| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 2439000000426 |
| Дугаар | 2025/ДШМ/48 |
| Огноо | 2025-09-05 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/48
2025 09 05 2025/ДШМ/48
*******-т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,
Хяналтын прокурор: Н.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э, түүний өмгөөлөгч Л.Н,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э-н давж заалдсан гомдлоор шүүгдэгч *******-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн ...сумын 4 дүгээр баг, мал эмнэлгийн зүүн талын хашаанд байрлах монгол гэрт 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Д.Б-тэй “Улаанбаатар хот явна” гэсэн шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, цээжний нэвтэрсэн шархны улмаас үнхэлцэг хальс, зүрхийг нэвтэлж баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөг булчин зүсэгдсэн гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ...бусдад төлөх төлбөргүй... талаар дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлах гол нөхцөл нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаарддаг. Гэтэл шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э надад оршуулгын зардалд буюу хохирол төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй, мөн талийгаачийн ажил явдалд шүүгдэгчийн талаас хүн оролцоогүй, сайхан хүүгээ алдсандаа хууль ёсны төлөөлөгчийн зүгээс маш их гомдолтой байхын зэрэгцээ амь хохирогч хүү Д.Б-н хоёр хүүхдэд нь тэтгэмж, мөн оршуулгын зардлыг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байгаагаа анхан шатны шүүхэд илэрхийлсэн боловч шүүх тус зардлуудыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийтгэх тогтоолд дурдсан атлаа шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Үндэслэл нь
1. Анхан шатны шүүхийн 2025 оны 6-р сарын 30-ны өдрийн 175 тоот шийтгэх тогтоолын 5 дахь заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж зааж байгаа нь өөрөө гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй гэж дүгнэхээр байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлохдоо гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино” гэжээ. Гэтэл шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч надад оршуулгын зардалд нэг ч төгрөг төлөөгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.
3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх, хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хамгийн зөв зохистой харьцаагаар нийцсэн байж гэмээн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим хангагдсан гэж үзнэ. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамласан нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. 1.2-т заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд 8 жилийн хорих ялаас доош нь татаж 5 жил 4 сарын хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй, ял хөнгөдсөн байна гэж тайлбарлаж байна. Шүүгдэгчийн зүгээс надад оршуулгын зардал гэж нэг ч төгрөг өгөөгүй. Шүүхээс иргэний журмаар баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарласан атлаа шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж байгаа нь буруу, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн байна гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн ийм хоёр үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргасан. Тухайн үндэслэлүүдийг дэмжиж оролцож байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр буцааж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би сайхан хүүгээрээ хохирсон. Шүүгдэгчийн талаас намайг гомдоогоод байна...” гэв.
Прокурор Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамласан нь буруу гэж үзэж гомдол гаргасан гэж ойлгож байна. Шүүгдэгч Э-н хувьд хохирол заавал төлөгдсөн байхыг шаардсан. Прокурорын зүгээс энэ хуулийг хэрхэн хэрэглэх талаар эргэлзээ үүсэж байна гэж ойлгож байна. Яагаад гэвэл хохирол төлье гэвэл хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хохирлын баримтаа харж байж хохирлоо төлнө. Гэтэл хэрэгт ямар нэгэн баримт байхгүй. Хэрхэн яаж төлөх, төлсөн гэж үзэх үү эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь зөв буруу эсэх дээр эргэлзэж байгаа юм. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас тухайн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбар, дүгнэлт гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э “...нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн 87 дугаар хуудсанд “...сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулахгүй, нэхэмжлэхгүй” гэсэн 2 мэдүүлэг өгсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд тухайн баримт байхгүй учраас сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гэдэг байр суурьтай Э ордог. Э-н хувьд өмнө нь Хэнтий аймагт ирж байгаагүй. Өөрөө Говьсүмбэр аймгийн иргэн. Хамтран амьдрагчаа дагаад Хэнтий аймагт анх удаа ирсэн өдрөөсөө авхуулаад 2 өдөр дараалан нөхөртөө зодуулаад тусламж гуйх гэхэд нөхөр нь утсыг нь аваад шатаачихсан, тусламж авах боломжгүй байж байгаад боломж олдохоор нь 18 цагт өөрийнхөө ах Э рүү “...би танихгүй газар ирсэн, одоо зодуулчихаад хэцүү байна” гэж ярьсан учраас ах нь Хэнтий аймгийн Цагдаагийн газарт 18 цаг 32 минутад дуудлага өгсөн байдаг. Ингээд дахиад Цагдаагийн газар руу 18 цаг 40 минутад залгаж дүү маань яриад байна, амь нас нь эрсдэлтэй байна гэж 4 удаа ярьсны эцэст Цагдаагийн байгууллага 30 минутын дараа хэргийн газарт очиход шүүгдэгч хамтран амьдрагчаа алчихсан байдалтай байж байдаг. Ингээд тэр даруй Э-н биед үзлэг хийхэд толгойноосоо хөлөө хүртэл нийт 25 тооны шарх гэмтэл гарсан байдаг бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 25 тооны шарх гэмтлийн зарим хэсэг нь 72 цагаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Зарим гэмтлүүд нь хэрэг болох үед гарсан гэмтлүүд байна гэж гарсан. ...Хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд нөхөртөө 2 хоног зодуулсан. Туухайн үед хоолойг маань боосон. Намайг хэцүү байдалтай байлгасан. Над руу цохих гээд дайрахад нь би хутга аваад цохисон. ...өмгөөлөгчийн зүгээс үзэхэд эсвэл Э үхэх ёстой байсан, эсвэл аль нэг нь л амь хохирох ийм нөхцөл байдал үүсэх гээд байсан юм байна. Энэ нөхцөл байдлыг ойлгоод ах нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд цагдаа ирээгүй. Энэ талаарх дуудлага өгсөн баримтууд хэрэгт хавсаргагдсан байгаа.
...мөрдөн байцаалтын шатанд нэгэнт хохирогчийн талаас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг мэдүүлгийг ...өгсөн учраас манай талаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй юм байна гэдэг ойлголттой байсан. Анхан шатны шүүх хуралд орж ирэхэд ямар нэгэн нэхэмжлэх баримт байгаагүй. Хүүхдүүдийн тэтгэмжийн тухайд хоёр хүүхэд нь асрамжийн газарт байдаг юм байна лээ. Талийгаач удаа дараа ял шийтгүүлж байсан, эхнэр нь хүүхдүүдээ авахгүй гэсэн учраас хүүхдийг нь 1 настай байхад нь асрамжийн газар өгсөн байдаг. Талийгаач өөр дээрээ хүүхдүүдээ аваагүй. Одоо хүртэл асрамжийн газар байгаа талаар Э болон Эр нар хэлдэг. Өнөөдрийн байдлаар хүүхдийн тэтгэмжийн асуудал орхигдсон гэж байгаа боловч яг талийгаачийн нэр дээр хүүхэд нь байдаггүй, энэ талаар баримт ирээгүй. Мөн оршуулгын зардлын ямар нэгэн баримтыг ирүүлээгүй, шүүх дүгнэлт хийх боломжгүй байгаа учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэдгээ дүгнэлт дээрээ тусгасан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцсэн бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамласан асуудал нь төлбөргүй гэж гарсан учраас, гэм буруу дээр маргахгүй байгаа учраас энэ заалтыг хэрэглэх боломжтой байна гэж анхан шатны шүүх дүгнэлтээ хийсэн учраас үүнийг буруу байна, шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна гэж үзэх үндэслэлгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч...” гэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд “надад хэлэх тайлбар байхгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э-н давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн ... сумын 4 дүгээр баг, мал эмнэлгийн зүүн талын хашаанд байрлах монгол гэрт 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Д.Б-тэй маргалдаж, гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ...бусдад төлөх төлбөргүй... талаар дурдаж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах...” гэж заажээ. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон энэ гэмт хэргийн шүүгдэгч нь учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн үед л тухайн зүйл, заалтыг хэрэглэхээр заасан атал шүүх төлбөр төлсөн баримт хэрэгт хавсаргагдаагүй буюу нэг ч төгрөг төлөөгүй байхад шүүгдэгчийг “...бусдад төлөх төлбөргүй...” гэж дүгнэн хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э-н давж заалдсан гомдлыг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлийн дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хэргийн үйл баримт, гэм буруугийн талаарх өмгөөлөгч нарын тайлбар, саналд дүгнэлт өгөх боломжгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.