Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 55

 

 

       2025     09        23                                               2025/ДШМ/55

 

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Ж.Батбаатар, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 19ий өдрийн 2025/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2536000000153 дугаартай хэргийг 2025 оны 09 дугаар сарын 15ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгохишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* ******* ******* багт оршин суух хаягтай, Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 05А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээж байсан. ******* ******* ******* *******ын Ганхуяг,

2. Шүүгдэгч Б.Ганхуяг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

3. Ховд аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1  Шүүгдэгч ******* ******* ******* *******ын Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******ын Ганхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож,

 

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

4.6 Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.7 Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162,177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгаж,

4.8 Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

4.9 Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Булган сум дахь Сум дундын шүүх түүнд холбогдох хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 2025/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга авч шийдвэрлэсэн. Шүүгдэгч ******* нь тэнсэнтэй байх хугацаандаа эрхийн үнэмлэхгүйгээр дахин согтуугаар тээврийн хэрэгсэлд жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж дүгнэх үндэслэлтэй юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй төдийгүй түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл, шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулна" гэсэн заалтыг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй байна. Дээрхээс үзэхэд шүүгдэгч *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэхгүй орхигдуулсан нь 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" гэсэн зөрчилд хамаарах тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

2. Шүүгдэгч *******ын Ганхуяг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

3. Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            4. Анхан шатны шүүх “ шүүгдэгч *******ын Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.

5. Прокурор эсэргүүцэлдээ “шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийтгүүлснээс хойш 1 сар 27 хоногийн дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эрхийн үнэмлэхгүйгээр, дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, ял оногдуулахгүй орхигдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг тайлбарлаж хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.  

5.1 Шүүгдэгч *******ийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын  шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч  шийдвэрлэсэн байна.

Гэтэл шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* ******* Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт согтуугаар 93-52 ГАА улсын дугаартай Муссо загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт мөрдөн байцаалтын явцад эргэлзээгүй нотлогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

5.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн объект нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон” заалт юм.

Гэтэл шүүгдэгч ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ дахин /гурав дахь удаагаа/ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн объект болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг 3 удаа зөрчсөн үйлдлийг хүсэж хийсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “санаатай гэмт хэрэг үйлдсэн” гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй” гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь “Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

5.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасан байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь “ял оногдуулж”, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биелүүлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүгдэгчид ял оногдуулахыг үүрэг болгосон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох хэм хэмжээг зөв тайлбарлаж хэрэглээгүй анхан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулиар тогтоосон шаардлагыг хангаж чадаагүй, шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

6. Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” алдааг давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар засах боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА

 

     ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР  

 

     ШҮҮГЧ                                            Ж.ОТГОНХИШИГ