Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00121

 

 

 

 

 

 

2018 01 05

121

 

 

С.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07ы өдрийн 181/ШШ2017/02778 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Мэдээлэл технологийн Үндэсний парк ТӨҮГхолбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4 999 451 гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Байгальмаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Мэдээллийн Технологийн Үндэсний паркийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Ажил, албан тушаалаас халах тухай Б/72 дугаар тушаалаар ажлаас халагдсан бөгөөд тус ажлаас халах тушаалыг хууль бус гэж үзэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, Мэдээллийн Технологийн Үндэсний паркийн заал зохион байгуулалт хариуцсан ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 468 370. 4 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр бодон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх ямар нэгэн арга хэмжээ авсангүй миний эрх ашгийг хохироож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авсангүй. Мэдээдэл Технологийн Үндэсний паркийн захирал Ц.Содномдамба шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар тодорхой хариу өгөөгүй.

Анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 2 дугаар cap хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 468 370.4 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Иймд Мэдээлэл Технологийн Үндэсний паркаас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4 999 451 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Мэдээлэл технологийн Үндэсний парк ТӨҮГ-ын шүүхэд гаргасан тайлбарт: С.Алтанцэцэг нь Мэдээллийн технологийн үндэсний төв ТӨААТҮГ-т Заал зохион байгуулалтын менежерээр ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16-72 тоот захирлын тушаалаар ажлаас халагдсан. Сүхбаатар дүүргийн шүүхээс С.Алтанцэцэгийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоосон шийдвэрийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан.

Мэдээллийн технологийн үндэсний төв ТӨААТҮГ шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Монгол улсын засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №194 дүгээр тогтоолоор Мэдээллийн технологийн үндэсний парк ТӨҮГ-ыг Мэдээлэл технологийн үндэсний парк төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг шинэчлэн баталсан. Улмаар Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт батлах тухай №89 дүгээр тогтоолын дагуу Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ-аас байгууллагын хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийгдэж зарим нэгжийг татан буулган, зарим орон тоо хасагдаж, ажлын байрны орон тоог цөөрүүлсэн. Бүтцийн өөрчлөлтөөр С.Аптанцэцэгийн ажиллаж байсан Заал зохион байгуулалтын менежерийн ажлын байр хасагдсан тул ажил албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй болсон. Учир нь тус байгууллагад шинээр орон тоо нэмж бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д заасны дагуу төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тогтоодог учраас батлагдсан орон тоонд өөрчлөлт оруулах эрхгүй.

Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ нь дээр дурдсан нөхцөл байдпыг С.Алтанцэцэгт амаар болон бичгээр мэдэгдэж тайлбарласан ба Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч П.Уранбилэгт  тайлбар хүргүүлж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухай ажилтныг ажилд нь эргүүлэн тогтооно гэж заасан боловч тус үйлдвэрийн газрын бүтэц орон тоонд дахин өөрчлөлт ороогүй бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 89 дүгээр тоот тогтоол нь хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Иймээс Мэдээллийн технологийн үндэсний парк ТӨААТҮГ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Мэдээлэл технологийн Үндэсний парк ТӨҮГ-аас цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 4 999 451 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Алтанцэцэгт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 751.666 төгрөгөөр тооцож нөхөн төлүүлж, бичилт хийхийг Мэдээлэл технологийн Үндэсний парк ТӨҮГ-т даалгах даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 941 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Мэдээлэл технологийн Үндэсний парк ТӨҮГ-аас 94 941 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Алтанцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Байгальмаа давж заалдах гомдолдоо: Нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлага буруу буюу үндэслэлгүй байсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр С.Алтанцэцэгийг ажилд нь эргүүлэн тогтоосон шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг биелүүлэхээс өмнө буюу 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ТӨААТҮГ-ын ажлын байрны бүтэц орон тоо, зохион байгуулалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шинэчлэн баталсан. Энэхүү тогтоолоор С.Алтанцэцэгийн ажиллаж байсан "Заал зохион байгуулалтын менежер"-ийн ажлын байр хасагдсан бөгөөд түүнийг ажилд нь эргүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн авахтай холбоотой харин 36.2, 36.3 дахь заалтууд нь өмнөх 36.1 дэх хэсэгт заасан нөхцөл хэрэгжих боломжгүй тохиолдлыг зохицуулсан байна. Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ын бүтэц орон тоог баталсан 89 тоот тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа тул С.Алтанцэцэгийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн авах боломжгүй байгаа юм. С.Алтанцэцэг нь угтаа бүтэц орон тоо хассан шийдвэрийг хүчингүй болгуулах, адил чанарын өөр ажил албан тушаалд авахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нэхэмжлэх ёстой байтал шууд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс тус байгууллагын бүтэц орон тоог баталсан ТӨБЗГ-ын 89 тоот тогтоолыг үгүйсгээгүй боловч энэ баримтыг үнэлээгүйд гомдолтой байна.

Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ын захирал Ц.Содномдамба нь ТӨБЗГ-ын шийдвэрээр 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр томилогдсон бөгөөд тухайн үед ийм хэрэг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан эсэх талаар мэдээгүй байснаас давж заалдах гомдол гаргаагүй, хожим нь шийдвэр гүйцэтгэлээс ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авсны дараа энэ талаар мэдсэн. 2017 оны 02 сарын 07 өдрийн 447 тоот шүүхийн шийдвэр нь ТӨБЗГ-аас гаргасан 89 тоот тогтоол батлагдахаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ -ын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөөгүйг дурдаж, шүүхийн шийдвэрийг гарсан даруй хүчин төгөлдөр мэтээр үзсэн нь үндэслэлгүй байна. ТӨБЗГ-ын бүтэц орон тоо баталсан 89 тоот тогтоол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө батлагдсан байна.

Шүүгч шүүх хуралдааныг 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутад товлосон. Тэр өдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орсон хальтиргаа гулгаа, замын түгжрэл ихтэй өдөр байсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Байгальмаа миний бие, өмгөөлөгчийн хамт 5 минут хоцорч буюу 10 цаг 35 минутад очоод шүүх хуралдаанд орох гэхэд "хурал эхлэсэн" гэдэг шалтгаанаар оролцуулаагүй бөгөөд энэ хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн. ИХШХШТХ-ийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг ирж байгаа эсэхийг тодруулах ёстой байсан ч асууж тодруулаагүй. Хариуцагч нэхэмжлэлийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбараа гаргаж өгдөг. Шүүхээс хариуцагчийн хариу тайлбар өгөх хугацаа дуусаагүй байхад шүүх хуралдааныг товлосон болон шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийсэн нь хариуцагчид нотлох баримттай бүрэн гүйцэд танилцах, өмгөөлөгч авах, нэмэлт тайлбар, хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх зэрэг зохигчийн эрхээ хэрэгжүүлэх боломж олголгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Алтанцэцэг нь хариуцагч Мэдээлэл, технологийн Үндэсний парк ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 999 451 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Мэдээлэл технологийн Үндэсний парк ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1Б-72 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.Алтанцэцэгийг заал зохион байгуулалт хариуцсан менежерийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байх ба уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 468 370 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 89 дугаартай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоолоор Мэдээлэл технологийн Үндэсний парк ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдаж, нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн эрхэлж байсан заал зохион байгуулалт хариуцсан менежерийн албан тушаал хасагдсан учраас 447 дугаартай шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үүргийг хариуцагч нь биелүүлээгүй, түүний хууль бус шийдвэрийн улмаас ажилтны ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах эрх зөрчигджээ.

 

Шүүхийн шийдвэр биелэгдээгүйгээс ажилтны эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байх тул нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Мэдээлэл технологийн Үндэсний парк ТӨҮГ-аас нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4 999 451 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариу тайлбараа гаргасан байх бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр товлосон боловч зохигчдын хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдож, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон байх тул хариуцагчийн хариу тайлбар өгөх хугацаа дуусаагүй байхад шүүх хуралдааныг товлосон гэх гомдлыг хангахгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, замын түгжрэл болон цаг агаарын байдлын улмаас хоцорсон гэх шалтгаан нь хүндэтгэн үзэх нөхцөл байдалд хамаарахгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснтай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02778 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Мэдээлэл технологийн Үндэсний парк ТӨҮГ-ын төлсөн 94 942 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ