2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/10462

 

     

     

 

 

          2025             12              05

   192/ШШ2025/10462

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т  ХК /рд:*******/,

Хариуцагч: Ө ХХК /рд:**********/,

Хариуцагч: Д.Э /рд:************/,

Хариуцагч: Д.Н /рд:*********/

Хариуцагч: Н.Ш /рд:**************/

Нэхэмжлэлийн шаардлага: 579,431,347 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

хариуцагч, хариуцагч Ө ХХК-ийн төлөөлөгч Д.Н,

хариуцагч, хариуцагч Н.Ш-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Ө ХХК, Д.Э-, Д.Н-, Н.Ш- нарт холбогдуулан 579,431,347 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ө ХХК нь Т-ийн банкнаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1090/28 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 737,800,000 төгрөгийн зээлийг сарын 0,59 хувь, жилийн 7,0 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалтын төслийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1090/28 дугаартай Барьцааны гэрээ байгуулан дараах хөрөнгүүдийг эзэмших эрхтэй газрын хамт барьцаалсан. Үүнд: Улаанбаатар хот, ***** дүүрэг *** хороо, Үйлдвэр /17041/ **** гудамж, *** байр, 12 тоот, 220 м.кв талбайтай, 8 өрөө, улсын бүртгэлийн дугаар Ү-****** , гэрчилгээний №000075080, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******** аймгийн ********** сумын **** дугаар баг, **********, 2804,5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаар Ү-**********, гэрчилгээний №**********, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******** аймгийн ********** сумын **** дугаар баг, **********, 0,5 га эзэмших эрхтэй газар, гэрчилгээний №**********.

Зээлийн гэрээний төлбөрийн мэдээлэл 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 266,783,649.32 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 345,456,503.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,867,238.78 төгрөг, нийт 615,107,391.75 төгрөг төлөгдсөн байна.

Зээлдэгч Ө ХХК нь зээлийн гэрээнүүдийн хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Т-ийн банкны зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус Ө ХХК-тай уулзалт хийж, мэдэгдлүүдийг хүргүүлж байсан боловч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна.

Зээлдэгчтэй байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1090/28 тоот зээлийн гэрээний жилийн 7 хувийн хүүгийн нөхцлийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувиар тооцохоор өөрчилсөн байх ба холбогдох гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр байгуулж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчилсэн байна. Иймд Ө ХХК, Д.Э-, Д.Н-, Н.Ш- нараас зээлийн гэрээний үүрэгт 579,431,347 төгрөг нэхэмжилж байна гэжээ.         

 

2. Хариуцагч Ө ХХК-ийн төлөөлөгч хариу тайлбартаа: Ө ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. 737 800 000 төгрөгийн нэхэмжлэл орж ирсэн байна. Тухайн үед гэрээ байгуулахад нэг жилийн 7 хувийн хүүтэй байгуулсан. Зээлийн төлөлтийн байдлыг харахад зөрүүтэй байна гэж харагдаад байна. Тэгэхээр үүнийг тодруулмаар байна гэж үзэж байна гэв.

 

3. Хариуцагч, хариуцагч Н.Ш-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Хэргийн материалд жилийн 7 хувийн хүүтэй, сарын 0,59 хувийн хүүтэй гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарь байгаа. Манай хийсэн зээлийн гэрээнд 2026 оны 11 сарын 17-нд авсан зээл дуусахад хүүд нь 368,986,589 төгрөг, үндсэн зээл 337,800,000 төгрөг, нийтдээ 1,106,786,589 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн. Энэ гэрээ дуусахаас өмнө буюу 23 сарын өмнө 2024 оны 11 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч тал шүүхэд хандсан байгаа. Төлсөн дүнг нэхэмжлэлд дурдсан. Манайхыг нийт 615,107,391 төгрөг төлсөн гээд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тусгасан байна. Манай зээлийн дансны хуулгаар бол нийт төлөлт 833,909,057 төгрөг төлсөн байгаа юм. Ойролцоогоор 834 сая төгрөг төлсөн байгаа. Яагаад манай төлсөн дүн, зээлийн үлдэгдэл маань зөрүүтэй гараад байна вэ гээд харахаар зээлийн дансны хуулга, харилцагчийн дансны хуулга, зээлийн гэрээний хавсралт, зээл төлөх хуваарь хоёрыг өдөр өдрөөр нь, сар сараар нь харьцуулаад харахад сард 600-700 орчим мянган төгрөг дандаа илүү төлөгдөж явсан байгаа. Манай аж ахуй нэгжийн данснаас шууд татчихдаг учраас тэр болгон хараагүй. Жишээ нь 2017 оны 1 сарын 16-ны өдрийн зээл төлсөн дүн нь 4,709,791.78 төгрөг төлсөн байгаа. Гэтэл гэрээгээр зээл төлөх хуваариар 4,386,000 төгрөг, 2017 оны 2 сарын 16-ны зээлийн харилцагчийн данснаас 5,012,997 төгрөгийг зээлд татаж авсан байгаа. Зөвхөн хүү нь зээлийн хуваарьтаа 4,386,372.60 төгрөг. Тэгэхээр энэ дүнгүүдийг нь эцэслээд эцсийн дүнг нь харахаар манайх төлсөн зээлийн хүү болон зээлийн төлөлт 833 сая төгрөг төлсөн гээд зээлийн дансны хуваарьтай байгаа. Үүнийг тооцоолоод харахаар 2026 оны 11 сарын 17-нд гэхэд нийт зээл, зээлийн хүү нийлээд 1,156,588,186 төгрөг төлөхөөр гэрээнд тусгасан байгаа. Гэтэл үүнээс төлсөн 833,909,057 төгрөгөө хасаад бодохоор 272,877,532 төгрөгийн үлдэгдэл байгаа. 23 сарын өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. 23 сарын урьдчилсан хүүг нь хасахаар, 37,029,484 төгрөгийн урьдчилсан хүүг шүүхэд өгсөн өдрөөр бодчихоод байгаа. Үүнийг хасаад үзэхээр 235,879,576 төгрөг төлөх ёстой гэж бид тооцоо гаргасан. Зээлийн хариуцагчийн дансны хуулгаа гэрээний хавсралт, зээл төлөх хуваарьтайгаа харьцуулж тооцож байгаа юм. Хоёулаа хавтаст хэрэгт байгаа. Гэрээний хавсралтын зээл төлөх хуваарьт 418,788,186 төгрөгийн нийт хүү төлөхөөр байгаа. Зээлийн гэрээ дуусахад нийт ийм төгрөгийн хүү төлөх байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ зээлийн хүү 345,456,503 төгрөг зээлдэгч төлсөн гэсэн байгаа. Бараг 10 жилийн дараах хүүг 2 жилийн өмнө төлснөөр яриад байгаа юм. Зээл төлсөн харилцагчийн дансны хуулган дээр байгаа зээл төлсөн дүнгээ 2026 оны 11 сарын 17-нд дуусах нийт төлөлт 1,106,886,589 төгрөгөөс хасаад бодчихож байгаа юм гэв.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-3/, итгэмжлэл /хх 4, 82/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, Ө ХХК-ийн №57 Т-ийн банкинд хүсэлт гаргах нь албан бичиг /хх 6/, Зээлийн гэрээ, хавсралт /хх 7-12/, Барьцааны гэрээ, хавсралт /хх 13-27/, Т-ийн банкны Зээлдэгч Ө ХХК танаа Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх 28-30/, Зээлдэгчийн анкет /хх 31-34/, Т банк шилжүүлгийн баримт /хх 35/, Зээлийн дансны харилцагчийн хуулга /хх 36-39/, Зээл, хүүний тооцооны хуудас /хх 40-41, 95-96/, Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай /хх 68, 92/, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийн 2 дахь шатны зөвлөх нэгжийн 1457 тоот Т-ийн банкинд Төслийн удирдах хорооны хурлын шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг /хх 93/, Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх 97/, Батлан даалтын гэрээ, хавсралт /хх 98-102/, Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, хавсралт /хх 103-105/, Т-ийн банкны 24/08 тоот Ө ХХК-д Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай албан бичиг /хх 106/,    

 

5. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар гаргах нь /хх 37/, итгэмжлэл /хх 65/, Ө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм  /хх 71-79/, Т-ийн банкны Зээлийн дансны харилцагчийн хуулга /хх 143-148/,  

 

6. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Хариуцагчийн хүсэлтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Т банк нарын хоорондын дамжуулан зээлдүүлэх гэрээ /хх 133-142/,   

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Ө ХХК, Д.Э-, Д.Н-, Н.Ш- нарт холбогдуулан 579,431,347 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Т-ийн банктай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1090/28 дугаартай Зээлийн гэрээний төлбөрт нийт 579,431,347 төгрөг гаргуулах, 1090/28 дугаарт Барьцааны гэрээний барьцаа хөрөнгө болох ***** дүүрэг, *** хороо, Үйлдвэр /17041/ **** гудамж *** байр, 12 тоот хаягт байршилтай, 220 м.кв, 8 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-******  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймаг, Эрдэнэ сумын 5 дугаар баг, **********д байршилтай, 2804,5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймаг, Эрдэнэ сумын 5 дугаар баг, **********д байршилтай, 0,5 га эзэмших эрхтэй газраар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхойлсон.  

 

3. Хариуцагч нараас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Зээлийн дансны харилцагчийн хуулга болон хариуцагчийн гаргаж өгсөн Зээлийн дансны харилцагчийн хуулгууд зөрүүтэй байдаг. Зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваариас илүү төлөлт хийж байсан. Мөн зээлийн гэрээ дуусахаас 23 сарын өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 23 сарын урьдчилсан хүүг болон илүү төлөлтийг хасаагүй нэхэмжилсэн гэж тайлбарласан.

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

 

4.1. Нэхэмжлэгч Т банк ХК болон хариуцагч Ө ХХК, Д.Э-, Д.Н-, Н.Ш- нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1090/28 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч Ө ХХК, Д.Э-, Д.Н-, Н.Ш- нарт 737,800,000 төгрөгийг, 120 сарын хугацаатай, зээлийн хүү сарын 0,583 хувь, жилийн 7 хувь, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцож зээл олгожээ.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөө 1090/28 дугаар Барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын Ү-******  дугаарт бүртгэлтэй, ***** дүүрэг, *** хороо, Үйлдвэр /17041/ **** гудамж *** байр, 12 тоот хаягт байршилтай, 220 м.кв талбай бүхий 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-********** дугаарт бүртгэлтэй, Төв аймаг, Эрдэнэ сумын 5 дугаар баг, **********д байршилтай, 2804,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймаг, Эрдэнэ сумын 5 дугаар баг, **********д байршилтай, нэгж талбарын 18696276725921 дугаартай, 0,5 га эзэмших эрхтэй газрыг барьцаалсан байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч Т банк ХК болон хариуцагч Ө ХХК, Д.Э-, Д.Н-, Н.Ш- нарын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 1090/28-1 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ” авагдсан.

Дээрх гэрээгээр зээлийн хүүг сарын 0,67 хувь, жилийн 8 хувь болгох, зээл, хүүгийн төлбөрийг энэ нэмэлт гэрээний хавсралт 1-д заасны дагуу төлөхөөр тохиролцсон байна.  

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, 166.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.  

 

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...зээлийн гэрээнүүдийн хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан гэж үзэхээр байна.

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй боловч хариуцагч нар зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн ба нэхэмжлэгч 2022.09.26-ны өдрийн, 2024.01.09-ний өдрийн, 2024.05.28-ны өдрийн тус тус мэдэгдлээр зээлийн төлбөрийг төлөх талаар хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзэн шүүхэд хандаж үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, “Зээлийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй.

 

4.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн авсан уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаас гадна 2021.07.01-ний өдрөөс дагаж мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө”  гэж тус тус заасан. 

Мөн талууд зээлийн гэрээний 3.2.4-д “Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.1.6 дахь заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх” гэж гэрээгээр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч Т банк ХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Ө ХХК, Д.Э-, Д.Н-, Н.Ш- нарын гүйцэтгэх үүргийг үндсэн зээл 471,016,350.68 төгрөг, зээлийн хүү 54,616,637.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,185,533.76 төгрөг, нийт 527,818,522.17 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2025.06.20-ны өдрийн байдлаар зээлийн хүү 17,253,393.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,673,357.63 төгрөг, нийт 18,926,751.08 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн, 2025.09.17-ны өдрийн байдлаар нийт 579,431,347 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн нь хууль болон гэрээний заалтыг зөрчихгүй.

 

Иймд хариуцагч нар зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч нь хуульд зааснаар зээлийг эргэж төлөх хүртэл хугацаагаар буюу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан, 2025.06.20-ны өдрөөр тооцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ө ХХК, Д.Э-, Д.Н-, Н.Ш- нараас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1090/28 тоот Зээлийн гэрээний үүрэгт нийт 579,431,347 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзэв.

 

4.4. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.

 

Дээр дурдсанчлан талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.  

 

5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,441,207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,125,307 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХК-д олгоно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ө ХХК, Д.Э-, Д.Н-, Н.Ш- нараас нийт 579,431,347 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай. 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө ХХК, Д.Э-, Д.Н-, Н.Ш- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-******  дугаарт бүртгэлтэй, ***** дүүрэг, *** хороо, Үйлдвэр /17041/ **** гудамж *** байр, 12 тоот хаягт байршилтай, 220 м.кв талбай бүхий 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-********** дугаарт бүртгэлтэй, Төв аймаг, Эрдэнэ сумын 5 дугаар баг, **********д байршилтай, 2804,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймаг, Эрдэнэ сумын 5 дугаар баг, **********д байршилтай, нэгж талбарын 18696276725921 дугаартай, 0,5 га эзэмших эрхтэй газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,441,207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК, Д.Э-, Д.Н-, Н.Ш- нараас 3,125,307 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.БАЯРСҮРЭН