| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00052/И |
| Дугаар | 103/ШШ2026/00256 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2026/00256
| 2026 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2026/00256 | Улаанбаатар хот |
2026 03 02 103/ШШ2026/00256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ..............6 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт төрсөн, эмэгтэй, 30 настай, ам бүл 2, хүүхдийн хамт, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, 21 дүгээр байрны 10 тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........9 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 3 дугаар баг, Уурхайчин ... дугаар хороолол, ... дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад:
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: С.*******
Хариуцагч: М.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 онд М.*******тэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүү Бэхбат төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2023 оноос салж тус тусдаа амьдрах болсон. М.******* нь архи уудаг, гадуур их тэнэдэг, хүүхдийнхээ хадгаламжинд байсан мөнгөөр мөрийтэй тоглоом тоглодог байсан учраас бид тус тусын амьдралтай болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд амьдарч өсөж торнисон. Хүү маань одоо сар бүр шатрын клуб, усан сэлэлтийн клубт суралцдаг. Тэр зардлыг би өөрөө л хариуцаж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул ******* хүүд минь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн сургалтын төлбөрийн хувьд С.*******той ярилцаж болно гэж бодож байна гэв.
3.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн 138 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, Багануур дүүргийн Усан спорт боулингийн төвийн албан бичиг, Төр монгол хөгжлийн төвийн тодорхойлолт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч С.*******гийн хариуцагч М.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь шаардлагаа Бид 2020 оноос эхлэн хамтран амьдарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй, хувийн таарамжгүй харьцааны улмаас 2023 оноос тус тусдаа амьдрах болсон, хүүхэддээ эцгээс нь тэтгэлэг гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч М.******* нь хүүхэддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
3.Нэхэмжлэгч С.*******, хариуцагч М.******* нар нь 2020 оноос хамтран амьдарч хүү Бэхбатын ээж аав болж, хуульд заасан эцэг эхийн үүргээ гүйцэтгэж байгаад хоорондын таарамжгүй харилцаа хэрүүл маргаанаас шалтгаалан 2023 оноос тус тусдаа амьдарч эхэлсэн, хүүхэд эхийн асрамжид одоог хүртэл эрүүл саруул, өсөн бойжиж байгаа болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн, шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.
4.Хүү *******ыг төрмөгц эцэг *******гээр овоглосон болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хүү *******ын эцэг М.*******г захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.
5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч *******ыг төрснөөр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүснэ.
6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг М.*******гээс тэтгэлгийг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
7.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар М.*******гээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
8.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
9.Талууд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хуульд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг эх тодорхой шалтгаанаар тус тусдаа амьдрах болсноор хүүхдийн эрх, ашиг сонирхол хамгийн ихээр хөндөгдөж, эцсийн үр дүнд хүүхэд хойд эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжих, төрсөн эцэг эхийн хайр халамжаар дутах, эцэг эхээ санагалзан бэтгэрэх, сэтгэл санааны хямралд орох, хичээл сурлагадаа муудах зэргээр хохирч үлддэгийг эцэг эх анхаарвал зохино.
10.Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч хариуцагч нь асрамжийн асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болно.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү *******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг ******* овгийн *******ын *******гээс сар бүр гаргуулан С.*******д олгосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******гээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ