Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2026/00186

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2026/00186

Хөвсгөл аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***** газрын,

Хариуцагч: Б.П

Хариуцагч: С.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,100,000 (зургаан сая нэг зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 320/2025/02035/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ***** газрын дарга Т.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 6,100,000 төгрөг. Үндсэн төлбөр 6,100,000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2022.06.23. Гэрээ дуусгавар болох огноо: 2025.06.15. Зээлийн нийт төлсөн дүн: 3,900,000 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.06.16.

Иргэн Б.П нь аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөдөлмөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ-г байгуулж, түүнд 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Мөн Б.П тэй байгуулсан гэрээний батлан даагчаар С.Г нь 52 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 1.3-т ...үүрэг гүйцэтгэгч тал нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, хэрэв гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд олгогдсон зээл, санхүүгийн дэмжлэгийн үндсэн төлбөр, хүү, анз, шүүхийн зардал, учирсан хохирлыг үүрэг гүйцэтгүүлэгч талд нөхөн төлж бүрэн хариуцлага хүлээхээр зөвшөөрөв... гэж заасан. Гэтэл Б.П нь зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байна.

Иймд 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөдөлмөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ-ний үүрэгт 6,100,000 төгрөгийг Б.П , С.Г нараас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь тал)

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн ХХҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.П д холбогдох 6,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.П нэхэмжлэлийн шаардлага 6,100,000 төгрөгөөс 800,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5,300,000 төгрөгийг 2026 оны 1, 2 дугаар сард 1,770,000 төгрөгөөр, 3 дугаар сард үлдэгдэл 1,760,000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 29 дэхь тал)

2. Хариуцагч Б.П шүүхэд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн ***** газраас 10,000,000 төгрөгийн зээл авч зоорь барьсан. Хамтран зээлдэгчээр С.Г гарын үсэг зурж өгсөн нь үнэн боловч зээлийн мөнгийг авч ашигласан тул би төлнө. Гэвч санхүүжилт бүрэн хүрэлцээгүйн улмаас зоорийг бүрэн дүүрэн барьсан зүйлгүй ч ашиглаж болохоор болгосон. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 6 дугаар сард дууссан. Энэ үед зээлийн төлбөр 6,100,000 төгрөг үлдсэн байсан. Үүнээс хойш би 800,000 төгрөгийг төлсөн. Одоо 5,300,000 төгрөг үлдсэн. Зээлийн үлдэгдэл 5,300,000 төгрөгийг 2026 оны 1, 2 дугаар сард 1,770,000 төгрөгөөр, 3 дугаар сард үлдэгдэл 1,760,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 24 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ***** газар нь хариуцагч С.Г , Б.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,100,000 (зургаан сая нэг зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х гийн гаргасан хүсэлтээр тус шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 320/ШЗ2026/00584 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар татагдсан этгээд С.Г ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хариуцагчаас хасчээ.

Хариуцагч Б.П 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ...Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 6 дугаар сард дууссан. Энэ үед зээлийн төлбөр 6,100,000 төгрөг үлдсэн байсан. Үүнээс хойш би 800,000 төгрөгийг төлсөн. Одоо 5,300,000 төгрөг үлдсэн. Зээлийн үлдэгдэл 5,300,000 төгрөгийг 2026 оны 1, 2 дугаар сард 1,770,000 төгрөгөөр, 3 дугаар сард үлдэгдэл 1,760,000 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х ...Хариуцагч Б.П нэхэмжлэлийн шаардлага 6,100,000 төгрөгөөс 800,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5,300,000 төгрөгийг 2026 оны 1, 2 дугаар сард 1,770,000 төгрөгөөр, 3 дугаар сард үлдэгдэл 1,760,000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн. Дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.П нэхэмжлэлийн шаардлага нийт 6,100,000 (зургаан сая нэг зуун мянга) төгрөгөөс 800,000 (найман зуун мянга) төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5,300,000 (таван сая гурван зуун мянга) төгрөгийг 2026 оны 1, 2 дугаар сар бүр 1,770,000 төгрөг, 3 дугаар сард 1,760,000 төгрөгөөр хуваан тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 6,100,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 112,550 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.П гээс улсын тэмдэгтийн хураамж 112,550 төгрөгийн 50 хувь болох 56,275 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ***** газраас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 6,100,000 (зургаан сая нэг зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 (найман зуун мянга) төгрөгийг төлсөн, үлдэх 5,300,000 (таван сая гурван зуун мянга) төгрөгийг 2026 оны 1, 2 дугаар сар бүр 1,770,000 төгрөг, 3 дугаар сард 1,760,000 төгрөгөөр хуваан тус тус төлж барагдуулахаар хариуцагч Б.П хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 112,550 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.П гээс улсын тэмдэгтийн хураамж 56,275 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА