Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 045

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө худалдах тухай 90 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х.Айынгүл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга А.Даримхан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмаржав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серигжан, С.Нургайып, гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Зулкаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө худалдах тухай 90 тоот тогтоолыг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг үндэслэл болгож, тус Эрүүл мэндийн төвд жолоочоор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан иргэн М.Дэдхүүд тус байгууллагын эзэмшлийн УАЗ 31512 маркийн, БӨА 8015 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.500.000 төгрөгөөр худалджээ.

УАЗ 31512 маркийн БӨА 8015 улсын дугаартай уг авто машины эд анги нь бүрэн бүтэн, албаны үйлчилгээнд явж байсан ба М.Дэдхүү нь өндөр насны тэтгэвэрт гарахаас нэг сарын өмнө байгууллагын уг машинаар биш өөрийнхөө машинаар эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагад явдаг байсан. М.Дэдхүүг тэтгэвэрт гарсны дараа түүний оронд н.Төлеужан гэдэг хүнийг жолоочоор томилж, ажилд авсан. Жолооч М.Дэдхүү нь өндөр насны тэтгэвэрт гарах үед шинээр томилогдсон жолоочид БӨА 8015 дугаартай машиныг хүлээлгэж өгөх ёстой байсан.

Өмнө нь явж байсан машин тухайн үед явахаа больсон ба эмнэлгийн байгууллагаас томилсон комисс уг машиныг М.Дэдхүүгийн хашаанаас байгууллагын гаражид чирч авчирсан юм. Дараа нь М.Дэдхүү нь өндөр насны тэтгэвэрт гарч байгаа учраас тухайн машиныг өөрөө авах талаар хүсэлтээ сумын удирдлагуудад гаргасан байсан. Тухайн үед сумын удирдлага буюу Засаг даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, сумын эмнэлэгт шинээр түргэн тусламжийн машин хэрэгтэй байгаа талаарх хүсэлтээ Эрүүл мэндийн яамд хэлсэн байгаа, гэхдээ хариу ирээгүй учир УАЗ 31512 маркийн уг машиныг сумын эмнэлэг хэвээрээ ашиглаж байхаар 2015 оны 01 дүгээр сард шийдвэр гаргасан байгаа. Засаг даргын зөвлөлийн хуралд М.Дэдхүү нь тухайн машин явахгүй байгаа, түүнд 3 саяаас дээш төгрөгийн сэлбэг хийж байж ашиглах боломжтой гэж хэлж байсан. Уг машиныг засаж янзлах гэхээр өвлийн хүйтэнд ямар ч боломжгүй, дуудлага ихтэй, машины хүрэлцээ муутай байсан учраас яамтай утсаар холбогдож, машины асуудлыг тавихад, танайд энэ жил машин байхгүй төсөв мөнгөний асуудал тааруу байгаа, дараа жилээс машин өгнө гэсэн хариу хэлсэн. Иймд 4-5 сар бид хувийн машинаар дуудлагад явсан ба цаг агаар дулаарахаар нь уг машиныг янзалж, 2 сая орчим төгрөгт сэлбэг хийж, эмнэлгийн жолооч н.Төлеужан нь дуудлагад явж байсан. 2016 оны 06 дугаар сард Эрүүл мэндийн яамнаас манай байгууллагад эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээнд зориулж шинэ машин олгосноор хуучин машинаа гаражид тавьсан.

Тухайн үед М.Дэдхүү уг машиныг би хувьдаа авна гэж хэлсэн, 2016 оны 02 дугаар сарын үед М.Дэдхүүгийн хүү Д.Мягмаржав баримт бичгүүдээ бүрдүүлж ирсэн байсан. Тэгэхэд бид түүнд давуу эрхээр олгоё гэж холбогдох баримтуудад гарын үсэг зурж өгч, бичиг баримтыг нь бүрдүүлж явуулсан.

Дараа нь байгууллагад шинээр машин ирэхээр нь бид М.Дэдхүүд хуучин машинд байгууллагын зүгээс 2 сая гаруй төгрөгийн сэлбэг запас хийсэн, шинээр ирсэн машинд зохих хэмжээний дулаалга хийнэ, тийм учраас хуучин машинд тавьсан сэлбэгний мөнгө төгрөгийг төлж өгч, хуучин машиныг авч болно гэхэд, юу гэсэн үг юм бэ, би энэ машиныг давуу эрхээр авах болно, та нарт ямар ч мөнгө төгрөг өгөхгүй гэсэн ба 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орон нутгийн өмчийн албаны дарга А.Даримхан гэгч хүнээс тогтоол авчирч өгсөн.

Тэгэхэд нь би энэ асуудлыг судалъя, сумын Хурал болон эмнэлгийн байгууллагаас зохих хэмжээний шийдвэр гарч байж тогтоол гарах ёстой гэж хэлсэн. Мөн энэ талаар А.Даримхан гэгч хүнтэй утсаар ярихад яагаад хуулиа мэдэхгүй байгаа юм бэ, манайхаас тогтоол гаргасан чи өгөх ёстой гэж хэлсэн. Би асуудлыг судалж байгаад хариу өгье гэж тухайн үед хэлж байсан. М.Дэдхүү уг машиныг өгөхгүй бол шүүхэд өгнө гэсэн, би шүүхэд өгвөл өгч л байхгүй юу даа гэсэн. Тэгээд иргэний шүүхэд уг машиныг авахаар нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлтэй танилцаж үзээд бид 90 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Давуу эрхээр тухайн эд хөрөнгийг олгох хуулийн зохицуулалт байхгүй, хүчингүй болсон гэж сонссон. Тус байгууллагын зүгээс дээрх тогтоолыг эс зөвшөөрч бусдад давуу байдал олгосон, хууль зөрчсөн буюу хуулийн өмнө тэгш байх зарчимд үл нийцсэн шийдвэр болсон гэж үзэж байгаа. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д ...төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно..." гэж заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг дуудлага худалдаанд оруулах ёстой байсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дур мэдэн тус байгууллагын үндсэн хөрөнгөд хамаарах тээврийн хэрэгслийг зөвхөн иргэн М.Дэдхүүд зориулж, түүнд давуу байдал олгосон байдлаар тогтоол гаргаж худалдсан нь хууль бус болсон. Тэр тусмаа 10.000.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнээр үнэлж буюу 1.500.000 төгрөгөөр худалдсан нь тус байгууллагыг төдийгүй улсыг хохироосон шийдвэр болсон гэж үзэж байна. Тухайн машинаас манай байгууллага ч гэсэн хувь хүртэх ёстой.

Иймд Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө худалдах тухай 90 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн талаарх хариу тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 90 дугаартай тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тогтоол байгаа. Аймгийн Хурал нь орон нутгийн өмчийн хөрөнгийн эзэн нь байдаг. Хуулиар орон нутгийн өмчийн талаарх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тодорхойлж өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна гэсний дагуу аймгийн Хурал нь хуулийн хүрээнд орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхтэй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэх бүрэн эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчдэд хуулиар олгогдсон юм. Дээрх хуулийн заалтын хүрээнд тухайн сум, орон нутгийн байгууллагын санал, Бугат сумын Эрүүл мэндийн төвийн албан бичиг, иргэн М.Дэдхүүгийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаартай тогтоолоор УАЗ 31512 маркийн, БӨА-8015 улсын дугаартай автомашиныг олон жил эзэмшиж байгаа жолооч М.Дэдхүүд худалдахыг аймгийн Орон нутгийн өмчийн албаны дарга /А.Даримхан/-д зөвшөөрч, уг автомашины худалдах үнийг 1.500.000 төгрөгөөр тогтоосон шийдвэр гарсан юм.

Албан байгууллагууд зөвхөн эзэмшигч бөгөөд эд хөрөнгийг эзэмших тухай гэрээ байгуулдаг, байгууллага бол эзэмшиж байгаа хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах үүрэгтэй. Эцэст нь хөрөнгийг худалдах, хувьчлах эсхүл шинээр хөрөнгө олж авах асуудлыг шийдвэрлэх эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд хөрөнгийг актлах, эдийн засгийн хувьд үр ашиггүй болсон хөрөнгийг худалдах, байгууллагын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргах эрх нь аймгийн Хуралд байдаг. Гэхдээ энэ шийдвэр сум албан байгууллагуудаас гадна гардаггүй, үндсэн хөрөнгийн асуудлыг орон нутгаас ирсэн саналын дагуу байнга шийдвэр гаргаж байгаа.

Энэ удаагийн маргаантай машины хувьд М.Дэдхүүгийн хүсэлт, нэхэмжлэгч Х.Айынгүлийн албан бичиг, сумын удирдлагаас ирсэн бичиг, эрүүл мэндийн байгууллагаас ирсэн бичиг зэрэг бүх бичиг баримтуудыг харж үзэж, хууль эрх зүйн орчныг судалж байж Хурлаас шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч сая давуу эрхээр худалдах тухай хуулийн зохицуулалт хүчингүй болсон гэж хэлж байна. Иргэний хуулийн 105 дугаар зүйлд энэ тухай зохицуулалт байгаа. Миний бие Хурлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. Зөндөө хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж байсан. Байгууллагын зүгээс өмчийн эзэн гэж маргалдаж байгаа тохиолдлыг анх удаа үзэж байна.

Эд хөрөнгийг хувьчлах, худалдах хоёр асуудал хоорондоо ялгаатай. Хувьчлалын хувьд комисс байгуулж үнэлгээ тогтоож байж асуудал комиссоор шийдвэрлэгдэнэ. Худалдах асуудал бол өөр юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд худалдах асуудлыг зохицуулсан байгаа. Худалдах эд хөрөнгөд ихэнхдээ автомашин, орон сууцны асуудлууд яригддаг. Жишээ нь сумдад төрийн өмчийн 20-30 жил эзэмшиж, ашиглаж байсан орон сууцны барилгууд байдаг. Үүнийг ч бас давуу эрхээр үнэ тогтоож тухайн хүмүүст нь худалдаж болдог юм. Автомашин нь мөн тийм журмаар худалдагдсан байгаа. Тухайн маргаан бүхий машиныг нэхэмжлэгч тал гуравдагч этгээдэд хүлээлгэж өгч, 1.500,000 төгрөг нь манай дансанд орж ирсэн тохиолдолд журмын дагуу нэхэмжлэгч байгууллагад тухайн мөнгийн 20-30 хувийг шилжүүлж өгөх бүрэн боломжтой. Нэхэмжлэгч тухайн хөрөнгийг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй маргалдаж яваад байгаа. Түргэн тусламжийн машин гэдэг нь бусад албан байгууллагуудын машинаас ялгаатай. Хүний амь насны төлөө, өдөр шөнөгүй байнга явдаг учраас их эвдэрсэн байдаг.

Тиймээс үнийг нь зах зээлийн үнэтэй нийцүүлж тогтоосон байгаа. Үнэ тогтоох комисс гэж урьд нь байсан, гэхдээ одоо байхгүй болсон тул Хурлын Тэргүүлэгчдээс үнэ тогтоож байгаа, ингэхдээ 10 гаруй шалгуур үзүүлэлтээр тухайлбал ашиглалтад орсон огноо, явсан км зэрэг бүх зүйлүүдийг харж байж үнэ тогтоодог тул зах зээлийн үнэтэй ойролцоо гардаг юм.

Нэхэмжлэгч байгууллагаас өөрсдөө гуравдагч этгээдэд давуу эрхээр олгоё гэж бичиг баримтуудыг бүрдүүлэн өгснөөр энэ асуудлыг Хуралд оруулсан. Тэдний хүсэлтийг харгалзаж Хурлаас асуудлыг шийдвэрлэсэн, өөрсдөө хүсэлт гаргаж бичиг баримтуудаа явуулснаар байгууллагын саналаар асуудлыг шийдвэрлүүлчихээд одоо буруу үндэслэлгүй шийдвэр гарсан гэж маргах нь үндэслэлгүй юм. Өмчлөгч, эзэмшигч хоёр нь ялгаатай. Тийм учраас өмчлөгчийн шийдвэрлэсэн асуудлыг эзэмшигч нь эсэргүүцээд байгааг би ойлгохгүй байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаартай тогтоол нь хууль ёсны шийдвэр тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Гуравдагч этгээд М.Дэдхүүгээс шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн талаарх хариу тайлбартаа:

Миний бие М.Дэдхүү нь улсад 41.8 жил жолоочоор, үүнээс Бугат сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машины жолоочоор 22 жил хөдөлмөрлөж, өндөр насны тэтгэвэрт гарсан билээ.

Бугат сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн жолоочоор 22 жил ажиллах хугацаанд улсаас 5 машин эзэмшсэнээс сүүлийн 3 машиныг шинээр авч эзэмшсэн, ард олны эрүүл мэндийн манаанд зогсож, хүч хөдөлмөрөө шингээсэн билээ.

Ажилласан хугацаанд аваар осолгүй, машин техникийг гамтай эдэлж, жолоодсон машин бүрийн гүйлтийн нормыг гүйцээж, ард түмэнд өдөр шөнөгүй өөрийгөө болон машин техникээ бэлэн байлгаж, цаг алдалгүй үйлчилж ирсэн юм.

М.Дэдхүү миний бие өндөр насны тэтгэвэрт гарах мөчид өөрийн 2007 оноос эхэлж эзэмшиж, эдэлж байсан Бугат сумын Эрүүл мэндийн төвийн мэдлийн түргэн тусламжийн зориулалттай УАЗ 31512 маркийн БӨА 80 15 улсын дугаартай автомашиныг тогтоосон үнээр давуу эрхийн үндсэн дээр худалдан авахаар эрх бүхий байгууллагад хүсэлт тавьснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөөт цагт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн өмчийн өмчлөгчийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-д заасныг тус тус үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 90 тоот тогтоолоор тухайн машиныг эзэмшигч нь болох М.Дэдхүү надад тогтоосон үнэ 1.500.000 төгрөгөөр худалдсан юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа ...ашиглах хугацаа дууссан... нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно гэж заасныг баримталсан нь хуулийн тухайн заалтад нийцэж байна гэж үзнэ.

Учир нь миний худалдан авсан Бугат сумын Эрүүл мэндийн төвийн УАЗ 31512 маркийн БӨА 8015 улсын дугаартай автомашин нь 2007 онд ашиглалтад орсон, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 222784 км явж, гүйлтийн нормыг давуулан биелүүлсэн, анх 2007 онд ашиглалтад орсон ба ашиглалтын хугацаа дууссан, албан ажилд ашиглах боломжгүй болсон талаар Авто тээвэр, үйлчилгээний төвийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07 тоот акт гарсан, тухайн машины балансын үнэ 15.873.000 төгрөгийг бүрэн гүйцээсэн, одоогоор балансад үлдэгдэл өртөггүй байгаа зэрэг бодит нөхцөлүүдээс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн алба зөвшөөрч, 1.500.000 төгрөгөөр худалдах саналыг аймгийн аймгийн Хурлын Тэргүүлэгчдэд оруулж шийдвэрлүүлсэн, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д заасны дагуу Бугат сумын Эрүүл мэндийн төвийн Өмч хамгаалах байнгын зөвлөл 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, М.Дэдхүү надад худалдах шийдвэрийг санал нэгтэй гаргасан байгаа юм.

М.Дэдхүү надад он удаан жил эзэмшсэн, гүйлтийн нормыг гүйцээж, албаны хэрэгцээнд нэгэнт ашиглах боломжгүй болж, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тухайн автомашиныг давуу эрхээр худалдахыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн төв нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 352 тоот албан бичгээр, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08 тоот албан бичгээр тус тус аймгийн аймгийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албанд илэрхийлснийг үндэслэн Орон нутгийн өмчийн алба зөвшөөрч, аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 90 тоот тогтоолоор шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа биш гэж үзэж байна.

М.Дэдхүү надад үнэлэгдсэн үнээр, давуу эрхээр худалдахыг зөвшөөрч, хүсэлт илэрхийлсэн мөртлөө түүний тавьсан хүсэлтийг ёсоор болгож, Орон нутгийн өмчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэр гаргасныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байгаа нь хэрхэвч зүйд нийцэхгүй болно.

Мөн Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн өмнө эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй гэж заасан байдаг. Энэ утгаараа Бугат сумын Эрүүл мэндийн төвд 22 жил түргэний жолоочоор ажилласан, тухайн машиныг ашиглалтад орсноос эхэлж, ашиглагдах хугацаа дуусах хүртэл эзэмшиж байсны хувьд М.Дэдхүү надад давуу эрхээр худалдах шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн суурь зарчим бүхий заалтад бүрэн нийцэж байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжих тул М.Дэдхүү би машины үнийг бүрэн төлсөн үеэс өмчлөх эрх олж авсан гэж үзэж байна.

Баян-Өлгий аймагт өөр бусад олон жолооч нар өөрсдийн барьж явсан тээврийн хэрэгслийг орон нутгийн өмчийн албанаас аймгийн Хурлын Тэргүүлэгчдэд хүсэлт гаргаж авдгийн нэгэн жишгээр бид хүсэлт гаргаж, 2016 оны 06 дугаар 10-ны өдрийн тогтоолоор Хурлаас үнэлсэн үнэлгээгээр авсан байгаа. Тэгээд бид орон нутгийн өмчийн газраас бидэнд өгсөн баримт бичиг, тогтоол зэргийг аваачиж Эрүүл мэндийн төвд үзүүлж машиныг хүлээж авъя гэхэд бидэнд өгөөгүй. Тийм учраас хууль журмынхаа дагуу авъя гэж бид иргэний хэргийн шүүхэд хүсэлтээ гаргасан байсан. Тухайн иргэний хэргийн хариуцагч тогтоолыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэргийн шүүхэд байгаа хэргийн асуудал хойшлогдсон байгаа.

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ын өдрийн тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3-д заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан хууль ёсны эрхийн акт байх тул тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серигжанаас шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 90 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Үүний үндэслэлийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар тухайн маргаан бүхий хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах ёстой байсан гэж тайлбарлаж байгаа. Маргаан бүхий актад үндэслэсэн хуулийн зүйл заалтыг харахад 31 дүгээр зүйл, 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 гэсэн заалтууд байна. Хурлын Тэргүүлэгчдийн эрх хэмжээтэй холбоотой маргаан байхгүй. Аймгийн Хурал өмчийн зүйлээ захиран зарцуулах бүрэн эрхтэй. Энэ нь хуулиар зохицуулагдсан. Тухайн маргаан бүхий тээврийн хэрэгслийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг ярих шаардлагатай.

Хариуцагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийг үндэслэн шилжүүлсэн гэж тайлбар өгсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаас үзэхэд тухайн маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь 2007 онд үйлдвэрлэгдсэн гэдэг нь тогтоогдсон, үүнтэй аль ч тал нь маргахгүй байгаа. Өнөөдөр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, энэ өдрөөс тооцоолоход тухайн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгдээд 10 жилийн хугацаа болоогүй юм байна. Иргэний хуульд зааснаар 10 жил тогтмол эзэмшээд ирсэн иргэнд давуу байдлаар олгож болно гэсэн шаардлагыг гуравдагч этгээд хангахгүй байгаа гэж үзэж байна. Яагаад гэхэд 9 жил ашиглагдсан байж болох тээврийн хэрэгсэл байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг М.Дэдхүү нь 9 жил жолоодсон байж болох ч, 10 жил эзэмшээгүй юм байна.

Хавтаст хэрэгт авагдсан тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой бичиг баримтууд болох техникийн паспорт гэж байгаа. Уг техникийн үнэмлэхээс эзэмшигчийг нь харахад Бугат сумын Эрүүл мэндийн төв гэсэн нэр бичээстэй байдаг. Өөрөөр хэлбэл эзэмшигчийн нэр гэдэгт М.Дэдхүүгийн нэр байхгүй юм. Тийм учраас тухайн тээврийн хэрэгсэл нь иргэн М.Дэдхүүгийн эзэмшлийн биш, Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эзэмшлийн машин байна гэсэн асуудал гарч байгаа. М.Дэдхүү нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч биш зөвхөн жолооч нь юм.

Нэхэмжлэгч байгууллага шинээр машин авсан, уг машинд доторлогоо хийх, засаж сэлбэх, тооноглоход тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гарна. Бид Уаз 31512 маркийн БӨА 8015 улсын дугаартай машиныг засаж янзалж, шинээр сэлбэг тавьсан учраас байгууллага мөнгөгүй болсон. Иргэн М.Дэдхүү нь тухайн тээврийн хэрэгслийг янзалж сэлбэг суулгахад гарсан зардлын ядаж талыг өгсөн байсан бол уг машиныг түүнд өгөх ёстой байсан гэж хэлж байгаа. Хэрэв маргаан бүхий тээврийн хэрэгсэл дуудлага худалдаанд орж зарагдсан байсан бол 1.750.000 төгрөгөөс дээш үнэлгээгээр зарагдах ёстой байсан. Зарагдсан үнийн дүнгийн 20 хувийг авах ёстой бөгөөд олгогдох хууль зүйн үндэслэл нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар батлагдсан 66 дугаартай Орон нутгийн өмчийн орлогыг бүрдүүлэх, зарцуулах журам-д ...хувьчилсан, худалдсан эд хөрөнгийн чанар байдлыг харгалзан үндсэн байгууллагын дансанд орсон орлогын үнийн дүнгийн 20 хүртэл хувийг олгож болох бөгөөд сумын Засаг даргын шийдвэрээр зарцуулна... гэсэн зохицуулалтыг үндэслэж зарагдсан үнийн тодорхой хувь нь орж ирэх ёстой байсан. Уг орж ирсэн орлогоор шинээр авсан машинд дулаалга, доторлогоо хийх боломжтой байсан, 90 дүгээр тогтоол гарснаар буюу уг тогтоолоор 1.500.000 төгрөгөөр үнэ тогтоосноор бага орлого орж ирэх гэж байна, 1,500,000 төгрөгийн 20 хувь нь шинээр авсан машинд доторлогоо хийх хэмжээнд хүрэхгүй юм гэж үзэж байгаа.

Иймд Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ингэж зөрчигдөөд байгаа тул тогтоол хүчингүй болох ёстой, тухайн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах ёстой гэсэн саналыг хэлээд байгаа. Үүнийг өмгөөлөгчийн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн тухай тайлбарлахад мөн зүйлийн 1-д ...Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно... гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болсон тухай нотлох баримт байхгүй, 1,800,000 төгрөгийн сэлбэг тавьснаар тухайн машин бүрэн ашиглагдаж, хөдөлгөөнд оролцож явж байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. 31 дүгээр зүйлийн 2-т ...Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг худалдах, шилжүүлэхэд энэ хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авна... гэж заасан. 29 дүгээр зүйлд зааснаар дуудлага худалдаанд оруулах ёстой байсан. Хэрэв дуудлага худалдаанд оруулсан байвал 1,500,000 төгрөгөөс дээш мөнгө төгрөг орж ирэх ёстой байсан, уг автомашин нь 10.000.000 төгрөгийн үнэ хүрэхийг үгүйсгэхгүй. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий машины үнэлгээг 1.750.000 төгрөгөөр тогтоосон. Энэ үнээр үзэхэд ядаж 1,750,000 төгрөгөөр зарагдах боломжтой байсан гэдэг нь харагдаж байгаа. 1,500,000 төгрөгөөр үнэлсэн нь буруу болсон гэж үзээд маргаан бүхий захиргааны акт болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 90 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг тавьж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпаас шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Хариуцагч тал маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх заалтыг удирдлага болгосон асуудал байгаа. Энэ заалт нь зөвхөн тухайн эд хөрөнгийг эзэмшигчид хамаарах зохицуулалт байгаа. М.Дэдхүү нь уг тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч гэдгийг хуулиар тогтоох ёстой. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд эзэмшигч гэж хэнийг ойлгох вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т ... өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй... гэсэн зохицуулалт байгаа. Энэ тохиолдолд бүрэн эрх нь олгогдсон этгээд эзэмшигч нь байна.

Өөрөөр хэлбэл энэ нь жолооч гэсэн үг. Бүрэн эрх олгосон тухай хөдөлмөрийн гэрээ байгаа. Мөн жолоочийн албан тушаалд томилсон тушаал байгаа. Энэ бүх баримтуудаар тухайн хөрөнгийн хууль ёсны эзэмшигч нь Бугат сумын Эрүүл мэндийн төв мөн байна гэдэг нь тогтоогдоно. М.Дэдхүү нь нэгэнт эзэмшигч биш учраас хариуцагч талын шүүхэд ирүүлсэн тайлбар үндэслэлгүй юм. Ашиглалтын хугацааны тухай тайлбарлахад, Д.Мягмаржав гэдэг хувийн ашиг сонирхол бүхий гадны этгээд Өмч хамгаалах байнгын зөвлөлөөс гарах шийдвэрийг нь төлөвлөөд боловсруулж, түүнд гарын үсэг зуруулан явж байсан байна. Уг шийдвэрийг үндэслэн эд хөрөнгийг аймгийн Хурлын Тэргүүлэгчид бусдад зарсан худалдсан ноцтой зүйл болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4-т ...Энэ зүйлийн З дахь хэсгийн 1-д заасан өмч хамгаалах байнгын зөвлөлийг үндсэн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал, эсхүл түүний үүрэг биелүүлдэг менежерээр толгойлуулж ерөнхий ня-бо, технологич зэрэг мэргэжлийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр захирлын шийдвэрээр байгуулна... гэж заасан. Захирал, эрхлэгч нь зөвхөн зөвлөлийг байгуулах эрхтэй болохоос тэрээр уг зөвлөлийн гишүүнээр оролцож үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Хариуцагч уг зөвлөл нь хууль бус бүрэлдэхүүнтэй байсан гэдгийг мэдсээр байж өөрсдөө ингэж авчирсан учраас гэж хэлж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэсэн Иргэний хуулийн зохицуулалт байдаг. Нэгэнт хуулийн зохицуулалтыг мэдэж байсан тохиолдолд үүнийг зөвшөөрөхгүй байх бүрэн боломжтой байсан. Маргаан бүхий эд хөрөнгийг эзэмшигч нь Бугат сумын Эрүүл мэндийн төв болохоос тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь аймгийн Хурал юм. Өмчлөгч нь Хурал учраас өөрсдийнхөө эд хөрөнгийг яаж зарцуулах нь бусдад хамаагүй мэтээр тайлбарлаж болохгүй. Бүх асуудал, хууль журмаар зохицуулагдах ёстой. Журмыг зөрчиж хууль бус акт шийдвэрүүдийг үндэслэж эд хөрөнгийг хувьчилсан асуудал хууль бус юм. М.Дэдхүү нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эзэмшигч биш гэдэг нь тогтоогдсон. Иймд маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Хурлын Тэргүүлэгчид нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчсөн гэсэн үндэслэлийг гаргасан байна. Тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Хурлын чөлөөт цагт түүний бүрэн эрхийг Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлдэг байх ёстой. Хурал нь нэгэнт өмчлөгчийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өмчийг захиран зарцуулах эрх нь нээлттэй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 90 тоот тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг тус тус үндэслэн УАЗ 31512 маркийн БӨА 8015 улсын дугаартай автомашиныг урьд нь олон жил эзэмшиж жолоочоор ажиллаж байсан М.Дэдхүүд худалдаж үнийг 1,500,000 төгрөгөөр тогтоожээ. Нэхэмжлэгч нэг асуудлыг ойлгохгүйгээр нэхэмжлэл гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд төрийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэсэн зохицуулалт байгаа ба 1-д ...Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно... гэж заасан. 29 дүгээр зүйлд заасан өмчид одоо ашиглагдаж байгаа, ашиглагдах хугацаа нь өнгөрөөгүй, ашиглах шаардлагыг хангаж буй хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах үед баримтлах зохицуулалт юм. Энэхүү маргааны нөхцөлд Бугат сумын Эрүүл мэндийн төвийн маргаан бүхий УАЗ 31512 маркийн БӨА 8015 дугаартай машин нь ямар машин бэ гэдгийг хөндөх нь зүйтэй. Тухайн машин 2007 онд үйлдвэрлэгдсэн, мөн оны 10 дугаар сарын 12-ны өдөр ашиглалтад орсон, тухайн үед буюу 2016 оны 02 дугаар сарын байдлаар нийт гүйлт нь 222784 км явсан, балансын өртөг 15,873,000 төгрөг байснаас тухайн үед балансын үлдэгдэл өртөггүй, хуримтлагдсан элэгдлээр балансын өртгийг хаасан байдалтай байсан байна. Гүйлтийн нормыг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар он оноор нь тооцож гаргасан байгаа. Мэргэжлийн байгууллага болох аймгийн Авто тээврийн үндэсний төвийн Баян-Өлгий аймаг дахь салбараас 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тухайн машинд дүгнэлт гаргаад цаашид албаны ажилд ашиглах боломжгүй гэсэн байгаа. Энэ талаар 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн техникийн дүгнэлт мөн адилхан хавтаст хэрэгт авагдсан байна. Аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 90 дугаар тогтоолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийг баримталсан нь санамсаргүй зүйл биш. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд ...Эзэмшилдээ байгаа илүүдэл буюу ашиглах хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах... гэж заасан. Ашиглах хугацаа дууссан, шаардлага хангахгүй эд хөрөнгийг худалдахдаа дуудлага худалдаанд оруулах эрх зүйн орчин байхгүй. Энэ талаар 31 дүгээр зүйлийн 1 дэх заалтад тодорхой тусгаж өгсөн.

Үүнд ...Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно... гэсэн. Энд дуудлага худалдаанд оруулж худалдан гэсэн үг өгүүлбэр байхгүй. Иймд маргаан бүхий хөрөнгийг аймгийн Хурал нь дуудлага худалдаанд оруулаад байх шаардлага байхгүй. М.Дэдхүүд эсхүл өөр хүнд худалдах уу, хэнд худалдсан ч дуудлага худалдаанд оруулахгүй юм. Нэхэмжлэгч тал дуудлага худалдаанд оруулж үүнээс ашиг үзнэ гэж тайлбарлаж байгаа нь өөрөө зорилт чиг үүргээсээ хазайсан нэхэмжлэл гаргасан байна гэж үзэхээр байгаа юм. Учир нь Бугат сумын Эрүүл мэндийн төв нь төрийн үйлчилгээний байгууллага, ашгийн төлөө байгууллага биш. Тухайн байгууллагад машин техник хүрэлцэхгүй байвал төр өөрөө хангана. Үүнийг эрхлэгч нь дундаасаа наймаа хийгээд ашиг олж, төрийн төсвийг бүрдүүлнэ гэсэн зүйл байхгүй. Үүнийг өмгөөлөгч нар ч гэсэн зөв ойлгох хэрэгтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийг худалдахдаа ямар зарчим баримтлах вэ гэсэн зүйл байна. Хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар Өмч хамгаалах байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх ёстой гэсэн. Хууль ёсны гарсан дүгнэлт хавтаст хэрэгт байгаа. Уг дүгнэлтийг нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хууль бус гэж тайлбарлаж байна. Х.Айынгүл нь тухайн баримтад гарын үсэг зурж, тамгаа дарсан байна. Д.Мягмаржав нь Х.Айынгүлд хүчээр гарын үсэг зуруулаагүй нь мэдээж. Тэгж дээрэлхэж хүч хэрэглэн гарын үсэг зуруулсан байвал тухайн үед хууль хяналтын байгууллагуудад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байсан. Х.Айынгүлийн тамгыг хэн нэгэн этгээд хулгайлж авч дараагүй юм. Дүгнэлтэд ганцхан Х.Айынгүл биш 5 хүн гарын үсэг зурсан байна. Ерөнхий нягтлан бодогчоос нь эхлэн эрх бүхий субъектүүд гарын үсэг зурсан байна. Хуулийн 31 дүгээр зүйлийн 4-т зааснаар байгууллагын дарга комисст орж болохгүй гэж нэхэмжлэгч талын өмгөөлөгч тайлбарлаж байна. Хуулийн дээрх зүйл заалтад менежер гэсэн үг байгаа. Тэгвэл Бугат сумын Эрүүл мэндийн төвийн менежер гэж хэн бэ. Менежер гэсэн тусдаа орон тоо байхгүй учраас энэ нөхцөлд тухайн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нь тухайн байгууллагын менежер байна. Төсвийг хэн захиран зарцуулж байна. Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн байгууллагын хувьд байгууллагын эрхлэгч нь байгаа.

Иймд хуулийн 31 дүгээр зүйлийн 4-т заасан менежер гэдэг хүн бол нэхэмжлэгч Х.Айынгүл мөн юм. Үүнээс гадна машины ашиглах хугацаа дууссан, байгууллагад ашиглах боломжгүй болсон гэж нэхэмжлэгч Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч өөрөө 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 03 тоот албан бичгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албанд хүсэлтээ илэрхийлсэн байна. Энэ хүсэлтээр байгууллагад нь удаан жил буюу 22 жил ажилласан М.Дэдхүү гэдэг хүнд худалдах асуудлыг тавьж, 2014 онд Авто тээврийн төвөөс цааш нь ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байгаа. Иймд М.Дэдхүүд давуу эрхээр олгож өгөхийг зөвшөөрч байна гэж хүсэлтээ явуулсан байна. Үүнийг үндэслэн Орон нутгийн өмчийн алба энэ асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулсан байна.

Хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2-т ...илүүдэл эд хөрөнгө болон элэгдэл хорогдлын шимтгэлээр анхны үнийг нь нөхсөн, түүнчлэн нөхөөгүй боловч гэмтэж, засаж сэлбээд өөр зориулалтаар ашиглаж болох эд хөрөнгийн үнийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоох..гэж заасан. Эд хөрөнгийг худалдахад хоёрхон болзол тавьж байгаа. Нэгдүгээр Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт гарсан байх, хоёрдугаарт Төрийн өмчийн хороотой зөвшилцөх гэсэн зохицуулалт байна. Бугат сумын Эрүүл мэндийн төв саналаа төрийн өмчийн хороонд явуулсан байгаа. Төрийн өмчийн хороо 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2-т төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөнө гэж заасан. Энэ нөхцөлд хуулийн энэхүү заалтууд хангагдсан гэж үзэж байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломж байхгүй.

Иргэний хуулийн 105 дугаар зүйлд 10-аас дээш жил эзэмшсэн байх гэсэн зохицуулалт байгаа. 10 жилийн хугацаа болоогүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Гэтэл 10 жилийн хугацаа гэдгийг тэгж тайлбарладаггүй юм. Иргэний хуулийн 105.1-д ...Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна... гэж заасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс үүнийг эзэмших эрхтэй холбож тайлбарлаж байна. 105 дугаар зүйлийн 105.1-д эзэмшиж, ашиглаж байсан гэсэн үг байгаа.

М.Дэдхүүгийн хувьд эзэмшиж байгаагүй гэвэл тухайн машиныг тэрээр ашиглаж байсан гэж үзэх бүрэн боломжтой. Ашиглаж байсан этгээд эзэмшиж байсан этгээдийн нэгэн адил 10 жил ашигласан бол тэргүүн ээлжид олж авах эрхтэй. Тухайн зүйл заалтад ашиглах, эзэмших гэдэг зүйл хоёулаа байгаа гэдгийг өмгөөлөгч нар анхаарах нь зүйтэй. 10 жилийн хугацаа болоогүй гэж байна. Маргаан бүхий машин 2007 онд ашиглалтад орсон. Бугат сумын Эрүүл мэндийн төвд М.Дэдхүү гэдэг хүн тасралтгүй 22 жил түргэний жолоочоор ажиллаж энэ хугацаанд 5 машиныг хэрэглэсэн байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Маргаан бүхий машиныг ашигласан хугацаа нь 10 жилд хүрээгүй байгаа гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Тухайн машины ашиглалтын хугацаа нь дууссан нь М.Дэдхүүгийн буруу биш. Харин ч М.Дэдхүү бүрэн бүтэн машиныг эзэмшиж 10 жил гэхгүйгээр гүйлт нормыг гүйцээгээд явсан. М.Дэдхүү давуу эрхээ юугаар эдлэх вэ гэвэл тухайн байгууллагад 22 жил ажилласны хувьд актлагдсан үед уг машиныг авах эрхийг эдэлнэ. Иймд түүнд уг машиныг олгосон 90 дүгээр тогтоол хуулийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчөөгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргасан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө худалдах тухай 90 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 90 дугаартай тогтоол гаргаж[1], Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эзэмшлийн УАЗ 31512 маркийн, БӨА 8015 улсын дугаартай автомашиныг олон жил эзэмшиж байгаа гэх үндэслэлээр тус байгууллагад жолоочоор ажилласан иргэн М.Дэдхүүд худалдахыг аймгийн Орон нутгийн өмчийн албаны даргад зөвшөөрч, уг тээврийн хэрэгслийг худалдах үнийг 1.500.000 төгрөг байхаар тогтоожээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ашиглалтад орж, Бугат сумын Эрүүл мэндийн төв нь албаны үйл ажиллагаанд ашиглаж, эзэмшсэн[2] байх ба тус байгууллагын тээврийн хэрэгслийн 2016 оны бүртгэлд[3] тусгагдсанаар 15.873.000 төгрөгний балансын үнэтэй уг автомашин нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 222784 км зам явснаар 15.873.000 төгрөгний элэгдэл хуримтлагдсан, 0.00 төгрөгний үлдэгдэл өртөгтэй байжээ.

Мөн уг тээврийн хэрэгслийг цаашид албаны ажилд ашиглах боломжгүй талаар 2014 оны 12 дугаар сарын 02-нд Авто тээврийн үндэсний төвийн Баян-Өлгий аймаг дахь салбараас /оношлогч инженер Е.Жанатханаас/ 07 дугаартай дүгнэлт[4]гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2001 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар баталсан Орон нутгийн өмчийн талаарх аймаг, сум, байгууллагын эрх, үүрэг бүхий журмын Гурвын 5-д зааснаар дээрх байдлаар ашиглалтын хугацаа дуусаж үйл ажиллагааны шаардлага хангахгүй болсон үндсэн хөрөнгийн талаар тухайн байгууллага нь /байгууллагын дарга нь/ Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гаргасан дүгнэлтийг үндэслэн худалдах...асуудлыг өмчийн албанд тавьж шийдвэрлүүлэх үүрэгтэй байхаар зохицуулагджээ.

Энэхүү журмын дагуу Бугат сумын Эрүүл мэндийн төвийн дарга Х.Айынгүл нь байгууллагын эзэмшлийн маргаан бүхий УАЗ 31512 маркийн БӨА 8015 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хуучирч, 2014 онд Авто тээврийн үндэсний төвийн аймаг дахь салбараас цаашид албаны ажилд ашиглах боломжгүй талаар дүгнэлт гарсныг, 2016 онд холбогдох газраас байгууллагын албаны хэрэгцээнд ашиглах шинэ автомашин олгохоор шийдвэрлэснийг, уг тээврийн хэрэгслийг авах тухай Бугат сумын Эрүүл мэндийн төвд олон жил жолоочоор ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарсан иргэн М.Дэдхүүгийн хүсэлт болон энэ талаарх тухайн байгууллагын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэрийг дэмжсэнээ мэдэгдэж, түүнд худалдах шийдвэр гаргах саналаа холбогдох материалын хамтаар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 352 дугаартай албан бичгээр тус тус тухайн үед Орон нутгийн өмчийн албанд ханджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д заасны дагуу УИХ-аас Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай 1999 оны 29 дугаартай тогтоол гарч, тогтоолын хавсралтаар ...Бугат сумын Хүн эмнэлгийн эд хөрөнгө нь цогцолбороор орон нутгийн өмчид шилжсэнээр Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эзэмшилд байгаа маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь орон нутгийн өмчийн зүйл мөн бөгөөд тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь хуулийн 77 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна.

Аймгийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдгийн хувьд 18 дугаар зүйлийн 18.1.3-ийн а-д заасан орон нутгийн өмчийн зүйлийн өмчлөгчийн эрхийг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2-т заасан ...орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлдэг байна. Түүнчлэн 77 дугаар зүйлийн 3-т зааснаар орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэх эрх хэмжээтэй байхаар зохицуулагджээ.

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар орон нутгийн зарим өмчийн талаар хэлэлцсэн[5] байх ба Орон нутгийн өмчийн албаны дарга А.Даримханаас Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эзэмшилд байсан УАЗ 31512 маркийн БӨА 8015 улсын дугаартай автомашиныг иргэн М.Дэдхүүд 1.500.000 төгрөгөөр худалдах санал оруулсныг Хурлын Тэргүүлэгчдээс дэмжсэнээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг тус тус баримтлан уг тээврийн хэрэгслийг гуравдагч этгээд М.Дэдхүүд худалдах тухай агуулгаараа орон нутгийн өмчийг бусдын өмчлөлд шилжүүлсэн 90 дугаартай тогтоол гаргасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд орон нутгийн өмчийг захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна гэж заасан бөгөөд хуулийн тавдугаар бүлэгт хамаарах 29 дүгээр зүйлийн 1-д ...төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ...шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдах замаар уг эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхдээ дуудлага худалдаагаар худалдах талаарх хуулийн дээрх заалтыг зөрчсөн байх ба энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй байна.

Гэвч энэ нь дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч болох Бугат сумын Эрүүл мэндийн төв нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг эзэмшигч төрийн байгууллагын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4-т тус тус зааснаар өөрт олгогдсон уг эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах, үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгө олж авах, захиалах, данснаас хасаж шилжүүлэх саналаа ...холбогдох байгууллагад тавьж, энэ хуулиар тогтоосон журмын дагуу зөвшөөрөл авах эд хөрөнгийн эрх эдэлдэг байна.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2001 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар баталсан Орон нутгийн өмчийн талаарх аймаг, сум, байгууллагын эрх, үүрэг бүхий журмын Гуравт зааснаар байгууллагын хувьд эзэмшилдээ байгаа эд хөрөнгийг хууль, журамд нийцүүлж үйл ажиллагааны чиглэлийн дагуу эдэлгээний хугацаа, ашиглалтын горимыг чанд мөрдөн эзэмшиж, ашиглах, ашиглалтын хугацаа дуусаж, үйл ажиллагааны шаардлага хангахгүй болсон тохиолдолд худалдах, устгах, хувь нийлүүлж өгөх асуудлыг, мөн хөрөнгө оруулалтаар шинээр тоног төхөөрөмж авах шаардлагатай бол холбогдох газруудаар дүгнэлт гаргуулж, Өмчийн албанд асуудлаа тавих эрхтэйгээр зохицуулагджээ.

Маргаан бүхий УАЗ 31512 маркийн БӨА 8015 улсын дугаартай 15.873.000 төгрөгийн балансын үнэтэй тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Бугат сумын Эрүүл мэндийн төв нь 2007 оноос 2016 он хүртэл эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээнд ашигласнаар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 0.00 төгрөгний балансын үлдэгдэл өртөгтэй буюу ашиглалтын хугацаа дууссан, уг эд хөрөнгийг эзэмшигч байгууллагын хувьд нэхэмжлэгч Бугат сумын Эрүүл мэндийн төв нь бусдад худалдах саналаа зохих газарт тавьсан, түүнчлэн тус байгууллага нь маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө 2016 оны 06 дугаар сард эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээний зориулалтаар ашиглах УАЗ 220695-440 маркийн БӨА 17 09 улсын дугаартай шинэ тээврийн хэрэгслийг байгууллагын эзэмшилдээ авсан байх[6] тул орон нутгийн өмч болох маргаан бүхий тээврийн хэрэгслийг эрх бүхий этгээдээс дээрх байдлаар дуудлага худалдаагаар бус гуравдагч этгээд М.Дэдхүүд худалдахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Хоёрдугаарт

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар тогтоолоор батлагдсан Аймгийн орон нутгийн өмчийн орлогыг бүрдүүлэх, зарцуулах журам-ын Гурвын 3.1-ийн б-д ...худалдсан эд хөрөнгийн чанар байдал, үнэ зэргийг харгалзан үндсэн байгууллагад нь дансанд орсон орлогын үнийн дүнгийн 20 хүртэл хувийг олгож болох бөгөөд сумын Засаг даргын саналыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр зарцуулна гэж заажээ.

Журмын энэхүү заалттай холбогдуулж нэхэмжлэгч талаас тухайн байгууллагын эзэмшиж байсан УАЗ 31512 маркийн БӨА 8015 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 10.000.000 төгрөгний үнэлгээтэй, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж уг тээврийн хэрэгслийн худалдах үнийг 1.500.000 төгрөгөөр тогтоосон маргаан бүхий захиргааны акт нь тус байгууллагыг хохироосон шийдвэр болсноор хүчингүй болох ёстой гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчээс Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эзэмшиж байсан УАЗ 31512 маркийн БӨА 8015 улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн бодит үнэлгээг 1.750.000 төгрөгөөр тогтоож, энэ талаар 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 01 дугаартай шинжээчийн дүгнэлт[7] гаргасан байна.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс дээрх үндэслэлээ шүүх хуралдааны явцад уг тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар худалдсан бол 10.000.000 төгрөгөөр худалдагдахыг үгүйсгэхгүй бөгөөд энэ тохиолдолд эзэмшигч байгууллагад уг үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний орлого орох байсан, нөгөөтэйгүүр шинжээчээс уг тээврийн хэрэгслийн үнийг 1.750.000 төгрөгөөр тогтоосон нь маргаан бүхий захиргааны актаар тогтоосон үнэлгээнээс 250.000 төгрөгөөр илүү үнэтэй байгаа буюу 1.750.000 төгрөгний 20 хүртэл хувийг авах эрхтэй гэж тайлбарласан.

Гэвч дуудлага худалдаагаар худалдагдсан тохиолдолд уг тээврийн хэрэгслийн үнийг 10.000.000 төгрөгт хүрнэ гэж хийсвэрээр урьдчилан үнэлэх боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар нь бодитой биш байгаагаас гадна, уг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ нь 10.000.000 төгрөг гэх тайлбар нь шинжээчийн 01 дугаартай дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн журмын дээрх заалтад ...худалдсан эд хөрөнгийн чанар байдал, үнэ зэргийг харгалзан үндсэн байгууллагад нь дансанд орсон орлогын үнийн дүнгийн 20 хүртэл хувийг олгож болохоор заасан нь дээрх хэмжээний үнийг тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллагад заавал олгох тухай зохицуулалт биш юм.

Журмын Гурвын 3.1-д зааснаар орон нутгийн өмчийг худалдаснаас бүрдсэн орлого бүхий хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид бөгөөд журмын уг зохицуулалтаар худалдагдсан эд хөрөнгийн үнийн дүнгийн зохих хувийг /20 хувь/ тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллагад олгох эсэх нь захиргааны байгууллагын үзэмжээр шийдвэрлэх эрхэд хамаарахаар байна.

Нэхэмжлэгч Бугат сумын Эрүүл мэндийн төв нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг эзэмшигч байгууллага мөн боловч уг эд хөрөнгийн үнийн дүнгийн 20 хувийг тухайн байгууллагад заавал олгохоор журмын дээрх заалтаар зохицуулагдаагүй байх тул шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий тээврийн хэрэгслийн үнийг 1.750.000 төгрөгөөр тогтоосноор уг үнийн дүнгээс 20 хүртэлх хувийг авах нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. Иймд энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

Гуравдугаарт

Нэхэмжлэгч Бугат сумын Эрүүл мэндийн төв нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг ашиглалтын хугацаа дууссан гэх үндэслэлээр худалдах асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Орон нутгийн өмчийн газарт гуравдагч этгээд М.Дэдхүүд худалдах санал гаргаж дээрх байдлаар хандсан мөртлөө эрх бүхий этгээдээс М.Дэдхүүд уг тээврийн хэрэгслийг худалдахаар шийдвэрлэсэн 90 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа уг тээврийн хэрэгслийг тухайн байгууллага шинэ тээврийн хэрэгсэлтэй болох хүртэлх хугацаанд 1.800.000-2.000.000 төгрөгний сэлбэг хийж албаны үйл ажиллагаанд ашигласан, иймээс тээврийн хэрэгсэлд шинээр тавьсан сэлбэгний үнийг Бугат сумын Эрүүл мэндийн төвд төлөхийг М.Дэдхүүгээс шаардахад зөвшөөрөөгүй учраас маргаан бүхий актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж, захиргааны хэргийн шүүхэд хандах болсон гэжээ.

Нэхэмжлэгчийн энэхүү үндэслэл нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй холбоогүй, нэхэмжлэгч Бугат сумын Эрүүл мэндийн төв болон иргэн М.Дэдхүү нарын хоорондын эд хөрөнгийн маргаан байх тул энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар ... хуулийн этгээд нь захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, цаашид зөрчиж болзошгүй үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 18 дугаар зүйлийн 18.1.3-ийн а, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 77 дугаар зүйлийн 1, 3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Бугат сумын Эрүүл мэндийн төвийн тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө худалдах тухай 90 дугаартай тогтоолыг хүчингүй болгох-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 37 дугаар хуудас

[2] Бугат сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2012 оны 3 дугаартай Төрийн болон орон нутгийн хөрөнгийн тооллого явуулах тухай тушаал, тээврийн хэрэгслийн бүртгэлийн баримт, хэргийн 57-58 дугаар хуудас

[3] Хэргийн 51 дүгээр хуудас

[4] Хэргийн 49 дүгээр хуудас

[5] Хэргийн 40-42 дугаар хуудас

[6] Хэргийн 109 дүгээр хуудас

[7] Хэргийн 165 дугаар хуудас