Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00164

 

 

 

 

 

2018 01 12

210/МА2018/00164

 

 

Ш.Баасанжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15ы өдрийн 182/ШШ2017/02209 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Баасанжавын нэхэмжлэлтэй, хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох

 

Автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Баасанжав, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Монгол шуудан банкнаас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 44 дүгээр байрны зоорийн давхрын 15 тоот автомашины зогсоолыг 5000 ам.доллараар худалдаж авсан. Тухайн үед автомашины зогсоолын үнийг төлөхдөө В-74 тоот гэж тушаасан бөгөөд энэ нь байрны дугаар юм. Сүүлд Архивын газраас ирсэн баримтуудаас үзвэл Монгол шуудан банк Ш.Баасанжав нарын хооронд байгуулагдсан 74 тоот гэрээ гарч ирсэн. Энэ гэрээнд 3 өрөө орон сууц, гараашийн асуудал тусгагдсан байх ба гэрээн дээрх гарын үсэг Ш.Баасанжавынх мөн юм шиг байсан. Ш.Баасанжав нь тухайн үед Одод ХХК-д ажиллаж байсан бөгөөд тус байгууллагаас түүний ажил, хөдөлмөрийг үнэлж Монгол шуудан банкны бариулсан 120 айлын орон сууцнаас 3 өрөө байр бэлэглэсэн байдаг. Ш.Баасанжав нь уг орон сууцанд амьдарч байгаад бусдад худалдсан. Энэ орон сууцны асуудал өнөөдрийн манай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Маргаан бүхий гараашийг СӨХ-оос 15 тоот гэж дугаарласан юм. Ш.Баасанжав нь уг гараашийг анх худалдаж авсан 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшин ашиглаж байгаа. Одоо уг зогсоолоо зарах болоод өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч уг эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй тул мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан. Одоо Монгол шуудан банк нь татан буугдсан, актив, пассив хөрөнгө нь Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжсэн учир бид тус байгууллагыг хариуцагчаар тодорхойлсон. Иймд Ш.Баасанжав өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй болсон тул Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 44 дүгээр байрны 15 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн A153 дугаартай тушаалаар "Хадгаламж банк" ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн A157 дугаартай Албадан татан буулгах тухай тушаалаар "Хадгаламж банк" ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар "Хадгаламж банк ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг нэг жил хүртэл хугацаагаар, 2015 оны 07 сарын 21-ний өдрййн А-116 дугаартай тушаалаар 1 жил хүртэл хугацаагаар, 2016 оны 07 сарын 07-ны өдрийн А-172 дугаартай тушаалаар 6 capын хугацаагаар, 2017 оны 01 сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалаар 6 сарын хугацаагаар тус тус сунгасан. Хадгаламж банкны хувь нийлүүлэгчдийн хурал, Монгол шуудан банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10-05/07 тоот хамтарсан тогтоол, мөн 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Монгол шуудан банкны зарим актив, пассив хөрөнгийг салгах баланс үйлдэн Хадгаламж банк шилжүүлэн авсан. Хадгаламж банк нь Монгол шуудан банкны үүргийг бүхэлд нь шилжүүлж аваагүй ба энэ нь тогтоолын 7 дугаар хэсэгт зааснаар нотлогдоно. Монгол шуудан банк хуулийн этгээдийн хувьд татан буугдаагүй улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байна. Сүүлд ирсэн архивын баримтаас үзвэл Монгол шуудан банк болон Ш.Баасанжав нарын хооронд байгуулагдсан 74 тоот гэрээ гарч ирсэн. Энэ гэрээнд 3 өрөө орон сууц, гараашийн асуудал тусгагдсан байна. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч нь энэ гэрээг мэдэхгүй, мөн гараашд улсын бүртгэлийн гэрчилгээ гардаг талаар мэдээгүй гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Гэрээний график төлөлтөөс харвал энэ орон сууцны үнэ, гараашийн төлбөр төлөгдсөн гэж үзэхгүй. Гэтэл нэхэмжлэгч нь орон сууцыг Одод ХХК-аас бэлэглэлийн гэрээгээр авсан гэсэн. Бид тухайн үед Монгол шуудан банкны асуудлаар 2003 оны 10 сард нийтэд мэдээллэсэн, тэр үед гомдлоо гаргаагүй. Мөн нэхэмжлэгч тал автомашины зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар бүртгэлийн байгууллагад хандаагүй байна гэсэн албан бичиг Архивын ерөнхий газраас ирсэн. Тийм учраас урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ш.Баасанжавыг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 44 дүгээр байрны 15 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Баасанжаваас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Баасанжавт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн, Д.Гантөмөр нар давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "... Монгол шуудан банкны актив, пассив хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхийг Хадгаламж банк хүлээн авчээ" гэж дүгнэсэн. Гэтэл Монгол шуудан банк нь өнөөдрийг хүртэл татан буугдаагүй, улсын бүртгэлээс хасагдаагүй бөгөөд Монгол банкны 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот зөвшөөрлийн үндсэн дээр Хадгаламж банкны хувь нийлүүлэгчдийн хурал, Монгол шуудан банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын хамтарсан 10-05/07 тогтоол гарч, Монгол шуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 01 дугаартай "Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхийг шилжүүлэх гэрээ" байгуулагдаж, эдгээрийг үндэслэн Хадгаламж банкинд Монгол шуудан банкны зарим актив, пассив хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжиж ирсэн. Иймд Монгол шуудан банкны бүх актив, пассив хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх Хадгаламж банкинд шилжиж ирсэн, өөрөөр хэлбэл Монгол шуудан банкийг Хадгаламж банкинд нэгтгэсэн мэт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Хадгаламж банкинд Монгол шуудан банкнаас шилжиж ирсэн актив, пассив хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхэд маргаан бүхий автомашины зогсоол хамаарахгүй, шилжиж ирээгүй тул Хадгаламж банк ХХК нь нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан, эсхүл гэрээгээр болон хуульд заасан үндэслэлээр ямар нэгэн хүлээсэн үүрэг байхгүй, өөрөөр хэлбэл энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш болно. Түүнчлэн Хадгаламж банк ХХК нь уг автомашины зогсоолын өмчлөгч биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Гэтэл Шүүх Ш.Баасанжавыг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийг дурдан Хадгаламж банкийг автомашины зогсоолын өмчлөх эрхийг шижлүүлж байгаа этгээд гэж үзсэн үндэслэлгүй байна. Шүүх Ш.Баасанжав болон Монгол шуудан банкны хооронд 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 74 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээ болохыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан байх боловч уг гэрээнд хангалттай дүгнэлт өгөөгүй, өөрөөр хэлбэл гэрээгээр талууд ямар хөрөнгийг бариулахаар хөрөнгө оруулж байгаа, хөрөнгө оруулалтыг ямар хэмжээтэй, хэдий хугацаанд төлөх талаар хэрхэн тохиролцсоныг анхаарч үзээгүй байна. Гэрээгээр зохицуулагдсан харилцаанаас гэрээний зүйлийг дүгнэж үзэхэд талууд орон сууц болон гараашийг тус тусад нь худалдах, худалдан авахаар харилцан тохиролцоогүй /энэ тохиолдолд 2 тусдаа гэрээ байгуулагдах байсан/ харин хамтад нь бариулж, нийт шаардлагатай хөрөнгө оруулалтыг оруулахаар харилцан тохиролцсон байна. Мөн тус гэрээний 2.1-д зааснаас үззхэд талууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ болох 67 515.20 ам.долларыг 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5 000.00 ам.доллар, 2007 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 18 754.56 ам.доллар, 2007 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 43 760.64 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцож, үүний дагуу Ш.Баасанжав нь эхний төлөлт болох 5 000.00 ам.долларыг 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн болох нь меморалийн баримтаар нотлогддог. Ш.Баасанжаваас Монгол шуудан банкинд 5 000.00 ам.доллар шилжүүлэх үндэслэл болсон гэрээнд ийнхүү заасан байхад гүйлгээний утгаар гараашийн төлбөрийг тусад нь төлж авсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Баасанжав нь хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 44 дүгээр байрны зоорийн давхрын В-74 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэргийн үйл баримт бүрэн дүүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Маргааны зүйл болох авто зогсоолын өмчлөх эрх Монгол шуудан банкнаас хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжсэн эсэх, хариуцагч нь уг хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй эсэх нөхцөл байдал тодорхой бус байна.

 

Нэхэмжлэгч Ш.Баасанжав нь Монгол шуудан банктай 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 айлын орон сууцны байрны 74 тоот, 3 өрөө орон сууцыг 62 515.20 ам.доллар, гараашийг 5 000 ам.доллараар худалдан авхаар харилцан тохиролцжээ. Уг орон сууц нь бэлэглэлийн гэрээний үндсэнд Монгол шуудан банкаас Одод ХХК-ийн өмчлөлд, Одод ХХК-аас Ш.Баасанжавын өмчлөлд шилжсэн байх ба тэрээр орон сууцаа 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.Дагвадоржид худалдсан, талууд энэ талаар маргаагүй.

 

Дээрх орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэхэмжлэгч Ш.Баасанжав нь Монгол шуудан банкинд 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5 000 ам.долларыг гараашийн төлбөр гэж тушаасан үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч нь шаардлагаа нотлохын тулд Монгол шуудан банкнаас Хадгаламж банкинд шилжүүлсэн хөрөнгийн жагсаалтыг хариуцагчаас гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснийг Улсын дээд шүүх нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад шүүх уг алдааг залруулаагүй хэргийг дахин шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид Монгол шуудан банкаас шилжүүлсэн эд хөрөнгийн жагсаалтыг нотлох баримтаар гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлт хэрэгт ач холбогдолтой, уг баримтыг тодруулах зайлшгүй шаардлагатай.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15ы өдрийн 182/ШШ2017/02209 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ