Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2020/01316

 

 

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01316

 

И- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01139 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч И- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А- ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 7 374 632 төгрөг, алданги 3 687 302 нийт 11 061 935 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А- ХХК нь 2018 онд гэрээний дагуу нийт 8 захиалга хийсэн. И- ХХК нь А- ХХК-тай 2018 оны 9 сарын 11-ний өдөр тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр төлөлтийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч нь 4 710 ам.долларын төлбөртэй ба 2018 оны 10 сарын 1-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Дээрх төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулснаас хойш хариуцагч нь дахин 4 захиалга өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2 250 ам.долларын захиалгын бараа, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 2 400 ам.долларын, 2019 оны 3 дугаар сарын 31-ны өдөр 2 220 ам.долларын, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2 220 ам.долларын захиалга өгсөн.

И- ХХК нь гэрээнд заасан үүргийнхээ дагуу захиалгыг гүйцэтгэсэн тул хариуцагч нийт 9 090 ам.долларын хөлс төлөх үүрэгтэй. Дээр дурдсан гэрээний 4 710 ам.доллартой нийлээд 13 800 ам.долларын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн зуучилж өгсөн. Хариуцагч нь дээрх төлбөрөөс нийт 11 107 ам.доллар төлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт үлдэгдэл нь 2 692 ам.доллар байна.

Гэрээний 4.6 заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг хариуцагчийн хамгийн сүүлд төлсөн төлбөр буюу 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 871 ам.доллар төлснөөс хойш тооцсон. Өнөөдрийн байдлаар алданги нь 187 өдөр буюу 2 517 ам.доллар болсон. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй хэмээн заасан тул алдангид 1 346 ам.доллар болж үндсэн төлбөртэй нийлэн нийт 4 039 ам.доллар буюу нийт 11 061 935 төгрөгний үлдэгдэлтэйг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх төлбөрийг 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 5 545 ам.долларын гүйлгээгээрээ төлж барагдуулсан. Энэ нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтад байгаа №ИВ20180903/01 дугаартай гэрээний төлбөрийн хүснэгтийн 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх гүйлгээний мэдээлэлд байгаа. Алдангийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А- ХХК-иас 11 061 935 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И- ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 940 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А- ХХК-иас 191 940 төгрөгийг гаргуулж И- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд тээвэр зуучийн гэрээний үүрэгт 4 039 ам.доллар буюу 11 061 935 төгрөг нэхэмжилж буй үндэслэлээ нотлоогүй. Манай компанийн хувьд нэхэмжлэгчид компанид үйлчилгээний төлбөрөө хэсэгчилэн шилжүүлж ирсэн бөгөөд нийт 15 607 ам.долларыг төлсөн. Үүнийг нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрч ...Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний алданги гэх хүснэгтэд дурдсан байгаа учраас төлбөр шилжүүлсэн баримтуудыг нотлох баримтаар бүгдийг нь гаргаж өгөөгүй.

Нэхэмжпэгч хэдний өдрийн үйлчилгээний хөлс нэхэмжилсэн нь ойлгомжгүй, тооцоо нийлээгүйн улмаас төлбөрийн дүн дээр маргаан үүссэн. Шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн тээвэр зуучийн үйлчилгээний гэрээг үндэслэсэн. Мөн уг гэрээний 4.6 дах заалтыг баримтлан алданги 1 346 ам.доллар буюу 3 687 302 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээнд мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээ болон үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлсон зүйл байхгүй. Гэрээний гол нөхцөл болох үнийг нэг бүрчлэн бичгээр тохиролцсон тохиролцоо байхгүй. Гэрээний 4.6-д Зуучийн нэхэмжилсэн тээврийн үйлчилгээний төлбөр болон гэрээнд тодорхойлсон нөхцөл байдлаас үүсэх нэмэлт зардлыг гэрээний 4.2-д засан хугацаанд үйлчлүүлэгч төлөх ба заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0,5 хувиар зуучид алданги төлнө гэж заасан. Нэхэмжлэгч нь гэрээний 4.2 дугаар зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх ёстой байсан хугацааг нотолж чадаагүй. Гэрээний 7.3 -д зааснаар гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг уг гэрээг үндэслэн нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хэрэгт 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр төлөлтийн гэрээ баримтаар авагдсан байгаа. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш нэхэмжпэгч компанийн үзүүлсэн үйлчилгээний төлбөр хэд болох, хэзээ төлбөрийг төлөх нь тодорхойгүй, төлбөр төлөлтийн гэрээ байгуулагдаагүйг шүүх харгалзан үзээгүй. Иймд шүүхийн шийдвэрт алданги 3 687 302 төгрөгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нотлох баримтыг зөв үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрийн үнийн дүнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч И- ХХК нь хариуцагч А- ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 7 374 632 төгрөг, алданги 3 687 302 төгрөг, нийт 11 061 935 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 42, 48/

Зохигч 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр тээвэр зуучийн /импорт/ үйлчилгээний гэрээг байгуулж, И- ХХК нь А- ХХК-ийн захиалгаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж, гарах импортын болон экспортын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэх, хариуцагч нь тээврийн хөлс, нэмэлт зардлууд болон тээвэр зуучлалын үйлчилгээний төлбөрийг төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдсон. /хх4, 52/

Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Талууд 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр төлөлтийн гэрээ байгуулсанд маргаангүй. Уг гэрээгээр 4 710 ам.долларыг 2018 оны 10 дугаар сарын 1-ний дотор төлөх, төлөхгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн анз тооцохоор тохиролцсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 4 710 ам.доллар ороод 13 800 ам.долларын бараа бүтээгдхүүн тээвэрлэн зуучилсан. Үүнээс нийт 11 107. ам.доллар төлсөн. Үлдэгдэл 2 692 ам.доллар гэж тодорхойлсныг хариуцагч үгүйсгээгүй. /хх6/

Хариуцагч дээрх 2 692 ам.долларыг аль гэрээний үүрэг болох, хэднээс хэдний хооронд төлөх ёстой байсан, анзыг яаж тооцоод байгаа аргачлал зэрэг нь тодорхойгүй гэж маргасан.

Хариуцагч нь төлбөр төлөх гэрээгээр 4 710 ам.долларыг 2018 оны 10 дугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй байсан боловч хавтас хэргийн 6 дугаар талд авагдсан нэхэмжлэгч талын баримтаар дээрх мөнгийг хугацаандаа бүрэн төлөөгүй, 2 260 ам.доллар төлжээ. Дээрх 6 дугаар хуудасны баримтыг хариуцагч үгүйсгээгүй.

Гэрээгээр 2018 оны 10 дугаар сарын 1-ний дотор төлбөл зохих 4 710 ам.доллараас 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 2 260 ам.долларыг хасахад 2 450 ам.доллар үлдэж байна. Анхан шатны шүүх анзыг 1 346 ам.долларыг 2 738 төгрөгөөр үржүүлж 3 685 348 төгрөгийн хэмжээнд тооцсон. Хариуцагч анзын хэмжээнд маргасан тул 2 450 ам.долларын 50 хувь нь 1 225 ам.доллар юм. Уг 1 225 ам.долларыг 2 738 төгрөгийн ханшаар тооцвол нийт 3 354 050 төгрөг болох бөгөөд анхан шатны шүүх 331 298 төгрөгийн анзыг илүү тооцсон гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 10 730 637 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх 331 298 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01139 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А- ХХК-иас 10 730 637 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И- ХХК-д олгож , үлдэх 331 298 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

- Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 191 940 гэснийг 187 120 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД