Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/45

 

 

Ч.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

     Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

     Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б, шүүгдэгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

   Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Ч.Б-т холбогдох, 2535000000101 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, Б овогт Ч-ийн Б.

1. Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Ч.Б нь 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын х багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг, “А” нэртэй цайны газрын хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдлэн, хууль бусаар нэвтрэн орж, тус цайны газрын хөлдөөгчид хадгалж байсан 20 кг хонины цул махыг хулгайлан авч, хохирогчид 243,500 төгрөгийн хохирол учруулсан,

       - мөн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Увс аймгийн Улаангом сумын х багийн 602 тоотод байрлах хохирогч С.М-ын байшингийн цонхоор нь нэвтрэн орж, 1,311,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

     2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц-ээс шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

     3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолоор:

       - шүүгдэгч Б овогт Ч-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож,

        - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Б-т 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар хорих ял шийтгэж,

        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 19 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сар хорих ялд нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 19 /арван ес/ хоног хорих ялаар тогтоож,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

       - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэрэглэж, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлж,

        - шүүгдэгчээс 1,080,000 /нэг сая наян мянга/ төгрөг гаргуулж, хохирогч С.М, Ө.А нарт,  243,500 /хоёр зуун дөчин гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б.С-д тус тус олгож,

     - хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

      - хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, CD-г хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

    4. Прокурор Б.Б давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

        Шүүгдэгч Ч.Б--т холбогдох, эрүүгийн 2535000000101 дугаартай хэрэгт мөрдөгчийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “хураан авсан 5 ширхэг гарын мөр, нугарч хэлбэрээ алдсан төмөр цүү 1 ширхэг, 105 см урттай нэг талын үзүүр хэсэгтээ давхар төмөртэй, нөгөө талын үзүүр хэсэг нь тэгш бус 1 ширхэг төмөр, гар утсанд бичлэг хийх явцад хуулбарлан авсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий СД-1 ширхэг”- ийг эд мөрийн баримтаар тооцож шийдвэрлэжээ.

       Прокурорын 2025 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 119 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дээрх эд мөрийн баримтыг хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн талаар дурдсан байна.

     Мөн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтэд гаргахдаа “...хураан авсан 5 ширхэг гарын мөр, гар утсанд бичлэг хийх явцад хуулбарлан авсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий СД-1 ширхэгийг хэрэгт хадгалах, нугарч хэлбэрээ алдсан төмөр цүү 1 ширхэг, 105 см урттай нэг талын үзүүр хэсэгтээ давхар төмөртэй, нөгөө талын үзүүр хэсэг нь тэгш бус 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах санал гаргасан.

       Анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолын 8 дахь заалтад “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, СD-г хэрэгт үлдээсүгэй” гэж шийдвэрлэсэн байх бөгөөд хураан авсан 5 ширхэг гарын мөр, нугарч хэлбэрээ алдсан төмөр цүү 1 ширхэг эд мөрийн баримтыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18 дахь заалтад заасан “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” тогтоох хэсэгт тусгана гэж заасныг зөрчсөн байна.

       Энэ нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

      Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...хураан авсан 5 ширхэг гарын мөр, гар утсанд бичлэг хийх явцад хуулбарлан авсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий СД-1 ширхэгийг хэргийн хамт хадгалах, нугарч хэлбэрээ алдсан төмөр цүү 1 ширхэг, 105 см урттай нэг талын үзүүр хэсэгтээ давхар төмөртэй, нөгөө талын үзүүр хэсэг нь тэгш бус 1 ширхэг төмрийг зэрэг эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах” гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

       5. Шүүгдэгч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Цагдан хоригдож байх хугацаандаа миний биеийн байдал муудаж, татаж унаад ухаан алдсан. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрээд 7 хоног эмнэлэгт хэвтсэн. Мөн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолтой, Ч.Б-т холбогдох, 2535000000101 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

       2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

        3. Шүүгдэгч Ч.Б нь 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын х багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй цайны газрын хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдлэн, хууль бусаар нэвтэрч, тус цайны газрын хөлдөөгчинд хадгалж байсан 20 кг хонины цул мах хулгайлж, хохирогчид 243,500 төгрөгийн хохирол учруулсан,

         - мөн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Увс аймгийн Улаангом сумын х багийн х тоотод байрлах, хохирогч С.М-ын амьдардаг байшингийн цонхоор нь нэвтрэн орж, хөлдөөгчинд хадгалж байсан 60кг үхрийн мах, цаа бугын арьсан гутал, G брэндийн 39 инчийн зурагт, усны тэрэг тус тус хулгайлж, 1,311,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

        - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1, 64 дэх тал/,

    - 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,

        - мөрдөгчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хохирогч Б.С-ийн гар утсанд үзлэг хийсэн: “Хохирогч Б.С-ийн гар утасны галерей хэсэгт хадгалагдсан 1 минут 43 секунтын бичлэгийг үзэхэд, хохирогч Б.С-ийн зааснаар В буюу Б нь бараан өнгийн дээлтэй, шар өнгийн бүстэй, баруун гартаа төмөр мэт зүйл барьсан байдалтай явж байгаа дүрс бичигдсэн байна. Цааш яваад ногоон өнгийн цайны газрын хаалга хэсэгт очиж баруун гарт байгаа төмөр зүйлээрээ хаалгыг хөшиж байгаад өөрөө газарт унаж дахин босож ирээд төмөр зүйлийг ашиглаж, хаалга эвдэж дотогшоо орж 30 секунтын дараа зүүн гартаа цэнхэр өнгийн хальсан ууттай эд зүйл бариад цайны газрын хаалгаар буцаж гараад ертөнцийн зүгээр баруун зүгт явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

       - хэргийн газраас бэхжүүлж авсан 5 ширхэг гарын мөр, нугаларч хэлбэрээ алдсан төмөр цүү 1 ширхэг, 105 см урттай, нэг талын үзүүр хэсэгтээ давхар төмөртэй, нөгөө талын үзүүр нь тэгш бус 1 ширхэг төмөр, хяналтын камераас хуулбарлан гар утсанд хадгалсан байсан, 1 минут 58 секундын бичлэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн тогтоол /хавтаст хэргийн 22 дахь тал/,

      - хохирогч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаангом сумын х багийн нутаг дэвсгэрт “А” нэртэй цайны газар ажиллуулдаг бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тухайн цайны газраа хаагаад Улаанбаатар хот руу явсан. 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр х захын менежер Ш гэх хүн над руу утсаар залгаж, танайх цайны газраа очоод үзчихээч гэж хэлсэн. Тогооч Б.Э нь цайны газарт очсоны дараа над руу утсаар ярьж, баруун талын хаалганы цоожийг эвдэж ороод 20 кг хонины цул мах хулгайлаад авчихжээ гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаангом суманд ирж, цайны газартаа ирэхэд хаанаас авч ирсэн болохын мэдэхгүй урт төмөр байсан. Манай хаалга руу харсан “У” ХХК-ийн хяналтын камерыг шүүж үзэхэд: Улаангом сумын зах дээр яваад байдаг, заримдаа  манай цайны газар орж ирж хоол иддэг В /Ч.Б/ гэх хүн гартаа төмөр барьж ирээд, цайны газрын хаалгыг хөшиж онгойлгоод хоол хийхээр бэлдэж тавьсан 20 кг хонины цул махыг авч явж байгаа дүрс бичигдсэн байсан учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн төмрийг В авч ирж, цайны газрын хаалганы цоожийг хөшиж онгойлгож ороод мах аваад гарахдаа үлдээчихсэн байсан. Уг төмрийг “Хүнсний зах”-ын уурын зууханд ажилладаг хүн хараад манай гал түлэхдээ ашигладаг төмөр байна гэж таньж байсан. В нь Улаангом сумын зах дээр ихэвчлэн явж байдаг, манай хоолны газарт хоол иддэг, бас зарим үедээ зээлээр хоол иддэг учир сайн танина. Тухайн хаалганы цоожийг 2024 оны 12 дугаар сард Итгэлт барааны зах дээрээс 7,000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-29 дэх тал/,

        - гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ А нэртэй цайны газар нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ажиллаагүй. 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Б.С над руу гар утсаар залгаж, “цайны газарт хулгай орсон юм шиг байна, очоод үзээрэй” гэж хэлэхээр нь би очиж үзсэн. Цайны газрын баруун талын хаалганы цоожийг эвдсэн, хаалга нь онгорхой байхаар нь дотогш орж үзэхэд урьд өмнө нь үзэж харж байгаагүй төмөр байсан. Хоол хийхээр бэлтгэж тавьсан 20 кг хонины цул мах алга болчихсон байсан. Энэ талаар Б.С-д хэлж хаалганы цоожийг сольж, янзалчхаад явсан. 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаангом суманд Б.С ирж бид хоёр хамтдаа цайны газартаа очиж хаалга руу харсан “У” ХХК-ийн хяналтын камерыг шүүж үзэхэд, Улаангом сумын зах дээр яваад байдаг, зарим үедээ манай цайны газар орж ирж хоол иддэг байсан В /Ч.Б/ гэх хүн гартаа төмөр барьж ирээд цайны газрын хаалгыг хөшиж онгойлгоод, хоол хийхээр бэлдэж тавьсан 20 кг хонины цул махыг аваад гарч байгаа дүрс бичигдсэн байсан. В нь манай газарт хоол иддэг ба зарим үедээ зээлээр иддэг тул сайн танина” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

       - хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаартай “2025 оны 3 дугаар сарын байдлаар Увс аймагт 20 кг хонины цул махны зах зээлийн үнэлгээг 240,000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38 дахь тал/,

       - хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 69 дугаартай “2025 оны 3 дугаар сарын байдлаар Увс аймагт хуучин цоожны зах зээлийн үнэлгээг 3,500 /гурван мянга таван зуун/ төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45 дахь тал/,

        - мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн: “үзлэг хийж буй газар нь Улаангом сумын х багийн х тоотод байрлах, байшин байв. ..ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан цонхны баруун дээд хэсэгт байх 38 см өргөн, 45 см өргөн салхивч онгорхой, түгжээ нь мултарч онгойсон мэт байв. ...Цонхны дотор талын доод рамаас 2 ширхэг, салхивчны хажуу талын шилнээс 2 ширхэг, хөлдөөгчийн дээд талын баруун урд булангаас 1 ширхэг гарын мөр тус тус илрүүлэн бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 66-72 дахь тал/,

         - Ч.Б-ээс G гэх нэртэй, суурьгүй, хар өнгийн зурагт 1 ширхэг, цэнхэр, цагаан өнгийн төмрөөр хийсэн, хоёр дугуйтай, хэвийн ажиллагаатай, ус зөөх зориулалттай усны тэрэг 1 ширхэгийг тус тус хураан авсан тухай мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 75-78 дахь тал/,

       - хохирогч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаангом сумын х багийн х тоотод хашаа байшинд амьдардаг. 2024 оны 10 дугаар сараас мал маллахаар Улаангом сумын 1-р багт түр амьдарч байгаа. 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаангом сумын х багийн х тоот хашаа байшиндаа очиход ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан цонх, баруун зүг рүү харсан цонх нь онгорхой байсан. Гадна үүдний хэсэгт тухайн цонхны шавжаас хамгаалдаг тор уначихсан байсан. Би түлхүүрээрээ хаалга онгойлгож, үүдний өрөө рүү орж хөлдөөгч онгойлгож үзэхэд 60 кг үхрийн мах, эхнэр Ө.А бид хоёрын 5 жил өмссөн цаа бугын гутлын нэг талын өрөөсөн гутал, том өрөөнд байсан G брэндийн 39 инчийн зурагт гэх мэт зүйлүүд хулгайд алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Би 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаангом сумын х багийн х тоотод очиж үхрийн мах хөргөгчид хийчхээд явсан. Түүнээс хойш очихгүй байж байгаад өнөөдөр очсон. Харин эхнэр Ө.А нь 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хашаанаас очиж эд зүйл авсан. Тухайн үед эхнэр гэр лүүгээ ороогүй бөгөөд гаднаас нь харахад зүгээр байсан гэж хэлсэн. Намайг очиход байшингийн цонх онгорхой байсан. Байшингаас эд зүйл хулгайлсан хүн цонхоор орж, гарсан байж магадгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

         - гэрч Ө.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаангом сумын х багийн х тоот хашаа байшиндаа нөхрийн хамт очиж, үүдний өрөөнд байдаг хөлдөөгч рүү 60 кг үхрийн мах хийгээд явсан. 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хашаа байшингаа эргэж очиход ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан цонх, ертөнцийн зүгээр баруун зүгт харсан цонх онгорхой байсан. Гадна үүдний хэсэгт цонхны шавжаас хамгаалсан тор унасан байсан. Байшиндаа орж, үүдний өрөөнд байсан хөлдөөгчөө онгойлгож үзэхэд 60 кг үхрийн мах, нөхөр бид хоёрын цааны арьсан гутлын нэг талын өрөөсөн гутал, том өрөөнд байсан G брэндийн 39 инчийн зурагт, усны тэрэг гэх мэт зүйлүүд хулгайд алдагдсан байсан тул нөхөр М цагдаагийн байгууллагад хандсан. Би 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хашаанаас очиж эд зүйл авсан. Тухайн үед байшин руу ороогүй бөгөөд гаднаас харахад зүгээр байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-94 дэх тал/,

        - гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “нас гүйцсэн эр үхрийн мах 25 килограммаас дээш татдаг ...үхрийн мах нэг килограмм нь 13,000 төгрөгийн үнэ ханштай байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

       - хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаартай “2025 оны 3 дугаар сарын байдлаар Увс аймагт хуучин усны тэрэгний зах зээлийн үнэлгээг 91,000 /ерэн нэгэн мянга/ төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 107 дахь тал/,

        - шүүгдэгч Ч.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

     4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Б-ийг хохирогч Б.С-ийн эзэмшлийн, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, 20 кг хонины мах хулгайлсан,

       - хохирогч Б.М-ын өмчлөлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтрэн орж, 60 кг үхрийн мах, цаа бугын арьсан гутал, G брэндийн 39 инчийн зурагт, усны тэрэг тус тус хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

        5. Шүүгдэгч Ч.Б-ийн хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-д 243,500 төгрөгийн, хохирогч С.М-д 1,311,000 хохирол тус тус учруулсан нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 61, 62 дугаар дүгнэлт, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдсон байна.

        Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч  Ч.Б-ээс 1,080,000 /нэг сая наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.М, Ө.А нарт, 243,500 /хоёр зуун дөчин гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б.С-д тус тус олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна. 

       6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, түүний үйлдсэн гэмт хэрэгт 2 жил 2 сар хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэр хэмжээ болон өмнө нь удаа дараа энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдсон буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь тохирсон гэж дүгнэв.

       Түүнчлэн шүүгдэгчийн өмнө үйлдсэн гэмт хэрэгт оногдуулснаас эдлээгүй үлдсэн буюу Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 19 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сар хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 19 /арван ес/ хоног хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.  

        7. Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18-т заасан: шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” тусгана гэж заасныг зөрчсөн байна.     

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хэргийн газраас бэхжүүлж авсан 5 ширхэг гарын мөр, нугарч хэлбэрээ алдсан төмөр цүү 1 ширхэг, 105 см урттай, нэг талын үзүүр хэсэгтээ давхар төмөртэй, нөгөө талын үзүүр нь тэгш бус 1 ширхэг төмөр, хяналтын камераас хуулбарлан гар утсанд хадгалсан байсан, 1 минут 58 секундын бичлэг зэргийг тус тус эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн тогтоол хавтаст хэргийн 22 дахь талд авагдсан байх бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 5 ширхэг гарын мөр, нугарч хэлбэрээ алдсан төмөр цүү 1 ширхэгийг хэрхэн шийдвэрлэх талаар тусгалгүй орхигдуулжээ. 

        Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байх тул хангаж, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

        8. Шүүгдэгч Ч.Б-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 73 хоногийг эдлэх хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг: “...хураан авсан 5 ширхэг гарын мөр, гар утсанд бичлэг хийх явцад хуулбарлан авсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий СД-1 ширхэгийг тус тус хэргийн хамт хадгалах, нугарч хэлбэрээ алдсан төмөр цүү 1 ширхэг, 105 см урттай нэг талын үзүүр хэсэгтээ давхар төмөртэй, нөгөө талын үзүүр хэсэг нь тэгш бус 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Б-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 73 /далан гурав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

       3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.МӨНХЖАРГАЛ   

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.ТУЯА     

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.АЛТАН