Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 243

 

“Г ө” ХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн

Татварын хэлтсийнТатварын хяналт шалгалтын

тасгийн татварын улсын байцаагч С.Ж, Б.М нарт

 холбогдох зөрчлийн хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

       Шүүгчид:                       М.Батсуурь

                                             Б.Мөнхтуяа

                                             Д.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:             Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Ж, Б.М нарын гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0174301 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах”

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2020/0006 дугаар шийдвэр,

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.О-ийг оролцуулж,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2020/0006 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015/ 14 дүгээр зүйлийн 14.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан “Г ө” ХК-иас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Ж, Б.М  нарт холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Ж, Б.М нарын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0174301 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Тодруулбал, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Ж, Б.М нар нь “Г ө” ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зөрчлийг гаргасан гэж 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 0174301 дугаартай шийтгэлийн хуудсаар 50.763.635 төгрөгөөр торгохоор шийдвэрлэдэг бөгөөд “Г ө” ХК нь тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2020/0006 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байдаг.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн...” гэж үзсэн учир нь “Г ө” ХК-нд зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл оногдуулах үед буюу 2019 оны 11 дүгээр сард дагаж мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан /шийтгэл оногдуулсан/ хуулийн үндэслэл нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн өөрчлөн найруулгаар хүчингүй болж, энэ өөрчлөлт нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед мөрдөгдөж эхэлчихсэн байхад шүүх Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасанд үл нийцсэн шийдвэр гаргаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын шатны шүүх гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд шүүхийн шийдвэр, магадлалыг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

7. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Г ө” ХК-ийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “М г э и” ХХК-иас 290,909,090 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу 8,727,272 төгрөгийн торгууль, 29,090,909 төгрөгийн хохирол /нөхөн татвар/, 12,945,454 төгрөгийн нөхөн төлбөр /алданги/, нийт 50,736,635 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн “... “Г ө” ХК нь 2015 оны 12 дугаар сард “М г э и” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 0018958600 дугаартай падаанаар 290,909,090 төгрөгийн худалдан авалтыг хийхдээ харилцах данс болон кассаар огт гүйлгээ хийгээгүй, орлого зарлагын баримтгүй байгаа нь уг худалдан авалтыг бодитой хийгдсэн гэж үзэх боломжгүй, мөн “М г э и” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаар нэр бүхий компаниуд, түүний дотор гомдол гаргагч “Г ө” ХК нь хий бичилттэй падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудас хууль ёсны” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

9. Шүүхүүдийн дээрх дүгнэлтэд холбогдуулж “Г ө” ХК-ийн зүгээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо маргаагүй, харин “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, учир нь “Г ө” ХК-нд зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл оногдуулах үед буюу 2019 оны 11 дүгээр сард дагаж мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан /шийтгэл оногдуулсан/ хуулийн үндэслэл нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн өөрчлөн найруулгаар хүчингүй болж, энэ өөрчлөлт нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед мөрдөгдөөд эхэлчихсэн байхад шүүх Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг хэрэглээгүй...” гэжээ.

10. Маргаан бүхий /2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн/ шийтгэлийн хуудас гарахаас өмнө буюу 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Зөрчлийн тухай хуулийн  11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн;” гэсэн хуулийн үндэслэл нь байхгүй болж, агуулгын хувьд Татварын ерөнхий хуулийн 82-84 дүгээр зүйлд зохицуулагдсан гэж үзэхээр байна /энэ утгаараа зөрчил огт байхгүй болсон гэж үзэхгүй/, гэхдээ Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан байх тул хариуцагч нар шийтгэл оногдуулахдаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй.

11. Харин анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн 82-85 дугаар зүйлд заасан татвар төлөгчийн үүргээ зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага нь “төлбөл зохих нөхөн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 30-40 хувиар торгох”-оор заасан, өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд байсан “алданги” байхгүй болжээ.

12. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан боловч түүнийг хэрэгжүүлээгүй буюу гүйцэтгээгүй тохиолдолд “эрх зүйн байдал дээрдүүлсэн” зохицуулалтыг буцаан хэрэглэж болохоор хууль тогтоогч “хууль хэрэглээний зарчим”-ыг тусгайлан заасан; энэ хэргийн хувьд маргаан бүхий шийтгэлийн хуудас гүйцэтгэгдээгүй байх тул шүүх Зөрчлийн тухай хуулийн дээрх зарчим болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан “сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэх” зарчмын хүрээнд гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Татварын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/ холбогдох зүйл, заалтыг буцаан хэрэглэж, шийтгэлийн хуудсаар оногдуулсан алдангийг хасах боломжтой юм.

13. Гэхдээ Зөрчлийн тухай /2017 оны/ хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл нь Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтад үгчлэн ороогүй, харин агуулгаараа орсон, тухайлбал 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч ...төлөх татварын хэмжээг бууруулах, ... буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно:...” гэж, мөн 84 дүгээр зүйлийн 84.1.5-д “төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах, эсхүл буцаан авах татварын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримтын мэдээллийг зөрүүтэй гаргасан, эсхүл падаан, төлбөрийн баримтыг үйлдээгүй” бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно гэх зэргээр заажээ.

14. Энэхүү хэргийн тухайд маргаан бүхий шийтгэлийн хуудсанд заасан Зөрчлийн тухай хуулийн өөрчлөгдсөн үндэслэл буюу гомдол гаргагч “Г ө” ХК-ийн гаргасан зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 82-84 дүгээр зүйлийн аль зүйл, заалтад хамаарах буюу алийг нь хэрэглэх, мөн түүнээс үүдэн хүлээлгэх хариуцлагын хэмжээг /нөхөн татвар, торгууль/ хэрхэн яаж тооцох нь хариуцагч нарын эрх хэмжээнд хамаарах тул шүүх бүрэлдэхүүнээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг... түдгэлзүүлэх” гэсэн үндэслэлээр гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2020/0006 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар магадлалын 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Ж, Б.М нарын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0174301 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2. дахь заалтын дугаарыг 3. гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гомдол гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ТУНГАЛАГ   

                     ШҮҮГЧ                                                               Г.БАНЗРАГЧ