| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 2539000000138 |
| Дугаар | 2025/ДШМ/46 |
| Огноо | 2025-09-05 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/46
2025 09 05 2025/ДШМ/46
*******-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
Шүүх хуралдаанд: прокурор Н.А,
нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 383 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А-н бичсэн эсэргүүцлээр, шүүгдэгч *******-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2. Монгол улсын иргэн,
3. Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 13 цагийн үед Хэнтий аймгийн ... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Nissan Tida” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар /5.00%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
4. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******-д холбогдох ... дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
6. Прокурор Н.А нь бичсэн эсэргүүцэлдээ: “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх заалтад заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан.... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон..." гэмт хэргийн тухайд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд Эрүүгийн хуульд заасан хохирол, хохирогч шаарддаггүй хэрэг юм. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч нараас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Үүнээс дүгнэж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг нь гэмт хэрэг гэж үздэг бөгөөд харин уг гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгөд хохирол учирч буй үйлдэл нь энэхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний аль ч шинжид хамаардаггүй. Энэ тохиолдолд уг асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зохицуулсан байна. Үүнээс гадна иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэл гаргасан тохиолдолд тухайн нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байна. Гэтэл анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгчийг эрүүгийн хэргийн хохирогч гэж үзэн "шүүгдэгч, хохирогч нар хохирлын тал дээр маргаантай байх тул шүүгдэгч *******-г хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Уг хэрэг нь *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үндсэн суурь зарчимтай. Хэрэв шүүх иргэний нэхэмжлэлтэй хэсгийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй үзсэн тохиолдолд тухайн нэхэмжлэлийг хэлэлцэлгүйгээр орхих, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх зэрэг хуулийн зохицуулалтуудтай байтал уг нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж дүгнэхээр байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудад Х.Б-ны ... улсын дугаартай Toyota Nadia маркийн тээврийн хэрэгслийг шинжээчийн дүгнэлт, бусад баримтуудад ... улсын дугаартай Nissan Tida rэж зөрүүтэйгээр бичигдсэнийг илтэд гуйвуулж өөр тээврийн хэрэгслийн үнэлгээ гаргуулсан мэтээр шүүгчийн захирамждаа тусгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шинжээч дүгнэлт гаргахдаа тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн баримт, гэрэл зургийн үзүүлэлт, автотээврийн төвийн дүгнэлт зэрэг баримтуудад тулгуурладаг бөгөөд гагц хүү техникийн шинжтэй алдаа гарган дээрх байдлаар зөрүүтэй бичсэн байдаг. Цаашлаад уг үнэлгээ, тээврийн хэрэгслийн хохиролтой холбоотой асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд дээр дурдсан зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэхээр байна. Мөн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь заалтад зааснаар эсэргүүцэл гаргах эрхгүй гэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байх бөгөөд уг заалтад "Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй" гэж хуульчилсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хүсэлтээсээ татгалзаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар баталгаа гаргасан, иргэний нэхэмжлэлтэй холбоотой хохирлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Б-тай эвлэрч энэ талаар нотариатаар батлуулж баримтыг гаргаж өгснөөс гадна түүний тээврийн хэрэгслийг бүрэн засварласан талаар шүүх хуралдааны явцад илэрхийлдэг. Эдгээр байдлуудад дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүд бүгд хангагдсан, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсэлтээсээ татгалзаагүй байхад хэргийг прокурорт буцааж, оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Түүнчлэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх боломжтой талаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь заалтад заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт "Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу дагуу гаргасан шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно"... гэжээ.. Хэнтий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/383 дугаартай шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар.... энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно"... гэж заагаагүй байна. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх тул Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/ 383 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
7. Прокурор Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “*******-д холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байдаг. Энэ гэмт хэрэгт хохирол шаардахгүй, тухайн этгээдийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхэд ач холбогдол өгөх ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл шүүхээс хохирол, хор уршгаа нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал харагдаагүй байна гэж үзсэн. Хэргийг шүүхэд шилжүүлэх үед хохирогч болон шүүгдэгч нар эвлэрээд нотариатаар батлуулсан байсан. Хавтаст хэрэгт уг баримтыг хавсаргаж өгсөн байгаа. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд А-г тухайн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон эсэхийг шийдээд харин хохирлын асуудыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд зааснаар шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтүүд дээр хохирогч болон шүүгдэгчийн зүгээс эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байдаггүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
9. Анхан шатны шүүхийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх нөхцөл байдал хангагдаагүй” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тодруулбал: хохирогч Х.Б, шүүгдэгч ******* нар нь хохирлын талаар маргаантай тохиолдолд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхгүйгээр ердийн журамд шилжүүлэн машины засварын үнэлгээ гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан талуудыг мэтгэлцүүлэн шийдвэрлэх боломжтой. Мөн оролцогч нарт эвдэрсэн машины загвар, улсын дугаарын талаар маргаан байхгүй тул дахин шинжээч томилох шаардлагагүй юм.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэж заасан байх тул Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А-н эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн хэргийг буцаахаар шийдвэрлэв.
Хэргийг шүүхэд очтол яллагдагч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А-н бичсэн эсэргүүцлийг хангаж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 383 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, *******-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
Хоёр. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Дөрөв. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.