Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 221/MA2018/0401

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2018/0401

Улаанбаатар хот

 

 

 

 

А.Гнэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч В.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ц.Б нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэртэй, А.Г нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч В.Давааням болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2-д заасныг баримтлан А.Г, Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46, 2018 оны 01 дүгээр сарын 26 өдрийн Б/02 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46 дугаар захирамжийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч В.Д нар давж заалдах гомдолдоо: “ ... Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буюу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: Аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 тоот захирамжаар “... Төрийн албаны тухай хуулийн 26.1.2 дахь заалтыг үндэслэн ... Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан журмыг зөрчин, аймгийн Засаг даргын 2014 оны А/402 дугаар захирамжаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй нь дотоод аудитын шалгалтаар нотлогдсон тул зөрчил давтан үйлдсэнийг харгалзан албан тушаалын цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан” шийдвэр гаргасныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Захирамжийн үндэслэлд дурдагдсан Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ыг баталсан бөгөөд энэхүү журам нь төсөл хэрэгжүүлэгч болон төрийн байгууллагын эрх үүрэг, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах харилцааг тусгасан ерөнхий зохицуулалт бүхий журам юм.

Харин “Засаг даргын 2014 оны А/402 дугаар захирамж” нь тухайн ондоо нэг удаа хэрэгжих шинжтэй, ажил үүргийн хувьд тодорхой этгээдүүдэд үүрэг даалгавар өгсөн, ажлаа хариуцаж тайлагнахыг ажлын хэсгийн ахлагч Л.Д буюу аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргад даалгасан шинжтэй нэг удаа хэрэгжих акт байсан.

Мөн дээрх захирамжид зааснаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нь ажлын хэсгийн нарийн бичгийн дарга байхаар заасан.

Нэхэмжлэгчийг 2014 оны А/402 дугаар захирамжаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд дээрх захирамжид тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан А.Г нэр зааж болон албан үүргийн хүрээнд ямар нэг үүрэг даалгавар өгөгдөөгүй болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлд “... Засаг даргын захирамжаар байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ажлын хэсэг тусгай удирдамжийн дагуу шалгахад зөрчлүүд илэрч “хангалтгүй” үнэлгээ авсан болох нь Санхүүгийн хяналт, аудитын алба, дотоод аудитын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25-01-10 дугаар дүгнэлт танилцуулгаар нотлогдож байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт “дүгнэлт” гэдэг нэр томъёо оруулсан нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх нэг үндэслэл болно. Аудитын байгууллагаас дүгнэлт огт гараагүй.

2017 оны 12 сарын 22-ны өдөр “Дотоод аудит хийсэн дүнгийн тухай” танилцуулгыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд уг танилцуулгад нэхэмжлэгч А.Г сахилгын зөрчил гаргасан гэх ямар ч баримт нотлогдоогүй.

Мөн шүүхийн шийдвэрт бичсэнчлэн Дотоод аудитын ямар нэг дүгнэлт, танилцуулгаар “хангалтгүй” гэж үнэлгээ өгсөн асуудал огт байхгүй. Харин шалгах явцдаа “... хангалтгүй үнэлэгдэх ёстой байгууллагыг хангалттай гэж үнэлсэн байна” гэх зэргээр тэмдэглэлд тусгасан байсан.

Санхүүгийн аудитын алба байгаль орчны асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, ажлын хэсгийг гишүүн бүрийн үнэлгээний нийлбэрээр дүгнэгдсэн асуудлыг зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад хамаатуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнээрээ өгсөн үнэлгээг “бодитой бус байх магадлалтай байна” гэх зэргээр таамаг дэвшүүлсэн шинжтэй дүгнэлт хийсэн байгаа. Энэ асуудал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар шүүх дүгнэлт хийлгүй, шууд “... зөрчил тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

Мөн гэрчээр асуугдсан Э.Э таамаглал, үзэл бодлын шинжтэй зүйлсийг шүүхийн шийдвэрт тусгасан атлаа гэрч Батхуягийн мэдүүлгийг огт тусгаагүй зэрэг нөхцөл байдал нь нотлох баримтыг хэт нэг талыг баримталж, тайлбарлаж үнэлсэн гэж үзэхэд хүргэж байна.

Шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах журмыг хэрэглэсэн.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тодорхой заасан.

Дээрх Санхүүгийн хяналт, аудитын алба, дотоод аудитын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25-01-10 дугаар танилцуулга, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Дотоод аудиторын зөвлөмжид тусгагдсан асуудлуудыг А.Г гаргасан “сахилгын зөрчил” гэж үзэж байгаа бол ямар зөрчил, хэрхэн гаргасныг тодорхой тогтоож, шүүхийн шийдвэрт тусгах ёстой.

Гэтэл Дотоод аудиторын дүгнэлтээр тогтоогдож байна гэж дүгнэхээс биш ямар зөрчил хэрхэн гаргасан. Энэ нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн аль хэсгийг хэрхэн зөрчсөн зэргийг нарийн тогтоох ёстой. Мөн “сахилгын зөрчил” гэж үзэж байгаа бол түүнийг хэзээ гаргасан, хариуцагч хэзээ илрүүлсэн, түүнээс хойш ямар хугацаа өнгөрсөн байхад шийдвэр гаргасныг хуулийн дагуу дүгнэх ёстой.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад асуулт хариултын шатанд “... 2017 оны 12 дугаар сарын 22-ны танилцуулга гарснаар мэдсэн” гэж хариулсан.

Тэгвэл хариуцагч сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор буюу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой, уг хугацаа өнгөрсөн байна.

Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан боловч шүүхийн шийдвэрт ямар нэг байдлаар тайлбарлаж, тусгаагүй байна.

Ийнхүү шүүхээс Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасны дагуу Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “ ... Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь аймгийн Засаг даргын 2017 оны Б/46 дугаар захирамжаар А.Г сахилгын шийтгэл ногдуулахдаа ... зарим үүрэг даалгаврыг хэд хэдэн албан газрыг хамруулсан байдлыг анхаарч, биелэлтийн хугацааг тогтоож, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхийг шалгаж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24,1-т “Нөхцөл байдлыг тогтоох”, 24.2-т заасан тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах ажиллагааг хэрэгжүүлээгүй сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг гаргасан байх тул тус захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх үндсэн шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан аймгийн Засаг даргын 2017 оны Б/46 дугаар захирамжийг 2017 оны 12 дүгээр сарын 26-ны өдөр гардаж авсан бөгөөд тус өдрөөс эхлэн шийтгэлийг үндэслэлгүй буюу буруу ногдуулсан гэж үзвэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын холбогдох заалтын дагуу тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 1 сарын дотор дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах зохицуулалттай байсан боловч энэ зохицуулалтыг мэдсээр байж гомдол гаргах хугацаа дуусч 18 хоног өнгөрсний дараа Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандсан.

Төрийн албаны зөвлөлөөс өргөдлийг Дорнод аймгийн Төрийн албаны зөвлөлд шилжүүлсэн бөгөөд тус салбар зөвлөл нэхэмжлэгч А.Г холбогдох өргөдлийг хэлэлцэхдээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа гомдлоо хуулийн хугацаа дууссан байхад гаргасан болон ингэж хугацаа дууссаны дараа гомдол гаргасан байх нь тус шийдвэрийг тухайн үедээ хүлээн зөвшөөрсөн, гомдол гаргах хугацаа дууссаны дараа дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл гэж үзэж аймгийн Засаг даргын 2017 оны Б/46 дугаар захирамжийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Мөн энэхүү хуулийн заалт, хэрэглээний талаар нэхэмжлэгч тал өөрөө маргадаггүй. Үндэслэл нь: Шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэгдэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нь нэхэмжлэгч А.Г аймгийн Засаг даргын 2017 оны Б\46 дугаар захирамжийг хэзээ гардан авсан талаар асуухад нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гардаж авсан гэж хариулт өгдөг ч энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гардан авсан байдаг мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл дээд шатны байгууллага, албан тушаалтанд 1 сарын дотор хандах зохицуулалттай талаар мэдэж байгаа эсэхийг тодруулахад, нэхэмжлэгч хуулийн хугацааг ойлгож байна гэж хариулсан.

Энэ нь нэхэмжлэгч өөрөө гомдол гаргах хууль зүйн зохицуулалт, боломж байгааг Нэгдүгээрт: мэддэг, Хоёрдугаарт: гомдол гаргах хугацаа дууссан гэдгийг мэдсээр байж Монгол улсын Төрийн албаны зөвлөл болон шүүхэд гомдол гаргасан болох мөн Гуравдугаарт: шүүх хуралдаанд үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй хууль болон журмаар тогтоосон хугацаанаас хэтрүүлсэн гомдлыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ талуудын тайлбар, асуулт хариулт, нотлох баримт зэрэг мэдээллийг бодитой дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх үндсэн шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж байгаа тул Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар шийдвэрийн зарим хэсэг буюу аймгийн Засаг даргын 2017 оны Б/46 дугаар захирамжтай холбогдон гарсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Тус шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А гомдлыг хангахгүй орхиж, харин нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч В.Д нарын давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч А.Г шүүхэд “Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүхээс Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46 дугаар захирамжийг “хариуцагч ... зарим үүрэг даалгаврыг хэд хэдэн албан газрыг хамруулсан байдлыг анхаарч, биелэлтийн хугацааг тогтоож, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхийг шалгаж, ... нарийвчлан судлах ажиллагааг хэрэгжүүлээгүй сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж гаргасан” гэж дүгнэн хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхийн шийдвэрийн дээрх Б/46 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “Нэхэмжлэгч сахилгын шийтгэл ногдуулсан аймгийн Засаг даргын 2017 оны Б/46 дугаар захирамжийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан бөгөөд тус өдрөөс эхлэн шийтгэлийг үндэслэлгүй буюу буруу ногдуулсан гэж үзвэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын холбогдох заалтын дагуу тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 1 сарын дотор дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах зохицуулалттай байсан боловч энэ зохицуулалтыг мэдсээр байж гомдол гаргах хугацаа дуусч 18 хоног өнгөрсний дараа Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандсан” гэжээ.

Нэхэмжлэгч А.Г нь тус аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46 дугаар захирамжийг 12 дугаар сарын 26-ны өдөр гардан авч, Төрийн албаны тухай хуулийн 26.8-д зааснаар 1 сарын хугацаанд гомдол гаргах эрхтэй боловч гомдол гаргах хугацаа дуусаагүй буюу хугацаа дуусах өдөр нь мөн Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 26-нд Б/02 дугаар захирамжаар давтан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр дахин сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой уг 2 захирамжийг эс зөвшөөрч хамтад нь Төрийн албаны зөвлөлд хандсаныг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Тэрээр Төрийн албаны зөвлөлөөс уг үндэслэлээр гомдлыг буцаалгүй Дорнод аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул “хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч В.Д нар шүүхийн шийдвэрийн хариуцагч Засаг даргын Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүх ... А.Г гаргасан “сахилгын зөрчил” гэж үзэж байгаа бол ямар зөрчил, хэрхэн гаргасныг тодорхой тогтоож, шүүхийн шийдвэрт тусгах ёстой ... ямар зөрчил хэзээ, хэрхэн гаргасан зэргийг нарийн тогтоож, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн эсэх, Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн аль хэсгийг зөрчсөн зэргийг тогтоолгүй ... Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ...” гэжээ. 

Маргаан бүхий акт болох Б/02 дугаар захирамжаар А.Г Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А/05 дугаар тушаалаар батлагдсан журмыг зөрчин, аймгийн Засаг даргын 2014 оны А/402 дугаар захирамжаар өгсөн үүргийг биелүүлээгүй нь дотоод аудитын шалгалтаар нотлогдсон гэж үзэн, зөрчил давтан үйлдсэнийг харгалзан дахин цалинг 2 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А/05 дугаар тушаалаар батлагдсан журмыг зөрчин, аймгийн Засаг даргын 2014 оны А/402 дугаар захирамжаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, шалгаж хүлээн авах, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар аймгийн Байгаль орчны газрын дарга А.Г томилж, дээрх ажлыг гүйцэтгэж, тайлан мэдээг тухайн оны 11 дүгээр сард багтаан аймгийн Засаг даргад танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн дарга Н.Д даалгажээ.

Уг захирамжийн дагуу жил бүр уг ажлын хэсэг ажилладаг байх бөгөөд 2017 оны ажлыг гүйцэтгэхэд А.Г ажлын хэсгийн даргаар ажиллаж, тухайн аймгийн нутаг дэвсгэрт 6 төсөл хэрэгжүүлэгчийн тайланг хүлээн авч ямар нэг хэмжээгээр дүгнэсэн болох нь хэрэгт авагдсан Санхүүгийн хяналт, дотоод аудитын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25-01-10 дугаар танилцуулга, бусад баримтуудаар нотлогдож байна.

Үүнээс үзвэл А.Г Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох “... албан үүргээ биелүүлээгүй ...” сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Харин дээрх танилцуулгад “Ажлын хэсэг нь ... тогтоосон хугацаанд үнэлээгүй, ... баримт бичгүүдийг хавсаргаагүй байхад үнэлсэн, ... өгсөн үнэлгээ “бодитой бус” байх магадлалтай” гэж дурдан, дахин үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, Засаг даргын А/402 дугаар захирамжийг хуульд нийцүүлэн шинэчлэх санал гаргаснаас үзвэл нэхэмжлэгч А.Г оролцсон ажлын хэсгийн дүгнэлтийг “хангалтгүй” гэж үзсэн байна.

Хариуцагч Засаг дарга нь дээрх танилцуулгыг үндэслэн нэхэмжлэгч А.Гыг  Байгаль орчны газрын даргын хувьд, мөн уг ажлын хэсгийг даргалсантай нь холбогдуулж буруутгасан боловч түүний “албан үүргээ хангалттай биелүүлсэн” эсэхтэй холбоотой буюу Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар зохицуулагдсан харилцаа байхад “албан үүргээ биелүүлээгүй” гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 26.1.2-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу болжээ.

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэж А.Г “албан үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан нь тогтоогдож байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “... А/402 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга Н.Д үүрэг өгсөн, надад өгөөгүй, А/402 дугаар захирамж нь нэг удаагийн үйлчлэлтэй” гэх зэргээр гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Учир нь А/402 дугаар захирамж нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 05 дугаар тушаалыг биелүүлж гарснаас гадна А.Г нь аймгийн Байгаль орчны газрын дарга бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтод зааснаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа төсөл хэрэгжүүлэгч нарын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих үүрэгтэй байх бөгөөд хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын баталсан 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн удирдамжийн дагуу 2017 оны ажлын хэсгийг даргаар томилогдон ажилласан байна.

Нэхэмжлэгчийн гомдолд “... Шүүх Санхүүгийн хяналт, дотоод аудитын 12 дугаар сарын 22-ний өдрийн танилцуулгаар А.Г сахилгын зөрчил гаргасан гэх ямар ч баримт нотлогдоогүй. Санхүүгийн аудитын алба байгаль орчны асуудалд үнэлэлт, дүгнэлт өгч ... ажлын хэсгийн бүрэлдэхүүнээр өгсөн үнэлгээг “бодитой бус байх магадлалтай” гэж дүгнэлт хийсэн асуудал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнээгүй, шууд “зөрчил тогтоогдож байна” гэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч А.Г ахалсан ажлын хэсгийн үнэлгээ буруу эсэх, уг үнэлгээг буруу гарсанд А.Гыг “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэх эсэх нь А.Гыг “албан үүргээ биелүүлээгүй” сахилгын зөрчил гаргасан гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 26.1.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч энэхүү хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй байх тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч В.Д давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан А.Г нэхэмжлэлийг хангаж, Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “35100” гэснийг “70200” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ