Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 56

 

 

     2025     09        23                                               2025/ДШМ/56

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Ж.Батбаатар, нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 07ы өдрийн 2025/ШЦТ/164 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2536000000015 дугаартай хэргийг 2025 оны 09 дугаар сарын 03ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгохишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 17-нд Ховд аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа ажилладаг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* тоотод оршин суух, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял шийтгүүлсэн, ******* ******* ******* *******гийн Баянхүү.

2. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтуургаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ

3. Ховд аймгийн прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ******* ******* *******гийн Баянхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******гийн Баянхүүг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолын 1,2,3 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5,400,000 төгрөгийн торгох ялыг 1 нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхээс торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

4.7 Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.8 Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох болон эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгаж,

4.9 Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

4.10 Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 2024/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийг хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга авч шийдвэрлэсэн байсан.  Мөн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтуугаар буюу 1.11 хувийн согтолттойгоор 54-55 ХОЕ улсын дугаартай "Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант ******* нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхээс 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 2025/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******гийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үйлдэлд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад "2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолын 1, 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийтгэсүгэй.” гэж, Шийтгэх тогтоолын 4 дэх заалтад "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ эрх хасах ялыг нэмж нэгтгэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь "ял оногдуулж”, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биелүүлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүгдэгчид ял оногдуулахыг үүрэг болгосон гэсэн агуулгыг илэрхийлнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ялтан шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, хуульд заасан журмын дагуу хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх бол нэг ижил төрлийн ялыг заавал нэмж нэгтгэнэ. Эрх хасах ялын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид нийтийн албанд ажиллах, томилогдох, сонгогдох, тээврийн хэрэгсэл жолоодох, тодорхой төрлийн, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах зэргээр хуульчлагдсан байдаг. Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэг төрлийн эрхийг нь хасах ял шийтгэсэн бол нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох ба хэд хэдэн өөр эрхийг нь хасах байдлаар ял шийтгэсэн тохиолдолд тус тусад нь эдлүүлэхээр тогтоох юм. Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

2.  Шүүгдэгч ******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант ******* нутаг дэвсгэрт согтуугаар буюу 1,11 хувийн согтолттойгоор 54-55 ХОЕ улсын дугаартай Пробокс загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

3. Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолын 1,2,3 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 5,400,000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаанд хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

3. Прокурор эсэргүүцэлдээ “ Анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ эрх хасах ялыг нэмж нэгтгэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн..., бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон этгээдэд хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэг төрлийн эрхийг нь хасах ял шийтгэсэн бол нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.         

 

3.1 Шүүгдэгч *******г Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий  байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Тэрээр дээрх нэмэгдэл болон үндсэн ялаа эдэлж дуусаагүй байхдаа буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант ******* нутаг дэвсгэрт согтуугаар буюу 1,11 хувийн согтолттойгоор 54-55 ХОЕ улсын дугаартай Пробокс загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс гэм буруутайд тооцож, түүнд мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгож, шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн бөгөөд зөвхөн үндсэн ял буюу торгох ялыг нэмж нэгтгэсэн байна.

3.2 Анхан шатны шүүх шүүгдэгч *******гийн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь хууль бус гэдгийг ухамсарлаж мэдсээр байж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэгт тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            3.3 Харин анхан шатны шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэг төрлийн эрх хасах ялаар шийтгэсэн байхад уг эрх хасах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох байтал шүүгдэгч *******д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялтай нэмж нэгтгэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

3.4  Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” алдааг давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар засах боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/164 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА

 

     ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР  

 

     ШҮҮГЧ                                            Ж.ОТГОНХИШИГ