| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 2439000000149 |
| Дугаар | 2025/ДШМ/47 |
| Огноо | 2025-09-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/47
2025 09 05 2025/ДШМ/47
*******-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,
Прокурор: Н.А,
Хохирогчийн өмгөөлөгч: Л.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах гомдлоор, шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Хэнтий аймгийн Прокурорын газраас *******-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Б нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байхад болон Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 627 дугаартай шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Иймд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж өгнө үү...“ гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч И нь М-г нэг удаа цохисон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ гэмтлийн хувьд эргэлзээтэй байгаад байгаа. Учир нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр М нь хамар дайвар хөндийний тодосгогчгүй томографт харуулсан байгаа боловч энэ нь тухайн үед гараар бичээд засварласан нэртэй байсан. Энэ ямар учиртай болохыг асуухад М гэдэг хүн зураг авхуулсан гэдэг нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэр ямар ч бичиг баримтад нь М гэдэг хүний нэр гардаггүй, харин М гэдэг хүний нэр дээр энэ зураг авагдсан байсан учраас шүүхээс тухайн хүний зураг мөн эсэхийг нь тогтоолгохоор дахин 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр энэ хүн дахиад зургаа авхуулахад энэ хоёр зургийн тайлбар хоёулаа өөр байдаг. Эхлээд 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зураг дээр зүүн хоншоор ясны доор дотор дээд хананаас ухархайн доод хана хүртэл бага зэргийн зөрүүтэй ялимгүй цөмөрсөн хугаралтай гэж үзсэн. Мөн хамрын таславч нь S хэлбэрээр мурийсан, хажуу хана нь хугаралтай гэж гарсан. Өөрөөр хэлбэл нүүрний зүүн талд гэмтэл учирсан гэсэн байдаг. Харин 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн зураг дээр хамар ясны баруун хажуу хана зөрүүгүй хугаралтай гэсэн. Гэхдээ үүн дээр хацар ясны буюу зүүн хоншоор ясан дээр гэмтэл учирсан гэсэн ямарч үг үсэг байдаггүй. Энэ хоёр зураг хоёулаа Н гэсэн эмчийн дүгнэлттэй байгаа. 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн КТП-ын дүрс оношилгооны хариуг үндэслээд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 120 дугаартай дүгнэлт гарсан. Дараа нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн зургийг дүгнэхдээ 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 472 дугаартай дүгнэлт тус тус гарсан байдаг. Миний эргэлзээтэй маргаад байгаа гол зүйл хавтаст хэргийн 194 тал дээр байгаа 2 дахь удаагаа авхуулсан дүрс оношилгооны хариун дээр бичигдсэн Нарантуяа гэдэг хүний хариуг дүгнэлт дээр огт дурдаагүй. Үүн дээр ямар ч хацар яс буюу хоншоор ясны талаар бичигдээгүй. Гэтэл үүн дээр О гэдэг огт өөр хүний онош орж ирээд, баруун тал гээд бичсэн байсан зүйлүүд нь зүүн талдаа очоод хоншоор яс гээд бичигдчихсэн байдаг. Ингээд анхан шатны шүүхээс баруун зүүн хоёр талд нь гэмтэл харагдаад байна, ямар учиртай юм бэ гээд үүний зөрүүгээр хэргийг прокурорт буцаасан. Зөрүү арилгах ажиллагаа нь юу болсон гэхээр 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийсэн боловч энэ шинжилгээний хариу зөвхөн миний маргаантай гэж байгаа урьд гарсан 2 дүгнэлт дээр л хийгдсэн болохоос биш Н гэдэг хүн яагаад энэ өгүүлбэрийг бичсэн юм бэ, яагаад биш байгаа юм бэ гэдэг талаар огт дурдаагүй. Яагаад үүн дээр маргаад байна вэ гэхээр хоншоор ясны хугарал хүндэвтэр гэмтэл байгаад байгаа юм. Гэтэл хоёрдох дүрс оношилгооны хариун дээр ямар ч хоншоор ясны талаар яригдаагүй. Гэтэл гэнэт л энэ дүгнэлт дээрээ гараад ирсэн. Энэ яг юуг үндэслээд бичсэн нь тодорхойгүй байгаа юм. Зөвхөн энэ хоёр дүгнэлтэд үндэслэж 3 дахь дүгнэлт гарч ирсэн учраас би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаараагүй. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон дүгнэлтэд үндэслээд анхан шатны шүүхээс зөрүүг арилгаагүй байхад миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, эргэлзээтэй байдлыг төрүүлж байгаа учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ...” гэв.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Ерөнхийдөө И-д холбогдох хэрэг дээр 3 дүгнэлт гарсан. Уг 3 дүгнэлт дээр гурвуулан дээр нь хүндэвтэр дүгнэлт гэдэг бичилт гарсан. Гол маргаад байгаа асуудал 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 120 дугаартай дүгнэлт дээр хоншоор ясны хацар дээд хананаас доод хана хүртэл хоёрлосон хугарал, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 472 дугаартай дүгнэлт дээр зүүн хацар ясны урд хананы хугарал гэж байгаа юм. Энэ нь бичигдлийн хувьд зөрүүтэй байдаг. Энэ талаар тухайн шинжээч эмчээс мэдүүлэг авахад шинжээч эмч Н, Т хоёр хоёулаа мэдүүлэг өгөхдөө бичигдлийн хувьд 2 өөр байгаа боловч, агуулгын хувьд 1 гэмтэл гэж шинжлэх ухааны талаас тайлбарласан байгаа учраас прокурорын зүгээс шинжээчийн дүгнэлт дээр ямар нэгэн эргэлзээ байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Л.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч И-д холбогдох хэрэг нь анхан шатны шүүхээр 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцэгдээд хөнгөн гэмтэл учруулсан гэдэг байдлаар зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Хохирогчийн өмгөөлөгч болон хохирогчийн зүгээс гомдол гаргаад давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд хэрэг буцахдаа дахин эмчийн онош, шинжээчийн дүгнэлтүүдийг гаргуулах нь зүйтэй байна. Хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын зэргийг гаргуулах нь зүйтэй байна гэж үзсэн. Хэрэг мөрдөн байцаалтад буцсанаас хойш миний үйлчлүүлэгч 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд өмнө нь байсан оношнууд яг хэвээрээ гарсан. Шинжээчийн дүгнэлтүүд дээр ямар гэмтэл гараад хүндэвтэр гэмтэл гэж үзээд байгаа юм бэ гэхээр гэмтлийн хувьд ямар нэгэн зөрүү байхгүй, зүүн хоншоор ясны ухархайн доод хана хүртэлх хугарал гэсэн гэмтлүүд дээр дурдсан бүх шинжээчийн дүгнэлтүүд дээр тодорхой тусгагдсан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаад дахиад бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гарсан 290 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “..Н-н гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна, зүүн хоншоор ясны хугарал байна гэсэн” шинжээчийн дүгнэлт гарсан. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт дээр гэмтлийн зэрэг тогтоохдоо ямар нэгэн зөрүүтэй, эргэлзээтэй зүйлийг тусгаагүй. Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа энэ шинжээчийн дүгнэлтэд заасан хүндэвтэр гэмтлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Тэр яллах дүгнэлтийн болон хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд анхан шатны шүүх шүүгдэгч гэм буруутай эсэх дээр дүгнэлт хийгээд эрүүгийн хариуцлага оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Хэнтий аймгийн ... сумын 2 дугаар баг “А” караокены зүүн талд үл, ялих зүйлээр шалтаглан П.М-тэй маргалдаж нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 04-ний шөнө П.М-тэй маргалдаж нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч *******-н шүүх хуралдаанд өгсөн: “...нэг цохисон...” гэх мэдүүлэг.
Хохирогч П.М-н шүүх хуралдаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 04-ний орой “А” кароакед сууж байхад ******* гэдэг хүнтэй таарч, караокеноос гарч цохиулсан нь үнэн. Маргааш нь *******-г дуудаж хамар болон шүд амаа харуулсан. ...бидний дунд маргалдсан зүйл болоогүй, би дагаж гарч цохиулсан...” гэсэн мэдүүлэг.
Хохирогч П.М-н мэдүүлэг (1-р хх-ийн 7-9, 184-185),
Шинжээч эмч Д.Н (1-р хх-ийн 203), Ц.Т нарын мэдүүлэг (1-р хх-ийн 206-207 ),
Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 41-42),
Гэрч Н.Ч (1-р хх-ийн 12-13), А.Н (1-р хх-ийн 16-17), П.Н (1-р хх-ийн 20-21) нарын мэдүүлгүүд
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0525/292 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 245-249),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 508 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 5-6),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 2),
П.М-н Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 3),
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/312 дугаартай албан бичиг, хавсралт (1-р хх-ийн 93-97) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд болж өнгөрсөн үйл явдлыг бодитойгоор тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Түүнчлэн эрүүгийн хэргийг шалгаж, хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Б нар “...шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн....” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмтлийн зэрэг тогтоолгохоор хоёр удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсны дараа хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хэргийг хянаад өмнөх дүгнэлтүүдийг үндэслэлтэй эсэх талаар шалгуулахаар хэргийг прокурорт буцаажээ. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахыг Шүүх шинжилгээний ерөнхий газарт даалгаж Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч нар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0525/292 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 245-249) гаргахдаа өмнөх дүгнэлтүүдийг харьцуулан шинжилж, дүрслэл оношлогооны эмч С.Ч-н бичсэн хариуг үндэслэн дүгнэж хохирлын зэргийг тогтоосон нь хуульд нийцсэн, эргэлзээгүй байгаа ба гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.