Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/42

 

 

 

 

 

 

 

 

 

2025           09          04                                          2025/ДШМ/42                         

 

 

 

*******-т  холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд  хийв.

 

Шүүх хуралдаанд: прокурор  Б.Б ,

өсвөр насны шүүгдэгч ******* , түүний хууль ёсны төлөөлөгч: П.Э ,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Т ,

нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатарын    даргалж  хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Г-н бичсэн эсэргүүцлээр, өсвөр насны шүүгдэгч *******-т холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

2.1 Монгол улсын иргэн,

 

3. Өсвөр насны шүүгдэгч *******  нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн орчим, Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар баг ... тоотод байрлах Ш.У-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтэрч, улмаар гүнгэрвааны шургуулганд байсан бэлэн 460,000 төгрөг, хэтэвчийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 470,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Хэнтий аймгийн ... сумын 4 дүгээр баг ... тоотод байрлах М.А-н гэрт байхдаа 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн орчим жижиг гар цүнхэн дотор байсан 650,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч *******-т холбогдох ... дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэжээ.

 

6. Ерөнхий прокурор Б.Г давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/ 50 дугаартай шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч *******-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны тус тус журамлан ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн байна. Гэвч өсвөр насны шүүгдэгч ******* нь Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ" гэж, Мөн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно" гэж тус тус хуульчилсан байна. Өөр хэлбэл: Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна. Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрд нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн заримд бөгөөд эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. " гэж заасан боловч Хэнтий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/ 114 дугаартай шийтгэх тогтоолд энэ хуулийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл  зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд Хэнтий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/ 114 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

7. Ахлах прокурор Б.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ Эсэргүүцлээ дэмжиж байна. Хэнтий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/ 114 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгч шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

8. Өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч П.Э, өмгөөлөгч Б.Т нар нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

9. Давж заалдах шатны шүүхээс дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар  хязгаарлахгүйгээр өсвөр насны шүүгдэгч *******-т  холбогдох эрүүгийн хэргийн  хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн  шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

10. Мөрдөн  шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримт тогтооход үндэслэл болсон хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлэхдээ хэргийн нөхцөл байдал буюу  нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулахын зэрэгцээ оролцогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаагүй. 

 

11. Шүүх хэлэлцүүлгийг  яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулан мөрдөгчийн хуульд заасан нотолгооны хэрэгслээр цуглуулан бэхжүүлж авсан баримтат мэдээллийг хооронд  харьцуулан шинжлэн судлах, эх сурвалжийг магадлах аргаар шалган  хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт хангалттай хүрэлцэхүйц эсэхийг өөрийн дотоод итгэлээр  үнэлэн өнгөрсөн үйл явдлыг сэргээн дүрсэлж, хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоох үүрэгтэй байдаг. 

 

12. Өсвөр насны шүүгдэгч *******  нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн орчим, Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2 дугаар гудамжны ... тоотод байрлах Ш.У-н эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч, бурханы хайрцагны шургуулганаас  хэтэвчинд байсан  460,000 төгрөгийг авч, нийт  470,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн орчим тус сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн .... тоотод байрлах М.А-н гэрт байхдаа хууль бусаар жижиг гар цүнхэнд  байсан 650,000 төгрөгийг авсан үйл баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар  тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:

12.1. Хохирогч Ш.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байшингийн баруун талд хойморт байх бурхны гүнгэрвааны шургаалганд хар өнгийн арьсан хэтэвчинд 460,000 төгрөг хэтэвчтэйгээ байхгүй байсан.” Гэх /хх-26-27х/,

            12.2. Гэрч У.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах Марал дэлгүүрийн урдаас  15 орчим насны намхан саарал куртик өмссөн хүүхэд гараа өргөсөн байхад авч, номингийн хажуу дахь Эрдэнэ төвийн эмийн сан болон зүүн захын 24 цагийн эмийн сан орсон.  Дараа нь эрчмийн байрны ... дэлгүүрээс электрон тамхи Наран дэлгүүрээс 2.5 литрийн пиво аваад өгөөч гэхээр нь  авч өгсөн. Тэгээд  ... дэлгүүрийн хойд талын эгнээд бууж таксины хөлс гэж 10,000 өгсөн. Надад 260,000  төгрөг  байвал миний данс руу хийгээд өгөөч, бэлнээр өгье гэхэд нь би зөвшөөрч өөрийн 5954213716 данснаас Энхбат Шинэбаяр гэсэн Хас банкны 5005858444 данс руу хийсэн “ гэх  /хх-30-31х/,

        12. 3. Насан хүрээгүй гэрч А.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн оройн 19 цагийн үед гэртээ найз Ш-ийн хамт сууж байхад ангийн найз Ш  орж ирээд утсаар ярьж байгаад буцаж ирнэ гээд гарсан. Удалгүй 20 цагийн үед ирэхдээ хоёр том пиво, электрон тамхитай ирсэн. Ямар мөнгөтэй болов гэж асуухад дүү нарын 100,000 мянга орсон” гэх мэдүүлэг /хх-35-36х /,

         12.4. Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ш хоёр том пиво, электрон тамхитай ирсэн. Бид дөрөв хувааж ууж уусан.” гэх /хх-39-40х/,

         12.5. Насан хүрээгүй гэрч Б.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед найз Төрболдын гэрт, Тулгаа ах бид гурав хамт сууж байхад  ангийн найз Ш  орж ирээд утсаар ярьж байгаад буцаж ирнэ гээд гарсан.  20 цагийн үед ирэхдээ хоёр том пиво, электрон тамхитай ирсэн. Бид дөрөв хувааж уусан.” гэх мэдүүлгүүд /хх- 44-45х /,

         12.6. Өсвөр насны шүүгдэгч *******-н Хас банкны 5005858444 тоот дансны орлого, зарлагын хуулга /хх- 85,159-161х/,

         12.7. Хохирогч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн гэр рүү ороход тэр гурав дээр нэмэгдээд  цуг компьютер тоглоно гээд манай хашаагаар яваад байдаг Шинээ гэдэг хүүхэд нэмэгдсэн харагдахаар цүнхээ үзтэл 50 ширхэг мянгат, 600, 000 төгрөгтэй нийлүүлээд цүнхэндээ хийсэн байсан алга болсон. Шинээ гэдэг хүүхдийн ээжийн  гар утасны дугаарыг олж аваад  ярихад одоо бараг мөнгийг чинь үрсэн байх даа хэлж байсан.” гэх  /хх-121-123х/,

         12.8. Гэрч Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Цог манай энэ хавиар Ш  гэдэг хүүхэд энэ хавийн айлуудаар ороод жижиг сажиг юм хулгайлаад байгаа гэсэн. Тэгээд Цагдаагийн газарт өргөдөл гаргасан юм. Ш  гэдэг хүүгийн ээж рүү залгахад  авсан бол одоо тэр мөнгийг чинь үрсэн байх гээд салгасан” гэх мэдүүлгүүд /хх-126-128х/ зэрэг болно.

 

13. Монгол улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтаар баталгаажуулсан  монгол улсын иргэний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх нь  эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг. 

 

14. Гэмт этгээд нь бусдын өмчлөл, эзэмшилд  байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох зорилгоор шунахай сэдэлттэйгээр, хууль бус нууц, далд аргаар хүч хэрэглэхгүйгээр бүрмөсөн үнэ төлбөргүй  авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн эсхүл  захиран зарцуулсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэнэ.

 

            15. Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч,бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “гэх шинжид нийцүүлэн зүйлчилсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

16. Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй, далд аргаар авч байгаагаа хууль бус шинжтэй болохыг ухамсарласан  атлаа  түүнийг хүсэж хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн  санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

17. Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал,  учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-г 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан энэ хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар  уг ялыг хоёр дахин багасгаж,  нэг жилийн хорих ял оногдуулан сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-т урьд Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн  50 дугаартай шийтгэх тогтоолоор авагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 2  жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тусад нь буюу хорих ял эдэлсний дараа хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь: -Шийтгэх тогтоолд өсвөр насны хүүхэд *******-т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахын зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т заасан  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авчээ. /хх-77-81х/

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт “шүүгдэгч  шүүхээс хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол прокурорын дүгнэлт бичих, санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл шүүх шийдвэрийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэж, ял оногдуулах”-аар  заажээ. 

- Шүүгдэгч өмнөх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш энэ шийтгэх тогтоол гарах хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн нөхцөл байдал болон санаатай эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн эсэх нь  тогтоогдоогүй ба түүний  үйлдсэн хоёр үйлдэл нь хүмүүжлийн чанартай арга хэмжээ авсан шийтгэх тогтоолын  өмнө үйлдэгдсэн байна.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлд “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” гэж заасан байх  боловч, шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор  оногдуулсан ял, өмнөх  шийтгэх тогтоолоор оногдуулсан  эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох хүмүүжлийн чанартай  албадлагын арга хэмжээг хэрхэн нэмж нэгтгэх талаарх зохицуулалт хуульд  байхгүй.   

19. Дээд шатны прокурорын   бичсэн  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-н шийтгэх тогтоол гарсан буюу 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон буюу 2025 оны 09 дүгээр 04-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 115  /нэг зуун арван тав/ хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн эдлэх ялаас нь хасаж тооцох нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Г-н бичсэн эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгож,  Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

Гурав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-н  цагдан хоригдсон 115 /нэг зуун арван тав/ хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

Дөрөв. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.