2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/10502

 

  

 

 

 

 

          2025             12              08

   192/ШШ2025/10502

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: *** дүүрэг, **** дүгээр хороо, *** дугаар хороолол, *** ******* **** гудамж, **** байр, ** тоот хаягт оршин суух, Б овогт Н-ийн Г /рд: ***** /   

Хариуцагч: **** дүүрэг, **** хороо, ****** хотхон, ****-р байр, **** тоот хаягт оршин суух, Б /рд: *******/,

Хариуцагч: **** дүүрэг, *** хороо, *** хороолол, *** байр, *** тоотод оршин суух, Б-ы А- /рд: ****/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 42,121,376 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох С.Э-өөр дамжуулан хариуцагч А.Б-тай Улаанбаатар хот, ***** дүгээр хороо, *** , *** байр, **** тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 60 м.кв байрыг 1 сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг байхаар харилцан тохирч /эхний 3 сарын төлбөрийг 1,500,000 төгрөг болгож хөнгөлсөн/ 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай Үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх гэрээ байгуулсан. Улмаар хариуцагч нь өнөөдрийг хүртэл нийт 20 сар тус байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч түрээсийн төлбөрт ердөө 7 сарын төлбөр болох 13,000,000 төгрөг шилжүүлсэн. Тус хугацаанд түрээсийн гэрээг 2 удаа сунгаж 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл байгуулсан. Мөн 2024 оны 6 дугаар сарын 02-нд тус байрыг 165,000,000 төгрөгөөр Хаан банкны хөрөнгө оруулалтын зээлээр худалдан авахаар тохирч төрсөн охин болох Б.А-гийн нэр дээр 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болон 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Худалдах худалдан авах гэрээг байгуулан холбогдох бичиг баримтыг бүрдүүлж эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн шийдвэр гараагүй, тодорхойгүй байдалтай байна. Миний зүгээс хариуцагч талд түрээсийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2024 оны 3 дугаар сарын 25-нд болон 2025 оны 3 дугаар сарын 27-нд албан шаардлага хүргүүлж, удаа дараа сануулсаар ирсэн ч элдэв шалтгаан, шалтаг хэлсээр өнөөдрийг хүргэжээ. Иймд миний бие хариуцагч А.Б-гаас түрээсийн дутуу төлбөр болон тус байрыг ашигласан ашиглалтын зардал болох нийт 30,402,547 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэл гаргасан 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш объектыг худалдаж авна гэсээр байгаад тус хугацаанд олох ёстой байсан орлогыг минь хаагдуулж өдийг хүрлээ. Иймд нэхэмжлэл гаргасан өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны 5 сарын түрээсийн төлбөр болох 10,000,000 төгрөг ашиглалтын зардал болох 1,718,829 төгрөг, нийт 11,718,829 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт нэхэмжлэлийн үнийн дүнг 42,121,376 төгрөг болгож байна гэжээ.    

 

Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч А.Б-тай харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэгч тал үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн нийт 42,121,376 төгрөгөөс нэмэгдүүлсэн үнийн дүн 11,718,829 төгрөгөөс татгалзаад үндсэн нэхэмжлэл болох 30,402,547 төгрөг төгрөгөөс цахилгааны мөнгө 2,078,711 төгрөгийг хасаад үлдсэн 28,323,836 төгрөгийг нэхэмжлэгчид 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ. 

Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Г- нь хариуцагч А.Б-д холбогдуулан 42,121,376 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч Н.Г- нь нэхэмжлэлийн шаардлага болох 42,121,376 төгрөгийн 11,718,829 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагчийн төлж барагдуулсан 2,078,711 төгрөгийг хасч, үлдэх 28,323,836 төгрөгийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-  нь хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд төлөхөөр талууд эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 30,402,547 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 309,963 төгрөгийн 50 хувь болох 154,981.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Г-т олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Г- нь нэхэмжлэлийн шаардлага болох 42,121,376 төгрөгийн 11,718,829 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагчийн төлж барагдуулсан 2,078,711 төгрөгийг хасч, үлдэх 28,323,836 төгрөгийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б- нь хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-, Б.А- нараас 154,981.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Г-т олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ч.БАЯРСҮРЭН