| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 101/2024/07692/И |
| Дугаар | 192/ШШ2025/10602 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/10602
| 2025 оны өдөр | 12 сар 1110 р 192/ШШ2025/10602 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б***
Хариуцагч: ***
Хариуцагч: Х***
Гэрээний үүрэгт 164,378,848 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 72,360,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч ***, хариуцагч нарын өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Эхнэр бид 2 ****т 414 м.кв талбайг тоног төхөөрөмжийн хамт худалдахаар 2021 оны сүүлээр зуучаар дамжуулж зар тавьсан. 2022 оны хавар уг зарын дагуу ****анх ирж уулзсан. Эхнэр бид хоёр нийт 950,000,000 орчим төгрөгийн өртөгтэй гэж үзэж 800,000,000 төгрөгөөр үйлчилгээний талбайгаа тоног төхөөрөмжтэй нь зарна гэж зар тавьсан. 2022 оны хавраас хойш хариуцагчтай 4,5 удаа биечилж уулзаж, олон удаа утсаар ярьсны дүнд 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр баталгаажуулсан, дэлгүүр хүлээлцсэн тооцоо нийлсэн акт байгуулсан. Дэлгүүрийн талбайг 800,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөг хямдруулаад 790,000,000 төгрөгөөр өгсөн. Барааг ирж байгаа өртгөөр нь 150,000,000 төгрөгөөр үнэлж өгөхөөр тохиролцож, нийт 940,000,000 төгрөгөөр худалдах авахаар амаар харилцан тохиролцсон.
****нь зээлээр худалдаж авах хүсэлтэй байсан, зээл нь 2023 оны 01 дүгээр сарын дундуур бүтэж 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дэлгүүрээ хүлээлцэж өгөх болсон. Дэлгүүрээ хүлээлцэж өгөхдөө дэлгүүр хүлээлцэж, тооцоо нийлсэн акт үйлдэж дэлгүүрээ хүлээлгэж өгсөн. Уг актад заасны дагуу 127,000,000 төгрөгийн барааг тоолж хүлээлгэж өгсөн. ****нь эхнэр ***болон өөр нэг залуутай тоолж авсан. Худалдах үнээр бараг 160,000,000 орчим төгрөгийн бараа болж байгаа, үүнийг 127,000,000 төгрөг буюу өртгөөр нь хүлээлгэж өгсөн. Барааг хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн актад Ц*нар*** хоёулаа гарын үсэг зурж баталгаажуулсан. Улмаар бидний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж, нэхэмжлэгч нь дэлгүүрийг холбогдох бичиг баримтын хамт хүлээлгэн өгөх, хариуцагч нь гэрээний зүйлийн үнийг тогтсон хугацаанд бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Бүх зүйлээ хүлээлгэж өгсний дараа хариуцагч нь өнөө, маргааш, банкнаас зээл хөөцөлдөж байгаад удахгүй төлнө гэх байдлаар утсаа авахгүй, зугтах хандлагатай болж эхэлсэн. 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шаардаж байгаад харилцан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан***. * нь өгөх гээд мөнгө байхгүй, зээл хөөцөлдөж байгаа, удахгүй бүтнэ, 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд төлнө, 3 хүүхэд маань Орчлон сургуульд сурдаг, төлбөрийн асуудал давхцаад байгаа тул удахгүй төлнө, удаасны хариуцлага болгож танд 6,000,000 төгрөг өгье, 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлж чадахгүй бол алданги тооцно гэх мэт зүйл ярьж гэрээ хийсэн. 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн харилцан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний 3.5 дугаарт төлбөр төлөгч нь үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой байсан хугацаа болон төлбөр төлөх хүртэлх үлдсэн хугацааг оролцуулан төлбөр авагчид гэрээний үүргийн хариуцлага болгож 6,396,000 төгрөгийг нэмж төлөхөөр, харин 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх үүргээ зөрчвөл хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн 0.1 хувиар алданги төлөхөөр заасан.
Хариуцагч нараас барааны төлбөр 134,296,320 төгрөг, гэрээний хариуцлага 6,396,000 төгрөг, мөн алдангийг үндсэн үүргийн 50 хувь хүртэл тооцсон 67,148,160 төгрөг өнөөдрийн байдлаар 201,444,480 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга: 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч **** үйлчилгээний талбайг 790,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.2 дугаарт 414 м.кв хэмжээтэй талбай хүнсний дэлгүүрийг тоног төхөөрөмжийн хамт 790,000,000 төгрөгөөр худалдаж авсан байгаа. Уг мөнгийг манай талаас 136,740,000 төгрөгийг бэлнээр өгч, ****72 м.кв талбай бүхий байрыг зах зээлийн үнээс хямдраад 253,260,000 төгрөгөөр тооцож өгсөн, банкаар 400,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч худалдан авсан. Гэтэл анхны худалдах, худалдан авах гэрээгээ зөрчөөд шууд 940,000,000 төгрөг гээд зөрүү мөнгө нэхэмжлээд байна. Мөн барааны мөнгө болох 127,900,320 төгрөгийг бартерын байрны худалдан борлуулсан үеийн зөрүү дүнг бидэнд гаргаж өгөхөө аман тохироогоор тохирсон юм. Анх уг үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 5 дугаар сард очиж уулзахад 800,000,000 төгрөгөөр өгнө гэж надад ойлгуулсан ч сүүдээ аман гэрээ нь тийм биш болж таарсан. Мөн тухайн үед дэлгүүр ажиллуулж байсан туршлага байхгүй гэхэд өөрийн дүү ****г хариуцуулаад өгье, та хэдэд туслаад үйл ажиллагааг чинь аваад явна гэж байсан. Бид ****үргэлжлүүлэн менежер албан тушаалаар нь ажиллуулсан боловч манай дэлгүүрийн үйл ажиллагааг цалгардуулан 50,000,000 төгрөгийн бараа дутаалттай, 80,000,000 төгрөгийн өр төлбөртэй болгосон. Мөн бидэнд хэлэлгүйгээр хаяж яван өдийг хүртэл сураггүй байгаа нөхцөл байдалтай байгаа юм. 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн харилцан тооцоо нийлж, төлбөр барагдуулах үндэслэл нь тухайн үед бидний аман тохирооны нэг хэсэг болох бартераар гэрээлсэн байрны худалдан борлуулах үеийн үнийн дүнгийн зөрүүг бидэнд өгөх тухайгаа баталгаажуулах, нөгөө талдаа бас нэхэмжлэгч талд өгөх барааны тооцоогоо 2 талаасаа баталгаажуулж авах зорилгоор байгуулсан гэрээ юм.
Уг гэрээний 6 дугаар зүйлд бусад нөхцөл хэсгийн 6.6-д заасан ..хэрэв талууд энэхүү үл хөдлөх хөрөнгийг цаашид худалдан борлуулах тохиолдолд захиалагчийн эрхийг шилжүүлсэн гэрээний үнийн дүн болох 236,260,000 төгрөгөөс илүү гарсан зөрүү мөнгөний 20 хувийг төлбөр авагч, 80 хувийг төлбөр төлөгч тал авахаар тохиролцов. Энэ нь бидний анхны аман тохиролцоог нотолж байгаа бөгөөд бид хэн нэгэн хүнийг залилах ямар нэгэн сэдэл огтхон ч байхгүй билээ. Иймд уг нэхэмжлэлд дурдсан үлдэгдэл төлбөр болох 127,900,300 төгрөг нь худалдах, худалдан авах гэрээний нэг хэсэг биш бөгөөд бид сүүлд харилцан тохиролцсоны дагуу үйлдсэн өр авлагаа харилцан баталгаажуулах шинж чанартай тусдаа гэрээ, мөн нэмэлт төлбөр болох 6,396,000 төгрөг нь нэгэнт гэрээний нэг хэсэг биш, алдангийн дүн гэгдэх 30,008,528 төгрөг нь сүүлд харилцан тохиролцсон гэрээний нэг хэсэг бөгөөд гэрээ нь үлдэгдэл бараа худалдах, худалдан авах тухай л болохоос ямар нэгэн зээлийн шинж чанартай гэрээ биш учраас алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлээд бартерын байрыг нэр дээр нь шилжүүлж, үлдсэн төлбөрийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн үед бартерын байрны орон сууцны м.кв нь 4,500,000 төгрөг байсан бөгөөд энэхүү байр нь өнөөдөр 5,500,000 төгрөгийн үнэтэй, ирээдүйд өсөх нь тодорхой байсан тул бид бартерын байрны үнийн зөрүүг тооцох үүднээс төлбөр барагдуулах гэрээний 6.6-т тодорхой заасан. Тиймдээ ч нэхэмжлэгч болон барилгын компанийн хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний 2.1-т м.кв нь 4,500,000 төгрөгөөр бодож захиалгын гэрээ байгуулсан. Нийт 325,000,000 төгрөгийн үнэ хүрч байна. Ийм үнэтэй орон сууцыг бид анхны худалдах худалдан авах гэрээний 3.2-т орон сууц нь ердөө 253,260,000 төгрөгөөр бодож өгсөн. Анх орон сууцны захиалгын гэрээнд заасан 1 м.кв 4,500,000 төгрөгийн зөрүүг 72,360,000 төгрөг болж байгаа. Уг тооцоог бид бодож ийнхүү гэрээнд заасан. Өнөөдөр нэхэмжлэгч 325,000,000 төгрөгийн үнэ бүхий байрны эрхийг 253,000,000 төгрөгөөр бодож шилжүүлсэн. Тэрээр 72,000,000 төгрөгийн ашигтай, илүү мөнгөө авсан атлаа өнөөдөр дахин үндэслэлгүйгээр бараа гэж төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй.
Гуравдугаарт нэхэмжлэгч гэрээнд огт тусгаагүй хариуцлага гэж 6,000,000 төгрөг мөн 30,000,000 төгрөгийн алданги гэж шаардаж байна. Бидний байгуулсан үндсэн гэрээ болох 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнд ийнхүү хариуцлага хүлээх заалт байхгүй. Харин харилцан тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ нь бидний байгуулсан үндсэн гэрээ биш, тооцоо нийлсэн актыг тэрээр гэрээ байгуулъя гэж шаардсаар зуруулж гэрээ болгож, улмаар энэхүү гэрээнд алданги зааж, анхны гэрээг өөрөө өөрчилж 940,000,000 төгрөг болгож, үндэслэлгүйгээр амаар тохирсон анхны гэрээг зөрчиж, гэрээний үүрэг зөрчсөн мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч дээрх тохиролцоог үгүйсгэж, барааны төлбөр, түүнээс алданги шаардаж байгаад гомдолтой байна. Нэгэнт тэрээр анх тохирсон зүйлээ ийнхүү өөрчилж, төлбөр шаардаж байгаа тохиолдолд миний бие дээрх байрны зөрүүг мөн гаргуулах хүсэлттэй байна. Хэдийгээр байр өнөөдөр зах зээлийн үнэ нь 1м.кв нь 5,500,000 төгрөг болсон ч миний бие 1м.кв үнийг 4,500,000 төгрөгөөр тооцож зөрүүг шаардаж байна. Тодруулбал Х**** 72.36м.кв талбай бүхий байрыг 1м.кв нь 4,500,000 төгрөгөөр тооцож нийт 325,620,000 төгрөгийн үнэ бүхий захиалгын байрыг 253,260,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн боловч тэрээр барааны төлбөрөө нэхэмжилж байгаа тохиолдолд **** дээрх барааны зөрүү 72,360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
3. Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Бид 2021 оны сүүлээр дэлгүүрээ худалдахаар шийдэж үйлчилгээний заалаа тавилга, тоног төхөөрөмжийн хамт 800,000,000 төгрөг, бараагаа өртгөөр нь 150,000,000 төгрөгт тус тус үнэлээд нийт 950,000,000 төгрөгөөр зарах тооцоог хийсэн. Ингээд үл хөдлөхийн зуучтай гэрээ хийгээд 2021 оны 11 сард зар явуулсан. Гэрээ хийхдээ зөвхөн 414м.кв талбайн хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө, тавилга, тоног төхөөрөмжтэй нь 800,000,000 төгрөгт үнэлж худалдах зар явуулсан. Бараа материалын үлдэгдэл 150,000,000 төгрөгийг зард нийтлээгүй 2 шалтгаантай. Үлдэгдэл барааны эргэлтийн мөнгөний тоо нь тогтмол өөрчлөгдөж байдаг, үл хөдлөхийн зууч компанийн агенттай зөвлөлдөөд барааны үлдэгдэл тогтмол тоо биш тул тоог зард нийтлэх нь тохиромжгүй гэж үзсэн. Хариуцагч нар нь хариу тайлбартаа үл хөдлөх эд хөрөнгийг бараатай нь хамт 800,000,000 төгрөгөөр өгнө гэж ойлгуулсан гэжээ. Энэ нь худал зүйл бөгөөд ингэж ойлгох ямар ч боломжгүй ба буруу ойлгосон бол хэлэлцээрээс хэдийд ч татгалзаж болох байсан. Бид хавраас хойш 4,5 удаа уулзаж, утсаар ярилцаж, хожим дэлгүүр хүлээлцэхдээ баталгаажуулсан. Би гэрээнд зааснаа бүгдийг биелүүлж компаниа шилжүүлж өгсөн. Татвар болон нийгмийн даатгал, цалин, харилцагч компани болон бусдад ямар ч өр төлбөргүй зүйлийг хүлээлгэж өгсөн.
Мөн хариу тайлбартаа барааны мөнгө болох 127,900,320 төгрөгийг бартерын байрны худалдан борлуулсан үеийн зөрүү дүнг бидэнд гаргаж өгөхөө аман тохироогоо тохирсон гэж бичсэн байгаа нь хариуцагч тал барааны мөнгө 127,900,320 төгрөгийг надад төлөх ёстойгоо хүлээн зөвшөөрсөн байна. Харин бартерын байрны зөрүү дүнг нэхэмжлэгч нь хариуцагч талд гаргаж өгөхөөр тохиролцсон гэсэн утгатай ойлгомжгүй худал зүйлийг тайлбартай бичжээ. Ийм яриа огт болоогүй, бидний хооронд хийгдсэн хэлцэл бол зөвхөн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр баталгаажуулсан Дэлгүүр хүлээлцэж тооцоо нийлсэн актад заасан зүйлс юм. Хариуцагч тал орон сууцыг 1м.кв-г 3,500,000 төгрөгөөр тооцож, нийт 253,260,000 төгрөгийн бартерт байрны захиалгын гэрээг миний нэр дээр шилжүүлж өгөх үүрэг хүлээсэн. Тухайн байр нь тухайн үед 3 давхрын цутгалт дээрээ барилгын ажил нь зогссон байсан. Санхүүжилтгүй ажил нь зогссон барилгыг яармагийн шилдэг төсөл мэтээр ойлгуулж зарсныг хожим мэдсэн. Бартерт өгсөн байр нь гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орохгүй нь тодорхой болсон тул би хариуцагч талд зарсан үнээрээ буцаагаад ав, эсхүл зараад өгөөч гэсэн саналыг тавьсан. Тодруулбал 253,260,000 төгрөгөөс дээш үнээр зараад өгвөл илүү мөнгөний 80 хувиар шагнана, баталгаатай болгохын тулд гэрээндээ ийм заалт оруулах саналыг хариуцагчид тавихад зөвшөөрч гэрээндээ энэ тохиролцоог оруулсан. Гэхдээ би хариуцагчид жилийн хугацаа өгсөн ба тэр энэ хугацаанд зарж чадаагүй. Мөн тухайн үед төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн санхүүгийн тодорхойлолтыг гаргаж өгч байсан ч барилгын гүйцэтгэгч *Х***ХК-н захирал *** нь тухайн байр 98,620,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн санхүүгийн тооцоо гаргаж өгдөг. Мөн бидний зүгээс дэлгүүрийн үйл ажиллагааг чинь хариуцаад явна гэж амлаагүй. Бид дэлгүүрээ хүлээлгэж өгч тооцоо нийлж өртгөөрөө 127,900,320 төгрөгийн бэлэн барааг хүлээлгэж өгсөн. Энэ үеэс хойш би компанийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болж, дахиж тийшээ очоогүй. Тухайн компанийн дотоод ажлыг би огт мэдэхгүй, надад огт хамаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: дэлгүүр хүлээлцэж, тооцоо нийлсэн акт, эд хөрөнгийн жагсаалт, 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн харилцан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний хуулбар, ****гэх гар бичмэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2024/19503 дугаар захирамжийн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний хуулбар, тодорхойлолт
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: хариуцагч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч * ***нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 164,378,848 /үндсэн төлбөр 134,296,320, алданги 30,008,528/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа үндсэн төлбөр 134,296,320 төгрөг, алданги 67,148,160 төгрөг, орон сууцны үнийн төлөгдөөгүй хэсэгт 98,620,000 төгрөг, нийт 300,064,480 гаргуулахаар ихэсгэж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шаардлагаа 98,620,000 төгрөгөөр багасгаж, 201,444,480 төгрөг гаргуулах, хариуцагч гэрээний төлбөрт шилжүүлэн өгсөн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн зөрүү 72,360,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. /хх-ийн 49, 70/
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1 Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн гэж маргасан.
Хариуцагч ****нь нэхэмжлэгч **** 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 644 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, эрхийн улсны бүртгэлийн ****дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *** /18140/, ****м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 790,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ. /хх-ийн 54/
Гэрээнд зааснаар хариуцагч нь худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 136,740,000 төгрөгийг дансаар шилжүүлэх, Хан-Уул дүүргийн ****өрөө, 72,36 м.кв талбайтай орон сууцны захиалагчийн эрхийг 253,260,000 төгрөгөөр тооцон шилжүүлэх, үлдсэн 400,000,000 төгрөгийг банкны зээлээр 2022 оны 10 дугаар сарын 30-ны дотор шилжүүлэн өгөхөөр заасан байна. /хх-ийн 56/
1.2 Гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр эсэх, үл хөдлөх хөрөнгийн үнэ төлөгдсөн тухайд талууд маргаагүй бөгөөд 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Дэлгүүр хүлээлцэж тооцоо нийлсэн акт гэх баримт үйлдэж дэлгүүрт байсан бараа, материалын үнийг 150,000,000 төгрөг гэж тогтоожээ. /хх-ийн 4/
Талууд 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Харилцан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж /нотариатаар гэрчлүүлсэн/, хариуцагч нар үлдэгдэл төлбөр 127,900,320 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 30-ны дотор төлөх, гэрээний хариуцлагад 6,396,000 төгрөгийг төлбөр төлөгч нэмж төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцох, захиалгын эрхээ шилжүүлсэн орон сууцыг 2024 оны 5 дугаар сард багтаан 235,260,000 төгрөгөөс илүү үнээр худалдсан тохиолдолд зөрүү мөнгөний 20 хувийг нэхэмжлэгч /төлбөр авагч/ 80 хувийг хариуцагч /төлбөр төлөгч/ авах, энэхүү гэрээ нь 644 тоот худалдах, худалдан авах гэрээний салшгүй хэсэг болохыг тохиролцсон байна. /хх-ийн 8/
Тооцоо нийлсэн акт гэх баримтад хариуцагч*** * нар, Харилцан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээнд төлбөр төлөгч талыг төлөөлөн хариуцагч ***х, нөгөө талд нэхэмжлэгч М**** гарын үсгээ зурсан, мөн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч *** нь үлдэгдэл төлбөрийг 2024 оны 6 сард багтаан төлөхөө бичгээр илэрхийлжээ. /хх-ийн 10/
Хариуцагч нар дээр дурдсан баримтуудыг үгүйсгэх, татгалзлаа нотолсон баримтыг гарган өгөөгүй, няцаагаагүй, гэрээгээр шилжүүлэн өгөхөөр тохирсон орон сууцны зах зээлийн үнэ өссөн, нэхэмжлэгчийн дүү*** манай дэлгүүрт ажиллаж байхдаа бараа дутагдуулсан гэх тайлбар нь үндэслэл муутай, хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байгаа болно.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний зүйл болох үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дэлгүүрт байсан бараа, бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч хүлээлгэн өгсөн байхад хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж дүгнэв.
1.3 Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /дагалдах 120 ширхэг зүйлсийг нэг бүрчлэн дурдсан жагсаалтаар хүлээн авсан/-ийг 790,000,000 төгрөгөөр худалдан авч үнийг нь төлсөн, харин дэлгүүрт байсан бараа материалын үнэ 127,900,320 төгрөг /2023.09.30-ны дотор төлөх/, гэрээний хариуцлага гэх байдлаар харилцан тохиролцсон 6,396,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Харин алданги тооцсон хугацааны тухайд 301 хоног /2023.10.01-2024.09.01/ хоног, гүйцэтгээгүй үүргийн дүнг 134,296,320 төгрөгөөс бус үндсэн төлбөр 127,900,320 төгрөгөөс тооцож алдангийн хэмжээг 38,496,000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Алданги тооцох үндэслэл бий болсон нь тогтоогдсон, талууд алдангийн тухайд бичгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4. 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
1.4 Хариуцагч Л**** нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд нэхэмжлэгчээс худалдан авсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хамтран эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч гэрээний үүргийг хамтран хариуцуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй байх тул хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид болно.
1.5 Иймд хариуцагч *** нараас 172,792,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нар нь дэлгүүрийн барааг тоолж хүлээн аваагүй, сүүлд тоолоход бараа дутагдсан, мөн нэхэмжлэгчийн дүү *** дэлгүүрт ажиллаж байхдаа бараа дутаасан гэж маргасан боловч баримтаар нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэгч ****й 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 644 дугаартай худалдах, худалдан авах гэрээний төлбөрт Хан-Уул дүүргийн**** өрөө, 72,36 м.кв талбайтай орон сууцны захиалагчийн эрхийг шилжүүлэхдээ 1 м.кв-ыг нь 3,500,000 төгрөг, нийт үнийг 253,260,000 төгрөг байхаар тооцсон ч уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ нь 5,500,000 төгрөг байгаа тул зөрүү 72,360,000 гаргуулна гэж тайлбарласан.
Талуудын хооронд байгуулсан Харилцан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ээр 6.6 дахь заалтаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, түүнийг тохиролцсоноос с илүү үнээр зарсан тохиолдолд хэрхэх талаар тохиролцсон бөгөөд захиалагчийн эрхийг нь шилжүүлсэн орон сууц ашиглалтад ороогүй байгаа нь тогтоогдсон.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан.
Гэрээний талууд төлбөрт тооцон шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гэрээ байгуулах үеийн ханшаар хэлэлцэн тохирсон байх бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн гэх байдал нь хариуцагч нар зөрүүг буцаан шаардах үндэслэл болохгүй тул сөрөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 222.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ****нараас 172,792,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** олгож, нэхэмжлэлээс 28,652,160 төгрөгийн шаардлагыг болон нэхэмжлэгч *** 72,360,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,819,586 төгрөг, хариуцагчийн төлсөн 520,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,021,911 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ