Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 304/ШШ2026/00114

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-02, С******* Т*******, ** давхарт байрлах Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******** аймаг, Р******* сум, ** дугаар баг, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух П.У*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 860,371.44 /найман зуун жаран мянга гурван зуун далан нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2160175 тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 500,000 төгрөг, үндсэн хүүнд 305,095.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 45,275.55 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 860,371.44 төгрөгийг хариуцагч П.У*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.У******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.У*******д холбогдох 860,371.44 /найман зуун жаран мянга гурван зуун далан нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч П.У******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.У*******д холбогдох 860,371.44 /найман зуун жаран мянга гурван зуун далан нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.У******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 12,600 (арван хоёр мянга зургаан зуу) төгрөг, хариуцагч П.У*******аас 12,600 (арван хоёр мянга зургаан зуу) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА