Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 319/ШШ2026/00105

 

 

 

 

 

 

 

 

2026 02 25 319/ШШ2026/00105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Х******* аймгийн Ч******* сумын Б******* багт оршин суух, Д******* ургийн овогт Д*******гийн Д*******ы хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.Д******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Д.Д******* нь ******* оны 09 сарын 19-нд Х******* аймгийн Ч******* сумын хүн эмнэлэгт төрсөн. Одоо 58 настай. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжсэн.

1976-1984 онуудад Х******* аймгийн Ч******* сумын 8 жилийн сургуульд 8-р анги төгссөн. 8-р ангиа төгсөөд Эвлэлийн илгээлтээр Ч******* сумын "Шинэ зам " нэгдлийн Б******* бригадад малчнаар хувиарлагдан мал маллаж байгаад нэгдэл 1992 онд хувьчлагдаж тарах хүртэл ажилласан.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход тухайн үед ажиллаж байсан үеийн он жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Д******* овогт Д*******гийн Д******* намайг 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х******* аймгийн Ч******* сумын Б******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хүсэлт гаргагч нь залуу насандаа зүрхний хүнд хагалгаанд орсон ба үүнээс болоод цэргийн алба хааж байгаагүй. Мөн одоог болтол мал маллаж аж төрж байгаа. Мал маллахаас өөр ажил, хөдөлмөр эрхэлж байгаагүй. ...Иймд Д.Д*******ыг 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х******* аймгийн Ч******* сумын Шинэ зам нэгдлийн Б******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.

3. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1033 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х******* аймгийн Ч******* сумын Шинэ зам нэгдлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаартай тушаалын хуулбар, Х******* аймгийн Ч******* сумын 3 бригадын 1985-1989 онуудын Д.Д*******ы нэртэй 70 дугаар дансны хуулбарууд, Х******* аймгийн Ч******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 83 дугаартай албан бичиг, түүний хавсралт, 0774338 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Д*******ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэн Г.Д*******, Т.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хамт, итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

4. Шүүхээс Х******* аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаартай албан бичиг, Х******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 сарын 22-ны өдрийн 27/66 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Д*******ы нэр дээрх ХААТР-21 (А), хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-15 (А) маягтууд, Х******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 сарын 21-ний өдрийн 31 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд, иргэн Г.Д*******ыг гэрчээр асууж авсан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.Д*******ы шүүхэд гаргасан Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар Д.Д*******ы 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х******* аймгийн Ч******* сумын "Шинэ зам" нэгдлийн Б******* бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна. Үүнд:

3.1. Х******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1033 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х******* аймгийн Ч******* сумын Шинэ зам нэгдлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаартай тушаалд ...НЭГ. Ерөнхий боловсролын сургуулийг 1984 онд төгсөж, МХЗЭ-ийн илгээлт авч МАА ба туслах үйлдвэрлэлд ...Д.Д******* ...Б******* бригадад хоньчноор...тус тус томилон ажиллуулсугай... гэжээ.

3.2. Х******* аймгийн Ч******* сумын 3 бригадын 1985-1989 онуудын Д.Д*******ы нэртэй 70 дугаар дансны хуулбаруудад түүнд цалин хөлс олгож байсан талаарх бичилт хийгдсэн байна.

3.3. Х******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 сарын 22-ны өдрийн 27/66 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Д*******ы нэр дээрх ХААТР-1 (А) маягтад Д******* Д*******...гэж, ... 14.Ажилладаг байгууллага Шинэ зам нэгдэл, ажилд орсон он 1984, цех, тасаг, бригад Овоот, эрхэлдэг ажил нэгдэлд хоньчин гэж тус тус бичилт хийгджээ.

3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан, гэрч Г.Д*******ын шүүхэд гэрчээр өгсөн Би 1964 оноос эхэлж Х******* аймгийн Ч******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1971 онд цэргийн албанд татагдах хүртлээ ажилласан. ...Д.Д******* 1984 онд наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр Х******* аймгийн Ч******* сумын Шинэ зам нэгдлийн Б******* бригадад малчнаар хувиарлагдсан. Эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1990 онд гэр бүл болоод, эхнэрийн хамт тус нэгдэлдээ бог мал маллаж байсан...гэх мэдүүлэг өгсөн байна. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

5. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Д.Д*******ыг 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х******* аймгийн Ч******* сумын "Шинэ зам" нэгдлийн Б******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д******* овогт Д*******гийн Д*******ы 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х******* аймгийн Ч******* сумын "Шинэ зам" нэгдлийн Б******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН