхан аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргаснаар, анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай шийдвэрээр Завхан аймгийн Цагдаагийн газрын даргын 2011 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 128 дугаар Албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, Эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар буцаан томилж, Завхан аймгийн Цагдаагийн газраас 3,577,549 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн.

Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа эргэн томилогдож ажилгүй байсан хугацааны цалин болох 3,577,549 төгрөгийг бүрэн авсан боловч, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи буюу 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны 5-н сарын цалин болох үндсэн цалин 447,276 төгрөг, цол 98401 төгрөг, удаан жил 35,782 төгрөг, тусгай алба 89,455, нийт дүн 670,914 төгрөг бөгөөд 5-н сарын цалин 3,354,570 төгрөгийг гаргуулах мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг хийлгүүлэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Миний бие Захиргааны хэргийн шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх үндэслэлээр татгалзсан юм. Үүний дагуу Цагдаагийн Ерөнхий газар энэ тухайгаа уламжлан өргөдөл гаргасан боловч 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ЦЕГ-аас ирүүлсэн хариу өргөдөлдөө Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарснаас хойш Завхан аймаг дахь цагдаагийн газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тушаалаар таныг ажилд эгүүлэн томилсон мөн оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 5 сарын хугацааны цалин авах асуудлаар цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах тухай шүүхийн шийдвэр гаргуулаагүй гэх үндэслэлээр хариу ирүүлсэн тул Захиргааны хэргийн шүүхэд хандах үндэслэл болсон. Иймд хянан хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээндээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн саатуулах байрны цагдаа Ш.******* миний бие Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 5 сарын цалин 3 354 570 төгрөгийг олгосон тул нийгмийн даатгалын шимтгэл 134 183 төгрөгийг Завхан аймгийн Цагдаагийн газраас гаргуулж нийгмийн даатгалын хэлтэст тасарсан хугацааны шимтгэлийн тайлан гаргуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулахаар тохиролцов. Завхан аймаг дахь Цагдаагийн газрыг төлөөлж ахлах нягтлан бодогч х/ч Б.******* би Ш.*******ын эвлэрлийн гэрээний нөхцөл нийгмийн даатгалын шимтгэл 134 183 төгрөгийг 2017 оны 1 сарын 25-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст Эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар ажиллаж байгаад Завхан аймгийн Цагдаагийн газрын даргын 2011 оны 11 сарын 21-ны өдрийн 128 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон байна. Тэрээр 2013 оны 01 сарын 12-ны өдөр ажилдаа эргэн орсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас ажилдаа эргэн орох хүртэлх /2012.08.01-2013.01.12/ 5 сарын цалин 3354570 төгрөгийг Завхан аймгийн Цагдаагийн газраас гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн 5 сарын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын байгууллагад төлж, ажилласан хугацааг тооцуулахаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хариуцагчийн 2016 оны 12 дугаар сарын 16ны өдрийн Б/98 дугаар тушаалаар Б.*******ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, түүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрхийг олгосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дүгээр зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.******* нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, 2012 оны 08 сарын 01-нээс 2013 оны 01 сарын 12 хүртэл 5 сарын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА