Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 046

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн оршин суугч Найман овогт Хумарбекийн Айдынбекийннэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Албанаас халж, цагдаагийн цол хураах тухай Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгож, цагдаагийн ахлах ахлагч цолоор Саатуулах байрны жижүүрийн цагдаагийн албан тушаалд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Айдынбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Судалгаа, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Т.Ганбат, гуравдагч этгээд Саатуулах байрны жижүүрийн цагдаа Э.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулкаш, гэрч Н.Тилеухабыл, Т.Нурболат, А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн иргэн Х.Айдынбек би Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар дэд ахлагч цолоор цагдаагийн албанд томилогдсон бөгөөд албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн билээ.

Гэвч тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа М.Батболд нь Саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Хумарбекийн Айдынбекийн 2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хяналтын камер мөргөж, зам тээврийн осол гаргасан иргэн А.Ахмерейгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгалгүй хуурамч материал бүрдүүлсэн үйлдэл нь... Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар надад төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалын цагдаагийн ахлах ахлагч цолыг хураасан явдалд туйлын их гомдолтой байна.

Би цагдаагийн саатуулах байранд жижүүрийн цагдаагаар ажиллаж байхад 2016 оны 05 дугаар сарын 22-ны шөнө иргэн А.Ахмерей авто осол гаргасан асуудал болсон ба энэ өдөр би 24 цаг жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн ба тухайн өдөр Саатуулах байранд өдөр болон оройн цагаар хүн ирээгүй. Шөнийн 01:00 цагийн үед н.Еркинбек, н.Бейбит гэх хоёр хүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж ахлах ахлагч А.Сайран авчирснаар тэр хоёр хүнийг байрны эмчтэй хамт драйгер үлээлгээд ахлах ахлагч А.Сайран дээшээ дагуулж явсан. Нэг цаг гучин минутын дараа А.Ахмерей ирсэн ба түүнийг шинээр жолоочоор томилогдсон дэд ахлагч Ж.Айболат авчирсан. Жижүүрийн жолооч Ж.Айболат А.Ахмерейг дагуулж ирж надад дэслэгч Н.Тилеухабыл энэ хүний согтолтын хэмжээг 0.18 промиль гарснаар согтолтын байдлыг бичүүлж ир гэж хэлсэн гэсэн. Тэгээд би за гэж түүнд бал өгсөн. Тухайн үед Саатуулах байранд хүн байхгүй байсан. Ж.Айболат надад Х.Айдынбек ах би энэ тэмдэглэлийг хөтөлж чадахгүй юм байна, та бичээд өгчих л дөө гэсэн. Тэгээд би бичиж өгсөн. Дараа нь Ж.Айболат А.Ахмерейг дагуулж дээшээ явсан. Тухайн үед болсон үйл явдал ийм л байгаа.

Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд миний гаргасан гэх зөрчил нь хуулийн дагуу тогтоогдоогүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь бодит байдалд нийцэхгүй байна. Тухайн өдөр хяналтын камер мөргөж, зам тээврийн осол гаргасан иргэн А.Ахмерейгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Аймгийн Цагдаагийн газрын замын байцаагч, цагдаагийн дэслэгч н.Тилеухабыл зохих журмын дагуу шалгахад 0.18 промилийн согтолттой байсан нь тогтоогдсон одоо үүнийг дахин шалгах шаардлагагүй 0.18 промилийн хэмжээгээр тэмдэглээд аваарай гэж жолооч Ж.Айболатын хэлсний дагуу би А.Ахмерейгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 0.18-аар тэмдэглэсэн болно.

Хуурамч материал бүрдүүлсэн гэдгийг баримт бичигт зориуд худал мэдээ оруулсан, худал бичсэн, засвар оруулсан буюу он, сар, өдрийг өөрчилсөн, түүнчлэн баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн байхыг ойлгох бөгөөд миний бие А.Ахмерейгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгалгүйгээр хуурамч материал бүрдүүлээгүй ба Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг ямар нэгэн үйлдлээр зөрчөөгүй юм. Мөн тухайн өдрийн жижүүр цагдаа Т.Нурболат Ж.Айболатаас иргэн А.Ахмерейгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0,18 промиль гарсан нь үнэн үү гэж дахин асууж тодруулахад 0.18-тай гарсан нь үнэн байна гэж худал мэдүүлсэн ба шалтгаан нь зөрчил гаргагч А.Ахмерей, цагдаагийн жолоочоор ажиллаж байсан Ж.Айболат нар төрөл садангийн холбоотой учир А.Ахмерейг хамгаалах гэж тийм үйлдэл хийсэн гэж үзэж байна. Ж.Айболатын худал мэдүүлгийн улмаас ийм асуудал үүссэн, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох шаардлагатай. Би Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргын 2016 оны 05 сарын 24-ний өдрийн Б/36 тоот тушаалыг эс зөвшөөрч Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан. Уг гомдлыг хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр салбар зөвлөлөөс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/36 тоот тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Гаргасан гомдлын хариуг 2016 оны 08 дугаар сарын 01-ний хүлээн авсан юм.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ажлаас халж, цагдаагийн цол хураах тухай Б/36 дугаартай тушаалыг мөн төрийн албаны дэргэдэх салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Цагдаагийн ахлах ахлагч цолоор урьд эрхэлж байсан тус аймаг дахь Цагдаагийн газрын Саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагчаар эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

 

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт Саатуулах байрны жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ныг шилжих шөнө хяналтын камер мөргөж, зам тээврийн осол гаргасан иргэн А.Ахмерейгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгалгүй, хуурамч материал бүрдүүлж сахилга ёс зүйн зөрчил гарган цагдаагийн албанаас халагдсан Хумарбекийн Айдынбек нь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн албанаас халж, цагдаагийн цол хураах тухай Б/36 дугаар тушаал, мөн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болгож, саатуулах байрны жижүүрийн цагдаагийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.. Үүнд дараах тайлбарыг гаргаж байна Нэг. Х.Айдынбек нь нэхэмжлэлдээ ...албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.... гэж дурдсан байна. Алба хаагч нарын ажлыг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд зааснаар Цагдаагийн газрын даргын баталсан хүснэгтийн дагуу сар бүр дүгнэн цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ажлын үр дүнгээр алба хаагчдын сарын үндсэн цалинг 5-20 хүртэл хувиар нэмж, бууруулж олгодог. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн алба хаагч нарын сарын үндсэн цалинг хасаж олгодоггүй. Х.Айдынбек нь 2016 оны 01 дүгээр сард Зэвсэг-2015 нэгдсэн арга хэмжээний хүрээнд идэвх санаачилгагүй ажилласан гэх үндэслэлээр сарын үндсэн цалингаа 10 хувь, 2016 оны 03 дугаар сард Албаны бэлэн байдал хангаагүй гэх үндэслэлээр сарын үндсэн цалингаа 10 хувиар тус тус хасуулж байсан. Хоёр: Х.Айдынбек нэхэмжлэлдээ зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд миний гаргасан гэх зөрчил нь хуулийн дагуу тогтоогдоогүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь бодит байдалд нийцэхгүй байна гэсэн байна. Х.Айдынбекийн гаргасан гэх зөрчил нь тухайн өдрийн саатуулах байрны хяналтын камерийн бичлэг болон иргэн А.Ахмерей, Ж.Айболат, Х.Бахытжан болон Х.Айдынбекийн өөрийнхөн тайлбараар бүрэн тогтоогдсон. Саатуулах байрны жижүүрийн цагдаагийн ажлын байрны зорилго нь Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж, зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх явдал юм. Цагдаагийн албаны тухай хуулийн 8.1-д зааснаар Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо Монгол Улсын иргэн ... би цагдаагийн албанд орж ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахиж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт чин шударгаар зүтгэхээ иргэдийнхээ өмнө батлан тангараглая. Би хууль сахиулах ажлын эрдэм ухаанд цуцалтгүй суралцаж, алба хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахиж, цагдаагийн байгууллагад ажиллах явцдаа олж мэдсэн мэдээлэл, тусгай мэдлэгийг бусдад задруулахгүй байхаа тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ гэж тангараг өргөдөг. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм-ийн 1.4-д Цагдаагийн алба хаагч өргөсөн тангарагтаа үнэнч байж түүнийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Х.Айдынбек нь өргөсөн тангаргаа зөрчиж иргэн А.Ахмерейгийн согтуурлын зэргийг зохих журмын дагуу согтуурал шалгах багаж үлээлгэж шалгаагүйн улмаас зөрчил гаргагч А.Ахмерейгийн согтолтын зэргийг үнэн зөвөөр тогтоож чадаагүй. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөө бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам-ын 2.5-д Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль илэрвэл согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан. Зөрчил гаргагчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хариуцлагаас чөлөөлөх зорилгоор Х.Айдынбек зөрчил гаргагчтай хуйвалдаж согтуурал шалгах багаж үлээлгэхгүйгээр шалгасан тухай тэмдэглэлд 0.18 гэж бичин, хуурамч материал бүрдүүлсэн. Янз бүрийн байдлаар драйгер үлээлгэх юм уу, үлээлгэхээр оролдсон, тухайн хүнд драйгер үлээлгэсэн үйлдэл хийсэн нь камерын бичлэгт харагдаагүй. Х.Айдынбек нь нэхэмжлэлдээ А.Ахмерейгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Н.Тилеухабыл зохих журмын дагуу шалгахад 0.18 гарсан, одоо үүнийг дахин шалгах шаардлагагүй, 0.18 хэмжээгээр тэмдэглээд аваарай гэж жолооч Ж.Айболатын хэлсний дагуу би А.Ахмерейгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 0.18-аар тэмдэглэсэн болно гэж бичсэн байх ба энэ нь худлаа болох нь албаны шалгалтын явцад Ж.Айболат, А.Ахмерей, Н.Тилеухабыл нарын өгсөн тайлбараар тогтоогдож байна. Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Тилеухабыл, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ж.Айболат нар зөрчил гаргагч А.Ахмерейд согтуурал тогтоох багаж үлээлгэхгүйгээр 0,18 гэж бичиж өгөхийг гуйсан ч тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч болох Х.Айдынбек хууль бус үйлдэлтэй эвлэрэх ёсгүй юм, хуульд заасан эрх үүргийнхээ дагуу үүнээс татгалзаж, хамт ажиллах албан хаагчдын хууль бус шаардлагыг биелүүлэхгүй байх эрхтэй байсан. Энэ талаар Цагдаагийн албаны тухай хуульд ч гэсэн зааж өгсөн байгаа. Цагдаагийн сахилгын дүрэм, ёс зүйн дүрэмд ч энэ талаар тодорхой байдаг. Энэ үүргээ Х.Айдынбек нь тухайн үедээ биелүүлээгүй, тэр хүмүүст шаардлага тавиагүй.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 598 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 4.1.4-д Хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллагсдадаа энэ талаар хууль ёсны шаардлага тавих гэж зааж өгсөн. Мөн хууль бус тушаал өгсөн тохиолдолд үлбиелүүлж болох талаар Цагдаагийн албаны тухай хуулийн 4.2.5-д Алба хаагч удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг хуульд заасны дагуу биелүүлэх, хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах гэж заасан.Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны А/53 дугаар тушаалаар баталсан Захиргааны журмаар албадан саатуулах /код 623/ журам- ын 623.7.2. дахь хэсгийн а дахь заалтад Захиргааны зөрчил гаргасан, согтуугаар саатуулагдсан хүнийг хүлээн авахдаа саатуулахаар хүргэж ирсэн цагдаагийн ажилтныг, гэрчийн хамт байлцуулан байрны эмч уг хүний эрүүл мэндийн байдалд үзлэг хийхдээ согтуурлын зэрэг, мансуурсан эсэхийг тестрээр буюу багажаар шалгаж, толгой, хөл, гар, биед ил харагдах шарх, гэмтэл байгаа эсэхийг үзэж бүртгэлийн маягт болон биеийн зурганд тэмдэглэл үйлдэн, түүний биед байгаа эд зүйл, бичиг баримт, мөнгөн тэмдэгтийн тоо, хэмжээ, өнгө, марк, дугаараар нь нэг бүрчлэн тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулан саатуулах байрны ээлжийн ахлагч /эмч/-д хүлээлгэн өгнө, 623.8.2 дахь хэсэгт Албадан саатуулагдсан этгээдийг албадан саатуулах байранд өдөр, шөнийн аль ч цагт хүлээн авч, саатуулагдсан этгээдийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал хэмжих хэрэгслээр шалгаж, тогтоосны дараа түүнд эмчийн үзлэг хийж, гэрэл зургийг /эгц урдаас, хажуу талаас нь болон онцлох содон шинж, шарх сорвийг авна, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас гэрэл зургаа авахуулах чадваргүй этгээдийн гэрэл зургийг эрүүл болсны дараа авч болно/ нь авч баримтжуулан, бүртгэл хөтлөх ажлыг цагдаагийн байгууллагын жижүүрийн ахлах болон жижүүрийн офицер, эмч, сувилагч, цагдаа нар зохион байгуулна гэж тус тус заасан. Иймд Х.Айдынбек нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 869 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм-ийн 12.12-д Алба хаагч нь ёс зүйн нийтлэг болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд бусадтай зүй бус, хүндэтгэлгүй харилцах, хүнд суртал гаргах, хууран мэхлэх, бусдыг дээрэлхэх, өөрийн байр суурийг бусдаас илүүд үзэх, аливаа асуудалд хариуцлагагүй хандсан бол сануулах уг үйлдлийн улмаас хор уршиг учирсан бол албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах эсхүл тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна, мөн даргын 2011 оны 598 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 4.3.4-д Албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг амин хувийн болон албан ажилд ашиглахгүй байх", Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13.1.4-д Харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 13.1.5-д Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон.

Энэ нөхцөл байдлуудын улмаас тухайн үед Цагдаагийн байгууллагын зөвлөлийн хурлаар асуудлыг авч хэлэлцэж Х.Айдынбекийг албан тушаалаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Цагдаагийн албан хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн нийтлэг үүрэгтэй байдаг. Ажлын байрны тодорхойлолт, бусад хуулиар заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тусгаж өгдөг. Энэ албан хаагч драйгер үлээлгэх ёстой юм байна, энэ албан хаагч драйгер үлээлгэх ёсгүй юм байна, энэ албан хаагч нь замынхаа зөрчлийг шалгах юм байна, нөгөө нь шалгахгүй юм байна гэсэн зааг ч ялгаа байдаггүй. Цагдаагийн албан хаагч нийтлэг хүлээсэн эрх хэмжээнийхээ хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг өөрөө илрүүлж, өөрөө шалгах эрх үүрэгтэй байна. Миний бие төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн даргаар ажилладаг. Цагдаагийн албан хаагчийн үндсэн үүргийг хүлээхгүй ч гэсэн хуульд заасан бусад эрх үүргийг хүлээж ажилладаг. Х.Айдынбекийн хууль бус үйлдлээс болж зөрчил гаргагч А.Ахмерейд хуулийн дагуу үнэн зөвөөр хариуцлага хүлээлгэж чадаагүй, учир нь согтуурлын хэмжээ нь тогтоогдоогүй байгаа. Үүнээс гадна цагдаагийн албан хаагч нарын нэр хүндэд нөлөөлсөн, албан хаагч нарын нэр хүндийн асуудал давхар яригдаж байгаа.Цагдаагийн албан хаагч хуурамч нотлох баримт бүрдүүлэх ёсгүй, өргөсөн тангарагтаа үнэн ч байх ёстой. Шинэ орсон албан хаагч нарт үлгэр дуурайлал үзүүлэх ёстой юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Миний бие аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар Саатуулах байрны жижүүрийн цагдаагаар шилжин томилогдон ажилласан. Би урьд нь замын цагдаагийн зохицуулагчаар ажилладаг байсан. Х.Айдынбекийн ажлын байранд шилжүүлэн томилогдохдоо өөрийнхөө хүсэл зоригоор тухайн албан тушаалд орж ажиллаагүйюм. Цагдаагийн газрын даргын тушаалаар томилогдсон байгаа. Надад өөр хэлэх тайлбар байхгүй гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэгч Х.Айдынбекийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт Саатуулах байрны жижүүрээр ажиллаж байсан Х.Айдынбекийг 2016 оны 05 дугаар 24-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргын Б/36 дугаартай тушаалаар албанаас нь халж, цагдаагийн цол хураах тухай сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг тушаалд дурдахдаа саатуулах байрны жижүүрийн цагдаа, ахлах ахлагч Хумарбекийн Айдынбек нь 2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-ны өдөр шилжих шөнө хяналтын камер мөргөж зам тээврийн осол гаргасан А.Ахмерейгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгахгүйгээр хуурамч баримт бичиг үйлдсэн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасан Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дээдлэн сахин биелүүлэх үүрэг, 13.1.4-т заасан харья дээд шатны албан тушаалтны өгсөн үүргийг биелүүлэх, 13.1.5-т төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ төрийн байгууллагын соёл хэм хэмжээг сахиж төрийн байгууллага болон албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзээд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгоод 1 жилийн хугацаагаар төрийн албанд эргэж орохгүйгээр халж, цагдаагийн ахлах ахлагчийн цолыг хураасан шийтгэл оногдуулжээ. Энэхүү сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч нэхэмжлэгч харьяаллын дагуу Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсанаар салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар 22-ны өдрийн 08 тоот тогтоолоор Х.Айдынбекийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгосон үндэслэлд албаны шалгалт явуулсан материалыг үндэслэж, хуралдааны тогтоол гарсан байх бөгөөд салбар зөвлөлийн гол баримталсан үзэл баримтлал нь Х.Айдынбек нь тухайн үед Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны А/53 дугаар тушаалаар баталсан Захиргааны журмаар албадан саатуулах /код 623/ журам-ын 623.7.2-ийн а, 623.8.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авч ажлаас халсан тушаалыг хэвээр үлдээсэн байна. Уг заалтууд нь дараах утга агуулгатай.Захиргааны зөрчил гаргасан согтуугаар саатуулагдсан этгээдийг хүлээж авахдаа саатуулахаар хүргэж ирсэн цагдаагийн ажилтныг гэрчийн хамт байлцуулан байрны эмч уг хүний биеийн байдалд үзлэг хийхдээ согтуурлын зэрэг, мансуурсан эсэхийг тестээр буюу багажаар шалгаж толгой, хөл, гарт нь үл харагдах шарх гэмтэл байгаа эсэхийг үзэж, бүртгэлийн маягт болон энэ талаарх тэмдэглэл үйлдэж түүний биед байгаа зүйл бичиг баримт мөнгөн тэмдэгтийн тоо хэмжээг саатуулах байрны ээлжийн ахлагч эмчид хүлээлгэж өгнө гэж заасан. Энэ заалтыг Х.Айдынбекийн хувьд зөрчөөгүй юм. Х.Айдынбекийн ажлын байрны тодорхойлолтыг хавтаст хэрэгт хавсаргасныг үзэж харж судалсан. Х.Айдынбекийн ажлын байрны тодорхойлолтод саатуулах байранд зөрчил гаргагчийг хүлээж авах, үүний согтуурлын байдлыг шалгах зэрэг тусгайлсан үүргийг харьяалуулаагүй байна. Хариуцагчийн тайлбар болон төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолд дурдаж байгаа Захиргааны журмаар албадан саатуулах /код 623/ журмын 623.7.2-ийн а хэсгийг саатуулах байрны жижүүрээр ажиллаж байсан Х.Айдынбек зөрчсөн гэж үзэх хууль, эрх зүйн орчин байхгүй. Мөн тухайн кодын 623.8.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж байна. Албадан саатуулагдсан этгээдийг саатуулах байранд өдөр шөнийн аль ч цагт хүлээн авч саатуулагдсан этгээдийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг багаж хэрэгслээр шалгаж тогтоосны дараа түүнд эмчийн үзлэг хийж гэрэл зургийг тал талаас нь авч онцлог содон шинж байдлыг зургаар авна, согтууруулах ундаа, мансуурах зүйл хэрэглэсний улмаас гэрэл зураг авахуулах чадамжгүй этгээдийн гэрэл зургийг эрүүл болсны дараа авч болно гэсэн заалтыг бичээд үүнийг цагдаагийн байгууллагын жижүүрийн ахлах болон жижүүрийн офицер, эмч, сувилагч, цагдаа нар зохион байгуулна гэсэн байна. А.Ахмерейгийн хувьд энэ үйл ажиллагаа явагдаагүй нь үнэн байна. Энэ нь албаны ажлын хяналт шалгалтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл саатуулах байранд хүргэгдээгүй байна. Иймд дээрх зүйл заалтыг А.Ахмерейгийн нөхцөлд цагдаагийн албан хаагч зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Учир нь 623.8.2-д албадан саатуулагдсан этгээдийг гэж байгаа, А.Ахмерей нь нэгэнт албадан саатуулагдаагүй тул 623.8.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх боломж байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Нөгөө талаар уг тушаалд цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.4 дэх заалтыг Х.Айдынбек зөрчсөн гэж үзсэн.

Үүнд хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлыг ашигласан, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллагсадтай шаардлага тавих гэсэн заалтыг зөрчсөн нь нотлогдон тогтоогдохгүй байна. Гэрч А.Ахмерей, Т.Нурболат нар сая нотолж хэлэхдээ жолооч А.Ахмерейн согтуурлын хэмжээг цагдаагийн жолооч Ж.Айболат нь тухайн үедээ 0.18 промиль гарсан гэж хэлж байсан, согтууруулах ундаа уусан эсэхийг шалгуулсан гэдэг асуудлыг Ж.Айболат хөндөж тавьсан гэж байгаа. Ж.Айболат нь Х.Айдынбект ирж 0.18 промиль гэж биччих гэж хэлсэн, ингэж хэлснийг би сонссон гэж гэрч А.Ахмерей мэдүүллээ. Тухайн үед цагдаагийн жолооч Ж.Айболат нь Саатуулах байрны жижүүрийн цагдаа Х.Айдынбект замын цагдаагийн зохицуулагч Н.Тилеухабыл тэгж хэлсэн, 0.18 промилиэр биччих гэж хэлсэн нь үнэн байж таарна. Энэ нь нотлогдож байгаа. Мөн гэрч Т.Нурбоалт сая мэдүүлэхдээ Ж.Айболат гарч ирээд, энэ хүний согтолтын хэмжээ 0,18 промилльгарсан, бид шалгасан гэж хэлсэн хэмээн тайлбарлалаа. Иймд хэргийн эх үүсвэрийг буюу зөрчлийг гаргасан хүн Ж.Айболат гэдэг нь нотлогдсон. Иймээс ч өнөөдөр тухайн албанаас халагдаад явчихсан байна. Х.Айдынбек тангарагтаа үнэн ч байгаагүй, зөрчилтэй эвлэрсэн гэдгээс илүү Ж.Айболат нь мөн адилхан тангараг өргөсөн цагдаагийн ажилтны хувьд итгүүлэн үнэмшүүлж, энэ асуудлыг үүсгэсэн гэдэг нь нотлогдон тогтоогдлоо. Иймд Х.Айдынбекийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэж ажлаас халсан явдал нь хууль хэрэглээний талаар алдаа гаргасан гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хууль бүхэлдээ төрийн албыг ерөнхийдөө зохион байгуулахаас илүүтэйгээр төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан ганц хууль байгаа. Төрийн тусгай албан хаагчийн хувьд өөр өөрсдийн салбарын эрх зүйн байдлыг зохицуулсан хуулиар эрх зүйн харилцаа нь зохицуулагдаад явж байгаа. Хууль хэрэглээний талаар алдаа гаргасан нь Х.Айдынбекийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэл болж байна. Дараагийн асуудал нь арга хэмжээний хувьд энэ үйл ажиллагаатай холбоотой захиргааны зөрчлийг шалгаж байсан Н.Тилеухабыл, жижүүрийн ахлах байсан Т.Нурболатад шууд холбоотой. Өөрсдийн тайлбарт дурдаж байгаа кодлогдсон журмаар жижүүрийн офицерт шууд хамаарч байгаа. Тухайн өдөр гарах эрсдэл зэргийг тэд тооцож ажиллаж, цагдаагийн байгууллагад болж байгаа бүх ажлыг зохион байгуулж ажиллах үүрэг бүхий этгээд байдаг. Жижүүрийн офицер энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нь харагдаж байна. Тэр хүнд сануулах төдий арга хэмжээ авсан байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдана. Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т албан хаагчийн нийтлэг журам цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дагаж биелүүлэх үүрэгтэй бөгөөд бусадтай зүй бус хүндэтгэлгүй харьцах хүнд суртал гаргах хууран мэхлэх, бусдыг дээрэлхэх, өөрийн байр суурийг бусдаас дээрд үзэх аливаа асуудалд хариуцлагагүй хандсан бол сануулах...гэж заасан байгаа, хариуцагчийн хэлж байгаагаар буюу Ж.Айболатын хэлсэн үгэнд итгэж өөрөө шалгаж үзэхгүйгээр 0.18 промиль гэж бичсэн нь үүрэгт ажилдаа хайнга хандсан бол хариуцлагагүй хандсан гэж үзэж сануулах арга хэмжээ авахаар Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан байна. Энэ үйлдлийн улмаас ямар нэгэн хор уршиг бий болсон болбол 6 сар хүртэл цалинг 20 хувиар бууруулах, эсвэл нэг жилийн хугацаанд төрийн албанд эргэн орохгүйгээр халахаар сахилгын дүрэмд нь зохицуулалт өгсөн байна. Гэтэл энэ нөхцөл байдлын улмаас ямар нэгэн хор уршиг учирсныг нотолж чадаагүй юм байна. Нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно тогтоогдоогүй байгаа. Захиргааны хэргийн шүүх нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шалган тогтоодог чиг үүрэг бүхий шүүх. Үүнийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулаад өгсөн. Иймд нэхэмжлэгчид авсан арга хэмжээ хатуудсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Х.Айдынбекийг ажлаас халах сахилгын шийтгэх ногдуулах тухай 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/36 дугаар тушаалын тушаах нь хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5 заалтуудыг зөрчсөн гэж тусгасан байна. Хуулийн дээрх зүйл заалтуудыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно тогтоогдохгүй байна. Эдгээр заалтуудыг зөрчсөн нь төрийн албанаас халах арга хэмжээ авахаар зохицуулалт биш юм. Ерөнхий заалтуудыг удирдлага болгон хүнийг ажил амьдралаас салгаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/36 дугаартай Албанаас халж, цагдаагийн цол хураах тухай тушаалаар тус цагдаагийн газрын саатуулах байрны жижүүр, цагдаагийн ахлах ахлагч Х.Айдынбекийг 2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ...зам тээврийн осол гаргасан иргэн А.Ахмерейгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгалгүй хуурамч материал бүрдүүлсэн, уг үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1,13.1.4, 13.1.5-д заасныг зөрчсөн гэж үзэж, ...мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Хууль зүйн сайдын 2015 оны А/64 дугаартай тушаалаар баталсан Цагдаагийн албан тушаалын цол хураах журам-ын Зургаагийн 6.1.2-т заасныг баримтлан төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, албан тушаалын цагдаагийн ахлах ахлагч цолыг хурааж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд иргэн А.Ахмерей нь 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр шилжих шөнө зам тээврийн осол гаргасан байх ба тухайн өдрийн цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд орж хэрэг, зөрчил гарсан гэх газарт ажилласан Замын цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Тилеухабыл нь тээврийн хэрэгсэл жолоодогч иргэн А.Ахмерей нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор цагдаагийн жолооч Ж.Айболатаар түүнийг Цагдаагийн газарт хүргүүлжээ.

2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Жолооч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам-ын Хоёрын 2.1, 2.2-т зааснаар цагдаагийн эрх бүхий ажилтан тээврийн хэрэгсэл жолоодож явсан болон жолоодсон байж болзошгүй этгээдийг өөрийнх нь зөвшөөрснөөр энгийн аргаар ...эсвэл тандагч багажаар шалгаж болох бөгөөд жолооч энгийн аргаар шалгуулахаас татгалзсан, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй шинж илэрвэл согтуурал шалгах багажаар шалгаж, тогтооно гэж заажээ.

Мөн Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/53 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Захиргааны журмаар албадан саатуулах /код 623/ журам-ын 623.4.1-д цагдаагийн албан хаагч захиргааны зөрчил гаргагчийг ....үндэслэл тогтоогдсон тохиолдолд ...хуульд заасан журмын дагуу 72 цаг хүртэл хугацаагаар захиргааны журмаар албадан саатуулж болно заасан ба зам тээврийн осол гаргасан гэх жолооч А.Ахмерейг эрх бүхий этгээдээс тухайн үед албадан саатуулахаар шийдвэрлээгүй байжээ.

Цагдаагийн эрх бүхий ажилтан болох замын цагдаагийн зохицуулагч,цагдаагийн дэслэгч Н.Тилеухабыл нь зам тээврийн осол гаргасан гэх жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг дээрх журамд зааснаар согтуурал шалгах багаж байгаагүй шалтгаанаар тухайн үедээ газар дээр нь шалгаагүй байх ба Цагдаагийн газрын Саатуулах байранд буй согтуурал шалгах багажаар шалгаж, тогтоолгохоор явуулснаар зөрчил гаргагч А.Ахмерей нь цагдаагийн жолооч Ж.Айболатын хамтаар Саатуулах байранд очсон байна.

Захиргааны журмаар албадан саатуулах /код 623/ журам-ын 623.7.2-ийн а-д зааснаар ...зөрчил гаргасан, согтуугаар саатуулагдсан хүний эрүүл мэндийн байдалд үзлэг хийх, согтуурлын зэрэг, мансуурсан эсэхийг тестээр буюу багажаар шалгах үүргийг байрны эмч гүйцэтгэдэг байх ба зам тээврийн осол гаргасан гэх жолооч А.Ахмерейг эрх бүхий этгээдээс албадан саатуулаагүй боловч согтуурлын хэмжээг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагаар Саатуулах байранд хүргэгдсэн тохиолдолд журмын дээрх зохицуулалтын дагуу түүний согтуурлын зэрэг, мансуурсан эсэхийг байрны эмч шалгаж тогтоохоор байна.

Гэтэл нэхэмжлэгч А.Айдынбек нь саатуулах байрны үүрэг бүхий ажилтнаас зөрчил гаргагчийн согтуурлын хэмжээг шалгаагүй, зохих ёсоор тогтоогоогүй байхад, түүнчлэн Захиргааны журмаар албадан саатуулах /код 623/ журам-ын 623.7.2-ийн а-д заасан ...согтуурлын зэрэг, мансуурсан эсэхийг тестээр буюу багажаар шалгах, уг үүргийг байрны эмч гүйцэтгэх тухай заалтыг зөрчиж, жолооч А.Ахмерейн согтуурлын хэмжээг Drager маркийн багажаар шалгаж үлээлгэснээр, мөн аппаратын заалт нь 0.18 промиль зааж, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсоноор тусгаж, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02:35 цагт Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл бүхий баримт үйлджээ.

Энэ талаар нэхэмжлэгчээс тухайн үед замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Тилеухабыл нь жолооч А.Ахмерейн согтуурлын хэмжээг 0.18 промиль гарснаар бичихийг цагдаагийн жолооч Ж.Айболатаар хэлүүлсэн, Н.Тилеухабыл нь жолоочийн согтуурлын зэргийг шалгаж тогтоосон гэж ойлгосон гэж тайлбарласан боловч гэрч Н.Тилеухабыл, А.Ахмерей, Ж.Айболат нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Шүүх хуралдааны явцад гэрч А.Ахмерей нь ...тухайн үедээ цагдаагийн жолооч Ж.Айболат нь Саатуулах байрны жижүүрийн цагдаа Х.Айдынбект ...согтуурлын хэмжээг 0.18 промиль гарснаар бичье гэсэн гэж мэдүүлсэн ба нэхэмжлэгчээс зөрчил гаргагчийн согтуурлын хэмжээг цагдаагийн жолооч Ж.Айболатын хэлснээр бичсэн, түүний буруугаас болсон гэх тайлбар нь үндэслэл бүхий биш байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Х.Айдынбек нь Саатуулах байрны жижүүрийн цагдаагаар ажилласан үедээ эрх бүхий этгээдээс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зөрчил гаргагч А.Ахмерей нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж, тогтоогоогүй байхад үлээлгэж шалгаснаар, улмаар согтуурлын хэмжээг үндэслэлгүйгээр 0.18 промиль гарснаар тусгасан тэмдэглэл үйлдсэн нь албаны шалгалтаар тогтоогдсон байх ба энэ нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч Х.Айдынбек нь цагдаагийн албан хаагчийн тангаргийг зөрчсөн, түүний гаргасан сахилгын зөрчил нь тухайн зам тээврийн осол бүхий зөрчлийг зохих журмаар шалгаж, холбогдох этгээдэд хуулийн зохих хариуцлага хүлээлгэхэд саад учруулсан үр дагаварт хүргэсэн гэх хариуцагч талын тайлбар үндэстэй байна.

Нэхэмжлэгч уг үйлдлээрээ нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаартай тушаалаар батлагдсан Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн Дөрвийн 4.1.1, 4.1.4, 4.3.4-т тус тус заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг чанд баримтлах, хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллагсдадаа энэ талаар хууль ёсны шаардлага тавих,албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгохгүй байх талаарх цагдаагийн албан хаагчийн ёс зүйн зарчим, хэм хэмжээг зөрчсөн, Хоёрын 2.1-д заасан цагдаагийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхээр байгаа ба мөн Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан сахилгын зөрчилд хамаарч байна.

Нэхэмжлэгч Х.Айдынбек нь Саатуулах байрны жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан төрийн тусгай албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13.1.2-т заасан өргөсөн тангарагтаа үнэнч байх, 13.1.4-т заасан харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 13.1.5-д заасан төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын дэг журмыг сахиж, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 13.1.9-д заасан албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх үүргийг зөрчсөн байх ба хариуцагчийн энэ талаарх маргааныг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан төрийн тусгай албан тушаал нь 5.2-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд хамаардаг бөгөөд төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж буй төрийн жинхэнэ албан хаагч мөн хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь түүнд 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох юм.

Нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчилд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргаас хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан ньхуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасны дагуу Монгол Улсын Хууль Зүйн сайдын 2015 оны А/64 дугаартай тушаалаар батлагдсан Цагдаагийн албан тушаалын цол олгох журамын Зургаагийн 6.1.2-т зааснаар цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан цагдаагийн албан хаагчийн цолыг 6.1-д зааснаар томилох эрх бүхий этгээд хураахаар зохицуулагдсан байх тул нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр цагдаагийн албанаас халсан үндэслэлээр цагдаагийн ахлах ахлагч цолыг хураахаар шийдвэрлэсэн нь журмын дээрх зохицуулалттай нийцсэн байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Х.Айдынбекийн гаргасан сахилгын зөрчил тогтоогдсоноор Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Цагдаагийн албан тушаалын цол олгох журам-ын Зургаагийн 6.1-д заасан томилох эрх бүхий этгээдээс хуулийн 26.4-т заасан хугацаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулж, улмаар цагдаагийн албан тушаалын цолыг хураасан нь дээрх байдлаар холбогдох хууль, журмын зохицуулалттай нийцсэн, маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гарснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.2, 26.3, 26.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Айдынбекийн тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Албанаас халж, цагдаагийн цол хураах тухай Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгож, цагдаагийн ахлах ахлагч цолоор саатуулах байрны жижүүрийн цагдаагийн албан тушаалд эгүүлэн тогтоох-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА