Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2020/00118

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2020/01127 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус байгууллагад боловсон хүчний мэргэжилтнээр ажилд орж, олон жил ажиллаж байгаад Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит Үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Б/460 тоот тушаалаар Барилга засварын цехийн Маркетинг, чанарын албаны чанарын мэргэжилтнээр ажилласан бөгөөд 38 жил тус үйлдвэрт ажиллаж байна. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ээлжийн амралтаа авах хүсэлтээ гаргаад байж байтал 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/918 тушаалыг гардуулан өгсөн. Уг тушаалтай танилцтал өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцласугай гэсэн үндэслэл бүхий тушаал байсан ба өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байхад энэхүү тушаалыг гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь би 60 нас хүрсэн боловч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэх хүсэлтийг хаана ч гаргаагүй байхад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Иймд Эрдэнэт Үйлдвэр Төрийн өмчит Үйлдвэрийн Газрын ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/918 тоот тушаалыг хүчингүй болгож, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн Барилга засварын цехийн Маркетинг, чанарын албаны чанарын мэргэжилтнээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь *******-т 1981 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 940 дугаар тушаалаар Барилга засварын цехийн Их барилгын хэсгийн мужааны орон тоонд ажиллаж эхэлжээ. Түүнээс хойш үйлдвэрийн газарт нийт 38 жил 8 сар ажилласан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ...20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй ...тэтгэвэр тогтоолгон авч болно, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2020/01127 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3., 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй энэхүү заалтын дагуу ******* 65 нас хүрээгүй учир өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсээгүй бөгөөд 65 нас хүрсэн бол Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг дахь заалтыг хэрэглэх боломжтой бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн насыг заасан заалт. Гэтэл *******ын нас 60 нас 4 сартай байх үед ажлаас халсан нь дээрх заалтыг зөрчсөнийг анхаарч дүгнэлт хийгээгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4-р зүйлийн 1-т Даатгуулагч 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даагуулагч өөрөө хүсэвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан бөгөөд 60 настай эрэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэх тухай хуульчилсныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл өөрөө хүсвэл гэх хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ******* өөрөө хүсэлт гаргаагүй. Энэ нь хэрэгт нотлогдсон. Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байхыг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан бөгөөд өндөр насны тэтгэвэр авах эрх *******т үүссэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Учир нь 60 нас хүрсэн нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрх дан ганц насаар тодорхойлохгүй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу өөрөө хүссэний дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхийг хуульчилж тодорхойлсныг анхаараагүй. Өөрөө хүсээгүй бол өндөр насны тэтгэвэр авах эрх 65 насанд хүрснээр үүсэхийг хуульчилсан байна. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2020/01127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ******* *******-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь 1981 оны 09 дүгээр сарын 25 ны өдрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэрт боловсон хүчний мэргэжилтнээр ажилд орж, нэхэмжлэгч тус үйлдвэрт 38 жил тасралтгүй ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/918 дугаар тушаалаар *******ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

******* нь 2020 оны 02 дугаар сарын 05 ны өдөр 60 нас хүрсэн бөгөөд тэрээр тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах, ажиллахгүй талаар хүсэлт гаргаагүй, байгууллагын зүгээс ажиллуулахгүй талаар асуудал яригдаагүй, 2020 оны 03 дугаар сарын 24 ний өдрийн Б/460 дугаар тушаалаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн охин компани РСЦ ХХК ийн материал хангамжийн инженерээр ажиллаж байсан түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлж, тухайн өдрөөс *******-ын Барилга засварын цехийн Марктенг, чанарын албанд чанарын мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь ажилтан болон ажил олгогч нар хөдөлмөрийн гэрээг цаашид хэвээр үргэлжүүлсэн гэж дүгнэхээр байна.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно., Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-т Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.., гэж тус тус заажээ.

 

Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх л үүсч байгаа болохоос ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Ажилтан цаашид үргэлжүүлэн ажиллах, өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй ба ажилтныг 60 нас хүрсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөхдөө ажилтны эрхийг хангаж хүсэлтийг нь харгалзаж үзэх нь шаардлагатай болно.

 

2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/918 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1., Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй тушаал байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул хүлээн авч, нэхэмжлэгч *******ыг өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сар 18 хоногийн цалин 9.511.639 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2020/01127 дугаартай шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3., 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар нэхэмжлэгч *******ыг *******-ын Барилга засварын цехийн Марктенг, чанарын албаны чанарын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т зааснаар хариуцагч *******-аас ажилгүй байсан хугацааны цалин 9.511.639 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай ... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ...*******-аас улсын тэмдэгтийн хураамж 167.136 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай ... гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.БАТТӨР