| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00007/И |
| Дугаар | 137/ШШ2026/00169 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 137/ШШ2026/00169
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Э сум, ..-р баг, ... оршин суух, одоо Улаанбаатар хот Б дүүрэг ..-р хороо ..-р байр ...тоотод түр оршин суух, Х банканд .. ажилтай, Д овогт Э-ын Б /РД: .., утас:../,
Хариуцагч: Дорноговь аймгийн Э сум, ..р баг, .. тоотод оршин суух, г байдаг, Ж овогт З-ийн З /РД: .., утас: ../-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 808,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 09-ны өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Э , нэхэмжлэгч Э.Б /цахим/, хариуцагч З.З /цахим/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
2024 оны 06 сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд хариуцагч З.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас нэхэмжлэгч Э.Б-ийг нүүрэн тус газар хөлөөрөө хөшиглөж, баруун 11, 12 дугаар шүдний сулрал, урууланд шарх, эрүүнд зулгаралт хамар ясны хуучин хугарал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Уг хэрэгтэй холбогдуулан 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/115 дугаартай шүүхийн тогтоолоор хохирлын тодорхой хэсгийг нэхэмжлэгчээс төлүүлсэн боловч шүдний сулралын эмчилгээний зардал 415,000 төгрөг, урууланд үлдсэн сорви арилгах эмчилгээний зардал 393,000 төгрөг, нийт 808,000 төгрөг, шийдвэрлээгүй үлдсэн. Иймд Иргэний хуулийн 497, 505, 511 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчаас дээрх 808,000 төгрөгийг иргэний журмаар гаргуулж, олгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Э.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 808,000 төгрөгийн нэхэмжилсэн. Хариуцагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 210,000 төгрөгийг 2 сарын хугацаанд авах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 598,000 төгрөгөөсөө татгалзаж, цаашид эрүүл мэндийн байдлаар дахин нэхэмжлэл гаргахгүй. Бидний тохиролцоогоор шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч З.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З.З миний бие Э.Б-ийн гаргасан гэм хорын хохирол нийт 808,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн миний бие шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч З.З нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 210,000 төгрөгийг 2026 оны 03 сарын 05-ны өдрөөс 2026 оны 05 сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах боломжтой. Харин цаашид дахин энэ байдлаар нэхэмжлэл гаргахгүй байвал зүгээр байна. Учир нь миний биеийн эрүүл мэндийн байдлаас болж байгаа, өөрөө тархины гэмтэлтэй болсон учир санхүү мөнгийн асуудал их гэрч байна гэв.
Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 09/, УБ С Эмнэлэгт нөхөн сэргээх физик эмчилгээ хийлгэсэн тухай баримтууд /хх-ийн 10-11/, Китикул шүдний эмнэлгийн баримт /хх-ийн 12-15/, Амбулаторийн магадалгаа, эмчилгээний хавсралт /хх-ийн 16, 17-18/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн болно.
Хариуцагч талаас: Нотлох баримт ирүүлээгүй болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч З.З-аас гэм хорын хохирол 808,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага 210,000 төгрөгөөр бууруулж, 598,000 төгрөгөөрөөс татгалзаж, цаашид дахин нэхэмжлэл гаргахгүй байхаар хариуцагчтай эвлэрэх санал гаргсныг хариуцагч З.З нь шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн 210,000 төгрөгийг 2026 оны 03 сарын 05-ны өдрөөс 2026 оны 05 сарын 05-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигчдийн эвлэрлийг шүүх батлаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.4, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч З.З-аас гэм хорын хохиролд 808,000 төгрөг гаргуулах тухай шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч З.З-аас 210,000 төгрөгийг 2 сарын хугацаанд гаргуулах, үлдэх 598,000 төгрөгөөсөө татгалзаж, дахин эрүүл мэндийн шалтгаанаар нэхэмжлэл гаргахгүй гэж, хариуцагч З.З нь 210,000 төгрөгийг 2026 оны 03 сарын 05-ны өдрөөс 2026 оны 05 сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, 210,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 6,950 төгрөгийн 50 хувь буюу 3,475 төгрөгийг хариуцагч З.З-аас гаргуулж улсын орлого болгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч З.З нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б