| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 2439000000154 |
| Дугаар | 2025/ДШМ/41 |
| Огноо | 2025-09-04 |
| Зүйл хэсэг | 10.1.2.6., |
| Улсын яллагч | Б.Б |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/41
2025 09 04 2025/ДШМ/41
*******-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Прокурор: Б.Б ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: О.О , Ч.Б ,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Ганзоригийн бичсэн эсэргүүцлээр, шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 14-ний шөнө Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар баг “2 дугаар цэцэрлэг”-ийн зүүн талд байрлах гудамжинд “намайг хутгалсан” гэх шалтгааны улмаас О.Ө, Ч.Ц нартай маргалдаж, О.Ө-д хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай, зулай хэсгийн хуйхны дотор гадаргуу, баруун, зүүн талын чамархайн булчинд цус хуралт, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэн, бага тархины баруун дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, уртавтар тархи, гүүрэнд цус харвалт, тархины няцрал, тархины хаван, тархи дарагдал, баруун 5, 6-р хавирга, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, зөөлөн эдийн няцрал, завжинд шарх, дух, чамархайн хуйх, сарвуу, шуунд зулгаралт, зүүн дээд зовхи, уруулын дотор салст, шуу, бугалга, сарвуунд цус хуралт, Ч.Ц-т цээж, хэвлийн хөндийн цусан хураа, элэгний бяцарсан шарх, нарийн гэдэсний урагдал, уушгины няцрал, чацархайн няцрал, зулай, дух, чамархай. бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн булчин, шар хальс, дагз, зулай хэсгийн хуйхны цус хуралт, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, баруун 5, 6-р хавирга, зүүн 5, 6, 7-р хавирганы хугарал, чамархай, зулай, хацар, дээд зовхи, хөмсөг, хамар, уруул, завж, эрүү, чих, шуу зулгаралт, дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд учруулсны улмаас тэдгээр нь нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газраас *******-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “Хоёр хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар шүүгдэгч *******-д 18 (арван найм) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 406 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчээс 26,522,609 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.-т, 20,004,540 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-д олгож шийдвэрлэжээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Г давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн, сэтгэцэд учирсан хохирлыг буруу тогтоосон гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 14-ний шөнө Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар баг "2 дугаар цэцэрлэг"-ийн зүүн талд байрлах гудамжинд "намайг хутгалсан" гэх шалтгааны улмаас О.Ө, Ч.Ц нартай маргалдаж, О.Ө-д хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай, зулай хэсгийн хуйхны дотор гадаргуу, баруун, зүүн талын чамархайн булчинд цус хуралт, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэн, бага тархины баруун дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, уртавтар тархи, гүүрэнд цус харвалт, тархины няцрал, тархины хаван, тархи дарагдал, баруун 5, 6-р хавирга, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, зөөлөн эдийн няцрал, завжинд шарх, дух, чамархайн хуйх, сарвуу, шуунд зулгаралт, зүүн дээд зовхи, уруулын дотор салст, шуу, бугалга, сарвуунд цус хуралт, Ч.Ц-т цээж, хэвлийн хөндийн цусан хураа, элэгний бяцарсан шарх, нарийн гэдэсний урагдал, уушгины няцрал, чацархайн няцрал, зулай, дух, чамархай. бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн булчин, шар хальс, дагз, зулай хэсгийн хуйхны цус хуралт, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, баруун 5, 6-р хавирга, зүүн 5, 6, 7-р хавирганы хугарал, чамархай, зулай, хацар, дээд зовхи, хөмсөг, хамар, уруул, завж, эрүү, чих, шуу зулгаралт, дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд учруулсны улмаас тэдгээр нь нас барсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би хохирогч О.Ө, Ч.Ц нарын амь насыг хохироосноо хүлээн зөвшөөрч байгаа, харин санаатай алаагүй, санамсаргүй, болгоомжгүй байдлаар амь насыг нь хохироосон, хэргийн зүйлчлэл хэт хүнд байна...” гэж маргасан байна.
Мөн шүүгдэгч ******* нь хоёр хүний амь насыг зэрлэгээр хохироосон, урьд нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт удаа, дараа ял шийтгүүлж байсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэр төдий төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэгт 18 (арван найман) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохироогүй буюу шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хөнгөдсөн гэж үзэж байна.
Түүнчлэн: Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр тооцож олгосон нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл тухайн хэрэг учрал болсон цаг хугацаа нь 2024 оны 4 дүгээр сарын 14-ний шөнө гарсан байдаг. Тухайн цаг хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 660.000 төгрөгөөр тогтоож, хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.
Шүүхээс хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан "Хоёр хүнийг алах" гэсэн хэргийн зүйлчлэл хүнд байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "хоёр хүний амь насыг болгоомжгүй хохироосон" гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх санал, дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х “...энэ хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан "Хоёр хүнийг алах" гэмт хэрэг биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нар нас барсан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх...” талаар санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон, шүүхийн тогтоолд дээрх шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан саналд хэт ерөнхий, дүгнэлт хийж, няцаан үгүйсгэж чадаагүй, хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.
Иймд Хэнтий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/ 128 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...“ гэжээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь хоёр хүний амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь “2 хүний амь насыг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, харин санамсар болгоомжгүй үйлдсэн, намайг зүйлчилж байгаа нь хэт хүнд байна” гэдэг байдлаар маргасан, харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т, Ж.Х нар нь “энэ гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэг, хүнд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэдэг байдлаар” маргаж шүүхээс 18 жилийн хорих ял оногдуулан шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 18 жилийн хорих ял нь хөнгөдсөн гэж үзээд прокуророос эсэргүүцэл бичсэн. Мөн түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй юм. Тухайн үед мөрдөж байсан хуулиар 660,000 төгрөгөөр тооцож олгохоор байсныг 792,000 төгрөгөөр тооцож олгосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан "Хоёр хүнийг алах" гэсэн хэргийн зүйлчлэл хүнд байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "хоёр хүний амь насыг болгоомжгүй хохироосон" гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх санал дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х энэ хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан "Хоёр хүнийг алах" гэмт хэрэг биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нар нас барсан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх талаар санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон. Гэтэл шүүх хоёр өмгөөлөгчийн саналд дүгнэлт хийгээгүй, шүүх яагаад болгоомжгүй гэмт хэрэг биш гэж үзсэн, яагаад санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, яагаад гэмтлийн улмаас нас барсан гэдэг дээр дүгнэлт хийгээгүй нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичсэн...“ гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* нь өмнө амь хохирогч нарыг харж байгаагүй, таньдаггүй байсан, асуудал маш богинохон хугацаанд, харанхуй нөхцөлд болсон гэдгийг тайлбарлаж хэлдэг. Миний үйлчлүүлэгч прокурорын эсэргүүцэл дээр хариу тайлбар өгсөн болохоос биш ямар нэгэн байдлаар ял хүндэдсэн, зөвшөөрөхгүй байна гэдэг гомдол гаргаагүй. 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэдгээ хариу тайлбараараа илэрхийлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгөөр тооцож О.О-т 26,522,609 төгрөг, Ч.Б-д 20,004,540 төгрөг олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хойших зөрчлүүдийн талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорт тухай бүр нь гомдол гаргаж, хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлж хариу авдаг байсан. Гэхдээ үүний талаар анхан шатны шүүхэд нэг нэгэнгүй ярьж асуудал гаргаагүй. Учир нь миний үйлчлүүлэгч хоёр хүний амь насыг хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Иймд 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Уг шүүх хуралдаанд би прокурортой хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, энэ зүйл анги хүнд байгаа тул хөнгөн зүйл ангиар зүйлчилж өгнө үү гэдэг хүсэлт гаргасан болохоос маргалдаж, мэтгэлцээгүй. Би хавтаст хэрэгт зөрчилтэй бүх материалуудыг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хойш байнга илэрхийлж ирсэн ч засаж өгөөгүй. Гэхдээ би үүнд ямар нэгэн гомдол санал гаргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор болсон сэтгэл санааны хохирлыг хэвээр үлдээж өгнө үү. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт нөхөн төлбөр илүү өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд улсын яллагч Н.А надад ял сонсгохдоо 18 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. Би тухайн үед шүүх бүрэлдэхүүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэдэг хүсэлт гаргасны дагуу намайг хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Би прокурорын эсэргүүцэлд бичигдсэн зөрчлүүдийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна, надад гомдол санал байхгүй. ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор болсон хохирлыг хэвээр үлдээж өгнө үү. Сэтгэцэд учирсан хохирлыг 660,000 төгрөгөөр бодохоор маш их хэмжээгээр хасагдах юм байна лээ. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шийтгэх тогтоолоор тогтоосон хохирлыг энэ чигээр нь төлье гэсэн бодолтой байна. Иймд 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд: “...Манай ах уул уурхайд ажилладаг байсан. Тэтгэвэрт гарахаас 6 сарын өмнө хүнд алуулсан. Ах маань амиа алдана гэдэг маш их харамсалтай байна. Хохирол дээр гомдолтой, ял нь багадсан гэдэг дээр санал нэг байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О давж заалдах шатны шүүх хуралдаанд: “...Манай хүү 45 настай, тухайн үед сонсгол муу группт байдаг байсан. Заримдаа архи уудаг байсан ч гэсэн надад үнэхээр их харамсалтай байна. Бид хоёрт тус бүр 3,000,000 төгрөг өгч, сар болгон 300,000 төгрөг өгч байхаар нотариат орж тохиролцсон. Гэтэл үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй, утас руу нь залгахаар утсаа авдаггүй. Надад үнэхээр гомдолтой байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Г-н бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 14-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “2 дугаар цэцэрлэг”-ийн зүүн талд байрлах гудамжинд “намайг хутгалсан” гэх шалтгааны улмаас О.Ө, Ч.Ц нартай маргалдаж, О.Ө-д хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай, зулай хэсгийн хуйхны дотор гадаргуу, баруун, зүүн талын чамархайн булчинд цус хуралт, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэн, бага тархины баруун дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, уртавтар тархи, гүүрэнд цус харвалт, тархины няцрал, тархины хаван, тархи дарагдал, баруун 5, 6-р хавирга, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, зөөлөн эдийн няцрал, завжинд шарх, дух, чамархайн хуйх, сарвуу, шуунд зулгаралт, зүүн дээд зовхи, уруулын дотор салст, шуу, бугалга, сарвуунд цус хуралт, Ч.Ц-т цээж, хэвлийн хөндийн цусан хураа, элэгний бяцарсан шарх, нарийн гэдэсний урагдал, уушгины няцрал, чацархайн няцрал, зулай, дух, чамархай. бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн булчин, шар хальс, дагз, зулай хэсгийн хуйхны цус хуралт, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, баруун 5, 6-р хавирга, зүүн 5, 6, 7-р хавирганы хугарал, чамархай, зулай, хацар, дээд зовхи, хөмсөг, хамар, уруул, завж, эрүү, чих, шуу зулгаралт, дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд учруулсны улмаас тэдгээр нь нас барсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: *******-г “Хоёр хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 406 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчээс 26,522,609 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-т, 20,004,540 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-д олгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 14-ний шөнө Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар баг, “2 дугаар цэцэрлэг”-ийн зүүн талд байрлах гудамжинд “намайг хутгалсан” гэх шалтгааны улмаас О.Ө, Ч.Ц нарыг зодож алсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 4-9-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 21-29-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-н мэдүүлэг /1 хх-ийн 50-51-р хуудас/,
Гэрч Ц.П /1 хх-ийн 60-61-р хуудас/, Д.О /1 хх-ийн 72-р хуудас/, Б.О /1 хх-ийн 77-р хуудас/ нарын мэдүүлэг
2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.Т-н №43 дугаар /1 хх-ийн 97-102-р хуудас/,
2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.Т-н №42 дугаар /1 хх-ийн 153-160-р хуудас/,
2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.Т-н №174 дугаар /1 хх-ийн 216-217-р хуудас/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн лабораторын шинжээч эмч Б.Г-н 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2515 дугаар /1 хх-ийн 222-223-р хуудас/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн лабораторын шинжээч эмч Б.Г-н 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2517 дугаар /1 хх-ийн 236-237-р хуудас/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч эмч Р.Н-н 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2513 дугаар /2 хх-ийн 3-4-р хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 485 дугаар /2 хх-ийн 46-48-р хуудас/ дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, болж өнгөрсөн үйл явдлыг бодитойгоор тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Түүнчлэн эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Г “...шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн, сэтгэцэд учирсан хохирлыг буруу тогтоосон, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүйлчлэлийн талаарх дүгнэлтэд ямар нэгэн тайлбар дүгнэлт хийгээгүй...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх дүгнэлт, тайлбар тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчид “...18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” талаар дүгнэлт гаргасныг хохирогчийн хууль төлөөлөгч нар эсэргүүцээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “...арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ...” гэж заасан ба анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч нарын саналыг харгалзан шүүгдэгчид 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 төгрөгөөр тооцож, оршуулгын зардлын хамт шүүгдэгчээс 26,522,609 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-т, 20,004,540 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-д олгож шийдвэрлэснийг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор болсон хохирлыг хэвээр үлдээж өгнө үү. Сэтгэцэд учирсан хохирлыг 660,000 төгрөгөөр бодохоор маш их хэмжээгээр хасагдах юм байна лээ. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шийтгэх тогтоолоор тогтоосон хохирлыг энэ чигээр нь төлье гэсэн бодолтой байна. Иймд 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн мэдүүлэг өгсөн тул хохирлын хэмжээг багасгах шаардлагагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийг болгоомжгүй хүний амь насыг хохироосон, хүнд гэмтлийн улмаас хүний амь нас хохирсон талаар санал дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн санаатайгаар хүний амь насыг хохироосон үйлдэл
Гэрч Ц.П-н “...2024 оны 04 дүгээр сарын 14-ний орой ...23 цаг 29 минутад Б дахин над руу видео калаар залгаад "агаа би согтчихсон байна ирээд ав" гэхээр нь "чи хаана явж байгаагаа харуулчих" гэхэд манай гэрийн урд талын сааданд явж байхаар нь би хувцсаа өмсөөд Б-ны өөдөөс гараад байрны үүдэнд явж байтал хүмүүс орилоод муудалцаад, зодолдож байгаа нь сонсогдож байсан. Тэгээд би 2 дугаар цэцэрлэгийн зүүн талаар урагшаа харанхуй гудамж руу ортол Б өөдөөс "ах аа намайг хүн хутгалчихлаа" гэж хэлэхээр нь би утасныхаа гэрлийг тусгаж тэр хавийг харахад 2 хүн газарт хол, хол зайтай хэвтэж байсан. Мөн Б-ны хутгалуулсан гэсэн хэсгийг харахад 2 газарт зүсэгдчихсэн шарх байсан. ...Тэгээд би эмнэлэг дуудъя гэхэд Б нь яах юм бэ гээд “энэ муу хоёрыг бүүр дуусгачихъя, ямар овоо гарууд вэ би ингэж хутгалуулж байгаагүй" гэж хэлж уурлаад тэр хоёр хүн рүү дайрсан. Тэгэхээр нь би Б-г болиулах гээд тэврээд автал надтай бас муудалцах гэхээр нь эвээр хэлж ойлгуулаад гэр рүүгээ оруулсан. Тэгтэл дахиад гэрээс гарах гээд уурлаж байгаад гарсан ...Тэр үед гэрлээ тусгаад харахад 2 дугаар цэцэрлэгийн зүүн урд талын гудамж хэсгийн хойд талд 1 хүн доошоо харчихсан байдалтай нэлээн урд талд бас нэг хүн дээшээ харчихсан амнаас нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд Б байсан. Өөр тэр хавиар хүн явж харагдаагүй. Тэгээд Б "би дуусгачихъя гүйцээчихье би ингэж хүнд хутгалуулж байгаагүй" гэж хэлэхээр нь би манай хүн л энэ 2 той муудалцаад ийм болгож дээ л гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 60-61-р хуудас/,
Гэрч Д.О-н “...Б-ийн цагаан өнгийн цамц нь цус болчихсон Б "намайг бүлчихлээ ш дээ" гэж хэлээд орилж байсан, П ах болохоор "сая гарсан чинь Б хүмүүстэй ноцолдож байсан тэгэхээр нь салгаад ирлээ" гэж хэлсэн. Тэгээд Б эргээд гүйгээд гараад явчихсан араас нь П ах дахин гарахдаа цагдаа руу залгаж дуудлага өгөөд тэгээд удалгүй цагдаа нар ирсэн байх...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 72-р хуудас/,
Гэрч Б.О-н “...өөрийгөө Батчулуун гэх өндөр залуу нь "би хүнд хутгалуулчихлаа" гэж хэлсэн. Тухайн хутгалуулсан гэх залуугийн цээжин биеийн баруун хэсэгт нь фудволкны дотор талаасаа цус нэвтэрсэн байдалтай байсан. Хаана юу болсон талаар асуухад тухайн залуу намайг үйл явдал болсон газар руу дагуулж явсан бөгөөд Хэрлэн 2 дугаар цэцэрлэгийн урд талын нарийн гудамжны хойд талаас очиход гудамжны хойд үзүүрт эрэгтэй хүн доошоо харсан байдалтай толгой орчмын хэсэг газар цусаар бохирлогдсон, мөн нарийн гудамжны дунд хэсэгт эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хамрын доод хэсэг цусаар бохирлогдсон байдалтай ухаангүй хоёулаа хурхирсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 77-р хуудас/,
2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.Т-н №43 дугаартай “...Талийгаач О.Ө-н цогцост хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай, зулай хэсгийн хуйхны дотор гадаргуу, баруун, зүүн талын чамархайн булчинд цус хуралт, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэн, бага тархины баруун дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, уртавтар тархи, гүүрэнд цус харвалт, тархины няцрал, тархины хаван, тархи дарагдал, баруун 5, 6-р хавирга, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, зөөлөн эдийн няцрал, завжинд шарх, дух, чамархайн хуйх, сарвуу, шуунд зулгаралт, зүүн дээд зовхи, уруулын дотор салст, шуу, бугалга, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлдлээр ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шокд орж нас баржээ...” гэх дүгнэлт /1 хх-ийн 97-102-р хуудас/,
2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.Т-н №42 дугаартай “...Талийгаач Ч.Ц-н цогцост цээж, хэвлийн хөндийн цусан хураа, элэгний бяцарсан шарх, нарийн гэдэсний урагдал, уушгины няцрал, чацархайн няцрал, зулай, дух, чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн булчин, шар хальс, дагз, зулай хэсгийн хуйхны цус хуралт, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, баруун 5.6-p хавирга, зүүн 5.6.7-р хавирганы хугарал, чамархай, зулай, хацар, дээд зовхи, хөмсөг, хамар, уруул, завж, эрүү, чих, шуу зулгаралт, дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлдлээр ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Талийгаач нь уушгины ээдэмцэрт үхжилт сүрьеэ өвчтэй байжээ. 7.Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас цочмог дотуур цус алдаж гэмтлийн шокд орж нас баржээ...” гэх дүгнэлт /1 хх-ийн 153-160-р хуудас/,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаан дээр өгсөн “...би хохирогч О.Ө, Ч.Ц нарын амь насыг хохироосноо хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул болгоомжгүй үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Мөн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.Т-н №43 дугаартай дүгнэлтэд “...Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шокд орж нас баржээ...” гэж /1 хх-ийн 97-102-р хуудас/,
2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.Т-н №42 дугаартай дүгнэлтэд “...Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас цочмог дотуур цус алдаж гэмтлийн шокд орж нас баржээ...” гэж /1 хх-ийн 153-160-р хуудас/ тус тус дүгнэгдсэнээс үзэхэд хохирогч нар нь гэмтлийн улмаас шууд амь нас нь хохирсон болох нь эргэлзээгүй тогтоогдсон, хохирогч нарын үхэлд өөр этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Г-н бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Г-н бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* цагдан хоригдсон 100 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.