Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 182/2018/00734/И |
Дугаар | 210/МА2018/01664 |
Огноо | 2018-07-20 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2018/01664
2018 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 210/МА2018/01664 |
М.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01072 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгч М.Эрхэмбаярын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн банк ХХК-тай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж ажлаас халах мэдээлэл өгч, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/300 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас халсан тушаалын үндэслэлээ Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрээр Төрийн банкны удирдлага зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдэн батлагдаж, Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлын албан тушаалын орон тоо хасагдсан гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан газрын нэр шинэ бүтцээр Бүтээгдэхүүн хөгжил, маркетингийн газар болж нэг үгээр л солигдсон бөгөөд хэрэгжүүлэх чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байна. Иймд Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/300 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Төрийн банк ХХК-ийн тайлбарт: М.Эрхэмбаяр нь Төрийн банкны бүтцийг шинэчлэн батлах тухай 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн дагуу томилогдож, Тэргүүн орлогч захирлын харьяанд Бүтээгдэхүүн хариуцсан захиралд ажлаа тайлагнан, Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлын албан тушаалтайгаар Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтэс, Маркетингийн хэлтэс, Даатгалын алба, Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн албыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн батлагдсан банкны зохион байгуулалтын бүтцэд нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирал гэх албан тушаал хасагдсан.
Төрийн банк ХХК нь 100 хувь төрийн өмчит банк бөгөөд хувьцаа эзэмшигчийн төлөөллийг хэрэгжүүлж буй Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 382 дугаартай тушаалаар Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг шинээр томилсон. Улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 тоот тогтоолоор Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 тоот тогтоолоор шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцээр үгүй болсон ажил, албан тушаалд ажиллаж байсан захирлуудыг ажлаас чөлөөлөх зөвшөөрлийг гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнд олгосон байдаг. Энэ нь Төрийн банкны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3.17 дахь заалт болон дотоод журамд зааснаар газрын захирлыг оролцуулаад түүнээс дээш албан тушаалтныг томилох чөлөөлөх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл өгдөг процессийн дагуу явагдсан. Дээрх тогтоол болон банкны шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцийн дагуу гүйцэтгэх захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд банкны орон тоог 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/12 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан бөгөөд батлагдсан бүтэц, орон тоогоор нэхэмжлэгч М.Эрхэмбаярын эрхэлж байсан Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирал гэх ажил албан тушаалын ажлын байр үгүй болж орон тоо хасагдсан болно.
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлаар ажиллаж байсан М.Эрхэмбаярт мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэж 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Мэдэгдэл гардуулж, хүлээн авсан гэсэн хэсэгт гарын үсэг зурсан байдаг бөгөөд энэ талаар тэмдэглэл үйлдсэн. Хуульд заасны дагуу мэдэгдэлд заасан 1 сарын хугацаа дуусгавар болсноор Төрийн банкны Хүний нөөцийн хорооны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 тоот хурлын шийдвэр болон гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/300 тоот тушаалаар Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлын албан тушаалд ажиллаж байсан М.Эрхэмбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн цуцалсан. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу М.Эрхэмбаярт 3 сарын үндсэн цалинтай тэнцэх 14 700 000 төгрөгийн тэтгэмжийг мэдэгдлийн хугацаан дахь цалингийн хамт тооцож олгосон. Иймд М.Эрхэмбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Эрхэмбаярыг урьд эрхэлж байсан ажил буюу Төрийн банк ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Эрхэмбаяр нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Төрийн банк ХХК-аас 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Төрийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдснаар өмнөх бүтцэд байсан "Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирал" гэх албан тушаалын орон тоо хасагдсан. Албан тушаал нь "ажлын байрны тодорхойлолт"-д тусгагдаж заасан эрх мэдлийн шатлал, ажлын байрны үндсэн зорилго, түүний гүйцэтгэх үүргээр тогтоогддог.
М.Эрхэмбаяр нь Төрийн банкны бүтцийг шинэчлэн батлах тухай 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн дагуу томилогдсон ба уг тогтоол нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор хүчингүй болж, банкны зохион байгуулалтын бүтцэд нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан "Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирал" гэх албан тушаал хасагдсан.
Төрийн банк ХХК нь 100 хувь төрийн өмчит банк бөгөөд хувьцаа эзэмшигчийн төлөөллийг хэрэгжүүлж буй Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 382 дугаартай тушаалаар Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг шинээр томилсон. Улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 тоот тогтоолоор Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилсон. Түүнчлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 тоот тогтоолоор шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцээр үгүй болсон албан тушаалд ажиллаж байсан захирлуудыг ажлаас чөлөөлөх зөвшөөрлийг Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнд олгосон байдаг. Энэ нь Төрийн банкны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3 дах заалт болон дотоод журамд зааснаар газрын захирлыг оролцуулаад түүнээс тушаалтныг томилох чөлөөлөх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл процессийн дагуу явагдсан. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу М.Эрхэмбаярт 3 сарын үндсэн цалинтай тэнцэх 14 700 000 төгрөгийн тэтгэмжийг мэдэгдлийн хугацаан дахь цалингийн хамт тооцож олгосон болно.
М.Эрхэмбаярын эрхэлж байсан албан тушаал буюу Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирал нь Төрийн банкны бүтцийг шинэчлэн батлах тухай 2016 оны 09 дүгээр сарыи 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор Тэргүүн орлогч захирлын харьяанд Бүтээгдэхүүн хариуцсан захиралд ажлаа тайлагнан, Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлын албан тушаалтайгаар "Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтэс", "Маркетингийн хэлтэс", "Даатгалын алба", "Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн алба"-ыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байсан бөгөөд харьяа хэлтэс, албад нь тус бүртээ захиралтай байсан. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн батлагдсан банкны зохион байгуулалтын бүтцээр Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирал гэсэн орон тоо хасагдсан.
Харин 2018 оны 01 дүтээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн батлагдсан банкны зохион байгуулалтын бүтцээр Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газрыг шинээр бий болгосон бөгөөд Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газар нь Гүйцэтгэх захирлын харьяанд Бизнес хариуцсан дэд захиралд ажлаа тайлагнан, "Сурталчилгаа, идэвхжүүлэлтийн алба", "Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтэс", "Даатгалын алба", "Харилцагчийн үйлчилгээний алба"-ыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байсан бөгөөд харьяа хэлтэс, албад нь захиралгүй үйл ажиллагаа хэрэгжүүлж ажиллаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч М.Эрхэмбаяр нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/300 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Төрийн банк ХХК-ийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1161 дугаартай тушаалаар нэхэмжлэгч М.Эрхэмбаярыг тус банкны Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлаар ажиллуулж байгаад 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/300 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоол, Хүний нөөцийн хорооны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.
Төрийн Банк ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан тус банкны зохион байгуулалтын бүтцээр Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газар нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтэс, маркетингийн хэлтэс, даатгалын алба, харилцагчийн үйлчилгээний алба гэсэн 4 хэсгээс бүрдэж байсныг тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан банкны зохион байгуулалтын бүтцийг өөрчилж, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газар нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтэс, сурталчилгаа, идэвхижүүлэлтийн алба, даатгалын алба, харилцагчийн үйлчилгээний алба гэсэн 4 хэлтэстэй болжээ.
Дээрх бүтцийн өөрчлөлтөөр Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газар нь Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газар болж нэр нь өөрчлөгдсөн хэдий ч нэхэмжлэгч М.Эрхэмбаярын гүйцэтгэж байсан ажлын байр хэвээр байх ба энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбарыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч М.Эрхэмбаярын ажиллаж байсан гэх Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын маркетингийн хэлтэс нь бараа үйлчилгээг худалдаалснаас олох ашгийг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчийн үйлдэл, сонирхлыг судлан дүн шинжилгээ хийж, шинжилгээний үр дүнд үндэслэн бараа бүтээгдэхүүний арилжааг явуулах үндсэн зорилготой байх бөгөөд уг хэлтсийг Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газрын сурталчилгаа, идэвхижүүлэлтийн албатай дүйцүүлэх боломжтой тул Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газар нь нэршлийн хувьд өөрчлөгдөж Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газар болсон гэж үзнэ.
Хариуцагч нэхэмжлэгчийн ажиллаж байсан Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлын албан тушаал байхгүй болсон, орон тоо хасагдсан гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Эрхэмбаярыг Төрийн банк ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлын албан тушаалд томилсон нь ажил олгогчийн зүгээс нэршлийн хувьд өөрчлөгдсөн Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилоход нөлөөлөхгүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/300 тоот тушаалыг хүчингүй болгуулах гэх шаардлага нь бие даасан шаардлага биш бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болно.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
А.МӨНХЗУЛ