Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01709

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01709

 



 

 

 

 

 

 

Ч.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01780 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч В.Батсүхэд холбогдох,

 

40 800 000 төгрөг гаргуулах үндсэн, 2017 оны 04 сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

 Нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаярын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: В.Батсүх нь миний төрсөн ах Ч.Баасанбаярт Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 000 м.кв талбай бүхий газрыг сарын хугацаанд авч өгөх санал тавьсныг хүлээн авсан. Ингээд В.Батсүх нь газрын төлбөрийг төл гэсэн шаардлагын дагуу миний бие ах Ч.Баасанбаяраар дамжуулан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 30 000 000 төгрөг өгсөн. Тухайн 30 000 м.кв газрыг В.Батсүх нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авсан байсан. Газрын төлбөрт 7 500 000 төгрөгийг В.Батсүх нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хаан банкны 5079099728 тоот дансанд тушаалгасан. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ЭГХА-ийн Улаанбаатар хотын банкны 2601002693 тоот дансанд газар эзэмшигч В.Батсүхийн өмнөөс 3 300 000 төгрөгийг мөн тушаасан. Анх харилцан тохиролцсон 30 000 м.кв газрыг авч өгөөгүй тул В.Батсүх нь надад тус газрын 50 хувь болох 15 000 м.кв газрыг шилжүүлэн өгч, үлдэх 20 000 00 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Ингээд 20 000 000 төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн зориулалттай 30 000 м.кв талбай бүхий нэгж талбарын №18629306576856 дугаартай, №000538908 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын 50 хувь болох 15 000 м.кв газрыг Ч.Эрдэнэбаяр миний нэр дээр шилжүүлж өгөхийг В.Батсүхэд даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлагаа өөрчилж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 30 000 000 төгрөг, 7 500 000 төгрөгийг, мөн хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар 3 300 000 төгрөг, нийт 40 800 000 төгрөгийг хариуцагч В.Батсүхээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч В.Батсүхийн тайлбарт: 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ч.Эрдэнэбаяр 7 500 000 төгрөг шилжүүлсэн. Талуудын хооронд газрын эрх шилжүүлэх гэрээ байсаар байтал тухайн эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой бусдын өмчлөлд газар шилжих боломжгүй гэдгийг мэдсээр байж яагаад энэ байдлыг нуун дарагдуулж 20 000 000 төгрөгийн хэлцэл байгуулж, хариуцагчийг хууран мэхэлсэн. Ч.Эрдэнэбаяр уг газрын өөрийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрч газрын төлбөр төлж байсан. Ямар ч байсан талуудын хооронд газар өмчлөлийн эрх шилжүүлсэн. Газрын албан дээр очиж эрх шилжүүлэхэд газар эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй байсан. Талууд 2015 онд газрын эрх шилжүүлсэн А-50 дугаартай тогтоол 2016 онд гарсан. А-50 дугаартай тогтоол гарахаас жилийн өмнө талууд газрын эрх шилжүүлэхэд ямар нэгэн саад тотгор байгаагүй. Ч.Эрдэнэбаяр газрын гэрчилгээ шилжүүлнэ гэж бүх бичиг баримтаа авч явсан. Ч.Эрдэнэбаяр ах Ч.Баасанбаярт итгээгүй учраас В.Батсүхийн нэр дээр газрын гэрчилгээ гаргуулсан гэжээ.

Хариуцагч В.Батсүхийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ч.Эрдэнэбаяр нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхлэх замаар 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн. Хууран мэхэлсэн хэлцэл гэдгийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, Баянгол дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол зэргээс үзэж болно. Нэхэмжлэгч нь төлбөр барагдуулах гэрээн дээр гарын үсэг зурвал гомдолгүй гэж хэлсэн, мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоол гарсныг мэдсэн хэрнээ В.Батсүхийг хууран мэхлэх замаар тус актанд гарын үсэг зуруулсан. Иймд 20 000 000 төгрөг бүхий төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар В.Батсүхээс 30 800 000 төгрөг гаргуулан Ч.Эрдэнэбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 2017 оны 04 сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай В.Батсүхийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 950 төгрөг, хариуцагч В.Батсүхээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч В.Батсүхээс 311 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаярын давж заалдах гомдолд: Миний бие Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 30 000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг төлбөртэйгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч нь өөрийн нэр дээр тус газрын эзэмших эрхийг гаргуулан авсан. Би газрын төлбөрт зориулж төрсөн ах Ч.Баасанбаяраар дамжуулан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн 30 000 000 төгрөгийг В.Батсүхийн нэр заасан Г.Ганцоожид мөнгө хүлээлцсэн актаар, В.Батсүхийн өмнөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр газрын төлбөрт 3 300 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 7 500 000 төгрөг шилжүүлж, нийт 40 800 000 төгрөг зарцуулсан. Г.Ганцоожид өгсөн төлбөрийг В.Батсүх авч, тус газрын 15 000 м.кв талбайг шилжүүлэн өгч, үлдэх 20 000 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлөхөөр тохиролцсон. Шүүх энэ талаар буруу дүгнэлт хийж миний бие 10 000 000 төгрөгөөр хохирч байна. Хариуцагч нь миний хөрөнгө зардлаар бий болсон газрыг одоо хүртэл эзэмшиж байгаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугийн давж заалдах гомдолд: Хариуцагчийн зүгээс 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр газрын эрх шилжүүлэх тухай гэрээг иргэн В.Батсүхээс иргэн Ч.Эрдэнэбаярт шилжүүлсэн нотариатын гэрээ, мөн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн А50 дугаар тогтоолтой холбогдуулан тус газар дээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон тухай албан бичиг, Прокурорын тогтоол зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байхад шүүх үнэлээгүй. Хариуцагч нь тус газрыг анхнаасаа худалдан авах, эзэмших хүсэл зорилгогүй байсан тул газрын эрх шилжүүлэх гэрээ хийсэн бөгөөд нэхэмжлэгч нь ямар учраас өөрийн нэр дээр шилжүүлээгүй нь тодорхой бус байхаас гадна өөрийн газрын төлбөрийг 2 удаа төлсөн идэвхитэй үйлдэл байна. Маргаан бүхий газрыг Ч.Эрдэнэбаяр өөрийн нэр дээр хэсэг хугацааны дараа шилжүүлэх гэж очсон боловч газрын албанаас тус газрыг шилжүүлэх боломжгүй гэдгийг мэдээд хариуцагчийг Цагдаагийн байгууллагад залилан мэхэлсэн гэж өргөдөл өгсөн боловч гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон. Ч.Эрдэнэбаяр хуурч мэхэлсэн учраас 20 000 000 төгрөгийн хэлцэл хийсэн. Шүүх хариуцагч ямар нэгэн эрхийн болон эдийн доголдолгүй газрын шилжүүлсэн үйлдлийг харгалзан үзээгүй. Учир нь нэхэмжлэгч тухайн цаг хугацаанд газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн бол өнөөдрийн маргаан үүсэхгүй байсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 04 сарын 13-ны өдрийн хэлцэлийг хуурч мэхлэн, айлган сүрдүүлэн хийсэн тул нотлох баримтыг үнэн зөв талаас нь үнэлж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаяр хариуцагч В.Батсүхэд холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах аж ахуйн зориулалттай 30 000 м.кв талбай бүхий газрын 50 хувь 15 000 м.кв газрыг шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн 40 800 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий үйл баримт тогтоогдсон, шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 30 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна. Талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хариуцагч В.Батсүх Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь 30 000 м.кв газрын эзэмших эрхийг Ч.Эрдэнэбаярт шилжүүлэхээр тохиолцсон боловч гэрээ бодитоор биелэгдээгүй, уг газрыг В.Батсүх эзэмшиж байгаа нь Сонгинохайрхан дүүргийн газрын албаны 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2017/01 мэдэгдэл, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь газрын хөрөнгө оруулалтад 30 000 000 төгрөг, газрын төлбөрт 3 300 000 төгрөг, 7 500 000 төгрөг нийт 40 800 000 төгрөг шижүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд хэргийн 8 дугаар талд авагдсан дансны хуулгаар 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр газрын төлбөрт 3 300 000 төгрөг төлсөн нь нотлогдсон, хариуцагчийн эзэмшлийн газрын төлбөрийг нэхэмжлэгч төлөх хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Шүүх энэ шаардлагатай холбоотой хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул энэ агуулгаар хууль хэрэглээний өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.

Нэхэмжлэгчийн хөрөнгө оруулах зорилгоор 30 000 000 төгрөг өгсөн гэх тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ч.Баасанбаяраас Г.Ганцоожид 30 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт хэргийн 3 дугаар талд байгаа боловч уг мөнгөн дүнг Г.Ганцоож хариуцагч В.Батсүхэд дамжуулан өгсөн гэх үйл баримт хангалттай нотлогдохгүй байна. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2089 дугаартай тогтоолд талуудын хооронд 37 500 000 төгрөгийг өгч, газар эзэмших эрх шилжүүлэн авсан .., гэж бичигдсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан үйл баримт биш.

Хэргийн 4 дүгээр талд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ч.Эрдэнэбаяр, В.Батсүх нарын төлбөр барагдуулах хэлцэлд ... газар, эрх шилжүүлэн авахад Ч.Эрдэнэбаяр 20 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан болно. Уг мөнгийг В.Батсүх 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариуцлагатай буцаан өгнө гэсэн агуулга бүхий нотариатаар гэрчлэгдсэн гарын үсгийн баталгаатай баримт авагдсан, шүүх уг хэлцэлийг талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн хүчин төгөлдөр гэж үзсэн нь зөв, хэлцлийг дарамт шахалтаар хийсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Хариуцагч урамшуулалд 7 500 000 төгрөг нэхэмжлэгчээс авснаа хүлээн зөвшөөрсөн тул дээрх хэлцэлд дурьдагдсан 20 000 000 төгрөгийн хамт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч буцаан төлнө.

 Талуудын хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01780 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Батсүхээс 30 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай В.Батсүхийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаярын төлсөн 175 000 төгрөгийг, хариуцагч В.Батсүхийн төлсөн 311 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ