| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 2402008220106 |
| Дугаар | 2025/ДШМ/49 |
| Огноо | 2025-09-05 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | У.А |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/49
2025 09 05 2025/ДШМ/49
Яллагдагч
“Ф” ХХК -д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
Шүүх хуралдаанд: прокурор У.А,
нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэний 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор У.А-н бичсэн эсэргүүцлээр, яллагдагч “Ф” ХХК-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2.1
2.2 Яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч: Монгол Улсын иргэн,
3.1 Яллагдагч “Ф” ХХК- нь 2024 оны 5 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Хэнтий аймгийн ...сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт өөрсдийн олборлосон жоншны баяжмалын агуулгыг тодорхойлох зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 854 дугаарт багтсан Этилийн спирт “Ethanol absolute (С2Н50Н)” 500 миллиграммын хэмжээтэй 1 сав, 485 дугаарт багтсан “Давсны хүчил (HCI)” 500 миллиграммын хэмжээтэй 1 сав, 1227, 31 дугаарт багтсан “Цууны хүчил Acetic Acid (СНЗСООН)” 500 миллиграммын хэмжээтэй 1 сав, 141 дугаарт багтсан “Фторт устөрөгчийн хүчил Hydrofluoric Acid (HF)” 500 миллиграммын хэмжээтэй 1 сав, 506 дугаарт багтсан “Калийн гидроксид Potassium Hydroxide (КОН)” 557,3 граммын хэмжээтэй 1 сав зэрэг 5 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
4. Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор У.А-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч “Ф” ХХК-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: “Ф” ХХК-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
6. Прокурор У.А давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ. гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Нэг. Шүүгчийн захирамж дахь заалтын тухайд: Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй." гэж заажээ. Тиймээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг зарлан явуулах боломжгүй, мөн ердийн журмаар шийдвэрлэх боломжгүй байх тул прокурорт буцаахаар шийдвэрлэв гэжээ. Дээрх заалтыг дараах үндэслэлээр няцаахад: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилж, мөн хуулийн 17.4 дугаар зүйлд "шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам"-ыг зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах...", мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана" гэж тус тус заасан. Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзвэл шүүх хэргийг хуралдаанаар хянан хэлэлцэж, хэргийг прокурорт буцаахаар зохицуулсан байна. Гэтэл шүүх хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдаан явуулахгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална", 2 дахь хэсэгт заасан "шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно", 4 дэх хэсэгт заасан "шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана" гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2025/Ш3/106 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
7. Прокурор У.А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна ” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Давж заалдах шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргалын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Яллагдагч “Ф” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Тодруулбал: Шүүхээс хэргийн нөхцөл байдлыг судлан “тухайн хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу зохих тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авалгүйгээр химийн хорт, аюултай бодистой харьцаж, үйл ажиллагаандаа ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байхад тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлээгүй этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй орхигдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгоос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтны, эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн хүний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамт явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотлох гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзсэн” дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
9. Яллагдагч “Ф” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг зарлан явуулах болон ердийн журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзээд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцсэн байх тул Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор У.А-н эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор У.А-н бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Гурав. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.